Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1067

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б, Г.Л нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор А.Ганзориг,

          шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

          шүүгдэгч  Г.Лын өмгөөлөгч Э.Энххэрлэн,  

          нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2019/ШЦТ/978 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б, Г.Л нарт холбогдох ......... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б.Б, 2000 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт ........................... суух бүртгэлтэй, /РД:............................../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан;

2. Г.Л, 1999 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт ............................ суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../;

 

Б.Б, Г.Л нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны автомашины ил зогсоол дээр байрлуулсан иргэн Ц.Баасандоржийн эзэмшлийн 07-92 УБЯ улсын дугаартай Приус 20 загварын автомашины гурвалжин шилийг хагалж, машин дотор байсан хоолны халуун сав, эмэгтэй хүний туулайн арьсан малгай, чихэр, архи зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 840.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б, Г.Л нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Батхүүгийн Б.Б, Ганбатын Г.Л нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр /автомашинд/ нэвтэрч, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Л нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Л нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б, Г.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалттай зөрчилдсөн, түүнчлэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх”-аар хуульчилсан хуулийн заалттай зөрчилдөж байна.

Мөн Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчим-д нийцээгүй байдлаар хэрэглэж байна гэж үзэж байна.

- Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

- Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй байхаар хуульчилсан байдаг.

Хулгайлах гэмт хэргийн хохирол бага бус хэмжээнд хүрэхгүй бол гэмт хэрэгт тооцогдохгүй бөгөөд хэрвээ хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдын тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн бол хохирлын хэмжээ хамаарахгүй буюу хууль бусаар нэвтэрснээр гэмт хэрэгт тооцох бөгөөд хууль зүйн хувьд эхэлснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байхаар 2015 онд батлагдаад 2017 оны 7 дугаар сарын 1 нэгнээс хэрэгжиж эхэлсэн хуулиар хуульчилсан.

Гэтэл Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ 300.000 мянган төгрөгийн хохирол хүрэхгүй эд зүйл автомашинаас хулгайлсан үйлдлийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэчихээд 300.000 мянгаас дээш эд зүйлийг автомашинаас хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэж байгаа нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж байна гэж үзэж байна.

Автомашиныг тусгайлан хамгаалсан байр гэж үзэж байгаа бол хохирлын хэмжээ хамаарахгүйгээр 1000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан байсан хамаагүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээх ёстой .

Гэтэл практик дээр 300.000 хүрэхгүй хохиролтой автомашинд нэвтэрсэн гэх үйлдлүүд бүгдээрээ Эрүүгийн хуулиар шийдвэрлэгдэх ёстой байсныг зөрчлийн хуулиар шийдвэрлэж байгаа нь гэмт этгээдүүд ял завшсаар байгаа мэт харагдаж байна.

Шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ аль ашиггүй эрх зүйн байдлыг нь хүндрүүлсэн байдлаар хэрэглэсэн хэмээн өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр зохицуулсан байдаг.

Давж заалдах шатны шүүхээс Б.Бгийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэж өгнө үү. ... гэв.

 

Шүүгдэгч Г.Лын өмгөөлөгч Э.Энххэрлэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэрэв давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд, шүүгдэгч Г.Лт анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон хувийн байдлыг харгалзаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ... гэв.

 

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. ... гэв.

 

Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ... гэв.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдсан гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Б.Б, Г.Л нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны автомашины ил зогсоол дээр байрлуулсан иргэн Ц.Баасандоржийн эзэмшлийн 07-92 УБЯ улсын дугаартай Приус 20 загварын автомашины гурвалжин шилийг хагалж, машин дотор байсан хоолны халуун сав, эмэгтэй хүний туулайн арьсан малгай, чихэр, архи зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 840.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-7/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх 5/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 72-73/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 74-75/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 87/, “Мастер үнэлгээ ХХК”-ийн шинжээчийн 19/131 тоот /хх 33-40/, 19/134 тоот /хх 41-74/, 19/133 тоот /хх 48-54/ дүгнэлтүүд,

хохирогч Ц.Баасандоржийн “...2019 оны 1 дүгээр сарын 16-ны өглөө 8 цаг 30 минутын орчим, машинаа халаагаад ажилдаа явахаар гэрээсээ гартал зогсоол дээр байрлуулан тавьсан машины жолооч талын жижиг гурвалжин шилийг хагалан дотор нь байсан 10 ширхэг Корн архи тус бүр нь 1 литрийн савалгаатай, 10 ширхэг Rembrand /Holland masterpiece/ архи тус бүр нь 1 литрийн савалгаатай, 7-8 кг чихэр, хоолны халуун сав 4 ширхэг, эхнэрийн туулайн арьсан малгай зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. ...” /хх 13-16/,

гэрч А.Наранцацралын “...Надтай уулзсан өдөр буюу 2019 оны 1 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хүний машинаас эд зүйл хулгай хийсэн тухайгаа бага зэрэг хэлсэн. ...Надад хэлэхдээ найзтайгаа хамт архи, чихэр жимс, арьсан малгай зэрэг эд зүйл авсан тухайгаа хэлж байсан. ...” /хх 25-26, 84/ гэх мэдүүлгүүд болон Б.Б, Г.Л нарын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Б, Г.Л нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр /автомашинд/ нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Б, Г.Л нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Л нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Г.Л нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч А.Очбадрал нь “...Хулгайлах гэмт хэргийн хохирол бага бус хэмжээний хохиролд хүрэхгүй бол гэмт хэрэгт тооцогдохгүй бөгөөд Б.Бгийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ аль ашиггүй эрх зүйн байдлыг нь хүндрүүлсэн байдлаар хэрэглэсэн. Иймд Б.Бгийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

 “Тусгайлан хамгаалсан байр, агуулах” гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, амбаар, пин, илүү гэр, түүнчлэн тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, автомухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж, албан тасалгаа, үйлдвэрлэлийн эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байр, хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабин, багаж, онгоц, галт тэрэг, далайн хөлгийн ачаа хадгалах сав зэргийг тус тус хамааруулан ойлгохоор байна.

 

Иймд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж хуульчилсан байх бөгөөд тусгайлан хамгаалсан байр, агуулах гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай автомашиныг хамааруулан ойлгоно.

 

Хохирогч Ц.Баасандорж нь өөрийн эзэмшлийн автомашин дотор хөрөнгөө хадгалж, хөрөнгө хадгалж байгаа автомашин болон эд зүйлээ хууль бус халдлагаас хамгаалан, машинаа цоожлон орхисон байх бөгөөд шүүгдэгч Б.Б, Г.Л нар нь цоожтой машины цонхыг хагалахгүйгээр дотроос нь эд зүйл авах боломжгүйг мэдэж, улмаар цонхыг хагалсан нь нэвтрэх санаа зорилгоо хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Б, Г.Л нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр /автомашинд/ нэвтэрч, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн зүйлчлэлийг эс зөвшөөрч гомдол гаргасан байх боловч анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэл, хохирлын асуудлаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэснийг хөндөхгүй орхив.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 2019/ШЦТ/978 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

                    

 

                                                                        

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                                           Б.ЗОРИГ

 

                                ШҮҮГЧ                                                                           Ш.БАТ-ЭРДЭНЭ