Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 43

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийж, 

 

Нэхэмжлэгч: Т.Тийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргад холбогдох

 

 Гуравдагч этгээд: Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн албаны дарга М.М 

 

 Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Т.Тийг ажлаас чөлөөлөх тухай” Б/11 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Т, түүний өмгөөлөгч Г.Н, хариуцагч аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Т миний бие 2010 онд Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байх үед Сүхбаатар аймгийн 10 суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч аймаг орон нутгийн онцгой комиссын гишүүд, мал эмнэлгийн байгууллага, малын эмч нар хамтран шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж байсан юм. Тэр үед ХХААЯ-ны дэд сайд Ж.С, ОБЕГ-ын комиссар Ц нар улсын онцгой комиссын ажлаар манай аймагт ажиллахдаа мал эмнэлгийн албаны ажлыг сайжруулахаар буюу 2010 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн аймгийн ХХААЖДҮГ-ын даргын 32 тоот тушаалаар намайг аймгийн Мал эмнэлгийн албаны даргаар томилон ажиллуулсан юм. 

Миний бие 2007 оны 5 дугаар сарын 02-ны өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч, ахлах түшмэлийн дэд зэрэгтэй. 

Аймгийн ХХААЖДҮГ-ын даргатай 7 жил үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж, салбарынхаа ажлын үр дүнгээр жил бүр “А”, “В” үнэлгээ авч, 2016 оны ажлын үр дүнгээр ХХААЯ-ны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 92.5 хувьтай үнэлэгдэж ирсэн. 

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд манай аймагт төдийгүй улсын хэмжээнд малын гоц халдварт шүлхий, цэцэг, өвчнүүдийн дэгдэлт тасралтгүй гарч, ХХААЯам, аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Мал аж ахуйн мэргэжилтнүүд  бид цаг наргүй ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж аймгийн хэмжээний 3 сая гаруй толгой хувийн мал сүргийг хамгаалах нөр их ажлыг хийж гүйцэтгэж байгаа хэдий ч өвчний гаралтыг бүрмөсөн таслан зогсоож чадахгүй байгаа билээ. 

ХХААГ-ын дарга Э.Ө энэ салбарын тодорхой бодлого барих түвшний ажлын байранд буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн бодлого хариуцсан мэргэжилтэн, Баруун-Урт сумын Мал, эмнэлэг үржлийн тасгийн дарга зэрэг албан тушаалд 2000-2013 он хүртэлх хугацаанд ажиллахдаа дээрх өвчнүүдтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байсан билээ. Энэ ч утгаараа малын гоц халдварт өвчин нь зөвхөн мал эмнэлгийн байгууллагын ажил бус, хууль дүрэм журмаар бүхий л оролцогч талуудын оролцооноос хамааралтай гэдгийг сайн мэдэх хүн атлаа ажил авсан цагаасаа эхлэн улс төржиж, өөрийн намын даалгаврыг биелүүлж, намынхаа хүнийг томилохын тулд гоц халдварт өвчнөөр улс төр хийж, мал эмнэлгийн салбарын нарийн мэргэжилтнүүдийн хийж буй ажлыг үгүйсгэж байгаад гомдолтой байна. 

Энэ онд аймгийн 8 суманд малын өвчин дэгдэхэд бид хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлж, халдварлалтыг богино хугацаанд зогсоох, мэдээллийг дамжуулах гэх мэт ажлыг шуурхай хийж гүйцэтгэн, өдөрт 12-15 цагаар ажиллаж, өвлийн хүйтэнд мал нэг бүрт үзлэг хийж, өвчтэй сүргийг ялган тусгаарлаж, устгах, вакцинжуулах, ариутгал халдваргүйжүүлэлт хийж маш их ачаалалтай ажиллаж байсан. 

Үүнийг тухайн үед бидний ажилтай удаа дараа ирж танилцаж байсан Улсын онцгой комисс, ХХААЯам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ОБЕГ-аас ирсэн ажлын хэсгүүд сайшааж байсан. 

Гэтэл аймгийн ХХААГ-ын дарга Э.Ө нь зөвхөн Т.Т намайг дээрх асуудлаар ажлын хариуцлага алдсан гэсэн шалтгаанаар 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн Б/11 тоот тушаалаар Мал эмнэлгийн албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд миний бие энэхүү шийдвэрийг дараахь үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 

1. Намайг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 “албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа / 2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлийг баримталсан. 

Монгол Улсын Дээд шүүхийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар тогтоолын 7-д “Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “ ... хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны  тодорхойлолт болон албаны чиг үүрэг тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно гэж заасан байдаг. 

Харин миний бие холбогдох хууль, дүрэм, зааврын дагуу 2016, 2017 онуудад гарсан шүлхий, хонины цэцэг өвчнүүдтэй тэмцэх арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор биелүүлж ажилласан. 

Үүнийг маань тухай бүр очиж хяналт тавьж байсан ажлын хэсгүүд үнэлж сайшааж байсан ба миний 2015 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, 96.4 /А буюу маш сайн/ гэж тус тус үнэлэгдсэн байдаг. Иймээс ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь үндэслэлгүй юм. 

2. Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар томилогдсон Э.Ө нь төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй, Төрийн албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн дүгнэлтгүйгээр тухайн албан тушаалд томилогдсон, мөн тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Төрийн албаны зөвлөлөөс надад ирүүлсэн хариундаа дурдсан байна.

 Иймээс намайг ажлаас чөлөөлөх эрхгүй албан тушаалтан тушаал гаргасан байна. 

3. Тушаалд 2016 онд мал эмнэлгийн албаны хөргүүртэй агуулахад хадгалагдаж байсан 3 төрлийн 462,3 литр вакцин хөлдөөсөн асуудлаар тухайн үед нь миний бие хуулийн байгууллагад хандсанаар мал эмнэлгийн албаны 2 мэргэжилтэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллага шалган, гэм буруутай этгээдүүд нь хөлдсөн вакцины төлбөрийг барагдуулсан байдаг. Иймд дээрх 2 мэргэжилтэнтэй холбоотой асуудлаар надад хариуцлага тооцох үндэслэлгүй юм. 

4. Мөн тушаалд В төрийн бус байгууллагын малын эмийн гэрээт борлуулагчийн ажлыг хавсран, төрийн үйлчилгээний албан хаагчид хавсран гүйцэтгүүлсэн гэсэн нь хий хоосон хардлага, гүтгэлэг юм. Мал эмнэлгийн албаны лаборант бага эмч Р.О нь Баруун-Урт сумын “Баруун шар бүрд” ХХК-ны гэрээт малын эмчээр ажиллах гэрээ байгуулж ажилладаг. Энэ нь надтай болон Мал эмнэлгийн албаны үйл ажиллагаатай огт холбогдолгүй.

Малын гоц халдварт шүлхий өвчний дэгдэлт намдсан, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил дууссан үе буюу 3 дугаар сарын 22-нд миний эрүүл мэндийн байдал муудаж, эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлэхэд ажлаас зугтаж явлаа гэх мэтээр загнаж, ажлын байрны дарамт шахалтыг удаа дараа үзүүлж байсан. 

Миний бие өөрийн хариуцсан ажилдаа хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн бөгөөд 2013 онд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажилд хяналт тавихаар Сүхбаатар, Эрдэнэцагаан сумдад томилолтоор ажиллаж байхад нөхрийн маань бие муудаж, эмнэлэгт хүргэгдэн, эмнэлгийн тусламж авч амжилгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлж, ханьтайгаа уулзаж чадалгүй бэлэвсэрсэн, цэцэрлэг, сургуулийн насны хоёр хүүхдийн хамт өрх толгойлон үлдсэн. 

Хөдөө орон нутагт мал эмнэлгийн салбарт ажиллаж байгаа боловсон хүчний хүрэлцээ хангамж дутагдалтай, малын гоц халдварт өвчний гаралт нэмэгдэж байгаа энэ үед орон нутгийн мэргэшсэн тогтвор суурьшилтай ажиллаж байгаа мэргэжилтнүүдээ энэ мэтчилэн улс төржүүлэн халж байгаад харамсч байна. 

Ингээд миний бие тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргахад “ Сүхбаатар аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл шинэчлэгдэн байгуулагдаагүй тул таны өргөдлийг шалгаж шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн ба 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад “ ... маргаан хянан шийдвэрлэх комисс томилж, комиссын дүгнэлтийг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэ” гэсэн үүргийг салбар зөвлөлдөө өгсөн. Миний гомдлыг хүлээн авч салбар зөвлөлөөс өмнө нь хариу өгчихсөн учраас миний бие дахин Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хариуг хүлээлгүйгээр ийнхүү эрхийнхээ дагуу шүүхэд хандаж байна. 

Дээр дурдсан үндэслэлүүдээр ажил олгогч нь хууль зөрчин үндэслэлгүй тушаал шийдвэр гаргасан байх тул Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Т.Тийг ажлаас чөлөөлөх тухай” Б/11 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох,  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор, ээлжийн амралтын мөнгө,  цалингийн зөрүүг  гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв. 

 

Хариуцагч аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Ө шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Миний бие 2016 оны 11-р сарын 16-ны өдөр аймгийн Засаг даргын Б/54 тоот захирамжаар ХХААГ-ын даргаар томилогдсон. 2016 оны 12 сарын 24-нөөс хойш аймгийн 10 суманд малын гоц халдварт өвчин гарч салбарын хэмжээнд нилээдгүй ажлын ачаалалтай ажиллаж байна. Миний бие Т.Ттай 2017 оны 05 сарын 05-ныг хүртэл хамтран ажилласан. Нэхэмжлэлд дурдсанаар нам эвслийн болоод хувийн харилцаанаас болж Т.Тийг ажлаас халаагүй болно. 

Т.Тт 2017 оны 03 сарын 04-ний өдөр Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд 03 сарын 10, 21-ний өдрүүдэд тус бүр сонсох ажиллагааг хийж хугацаатай үүрэг  даалгавар өгсөн. 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тэрээр албаны даргаа өгсөн ч цалин бууруулахгүйгээр ажиллах санал тавьж байсан. Түүнийг хүндэтгэн үзэж хоёр ч удаа гаргасан аман шийдвэрээсээ буцаж хугацаа өгч байсан. Энэ хугацаанд өөрийн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрсөн ч эс хэрэгжүүлж, ажлын бүтээмжийг дээшлүүлж чадаагүй, хамт олонд сөрөг нөлөөллийг үзүүлж байсан учир 5 дугаар сарын 5-ны өдөр тушаал гаргаж ажлаас нь чөлөөлсөн юм. Миний бие ХХААГ-ын даргаар томилогдож ажил байдалтай танилцах явцад Т.Ттай холбоотой зөрчил дутагдлууд илэрч байсан. Байгууллагын дотоод аудит, хяналт, үнэлгээ хариуцсан мэргэжилтэнд үүрэг өгч шалган тогтоох ажиллагаа явуулснаар санхүү мөнгөтэй холбоотой зөрчил дутагдлууд нотлогдсон. 

1. Төрийн албаны тухай хуулийн 23.1.1 дэх заалтыг үндэслэл болгохдоо: Т.Т нь мал эмнэлгийн албаны даргаар 7 жил ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан малын гоц халдварт, халдварт өвчний гаралт, тархалтыг бууруулах талаар тодорхой төлөвлөлттэй арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах чиглэлээр хангалтгүй ажилласан. 2016 онд гарсан хонины цэцэг өвчин 11 сумын 48 голомтод гарахад аймгийн хэмжээнд нэг ч удаа хорио цээрийн дэглэм тогтоож ажиллаагүй. Үржлийн болон зах зээлд борлуулах мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хориг тавиагүйн улмаас 76 сум суурин газарт тархаах нөхцлийг бүрдүүлсэн. 2016 онд Сүхбаатар аймагт анх 111 мал өвчилсөн байсан. Үүнийг устгаагүйн улмаас 12 аймгийн 76 сум суурин газарт хонины цэцэг өвчин тархаж Сэлэнгэ, Архангай, Дархан аймагт гарсан. 

Төрийн болон хувийн хэвшлийн мал эмнэлгүүдийн ажлын уялдаа холбоо суларсан, мэргэжлийн ажил үйлчилгээний бэлэн байдал, малын эмч нарын ур чадвар сул, гоц халдварт өвчний үед шаардлага хангасан дээж материал ирүүлж чаддаггүй, давхар зардал, цаг хугацаа зарцуулж аймгийн МЭАЦЛ-оос эмч явж дээж авдаг, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга захиалгын дагуу хийгддэггүй, танил тал найз, нөхөддөө илүү хуваарилдаг, вакцин тарилга, ариутгалын бодис хүлээн авдаг комисс байхгүй, дотоодын хяналт үгүй, мал эмнэлгийн албаны эмч, мэргэжилтнүүд тайлан мэдээгээ ч гаргаж чадахгүй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, өөрөөр хэлбэл удирдах, удирдуулах ёс, зарчим мал эмнэлгийн албанд алдагдсан учир албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн. /Сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээ, ХХААХҮЯ-ны аймгуудын ХХААГ-ын ажлыг дүгнэсэн мониторинг хяналт үнэлгээний дүнг хавсаргав/ 

2. Т.Т болон мал эмнэлгийн албаны эмч, мэргэжилтнүүдэд өгсөн үүрэг даалгаврыг бие дааж хугацаанд нь чанартай гүйцэтгэх чадвар сул, дахин дахин засварлах, бие биедээ хамаатуулах байдлаар хугацаа алддаг. Т.Тт өгсөн биелэгдээгүй үүрэг даалгавар: 

2.1. 2016 оны 12 дугаар сард Мерси кор Монгол ОУБ-аас зарласан тэтгэлэгт төслийн уралдаанд “Малын эндемик өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрдэс тэжээлийн цех”-ийн төсөл бичих үүрэг өгсөн. -хэрэгжээгүй

2.2. 2016.11.18-ны өдөр ОБЕГ-ын хурандаа Ууганбаяр Мал эмнэлгийн албаны ажилтай танилцах үедээ хөдлөх техникгүй, зэрлэгээ ч цэвэрлэж чадаагүй байгаа байдлыг хэлсэн. Үүнтэй холбоотойгоор арга хэмжээ авахыг үүрэг болгосон, 12 дугаар сарын 8-ны өдөр цас орохоос өмнө цэвэрлэгээ хийхийг даалгасан боловч хэрэгжүүлээгүй. /4-р сарын 01-03-ны өдрүүдэд М.Мт үүрэг өгч цэвэрлэгээг хийлгэсэн/

2.3. ХХАА-н удирдах ажилтан мэргэжилтний улсын зөвлөгөөний үеэр болсон төрөлжсөн семинарын мэдээлэл, аймгийн зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудал, зохион байгуулалтын арга хэмжээний санал ирүүлэх талаар үүрэг чиглэл хэд хэдэн удаа өгсөн /3 удаагийн сонсгол дээр хэлсэн/ хэрэгжээгүй. 

2.4. 2017.01.26-ны өдөр ТАХ-ын 2017 оны үр дүнгийн гэрээ, байгууллагын ажлын төлөвлөгөөнд оруулах саналаа ирүүлэх үүрэг өгсөн. Сар гаруй хугацааны дараа шаардуулж хэд дахин нэхүүлж байж дутуу өгсөн. 

2.5. Малын эмч нарт сар бүр 1 өвчнөөр мэдээлэл хийж бэлтгэх, ХАБЭА-н зааварчилгааны талаар эмч тус бүр 1 самбарын эх бэлтгэх үүрэг өгсөн. Гэтэл эмч нартаа чиглэл өгч хэрэгжүүлэх талаар санаачилга гаргаагүй.

2.6. 2017.03.10-ны өдрийн сонсох ажиллагааг хийсний дараа малын гоц халдварт өвчинтэй тэмцэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний сүүлийн  жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний товч тайланг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг өгсөн. Хэрэгжүүлээгүй. 

2.7.“Малчны хотноос-Малын бэлчээр” хүртэл ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх тухай 2017 оны үндсэн чиглэлд тусгагдсан асуудлыг зөв зүйтэй гэж дэмжиж байсан. Гэтэл сэг, зэм устгах, халдваргүйжүүлэлт хийх ажлын удирдамжийг боловсруулах үүрэг чиглэлийг өгөхөд /03-р сарын 10-ны өдөр/ боловсруулж байгаад аваад ирнэ гэж яваад алга болсон. 

Хэдэн удаа шаардуулж байж 04-р сарын 26-ны өдөр шаардлага хангахгүй зүйл авчирч өгсөн. 

2.8. 2017.04.20-ны өдөр Малын эмч нарын төрөлжсөн семинарын бэлтгэл хангагдаагүйн улмаас арга хэмжээ 40 минут хоцорч эхэлсэн. Удирдлага зохион байгуулалт муу байснаас бүртгэл хөтлөлт, тэмдэглэл байхгүй. Бүх зүйлийг шаардуулж цааш нь шаардаж уур бухимдалтай гүйцэтгэдэг гэх мэтчилэн олон үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй. 

Т.Т нь Мал эмнэлгийн эмийн бодис, багаж нийлүүлдэг “В ТББ-тай 2013 оноос хойш эмийн борлуулагчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан бөгөөд МЭАЦЛ-ийн 1 өрөөг ашиглаж, лаборант Р.Од /2016 оноос өмнө Онгон сумын “Ө” Мал эмнэлгийн нэр дээр гэрээ хийсэн/ хариуцуулж 13 сумын 50 гаруй аж ахуй нэгжид борлуулалт хийдэг байсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд хуулийг зөв хэрэглэж байгаа гэж тайлбарладаг. /Мал эмнэлгийн албаны эмч нарын 2013 онд Төрийн албаны зөвлөлд гаргасан өргөдлийг хавсаргав/

4. 2015 онд МЭАЦЛ-ийн шинжилсэн адууны шинжилгээний төлбөр 10.075.000 төгрөгийг төсөвт төвлөрүүлээгүйн дээр хоол унд, архи дарс, машин техникийн сэлбэг, лабораторийн итгэмжлэлтэй холбоотой эд зүйлүүдийг авахад захиран зарцуулсан байдаг. Энэ зардлууд нь МЭАЦЛ-ийн итгэмжлэлийн 5.0 сая төгрөг, ХХААГ-ын нярваас авсан 600.0 мянган төгрөгийн зардалтай давхцсан. Энэ нь удаа дараагийн хяналт шалгалтаар илэрсэн, энэ асуудал Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байгаа. 

Т.Тийн дээрх асуудлыг хамт олны хурлаар хэлэлцэж энэ салбарт олон жил хамтран ажилласан хамт олны саналыг харгалзан үзэж хуулийн байгууллагаар шийдвэрлүүлээгүй. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311-р тогтоолоор баталсан “Аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын дагуу Мал эмнэлгийн албаны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авсан. Өөрийн дутагдлыг хүлээн зөвшөөрөхгүй сошиалаар олон нийтэд буруу ташаа мэдээлэл тараасан гэв.  

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, өмгөөлөгчөөр оролцож байна.

Т.Тийг мал эмнэлэгийн байрыг В ТББ-д ашиглуулсан гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 “албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших” гэсэн заалтаар буруутгасан байна. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлж байхдаа тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 80 дахин нэмэгдүүлснээс илүүгүй орлоготой байвал тухайн үйл ажиллагааг эрхэлж болохыг заасан байдаг. Гэхдээ Т.Тийн хувьд В ТББ-д зөвхөн борлуулагчаар ажиллаж байгаад хуульд харш гэж үзээд энэ ажлаа Д.О гэдэг хүнд хүлээлгэж өгсөн. Энд ямар нэгэн удирдах албан тушаалын ажил эрхлээгүй. Үүнээс хойш энэ ажилд Т.Т огт оролцож байгаагүй гэдгийг Д.О гэрчилдэг. 

Төрийн албаны тухай хуульд зөрчлийг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрснөөс хойш ямар нэгэн шийтгэл, арга хэмжээ авахгүй гэдгийг зааж өгсөн байдаг. Гэтэл хариуцагч тал Т.Тийн үйлдлийг зөрчил гэж үзээд арга хэмжээ авсан байгаа. Хэрвээ зөрчил гэж үзсэн бол энэ нь хуульд заасан 6 сарын хугацаа өнгөрсөн байгаа юм.  

Малын гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хөлдөөсөн гэсэн асуудал яригддаг. Т.Тийн хувьд удирдах албан тушаалтны зүгээс энэ асуудал дээр авч хэрэгжүүлэх ёстой бүх зүйлийг хийж хэрэгжүүлсэн байдаг. 

Хөлдсөн вакцины хохирол бүрэн төлөгдөж дууссан. Үүнийг нотлох баримтууд байгаа. Вакцин хөлдөөсөн асуудлыг мөн л зөрчил гэж үзсэн байдаг. Гэхдээ зөрчил гэж үзсэн бол мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 

Үүрэг даалгавар биелүүлээгүй гэж хэлж байна. Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд үүрэг даалгавар биелүүлээгүй гэдгийг “ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргээр удирдах албан тушаалтнаас гаргасан захирамж, тушаал, шийдвэрээр даалгасан үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй байхыг ойлгоно” гэж заасан байдаг. Мөн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Ө нь нэхэмжлэгч Т.Тийг ажлаас халах эрх бүхий албан тушаалтан биш, хууль зөрчиж томилогдсон албан тушаалтан гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд М.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Моломсамбуу овогтой Молорчимэг миний бие ХААИС-ийг 1996 онд төгсөж, аймгийн Мал эмнэлгийн албанд 1996.05.28-ны өдрөөс эхлэн тасралтгүй 21 жил болж байгаа ба нийтдээ төрийн байгууллагад 23 жил ажиллаж байна. 

1.  Т.Тийн гаргасан нэхэмжлэлд улс төржүүлэн халсан гэсэн нь миний бие төрийн алба хаших хугацаанд аль ч нам эвслийн гишүүн байгаагүй ба намын байруудаар ч орж үзээгүй болно. Харин Т.Т нь Мал эмнэлгийн албаны дарга хийж байхдаа би бол Ардчилсан намын гишүүн гээд агсам тавьж загнаж байхыг 2014 онд өөрийн биеэр харж байсан. 

Намайг Мал эмнэлгийн албаны  даргаар түр томилсон нь тус байгууллагадаа хамгийн олон жил ажилласан эмч дээр нь байгууллагынхаа эмч, ажилчдаа сайн мэддэг гэдгээр томилсон гэж үздэг. Би ажиллах хугацаандаа ямар ч даргад би дарга больё гэж хүсэлт гаргаж байгаагүй болно. 

2. Т.Т нь Мал эмнэлгийн албаны даргаар ажиллаж байхдаа В төрийн бус байгууллагын малын эмийн гэрээт борлуулагчийн ажлыг хавсран ажиллаж байсан ба Мал эмнэлгийн албаны  нэг өрөөг үнэ төлбөргүй ашиглан тус албаны лаборант бага эмч Р.Огаар дамжуулан эмийн борлуулалт хийж давхар ажилладаг байсан нь үнэн болно. 

3. 2015 оны ажлын үнэлгээгээр ХХААХҮЯ-ны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас хяналт шалгалтаас жил бүр аймгуудын ХХААГ-ын ажлыг дүгнэдэг ба манай алба 21-р байранд орж байгууллагын хурал дээр тухайн үед газрын дарга хийж байсан Т.Ган-Очир мал эмнэлэг, газар тариалангийн ажлаас болж нийт ажлын үзүүлэлт муу гарсан гээд зэмлэж байсан гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Шүүхэд нэхэмжлэгч Т.Т нь Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Т.Тийг ажлаас чөлөөлөх тухай” Б/11 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох,  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Т.Тийг ажлаас чөлөөлөх тухай” Б/11 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох,  ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор, ээлжийн амралтын мөнгө,  цалингийн зөрүүг  гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гэж  нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан тодорхойлсон.

 

  Т.Т нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд манай аймагт төдийгүй улсын хэмжээнд малын гоц халдварт шүлхий, цэцэг өвчнүүдийн дэгдэлт тасралтгүй гарч, ХХААЯ, аймгийн Онцгой байдлын газар, мал аж ахуйн мэргэжилтнүүд бид цаг наргүй ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж аймгийн хэмжээний 3 сая гаруй толгой  хувийн мал сүргийг хамгаалах нөр их ажлыг хийж гүйцэтгэж байгаа хэдий ч өвчний гаралтыг бүрмөсөн таслан зогсоож чадахгүй байгаа, малын гоц халдварт өвчин нь зөвхөн мал эмнэлгийн байгууллагын ажил бус хууль, дүрэм, журмаар бүхий л оролцогч талуудын оролцооноос хамааралтай, миний бие нь холбогдох хууль, дүрэм, зааврын дагуу 2016, 2017 онуудад гарсан шүлхий, хонины цэцэг өвчнүүдтэй тэмцэх арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангаж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргээ зохих ёсоор биелүүлж ажилласан. 

 

Үүнийг тухай бүр очиж хяналт тавьж байсан ажлын хэсгүүд үнэлж сайшааж байсан ба миний 2015 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ 96.4 /”А” буюу маш сайн/, 2016 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ 95.4 /”А” буюу маш сайн/ гэж үнэлэгдсэн, “BИ.И.TИ.HET” ТББ-ын малын эмийн гэрээт борлуулагчийг хавсран, төрийн үйлчилгээний албан хаагчид хавсран гүйцэтгүүлсэн гэсэн нь хий хоосон хардлага, гүтгэлэг хэмээн маргаж байна.

 

          Хариуцагчаас Т.Т нь мал эмнэлгийн даргаар 7 жил ажиллах хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан малын гоц халдварт өвчний гаралт, тархалтыг бууруулах талаар тодорхой төлөвлөлттэй арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах чиглэлээр хангалтгүй ажилласан, 2016 онд гарсан хонины цэцэг өвчин 11 сумын 48 голомтод гарахад аймгийн хэмжээнд нэг ч удаа хорио цээрийн дэглэм тогтоож ажиллаагүй, үржлийн болон зах зээлд борлуулах мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хориг тавиагүйн улмаас 76 сум суурин газарт тархаах нөхцлийг бүрдүүлсэн, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга захиалгын дагуу хийгддэггүй, танил тал найз нөхөддөө илүү хуваарилдаг, вакцин тарилга, ариутгалын бодис хүлээн авдаг комисс байхгүй, дотоодын хяналт үгүй, Т.Т нь мал эмнэлгийн эмийн бодис, багаж нийлүүлдэг  “BИ.И.TИ.HET” ТББ-тай 2013 оноос хойш гэрээ байгуулж эмийн борлуулагчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан бөгөөд МЭАЦЛ-ийн 1 өрөөг ашиглаж, лаборант Р.Од хариуцуулж 13 сумын 50 гаруй аж ахуй нэгжид борлуулалт хийдэг, 2015 онд МЭАЦЛ-д шинжлүүлсэн адууны шинжилгээний төлбөр 10,075,000 төгрөгийг төсөвд төвлөрүүлээгүйн дээр хоол унд, архи дарс, машин техникийн сэлбэг, лабораторийн итгэмжлэлтэй холбоотой эд зүйлүүдийг авахад захиран зарцуулсан, 2016 онд халдварт өвчний 3 төрлийн 462,8 литр вакцин хөлдөөж, халдвар хамгааллын аюулгүй ажиллагааг зөрчсөн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй зэрэг ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлан маргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

 

 Гуравдагч этгээдийн хувьд Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын “М.Мийг ажилд түр томилох тухай” 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/12 тоот тушаалаар Мал эмнэлэгийн албаны даргын албан тушаалд түр томилогдон ажиллаж байгаа тухайгаа болон  хариуцагч талыг дэмжсэн тайлбарыг гаргажээ.

 

 Талуудын тайлбар болон хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд шүүхээс дараах байдлаар дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

 

 Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Т.Тийг ажлаас чөлөөлөх тухай” Б/11 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7, 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 132 дугаар зүйлийн 132.1 дэх заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1.2, 27 дугаар зүйлийн 27.4.1, 27.4.3 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор баталсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын 5.1 дэх заалт, Байгууллагын дотоод журмын 3 дугаар бүлгийн 6 дахь заалт, 7 дугаар бүлгийн 1-ийн “В”, 4-ийн “Б” дэх заалтуудыг тус тус үндэслэл болгон  Мал эмнэлгийн албаны дарга Т.Т нь малын гоц халдварт, халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох хууль журам, заавар арга зүйг чанд баримталж хэрэгжүүлээгүй, тавигдах шаардлага, дотоод хяналтыг хангалтгүй зохион байгуулж ажилласан, 2016 онд халдварт өвчний 3 төрлийн 462,8 литр вакцин хөлдөөж, халдвар хамгааллын аюулгүй ажиллагааг зөрчсөн, мал эмнэлгийн ариун цэврийн лабораторт шинжилсэн 325 адууны шинжилгээний төлбөр болох 10,6 сая төгрөгийг захиран зарцуулсан, “BИ.И.TИ.HET” ТББ-ын малын эмийн борлуулагчийн ажлыг хавсран гүйцэтгэж, мал эмнэлгийн лабораторийн өрөөг ашиглаж, төрийн үйлчилгээний албан хаагчид ажил хавсран гүйцэтгүүлсэн, удаа дараа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай биелүүлээгүй зэрэг зөрчил дутагдал гаргасан гэж 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

           Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захиргааны акт гарсны дараа Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн  Б/12 тоот тушаалаар М.Мийг Мал эмнэлгийн албаны даргын албан тушаалд түр томилсон байна.

 

          1. Хариуцсан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл зөрчсөн үндэслэлээр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны дарга Т.Тийг албан тушаал бууруулан ажлаас чөлөөлсөн тухайд:

         Т.Т нь Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын “Ажилтныг ажлаас халж, томилох тухай” 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 32 тоот тушаалаар Мал эмнэлгийн албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон ба 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Монгол улсын Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм. 

 

          Нэхэмжлэгч  Т.Т нь 2016 оны үр дүнгийн гэрээг Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Т.Ган-Очиртой 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар байгуулж, гэрээний 4.2-т төрийн албан хаагч гэрээний биелэлтийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны дотор тайлагнаж, ерөнхий менежер  2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор багтаан дүгнэхээр заажээ. 

 

Уг гэрээг дүгнээгүй атал аймгийн Мал эмнэлгийн албаны дарга  Т.Тийг  Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-т “албан тушаал /ажлын байр/ -ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж заасныг үндэслэн захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулсан Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. 

 

Маргаан бүхий захиргааны актад дурдсан, хариуцагчийн тайлбарлаж байгаа нэхэмжлэгч Т.Тийг Мал эмнэлгийн даргын ажил, албан тушаалаас чөлөөлөх болсон үндэслэлд хамаарах бодит нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна. Тодруулбал:     

Хэрэгт авагдсан Мал эмнэлгийн хэлтсийн 2016 оны жилийн тайланд   тусгагдсанаар Мал эмнэлгийн ажил, үйлчилгээний гүйцэтгэл гэсэн хүснэгтэд Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ хавар төлөвлөгөө 570754 толгой гүйцэтгэл 512240, биелэлт 89.7 хувь, намар төлөвлөгөө 552809, гүйцэтгэл 530397, биелэлт 93.1 хувь,  Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ төлөвлөгөө 1737399 толгой, гүйцэтгэл 1695450, биелэлт 97.5 хувь, Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ 729565 толгой, гүйцэтгэл 706027, биелэлт 96.7 хувь, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ 1141996 толгой, гүйцэтгэл 1193045, биелэлт 104.4 хувь, Паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ угаалга төлөвлөгөө 3900000 толгой, гүйцэтгэл 3416657, биелэлт 87.6 хувь, туулгалт 390000, гүйцэтгэл 386000, биелэлт 98.9 хувь, боловсруулалт 250000, гүйцэтгэл 208899, биелэлт 83.5 хувь, Ариутгал халдваргүйтгэлийн арга хэмжээ /м2/ 750000 м2, гүйцэтгэл 1082622 м2, биелэлт 144.3, Лабораторын шинжилгээ 22504, гүйцэтгэл 11299, биелэлт 50.2 хувь, аймгийн дундаж төлөвлөгөө 9295027, гүйцэтгэл 8660014, биелэлт 94.6 хувьтай дүгнэснийг буюу уг тайланг хариуцагч аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Ө өөрөө хянаж гарын үсэг зурж, тамгаа дарж баталгаажуулсан байна.

 

Дээрх тайланд тусгагдсан аймгийн Мал эмнэлгийн малын гоц халдварт өвчин, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн байдлаас үзэхэд малын гоц халдварт өвчний гаралт, тархалтыг бууруулах талаар тодорхой төлөвлөлттэй арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах талаар арга хэмжээ авч ажиллаагүй гэж аймгийн Мал эмнэлгийн албаны даргыг буруутгах боломжгүй байна.  

 

 Мөн  МОНГОЛ “B” ТББ-ын 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 156 тоот албан бичиг, тус байгууллагын Борлуулалтын гэрээ болон гэрч Р.Огийн мэдүүлгээр Т.Т нь 2014 оны 8 дугаар сараас  хойш тус байгууллагын гэрээт борлуулагчаар ажиллаагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг “BИ.И.TИ.HET” ТББ-ын малын эмийн борлуулагчийн ажлыг хавсран гүйцэтгэж  төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна.

 

 Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн хэлтсийн эмч нарын яаралтай хуралдааны тэмдэглэл , Ажлын хэсгийн ажилласан талаарх илтгэх хуудас , Зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл , Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 17-02-008/24 дугаар дүгнэлтээр  2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09:30 цагт Био комбинатаас аймгийн Мал эмнэлэгт хүлээлгэн өгсөн вакцинаас “хөргүүрт вакцин хийх явцад мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч Ж.С вакцины хянах самбарын хориглох заалттай товчийг дур мэдэн дарснаас вакцины хэвийн температур алдагдаж хүйтэн болсноор вакцин хөлдөх шалтгаан болж” хөргүүрт хадгалагдаж байсан цусан халдварт 180,6 л, дуутын 205 л, боомын 77.2 л, вакцин буюу 12957361 төгрөгийн үнэ бүхий 3 төрлийн вакцин хадгалалтын горим зөрчигдсөний улмаас хөлдөж чанаргүй болсон зөрчил гарсан болох нь тогтоогдож байна.

Мал эмнэлгийн хэлтсийн хөргүүрт хадгалагдаж байсан 3 төрлийн вакцин нь хадгалалтын горим алдагдсаны улмаас хөлдсөн нь аймгийн Мал эмнэлгийн даргын үйл ажиллагаатай холбогдолгүй болох нь тогтоогдсон бөгөөд Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/66 тоот тушаалаар “Мал эмнэлгийн хэлтэст нийлүүлэгдсэн эм, вакцин, оношлуур зэргийг хүлээн авах, устгах, буцаах болон бусад асуудлыг шийдвэрлэх зорилгоор комисс томилсон байдлаас үзэхэд Мал эмнэлгийн албаны даргыг вакцин тарилга, ариутгалын бодис хүлээн авдаг комисс байхгүй гэж буруутгах боломжгүй байна.

 

 Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын Прокурорын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5/22 дугаар тогтоолоор  АТГ-аас Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Өоос гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгаад эрүүгийн 173000020 дугаартай хэрэг бүртгэлтийг нээн, хэрэг бүртгэлт явуулж, хэргийг хаах тухай санал гаргаж ирүүлснийг хянаад Т.Ган-Очир, Т.Т нар нь “... Төсвийн үндсэн болон бусад орлогын мөнгийг Төрийн сангийн дансанд төвлөрүүлэлгүй, зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон боловч орлогын мөнгийг эд хогшил, тоног төхөөрөмж худалдан авсан төлбөрт болон дотоод үйл ажиллагаандаа зарцуулж байгууллагад хохирол учруулаагүй болох нь нотлогдсон”, гэмт хэргийн шинжгүй байх тул эрүүгийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. 

 

  Хуулийн байгууллага шалгаад 10,075,000 төгрөгийг Мал эмнэлгийн албаны засвар үйлчилгээ, машин техникийн сэлбэг, мал эмнэлгийн ариун цэврийн лабораторын багаж хэрэгсэлд зарцуулж, байгууллагад хохирол учруулаагүй болохыг тогтоосон бөгөөд  Мал эмнэлгийн албаны дарга Т.Т нь тухайн үед Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан Т.Ган-Очирын зөвшөөрлөөр 10,075,000 төгрөгийг захиран зарцуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон дээрх Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын Прокурорын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5/22 дугаар тогтоолд тусгагдсан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын нягтлан бодогч Б.Мөнхзулын  “... харин 2015 онд 1083 адуунд хийсэн шинжилгээний төлбөр 33,295,000 төгрөгийн хувьд бол 10,075,000 төгрөгийг мал эмнэлгийн албаны даргаар ажиллаж байсан Т.Тт зарцуулах эрхийг нь өгч байгуулагатай холбоотой зүйлд зарцуулсан” гэсэн мэдүүлэг, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажилчдын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлээр  тогтоогдож байна.

 

          Иймд мал эмнэлгийн албаны даргыг зөвшөөрөлгүйгээр 10,075,000 төгрөгийг  захиран зарцуулсан гэж буруутгах үндэслэлгүй байна.  

 

          Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 1994 оны А/54 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Хязгаарлалт, хорио цээр тогтоох журмаар “Мал, амьтны халдвартай өвчин гарсан тохиолдолд "Монгол улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль", энэхүү журмын дагуу Улсын мал эмнэлгийн албаны зохих байгууллагуудын гаргасан дүгнэлтийг үндэслэн тухайн шатны Засаг дарга, Засгийн газраас хязгаарлалт, хорио цээр тогтоож нийтэд зарлан мэдэгдэнэ” гэж заасан байх тул хууль тогтоомжоор мал, амьтны халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоох эрхгүй  аймгийн Мал эмнэлгийн даргыг 2016 онд гарсан хонины цэцэг өвчин 11 сумын 48 голомтод гарахад аймгийн хэмжээнд нэг ч удаа хорио цээрийн дэглэм тогтоож ажиллаагүй, үржлийн болон зах зээлд борлуулах мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хориг тавиагүйн улмаас  76 сум суурин газарт тархаах нөхцлийг бүрдүүлсэн гэж буруутгах үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн татгалзлаа нотлож байгаа гэх Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн мэдэгдлийг хуулбарлан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын тэмдэг дарж, мөн хариуцагчийн нэхэмжлэгч Т.Тт үүрэг даалгавар өгсөнийг тэмдэглэсэн гэх хувийн тэмдэглэлийн дэвтрийн хуудсыг хуулбарлан байгууллагын тэмдгийг дарж ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй учраас үнэлээгүй болохыг, сонсох ажиллагааг хийсэн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажилчдын хурал дээр яригдсан зүйлүүд бусад нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Хариуцагчаас нэхэмжлэгчийг буруутгаж байгаа зөрчлүүдийг цаг хугацааны хувьд авч үзвэл аймгийн Мал эмнэлгийн албаны эмч нарын 2013 онд Сүхбаатар аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан гомдолд тусгагдсан зан харьцаа, ёс зүйн асуудал, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 3 төрлийн вакцин хөлдсөн, Монгол “В” ТББ–д 2012-2014 онд гэрээт борлуулагчаар ажиллаж байсан, 2015 онд адуунд хийсэн шинжилгээний төлбөрийн 10,075,000 төгрөгийг зөвшөөрөлгүй зарцуулсан гэх зөрчлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн зөрчлүүд юм гэсэн агуулгаар маргаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

 

 Иймд дээрх тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэхэд албан тушаал /ажлын байр/ -ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны  даргын албан тушаалаас бууруулж, ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн  бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзлээ.  

  

  2. Төрийн албаны тухай  хуулийн  25 дугаар зүйлийн 25.1.1 дэх “ хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа / 2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” заалтыг  баримтлан Т.Тийг  ажлаас халсан  үндэслэлийн тухайд:

  Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 7-д “Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан  “... хангалтгүй биелүүлсэн ..” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Т.Т нь үр дүнгийн гэрээг дүгнэсэн илтгэх хуудсаар  2015 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ 96.4 /”А” буюу маш сайн/ гэж, нэхэмжлэгч, хариуцагч нараас нотлох баримтаар гаргаж ирүүлсэн аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2016 оны ажлын үр дүнгийн үнэлгээ  гэсэн баримтын Үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээ хэсэгт Сүхбаатар аймгийн мал эмнэлэг 92.5 гэсэн үнэлгээтэй байна.

 

 Иймд Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр, дүн мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журамд 90-100 оноо авсан бол “А” буюу маш сайн гэж үнэлэхээр заасан байх тул Т.Тийн сүүлийн хоёр жилийн  Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр, дүн мэргэшлийн түвшингийн үнэлгээг хангалтгүй гэж дүгнэх,  түүнийг удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж ажлаас халах үндэслэлгүй байна.

 

 Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас  халагдахгүй байх” нэмэгдэл баталгаагаар хангагдах бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлыг тогтоох, шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хангалттай биелүүлээгүйн улмаас Төрийн албаны тухай  хуулийн  25 дугаар зүйлийн 25.1.1-д  “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа / 2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх нөхцлийг бодитоор тогтоосон буюу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул маргаан бүхий захиргааны актыг  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй гэж үзэхээр байна. 

          Нэхэмжлэгчийн хариуцагч аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Өыг төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтад ороогүй, Төрийн албаны болон салбар зөвлөлийн дүгнэлтгүйгээр  томилогдсон, тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон байж төрийн албанд ажиллаж Төрийн албаны хуулийг зөрчсөн, намайг ажлаас халах эрхгүй гэж маргаж байгаа нь тухайн маргааны зүйлд хамааралгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

         

          Иймд  дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т.Тийг Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны  даргын албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлж, хуулиар тогтоосон төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллах нөхцөл баталгааг зөрчсөн, түүнчлэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул “Т.Тийг ажлаас чөлөөлөх тухай” Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/11 тоот хууль бус тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 –т заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 02-ныг хүртэлх 22 өдрийн цалин 986766 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс Т.Т нь Баруун-Урт сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар томилогдож бага цалинтай ажил хийж байгаа бөгөөд цалингийн зөрүүг нэхэмжилсэн тул цалингийн зөрүүтэй тэнцэх олговор буюу урьд авч байсан 964,336 төгрөгийн цалингаас одоо авч байгаа цалин 858,589 төгрөгийг хасаж 105,747 төгрөгийн зөрүүг шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал хугацаагаар буюу /105,747:21,5=4919х131 хоног=644389 төгрөг/ нийт 1,631,155 төгрөгийн олговрыг Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн  газрын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн ээлжийн амралтын мөнгийг тооцон нэхэмжлэгчид олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг аймгийн Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн   газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн  19 дүгээр зүйлийн 19.2, 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дүгээр зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн  газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Т.Тийг ажлаас чөлөөлөх тухай” Б/11 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Тийг Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн  газрын Мал эмнэлгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

          2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Тт  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 986766 төгрөг, цалингийн зөрүүтэй тэнцэх олговор  644389 төгрөг нийт 1,631,155 /нэг сая зургаан зуун гучин нэгэн мянга нэг зуун тавин таван/ төгрөгийг Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн  газрын төсвөөс гаргуулан олгож, нэхэмжлэгчид ээлжийн амралтын мөнгийг тооцон олгож,  эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн   газарт даалгасугай.

 

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн  газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Тт олгосугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

    

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.БАЯРЦОГТ