Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00255

 

Ө.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/02605 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2267 дугаар магадлалтай

Ө.Б-ын нэхэмжлэлтэй

Б.О-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 246 431 755.05 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.О-ийн гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өүлэн-Үжин, хариуцагчийн өмгөөлөгч Д.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч Ө.Б- хариуцагч Б.О-тэй 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 72 986 ам долларыг 1 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаанд Б.О-тэй нь гэрээгээр тохиролцсон хүүг cap бүр тогтмол төлж байсан боловч зээлийн гэрээний хугацаа дуусах үед зээлийн үндсэн төлбөрийг төлөлгүй хугацаа сунгаж хойшлуулсаар байсан. Б.О-ийн хугацаа сунгах хүсэлтийн дагуу 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээг өөрчлөн байгуулж, уг гэрээгээр 72 986 ам долларыг тухайн үеийн ханшаар төгрөгт шилжүүлэн 145 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай 1 сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээг нэмэлтээр өөрчлөн байгуулсан. Талууд үндсэн гэрээний хугацааг сунгах байдлаар харилцан тохиролцож, нэмэлт зээлийн гэрээ байгуулсан боловч уг нэмэлт гэрээ нь огт хэрэгжээгүй. Иймд 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээнээс учруулсан хохирлыг нэхэмжилж байна. Үүнд: Зээлийн гэрээний үндсэн төлбөр 72 986 ам доллар, 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 20-ныг хүртэл нийт 780 хоногийн алданги 155 677.72 ам.доллар болж байгаа бөгөөд анз нь 50 хувиас хэтрэхгүй гэснийг үндэслэн тооцвол 36 493 ам.доллар, нийт 109 476 ам.долларын хохирол учруулаад байна. Иймд Ө.Б-, Б.О- нарын байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээнээс учирсан хохирол 109 479 ам доллар буюу нэхэмжлэл гаргах 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Монгол банкны ханш 2 250.95 төгрөгөөр тооцвол 246 431 755,05 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх болсон шалтгаан нь Б.О-ийн хугацаа сунгах хүсэлтийн дагуу 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээг өөрчлөн байгуулж, уг гэрээгээр 72 986 ам долларыг тухайн үеийн ханшаар шилжүүлэн 145 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцож байгуулсан. Талууд гэрээний хугацааг сунгах байдлаар харилцан тохиролцож, нэмэлт зээлийн гэрээг байгуулсан боловч уг нэмэлт гэрээ нь огт хэрэгжээгүй байдаг. Уг гэрээ нь Иргэний хуульд заасан 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалтад заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж, хариуцагч талаас үзэж буй тул талуудын хооронд анхлан байгуулагдсан үндсэн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэжээ.

Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчтэй 2009 оноос гэр бүлийн найз нөхдийн холбоотой. 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 145 000 000 төгрөг аваагүй, намайг элдвээр дарамталж шахсаар байгаад гэрээг нөхөж хийсэн. Би 2013 оны 07 дугаар сарын 03-нд 60 000 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 06-нд 36 500 ам доллар зээлж аваад 98 000 000 төгрөг төлсөн, одоо 25 973 668 төгрөгийн төлбөртэй байгаа, одооноос л миний бизнесийн ажил цэгцэрч байна, би мөнгөгүй болоод зээл төлж чадахгүй болоод ирэхээр Ө.Б- өрөөндөө дуудаж элдвээр дарамталж намайг бүр зодож, надад гэмтэл учруулж байсан. Зээлийн гэрээний 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний хар өнгөөр 2 удаа зурсан гарын үсэг бол минийх биш харин цэнхэр өнгөөр зарсан гарын үсэг нь мөн, энэ гэрээг сүүлд нөхөж хийсэн. Анх зээл авахдаа зээлийн гэрээг бичгээр хийгээгүй учраас би хүү төлөхгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: хэргийн 108-110 дахь хуудасны зээлийн гэрээнд “...72 986 ам долларыг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн...” гэж дурдсан. Хариуцагч нь мөнгийг хүлээн аваагүй бөгөөд нэхэмжлэгч тал ямар нэг байдлаар 72 986 ам долларыг хүлээлгэн өгсөн баримтыг гаргаж өгөөгүй байдаг. Хэргийн 121-123 дахь хуудсанд нотариатаар батлуулсан баримтуудыг авсан гэх үндэслэл болгож өгсөн байдаг. Тус өргөдөлд, гар бичвэрүүдийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 196 дахь тойргийн нотариатчаар батлуулсан байдаг. Хариуцагч Б.О- нь тухайн өдөр 196 тоот нотариатчаар үйлчлүүлээгүй бөгөөд Дорноговь аймгийн Сайншанд хотод байсан болно. 196 тоот нотариатч нь уг гар бичвэрүүдийг батлахдаа Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т “холбогдох этгээдийг дуудан ирүүлэх”, 21.2.1-т “үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг нь тайлбарлаж өгөх”, 21.1.9-т “нотариатын үйлдэл хийх явцад үйлчлүүлэгч хууль зөрчсөн болох нь илэрвэл зохих арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад мэдэгдэх” зэрэг заалт ангиудыг зөрчин баталсан нь хавтаст хэргийн 121-123 дахь хуудаснууд нь хүчин төгөлдөр бус, нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна гэж үзэхээр байна. Дээрх үндэслэлүүдээс нэхэмжлэгч хавсаргасан 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээнд “... гэрээ байгуулах өдөр бэлнээр бүрэн олгов...” гэж заасан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг зөрчиж, 72 986 ам доллар зээлсэн мэтээр тооцсон нь хууль зөрчиж байна гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн тайлбарт тодорхойлсноор “...энэ заалтыг нарийвчлан тайлбарлахын тулд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.4-т заасныг анхаарах шаардлагатай” гэжээ. Иймд энэхүү зээлийн гэрээ нь анхнаасаа мөнгө хүүлэх зорилго агуулсан, хүч хэрэглэн Иргэний хуулийг зөрчиж бичигдсэн зээлийн гэрээг хүчингүйд тооцох үндэслэлтэй болно. Иймд 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б.О- нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ иргэн Ө.Б-аас 72 986 ам долларыг аваагүй гэж бичсэн байдаг гэтэл түүний өмнө шүүхэд гаргасан бичгэн тайлбарууд болон 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн бичгэн тайлбаруудад уг мөнгийг 2 хуваан авсан тухай бичиж тайлбарласан. Мөн Б.О-ийн өөрийн гаргаж өгсөн банкны хуулга, зарлагын гүйлгээний баримтуудаар уг зээлийн хүү болох 5 хувьтай тэнцэх төлбөрийг cap бүр Ө.Б-ын данс руу тогтмол шилжүүлж байсан нь энэхүү гэрээ байгуулсан болохыг нотлох баримт болж байна. 2013 оны 07 дугаар сарын 03-ны зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг зөрчиж байна гэсэн боловч яг ямар хуулийг зөрчиж, байгаа үндэслэл баримт нь тодорхойгүй байна. Мөн хуулийн 56.1.4 дэх заалтад хамруулан хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг боловч үндэслэл нь тодорхойгүй, баримтаар тогтоогдохгүй байх тул уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/02605 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.О-ээс 102 614 125 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Б-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 143 817 630 төгрөгийн шаардлага болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.О-ийн 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ө.Б-ын төлсөн 1 497 600 төгрөг, хариуцагч Б.О-ийн төлсөн 1 400 000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.О-ээс 671 020 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Б-т олгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2267 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/02605 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, заасныг баримтлан хариуцагч Б.О-ээс 202 736 088 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Б-т олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас үлдэх 43 695 667.05 төгрөгт холбогдох хэсэг, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.4-т заасан үндэслэлгүй тул 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Б.О-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн” гэж, “671 020” гэснийг “1 171 630” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.О-ээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүхийн магадлалтай танилцаад доорх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн хянавал хэсэгт “...2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/Ш32017/02260 дугаар шүүгчийн захирамжаар томилогдсон Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2285 тоот шинжээчийн дүгнэлтэд “уг зээлийн гэрээнд зурагдсан гарын үсгүүд нь Б.О- гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна” гэснээр хариуцагчийн дээрх татгалзал үгүйсгэгдэж байх талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. Уг дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул дахин шинжээч томилох шаардлагагүй юм...” гэж дурджээ. Гэвч шинжээч хавтас хэргийн 108-110 дахь хуудсан дахь гэрээний хавсралт болох 111, 112 хуудсан дахь хавсралтуудын гарын үсгийг шинжлэн үзээгүй байдаг болно. Хэдийгээр шүүгчийн захирамжаар 108-110 дахь хуудсыг шинжлэхийг даалгасан байдаг боловч 111, 112 дахь хуудсууд нь гэрээний хавсралтууд тул Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5. “хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдлыг олж тогтоовол энэ талаар дүгнэлтдээ тусгах” үүргээ биелүүлээгүй тул нэмэлт шинжилгээ хийлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгчийн дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хүлээн аваагүй нь энэ шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаагийн илэрхийлэл болж байна. Өмгөөлөгч Шүүхийн шинжилгээний хуульд зөрчилтэй байгаа асуудлыг илэрхийлсэн боловч үүнийг хүлээн авахаас татгалзсан зэрэг нь шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаа болно. Дахин шинжилгээ хийлгэх эрхийг хангаж өгнө үү.

2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр сөрөг нэхэмжлэл гарган, уг сөрөг нэхэмжлэлд уг зээлийн гэрээг хүчингүйд тооцох, 196 тойргийн нотариатчийг хариуцагч Б.О-ийг байлгалгүйгээр гар бичмэлийг нотолсон асуудлыг шалгуулах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй болно. Уг тойргийн нотариатчийг ядаж шүүх дээр гэрчээр дуудан нөхцөл байдлыг тодруулах арга хэмжээ ч аваагүй болно. Бид нөхцөл байдлыг хангалттай, бүх талаас нь анхан шатны шүүх дээр хийж чадаагүй байж Нийслэлийн шүүхийн магадлалаар зөв хянагдсан гэж үзэх ямар үндэслэлтэй байна вэ? Хариуцагч Б.О- нь зодуулж, зээлийн гэрээнд хүчээр гарын үсэг зурсан нь уг зээлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлтэй юм. Нэхэмжлэгч Ө.Б- нь хариуцагч Б.О-ийн бие мах бодит гэмтэл учруулж, сэтгэл санаагаар унагаан доромжилж байгаа байдалд шүүх ерөөсөө ач холбогдол өгөхгүй байгаа нь Монгол Улсын иргэн Б.О-ийн үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байна. Үндсэн хуулийн 19.3-т “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” гэж заасны нэхэмжлэгч Ө.Б- нь хариуцагчийг зодож гэмтэл учруулсан, ам хэлээр доромжлон сэтгэл санааны дарамтад учруулсан зэргийг шүүх харгалзан авч үзэх шаардлагатай гэж үзэж байна. Иймд шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулах зорилгоор анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ө.Б- нь Б.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 246 431 755.05 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 102 614 125 төгрөгийг хангаж, шаардлагын үлдэх хэсгийг, сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хариуцагчаас 202 736 088 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Талуудын хооронд 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, Ө.Б- нь 72 986ам долларыг нэг жилийн хугацаатай, сарын 5%-ийн хүүтэй Б.О-д шилжүүлэх, зээлдэгч нь авсан зээлийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн, зээлдүүлэгч нь гэрээ байгуулсан өдөр 36 493 ам долларыг, 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 36 493 ам долларыг тус тус зээлдэгчид өгсөн, зээлдэгч зээлийг хүлээн авч 2015 оны 06 дугаар сар хүртэл зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлж байсан үйл баримт тогтоогдсон.

Гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд талуудын харилцан хүсэл зоригийн үндсэн дээр гэрээ байгуулагдаж зээлдүүлэгч гэрээний үүргээ биелүүлж, гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч зээлийг хүлээн авч хариу төлбөр төлж байсан нь нотлогдсон тул тус зээлийн гэрээг хүч хэрэглэж, нөхөж хийсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1. дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, зээлдүүлэгчээс зээл шилжүүлсэн хугацаа, зээлдэгчийн зээлийн хүү төлж байсан үйл баримтыг холбогдох нотлох баримтад үндэслэн зээлийн тооцоог зөвтгөж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 281, 282, 232, 216 дугаар зүйлүүдийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 166.2.-т заасан шаардлагыг хангасан байна. 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан гэж тайлбарладаг тул гэрээнд зурагдсан гарын үсэг хариуцагчийн гарын үсэгний загваруудтай тохирч байгааг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэх үндэслэлээр дахин шинжээч томилуулахыг хүссэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна. Мөн тус гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан гэх тайлбарыг нотлосон баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, үндэслэлээ нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Харин хариуцагч нь гэрээний хугацаанд зээлийн хүүг хугацаанд нь төлж байсан,  гэрээгээр тохирсон зээлийн хүү харьцангуй өндөр, мөн гэрээг гадаад валютаар хийснээс хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээ төгрөгийн гадаад валютын ханшны өөрчлөлтөөс шалтгаалан байнга өсч байсан зэрэг хэргийн нөхцөл байдалд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д зааснаар  анзын хэмжээг 50%-иар багасгаж хариуцагчийн төлөх төлбөрөөс хасч тооцохоор шийдвэрлэв.

Иймд алдангид тооцсон 30 022 ам долларын 50% болох 15 011 ам доллараар алдангийг тооцож, үндсэн зээлийн үлдэгдэл 60 044 ам долларын хамт нийт 75 055 ам доллар буюу /75 055х2250.95/ 168 945 052 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2267 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...232.6,” гэсний дараа “...232.8.-д” гэж нэмж, “...202 736 088 төгрөг...” гэснийг “...168 945 052 төгрөгийг...” гэж, “...43 695 667.05 төгрөгт...” гэснийг “...77 486 703.05 төгрөгт...” гэж, “1 171 630” гэснийг “1 002 675” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 171 630 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                          Х.ЭРДЭНЭСУВД