Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2017/02378

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Э-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

“Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Э, өмгөөлөгч А.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгалмаа нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Э  “Хас банк” ХХК-тай 2014 оны 8 сарын 07-ны өдөр 1480009915 тоот Зээлийн гэрээ байгуулж,  42,500,000 төгрөгийн зээл авч төлж чадаагүй тул Хас банктай 2016 оны 10 сарын 12-ны өдөр  Эвлэрлийн гэрээ байгуулсныг Баянгол дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Мөнхцэцэг хянаад 102/ШШ2016/05395 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гаргасан.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны  шийдвэр гүйцэтгэгч Ч.Энхтуяа байрны зах зээлийн үнэлгээний санал авахад 250,0 сая төгрөг гэсэн санал өгсөн.

Шинжээч томилох 174 тоот тогтоолын дагуу “Сэлэнгэ эстимэйт” ХХК байрыг 82,0 сая төгрөгөөр үнэлснийг 3/15722 тоот мэдэгдэлээр мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.1-д шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж мэдэгдэнэ гэх заалтыг зөрчсөн гэж үзэн Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохоор энэхүү нэхэмжлэлийг гаргасан байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2016 оны 10 сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/058395 дугаар захирамжаар Т.Э, Т.Г нараас 41.154.094 төгрөгийг гаргуулж Хас банкинд  олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч нарыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөрөө сайн дураараа төлж барагдуулах талаар 2017 оны 4 сарын 28-өдрийн  148/1, 2017 оны 4 сарын 30-ны өдрийн 148/2, 2017 оны 5 сарын  02-ны өдрийн 148/3, 2017 оны 5 сарын 03-ны өдрийн 148/4, 2017 оны 5 сарын 05-ны өдрийн 148/5, 2017 оны 5 сарын 30-ны өдрийн 148/6, 2017 оны 6 сарын 02-ны өдрийн 148/7 дугаар мэдэгдлүүдээр мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол 61 дүгээр байрны 67 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авсан.

Төлбөр төлөгч Т.Э, Б.Г нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Г-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол 61 дүгээр байрны 67 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 250.000.000 төгрөгөөр үнэлэх үнийн саналаа өгсөн.

Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон.

Төлбөр төлөгч Т.Э, Б.Г, төлбөр авагч Хас банкинд үнэлгээчний үнэлсэн үнэлгээг 2017 оны 5 сарын 30-ны өдрийн 3/15722 дугаар албан бичгээр биечлэн мэдэгдсэн.

Уг мэдэгдлээр төлбөр төлөгч Т.Э, Б.Г нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Г-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол 61 дүгээр байрны 67 тоотод байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг  үнэлсэн үнэ 82.000.000 төгрөг болох тухай болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу энэ үнийн дүнгийн 70 хувь 57.400.000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан, “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээг болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасны дагуу явуулсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2016 оны 10 сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/058395 дугаар захирамжаар Т.Э, Б.Г нараас 41.154.094 төгрөгийг гаргуулж “Хас банк” ХХК-д  олгохоор шийдвэрлэжээ.

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба  Баянгол дүүргийн Иргэний хэргийн  анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/05395 дугаар захирамж, шүүгчийн 2017 оны 01 сарын 24-ний өдрийн 102/ШЗ2017/01458 дугаар захирамж, 102/ГХ2017/00225 дугаар гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2017 оны 4 сарын 27-ны өдрийн 17250620 дугаар тогтоолоор хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж,  шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2017 оны 4 сарын 28-ны өдрийн 148/1, 2017 оны 4 сарын 30-ны өдрийн 148/2 дугаартай мэдэгдлээр мэдэгдэж, барьцаа хөрөнгийг 2017 оны 5 сарын 03-ны өдрийн 148/03, 2017 оны 5 сарын 05-ны өдрийн 148/04 тогтоолоор тус тус хурааж битүүмжилсэн, энэ тухай төлбөр төлөгч нарт мэдэгдсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1.-д заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 5 сарын 25-ны өдрийн 174 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг томилжээ.

            “Сэлэнгэ эстимэйт”” ХХК нь барьцаа хөрөнгийг 2017 оны 5 сарын 29-ний өдөр 82.000.000 төгрөгөөр үнэлж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 5  сарын 30-ны өдрийн 3/15722 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон мэдэгдлийг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн, уг  мэдэгдлээс барьцааны хөрөнгийг үнэлсэн үнэлгээг мэдсэн гэж нэхэмжлэгч Т.Эрдэнэбаяр тайлбарлаж байгаа, үнэлгээг мэдэгдсэн талаар зохигч маргаагүй болно.

            Нэхэмжлэгч барьцааны хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо тус шүүхэд 2017 оны 6 сарын 05-ны өдөр анх гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзнэ.

            Т.Э нь барьцааны хөрөнгийг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн үндэслэлээр гомдол гаргасан боловч, энэ үндэслэлээ нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй, нотлоогүй, шийдвэр гүйцэтгэгч барьцаа хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч, өмчлөгч нарын хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3. дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 1561.1., 160 дугаар зүйлийн 160.1.2.-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 37 дугаар зүйлийн 37.3.-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Т.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БААТАР