Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 978

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч Г.Л- Б.Б-тэдгээрийн өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ганзоригоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Л- Б.Б-нарт холбогдох эрүүгийн 1908 00421 0322 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцэгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 13 дугаар гудамжны Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн,

2. Монгол Улсын иргэн, 1999 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн,  20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “New space” нэртэй ноос ноолуурын үйлдвэрт ажилладаг, ам бүл 7, аав, ээж, ах, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Намгийн 1 дүгээр гудамжны

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б-, Г.Л-нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны автомашины ил зогсоол дээр байрлуулсан байсан иргэн Ц.Баасандоржийн эзэмшлийн 07-92 УБЯ улсын дугаартай приус-20 маркийн автомашины гурвалжин шилийг хагалж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч улмаар бусдын эд хөрөнгийг буюу хоолны халуун сав, эмэгтэй хүний туулайн арьсан малгай, чихэр, архи зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 840.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх3-7/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх188-189/ шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд болон хохирол төлсөн баримтуудыг шинжлэн судалсан.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Г.Л- Б.Б-нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх3-7/,

2. Г.Л-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх72-75/,

3. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019.01.21-ний өдрийн 19/131 дугаар үнэлгээний тайланд “архи 20 ширхэг, ууттай чихэр 8 кг, нийт үнэлгээ 720.000 төгрөг”, 2019.02.19-ний өдрийн 19/134 дугаар үнэлгээний тайланд “халуун сав /хоолны шинэ/ 4 ширхэг, малгай /эмэгтэй, туулайн арьсан/ 1 ширхэг, нийт 120.000 төгрөг”, 2019.02.19-ний өдрийн 19/133 дугаар үнэлгээний тайланд “Тоёото приус 20 загварын машины гурвалжин шилийг 45.000 төгрөгөөр” тус тус үнэлжээ. /хх33-51/,

4. Г.Л-гаргаж өгсөн саарал өнгийн үслэг малгайг  хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, уг хүлээн авсан малгайг хохирогч Ц.Баасандоржид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зураг /хх86-87/,

5. Хохирогч Ц.Б “...би  2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүлийн хамтаар Хархорин зах орж 4 ширхэг хоолны халуун сав, 7-8 кг чихэр зэрэг эд зүйл худалдан аваад орой 21 цаг 30 минутын Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Хилчин хотхоны гадна талын авто машины ил зогсоол дээр 07-92 УБЯ улсын дугаартай Приус-20 маркийн авто машинаа байрлуулан тавиад гэртээ орж амарсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө 08 цаг 30 минутын орчимд машинаа халаагаад ажилдаа явахаар гэрээсээ гартал зогсоол дээр байрлуулан тавьсан байсан машины жолооч талын жижиг гурвалжин шилийг хагалан дотор нь үлдээчихсэн байсан 10 ширхэг Kорн архи тус бүр нь 1 литрийн савлагаатай, 10 ширхэг Rembrandt /Holland masterpiece/ архи тус бүр нь 1 литрийн савлагаатай, 7-8 кг чихэр, хоолны халуун сав-4 ширхэг, эхнэрийн туулайн арьсан малгай зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан тул цагдаагийн байгууллагад хандаж 102 луу залгаж мэдэгдсэн юм...

...Би тухайн орой машинаа авто зогсоол дээр тавьчхаад машинаа түгжээд хаалга цонхоо шалгасан. Миний машины хаалга болон цонх хаалттай түгжээтэй байсан...Уг хүмүүс нь надад 500.000 төгрөг төлж барагдуулсан. Мөн туулайн арьсан малгайг хүлээлгэн өгсөн байгаа. Одоо уг хүмүүс надад 325.000 төгрөг өгөх дутуу байгаа...” гэх мэдүүлэг /хх15-16, 187/,

6. Гэрч Б.У “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны орой 23 цагийн үед Г.Л-нь манай гэрт саарал өнгийн машинтай ирсэн. Манай гэрт ирэхдээ Г.Л-ахынхаа машинтай ирсэн ба найз Батсүрэнтэй хамт явж байсан...” гэх мэдүүлэг /хх84/,

7. Б.Б-мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн  “...Тэгээд 10-20 минутын дараа гарч ирээд чамайг таксинд суулгаад өгье гээд бид хоёр Хилчин хотхон руу автобусны буудал руу алхаж явж байгаад хилчин хотхоны хаалганы үүдэнд байсан машины хажуугаар гарахдаа Г.Л-тус машины цонхоор нь шагайж хараад дотор нь дандаа хайрцагтай идэх юм байна гэхээр нь яах юм бэ гэж хэлсэн чинь Г.Л-чулуу аваад гурвалжин цонхыг нь хагалчихсан тэгээд машиныг нь онгойлгоод дотор талд нь байсан эд зүйл болох шилтэй архинууд, хоолны сав, чихэр, үслэг малгай зэрэг эд зүйлүүд байхаар нь бид хоёр машинаас нь зөөж буулгаад нуух газар байхгүй байхаар нь хажуу талд нь эзэнгүй хашаа байшин байхаар нь тэр хашаанд оруулж нууя гээд уг хашаа руу зөөж оруулсан. Тэгээд би аавын гэр рүү такси бариад явсан. Тэгээд маргааш нь Г.Л-залгаад хоёулаа нөгөө юмнуудаа заръя гээд бид хоёр нөгөө юмнуудаа цүнхэлж авч гараад Хархорин зах дээр аваачиж гадаа нь таарсан хүмүүст 20 шил архи болон хоолны халуун сав, чихэрнүүдийг зарсан. Тэгээд үслэг малгайг нь зараагүй...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх60-61/,

8. Г.Л-мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэр орой би Батсүрэнгийн хамт Хилчин хотхоны авто зогсоолд байсан автомашин дээр очоод цонхоор нь харахад дотор нь чихэр жимс, хайрцагтай юмнууд байсан учир уг эд зүйлсийг авахаар болоод хаалга цонхыг нь шалгахад хаалга болон цонх нь хаалттай, цоожтой байсан юм. Тэгэхээр нь би уг автомашины ойролцоох газраас газарт байсан чулууг авч уг автомашины жижиг гурвалжин шилийг нь уг чулуугаар цохиж хагалсан юм. Тэгээд уг автомашинд орж эд зүйлсийг нь авсан...” гэх мэдүүлэг /хх188-189/.

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч:

Шүүгдэгч Г.Л- Б.Б-нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд шүүгдэгч Г.Л- Б.Б-нар нь 2019 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны автомашины ил зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Ц.Б эзэмшлийн 07-92 УБЯ улсын дугаартай приус-20 маркийн автомашины гурвалжин шилийг хагалж, дотроос нь архи, чихэр, хоолны халуун сав, эмэгтэй хүний туулайн арьсан малгай зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 885.000 төгрөгний хохирол учруулсан нь хохирогч Ц.Б мэдүүлэг, гэрч Б.У мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд, шүүгдэгч Г.Л-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд болон шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б нийтдээ 885.000 төгрөгний хохирол учирсан нь “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19/131 дугаар үнэлгээний тайланд “архи 20 ширхэг, ууттай чихэр 8 кг, нийт үнэлгээ 720.000 төгрөг”, 2019.02.19-ний өдрийн 19/134 дугаар үнэлгээний тайланд “халуун сав /хоолны шинэ/ 4 ширхэг, малгай /эмэгтэй, туулайн арьсан/ 1 ширхэг, нийт 120.000 төгрөг”, 2019.02.19-ний өдрийн 19/133 дугаар үнэлгээний тайланд “Тоёото, приус 20 загварын машины гурвалжин шилийг 45.000 төгрөг” гэсэн үнэлгээгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нар орон сууцны байрны гадаа зогсоолд тавьсан 07-92 УБЯ улсын дугаартай приус-20 маркийн автомашины хажуугаар гарахдаа автомашин дотор хайрцагтай эд зүйлийг байхыг харан, хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдсэн, эд зүйлийг зөөж нуусан, бусдад худалдан борлуулсан нөхцөл байдал тогтоогдож байх тул гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэсэн гэх үндэслэл тогтоогдож байна. Тиймээс шүүгдэгч Г.Л- Б.Б-нар нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр бүлэглэн бусдын өмчлөх эрхэд халдсан гэж үзнэ.

Түүнчлэн хулгайлах гэмт хэргийг бусдын автомашинд буюу “тусгайлан хамгаалсан байр”-нд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Учир нь автомашин нь хүн, ачаа тээврийн зориулалтаар ашиглагдахаас гадна эд зүйлээ хадгалах зориулалттай, гадны халдлага, өөр бусад хүчин зүйлээс хамгаалагдсан, цоож, хамгаалалттай тухайн эзэмшигч, өмчлөгчийн хувийн орон зай байдаг.  

Иймд шүүгдэгч Г.Л- Б.Б-нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 885.000 төгрөгний хохирлыг учруулахдаа тусгайлан хамгаалсан байр /автомашинд/ нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Тиймээс шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Б туулайн арьсан малгайг биет байдлаар хүлээлгэн өгсөн, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 500.000 төгрөг, шүүх хуралдааны өмнө буюу 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 325.000 төгрөгийг тус тус хохирогчид төлсөн нь хохирогчийн мэдүүлэг болон Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч Г.Л- Б.Б-нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд шүүгдэгч Г.Л- Б.Б-нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан. 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Г.Л- Б.Б-нар нь анхнаасаа гэм буруу дээрээ маргадаггүй, хохирогчид хохирлын нөхөн төлсөн, гэмт хэргийн хор уршиг арилсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн тус тус 1 жилийн хугацаагаар ял оногдуулж өгнө үү гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа” гэмт хэрэг үйлдсэн гэсэнд хамаарахгүй байна. Тодруулбал: Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хувьд гэмт санаа бодол урьдаас төрсөн, ашиг олох шунахайн сэдэлттэй байдаг тул тохиолдлын нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй тул өмгөөлөгчийн энэ талаар гаргасан саналыг хүлээн авах боломжгүй юм.       

Харин шүүгдэгч Г.Л- Б.Б-нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн авч үзлээ.  

Иймд шүүгдэгч Г.Л- Б.Б-нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээр нь цагдан хоригдоогүй болохых тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Шүүгдэгч .................. нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр /автомашинд/ нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцсугай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Л- Б.Б-нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л- Б.Б-нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Л- Б.Б-нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР