Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00235

 

Т.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02378 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2276 дугаар магадлалтай

Т.Э-ын нэхэмжлэлтэй

НШГА-нд холбогдох

“Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Т.Э-ын гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Э- “Хас банк” ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 1480009915 тоот Зээлийн гэрээ байгуулж, 42 500 000 төгрөгийн зээл авч төлж чадаагүй тул “Хас банк” ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Мөнхцэцэг хянаад 102/ШШ2016/05395 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гаргасан. НШГА-ны шийдвэр гүйцэтгэгч Ч.Энхтуяа байрны зах зээлийн үнэлгээний санал авахад 250 сая төгрөг гэсэн санал өгсөн. Шинжээч томилох 174 тоот тогтоолын дагуу “Сэлэнгэ эстимэйт” ХХК байрыг 82 сая төгрөгөөр үнэлснийг 3/15722 тоот мэдэгдлээр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж мэдэгдэнэ” гэх заалтыг зөрчсөн гэж үзэн Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргасан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/058395 дугаар захирамжаар Т.Э-, Б.Гэрэлтгуа нараас 41 154 094 төгрөгийг гаргуулж “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нарыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөрөө сайн дураараа төлж барагдуулах талаар 2017 оны 04 дүгээр сарын 28-өдрийн 148/1, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 148/2, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 148/3, 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 148/4, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 148/5, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 148/6, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 148/7 дугаар мэдэгдлүүдээр мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол 61 дүгээр байрны 67 тоотод байрлах 30 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авсан. Төлбөр төлөгч Т.Э-, Б.Гэрэлтгуа нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Гэрэлтгуагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол 61 дүгээр байрны 67 тоотод байрлах 30 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 250 сая төгрөгөөр үнэлэх үнийн саналаа өгсөн. Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Төлбөр төлөгч Т.Э-, Б.Гэрэлтгуа нарт болон төлбөр авагч “Хас банк” ХХК-д үнэлгээчний үнэлсэн үнэлгээг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 3/15722 дугаар албан бичгээр биечлэн мэдэгдсэн. Уг мэдэгдлээр төлбөр төлөгч Т.Э-, Б.Гэрэлтгуа нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Гэрэлтгуагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол 61 дүгээр байрны 67 тоотод байрлах 30 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэ 82 сая төгрөг болох тухай болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу энэ үнийн дүнгийн 70 хувь 57 400 000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02378 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 37 дугаар зүйлийн 37.3.-т заасныг баримтлан НШГА-нд холбогдох, “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Т.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2276 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02378 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Э-аас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Миний бие НШГА-наас томилсон “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн гаргасан 30 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 82 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээг үндэслэл муутай гэж нэхэмжлэл гаргасан. Би зээлийн барьцаанд тавьсан орон сууцаа 250 сая төгрөгөөр үнэлэх санал өгсөн. Гэтэл “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь зах зээлийн ханшнаас илт доогуур буюу 3 дахин бага үнээр үнэлсэн тул үнэлгээг эс зөвшөөрч анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад үнэлгээг хэвээр үлдээсэн. Орон сууцыг зах зээлийн ханшаар үнэлүүлэхээр давж заалдах гомдол гаргасан боловч шийдвэрийг мөн хэвээр үлдээсэн. Иймд шийдвэр, магадлалыг дахин хянуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Т.Э- нь НШГА-нд холбогдуулан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарны 12-ны өдрийн 102/ШШ2016/05395 дугаартай  шүүгчийн захирамжаар Т.Э-, Б.Гэрэлгуа нар нь 40 972 688,43 төгрөгийг харилцан тохиролцсон хуваарийн дагуу Хас банк ХХК-д төлөхөөр, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталсан байх бөгөөд хариуцагч үүргээ биелүүлээгүй тухай төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн байна.

Төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Төмөр замын 61 дүгээр байрны 67 тоот 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулж, албадан дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийн саналыг авахад төлбөр төлөгч үл хөдлөх эд хөрөнгийг 250 сая төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч зөвшөөрөхгүй гээд хөндлөнгийн үнэлгээчин томилуулах хүсэлт гаргасан нь хэргийн 47, 48, 49 дүгээр талд авагдсан талуудын санал, тайлбараар нотлогдож байна.

Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/  37 дугаар зүйлийн 37.2.2. дахь заалтыг зөрчөөгүй бөгөөд томилогдсон шинжээч “Сэлэнгэ эстимэйт” ХХК үл хөдлөх эд хөрөнгийг 82 000 000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд уг үнийн 70% болох 57 400 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч барьцааны хөрөнгийг зах зээлийн үнийн дүнгээс хэтэрхий доогуур үнэлсэн гэх тайлбар, нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д нийцсэн, шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй тогтоогдсонгүй.

Иймд барьцааны хөрөнгийг зах зээлийн үнээс 3 дахин бага үнээр үнэлсэн гэх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02378 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2276 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД