Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 143

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Д,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах,

Гэрч Г.Ш,

Шинжээч С.Шүрцэцэг, Т.Түмэнжаргал,

Шүүгдэгч А.И,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шар дарга овгийн Аы Ид холбогдох 1928001100127 дугаартай нэг хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч А.И нь 2019 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 3 дугаар баг, Шүүхийн байрны баруун талын засмал зам дээр Тоёота рактси маркийн 11-51 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн М.Дыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн хохирол учруулсан, мөн зам тээврийн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө хувийн машинаараа таксинд явж байсан.  Шөнө 01 цаг өнгөрөөд 2 цаг болох гэж байхад би Нисэхэд байдаг гэр рүүгээ Борын талбайн зүүн талын замаар явж байхад өөдөөс маш хурц гэрэлтэй машин гарч ирсэн. Би гэрлээ шилжүүлэхэд шүүхийн хашааны хажууд тэр машин өнгөрөөд гарсан. Тэгээд нөгөө машин өнгөрөөд гэрлээ шилжүүлэхэд миний зүүн талаас нэг том хүн гарч ирсэн. Тэгээд торомз гишгэж амжилгүй ороод ирсэн. Тэгээд би том охин руугаа залгахад утсаа аваагүй хэд залгахад утсаа авсан. Тэгээд би охиндоо хүн мөргөчихлөө гэдгээ хэлсэн. Би нэг мэдэхэд охиныхоо гэрт очсон байсан. Би охиндоо хүн мөргөчихлөө гэж хэлэхэд хаана вэ? гэсэн шүүхийн тэнд гэж би хэлсэн. Тэгтэл манай охин та яагаад орхиод хүрээд ирсэн юм бэ? гэсэн.   Тэгээд манай охид тэр газар руу явсан. Дараа нь цагдаа дээр очъё гээд цагдаа руу явсан. Тэгээд тэнд байсан цагдаа манай эргүүлийн цагдаа нар ажиллаж байгаа машинд мөргүүлсэн гэсэн дуудлага ирээгүй байна эмнэлгээс асуу гэсэн. Тэгээд эмнэлэгт очоод асуухад машинд мөргүүлсэн хүн ирээгүй гэсэн. Би хойшоо явж байсан. Тэр хүн миний баруун талаас мөргүүлсэн. Би цагдаад шууд үнэнээ хэлсэн. Бид Хан-Уул, Даланзадгад буудлаас бусад бүх буудлаар өглөө 6 хүртэл тэр хүнийг хайсан. Тэгээд өглөө цагдаагийн газарт дахин очиж асуухад тийм дуудлага байхгүй гэсэн. Би ямар ч байсан хүн мөргөснөө хэлсэн. Тэгээд шүүхийн хаалганы тэнд 3 хэсэг болсон утас байсан. Манай хүүхдүүд утсыг нь эвлүүлээд ямар ч байсан ийм хүн байна гээд зургийг үзүүлсэн чинь манай бага охин энэ хүнийг манай найз таних байх гэсэн. Тэгээд хүнээс асуугаад тэр хүний гэрийг олсон. Бид гэрт нь 2 цаг болох гэж байхад очсон. Тэгээд гэрт нь очиход өөрөө хаалгаа тайлж өгсөн. Би эмнэлэг рүү явъя гэхэд зүгээрээ эгчээ өвчин намдаах эм өгчих гэсэн. Би осол гэдэг чинь болохгүй эмнэлэг явъя гээд дагуулж явсан. Тэгээд би эргээд цагдаагийн газар очиж мэдүүлгээ өгсөн гэв. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-ыг шилжих шөнө гэрээсээ гараад найздаа цэнэглэгч өгөх гээд явсан. Цэнэглэгчээ өгөөд голомтын гарцаар гарч байхад машин ирж байсан. Би машин ирж байгааг анзаарсан боловч гарцтай газраар явж байгаа болохоор зогсох байх гэж бодсон. Тэгээд би шууд явсан. Тэгээд би ухаан алдаад нэг мэдэхэд өглөө гэртээ сэрсэн. Яаж гэртээ харьснаа ч мэдээгүй. Би өглөө босоод нойл орох гэтэл хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Тэгээд би хүн дуудах гэсэн боловч утас байгаагүй. Тэгж байтал хаалга тогшоод би хаалгаа онгойлготол энэ хүний хүүхдүүд нь ороод ирсэн. Тэгээд эмнэлэг явъя гэсэн би эм асуусан чинь байхгүй гэсэн. Би хувцсаа өмсчхөөд шатаар буух гэтэл хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Тэгээд энэ хүний хүү нь юм уу нэг залуу намайг үүрээд шатаар буулгаад тэгээд шууд эмнэлэг явсан. Эмнэлэгт очоод боолт хийлгээд шархнуудаа цэвэрлүүлсэн. Эмч нь намайг хэвтэх шаардлагатай гэсэн. Би Улаанбаатар явахаас өмнө рентген зураг авхуулсан. Тэгээд хот явсан. Энэ хүний талаас 7 хоногийн зардлыг гаргаж өгсөн. Тэрний дараа өөр эмнэлгүүдээр хувиараа хэвтэж эмчлүүлсэн. Тэрнээс хойш нэг ч удаа холбоо бариагүй болохоор би гомдолтой байна. Тухайн үед сэрүүхэн салхитай байсан. Манай гэрийнхэн осгож хөлдсөн бол яах вэ? гэсэн. Тэр байдлыг хараад би гомдолтой байна. Намайг эмнэлэгт хэвтүүлчхээд тэр чигтээ алга болсон. Тухайн гэмтэл нь тамирчин хүний бүтэн жил тоглох эрхийн хязгаарлаж байж эдгэдэг гэв.

Гэрч  Г.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө дуудлага ирсэн. Би эхний дуудлагыг аваагүй. 2 дахь дуудлагыг авахад ээж учиргүй орилж, чарлаад хүн мөргөчихлөө гэсэн. Би хаана вэ? гэхэд шүүх, голомт гээд учиргүй чарлаад байсан. Би 2 хүүхэдтэйгээ байсан учраас эгчийгээ дуудаад  шүүх, голомтын хавиар очиход ерөөсөө осол болсон шинжгүй байсан. Тэгээд гэртээ очсон чинь ээж хүрээд ирсэн. Хүний эрүүл мэнд бол нэн чухал. Анх аймагт үзүүлэхэд хохирогч хот явж үзүүлье гэсэн саналыг гаргасан. 2 сая гаруй төгрөг зарцуулсан. Биеийн бүх хэсгийг үзүүлж оношлуулсан. Эмч нар хэлэхдээ осолд орсон хүн гэхэд ямар азтай хүн бэ? бие нь сайн байна. Амь насанд нь халтай зүйл алга гэсэн. Шүүхийн зогсоолын хаалганы орчмоос хохирогчийн гар утсыг 10 цагийн үед олсон. Таг нь салаад, батарей нь салсан байдалтай гар утас байсан гэв.

Шинжээч Т.Түмэнжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэгт авагдсан дүгнэлтээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүрэг болгосон заалтыг А.И зөрчсөн. А.И нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй. Осол нь гарцтай газар болсон уу? эсхүл гарцгүй газар болсон уу? энэ нь тодорхойгүй байгаа. Тормоз огцом гишгэсэн тохиолдолд 1 см 2 см мөр гарна.

Шинжээч С.Шүрцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шинжилгээний Лхагвасүрэн эмчийн онош дээр гаргасан дүгнэлтэд дурдагдсан сэжиглэнэ гэсэн үг нь урагдалтай гэсэн үг. Энэ хэрэгт миний эхний гаргасан шинжээчийн дүгнэлт хүчинтэй. 215 тоот дүгнэлтийг үгүйсгэсэн дүгнэлт биш. Хэрэв хуучин гэмтэл байсан бол сорвижилт гэж үзнэ. Урагдалт бол шинэ гэмтэл юм.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 04 дүгээр сарын 05-ны шөнө байхаа би сайн санахгүй байна 16- р байрны 4 давхарт 22 тоот буюу хуучнаар 48 айлын орон сууц дахь гэртээ 23 цагийн үед ганцаараа телевизороор Юнивишны спортын сувгуудыг нөхөж үзэж байхдаа Сэнгүр байсан байхаа сайн санахгүй байна ямар ч байсан лаазтай 3 пиво уучхаад байж байтал манай найз Саруул 00 цаг өнгөрч байхад байхаа над руу нэг танихгүй дугаараас залгаад Самсунг маркийн гар утасны цэнэглэгч аваад Даланзадгад зочид буудалд аваад ирээч гэхээр нь би цэнэглэгч аваад гэрээс гараад Хот айл зоогийн газрын баруун талаар хойшоогоо яваад засмал замын голд байх саадаар гараад удирдлагын ордны урдуур Борын талбайн хажуугаар чигээрээ явж шүүх болон Голомт банкыг өнгөрөөд Даланзадгад зочид буудлын хоёр давхарт коридорт нь Саруултай уулзаад цэнэглэгч өгөөд 5 юм уу 10 минут юм ярьж байгаад би гэр лүүгээ харихаар Даланзадгад зочид буудлаас гарсан. Уг зочид буудлаас гараад Голомт банкны явган хүний гарцаар Голомт банкны урд талаас хуучин Монгол банк, Цогжавхлан дэлгүүрийн зүг рүү зам хөндлөн гарж байхад намайг нэг машин мөргөсөн тэгээд би ухаан алдсан. Нэг сэрсэн чинь би гэртээ толгойн ар дагз болон хоёр өвдөг, зүүн гарын тохой, нуруунаас цус гарсан байдалтай орондоо хэвтэж байсан. Тэгээд би босох гэсэн чинь босож чадахгүй утсаараа хүн рүү залгах гэсэн чинь миний утас байхгүй байж байтал хаалга тогших чимээ гараад би арай гэж босоод хаалга тайлтал хоёр эмэгтэй, Д мөн үү гэсэн тэгэхээр нь би мөн байна гэсэн чинь бие чинь зүгээр үү яаж байна гэхээр нь чи намайг мөргөсөн юм уу гэтэл үгүй манай ээж мөргөсөн гэж хэлсэн байхаа би сайн санахгүй байна. Тэгээд би өвчин намдаах эм байна уу гэж асуусан чинь шууд эмнэлэг явцгаая гэсэн тэгээд би тэд нартай хамт эмнэлэг явахаар гарсан. Тэр хоорондоо би яаж намайг олсон юм бэ гэтэл чиний утас шүүхийн зам дээр болон хогийн савны тэр хавьд бутраад уначихсан байсныг нь эвлүүлээд үзтэл чиний зураг байсан тэгээд Fасеbоок-ээр хайгаад олсон гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг ороод хүлээн авах дээр очоод шархаа цэвэрлүүлээд боолт хийлгээд гэмтлийн эмчид үзүүлээд гэмтлийн тасагт 4 хоног хэвтэн эмчлүүлээд Иын охинтой хамт машинаар нь Улаанбаатар хот ороод хөл, толгойны имрай, цээжний рентген зураг авхуулаад гэмтлийн эмчээс зөвлөгөө аваад “Манал оточ” гэдэг хувийн эмнэлэгт 8 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гараад Сансарт байдаг дотрын эмнэлэгт 6 хоног хэвтэн эмчлүүлж байгаад гараад хоёр өвдөгөндөө хувийн эмнэлэгт физик эмчилгээ шарлага хийлгэж байгаад Даланзадгад суманд ирээд замын цагдаагийн байцаагч Буяннэмэхэд мэдүүлэг өгөөд Улаанбаатар хот руу буцаад нурууны зураг, бөөр хэвлийн зураг авхуулсан. Мэдрэлийн эмч нарт үзүүлэхэд хагалгаанд орох өдрөө сонгоод хүрж ирээд нуруу, хамар, өвдгөндөө хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн тэгээд Улаанбаатар хотоос 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Даланзадгад суманд ирсэн” гэжээ. /хх-26-28/,

Гэрч А.И мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 04 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө байхаа ямар ч байсан Пүрэв гариг байсан санагдаж байна би 23 цагаас нөхрийнхөө 11-51 өмө улсын дугаартай жижиг тэргээр таксинд явж байгаад шөнө 02 цагийн үед хүний хөдөлгөөн тасраад ирэхээр нь таксины зогсоол дээр очоод хүн авах санаатай жоохон хүлээтэл хүн ирээгүй тэгээд би Нисэхэд байдаг гэр лүү явсан. Тэгээд Борын талбай өнгөрөөд Шүүхийн байрны машины зогсоолын урдуур явж байтал хуучин Монгол банкны талаас буюу миний зүүн гар талаас нэг хүн гэнэт гарж ирээд миний машинд мөргүүлэхээр нь би шууд тормоз гишгээд зогсоод Нисэхэд байдаг том охин Ш руу залгаад ээж нь хүн мөргөчихлөө гэж хэлсэн тухайн үед утсаараа голомт шүүх гээд яг юу гэж хэлснээ санахгүй утсаар орилоод байсан гэж Ш хэлсэн. Тэгээд нэг мэдсэн чинь би том охин Шын гэрийн гадаа очсон байж байсан. Тэгээд манай хүүхэд удалгүй гэртээ ирээд та чинь яасан бэ таныг бид нар хайгаад хэлээд байсан шүүхийн урд чинь очтол ямар ч хүн байхгүй та ч гэсэн байхгүй байна. Тэгээд бараг 03 цагийн үед байхаа манай хоёр охин, манай эгчийн хүүхэд ирсэн. Тэгээд би хоёр охинтойгоо хамт цагдаа дээр ирээд би хүн мөргөчихлөө гэсэн чинь тухайн үед би эгчийнхээ охин Оюунааг эмнэлэг рүү очоод машинд мөргүүлсэн хүн байна уу гээд үзээд ир гээд явуулсан. Цагдаагийн жижүүр нь манай байгууллагад хүн мөргүүлсэн гэсэн дуудлага ирээгүй гээд эмнэлэг рүү утасдаж асуухад бас бүртгэгдээгүй байна та өөр юм мөргөсөн юм биш биз дээ гэсэн тэхээр нь би үгүй яг хүн байсан гэсэн. Тэгээд бид нар тэр шөнөдөө эмнэлэг, буудал гэх мэт газруудаар хайж явсан огт машинд мөргүүлсэн хүн байгаагүй. Тэгээд бид нар 09 цаг өнгөрч байхад цагдаа дээр ирээд нөгөө мөргүүлсэн хүн ирсэн гэж асуухад манай дээр ямар тийм дуудлага ирээгүй гэхээр нь ямар нэгэн гомдол санал ирээгүй учраас байж бай ямар нэгэн юм ирвэл тань руу холбогдоно гэж хэлсэн. Тэгээд Ш шүүхийн машины зогсоолын урд талын машины зам дээрээс гурван хэсэг салсан ухаалаг утас хэвтэж байхаар н.ь аваад манай хүүхдүүд асаатал нэг хүний зургийг нь үзэж байтал манай бага охин Шүрэнбөгж би энэ хүнийг танина гээд нэг найзын найз байна би гэрийн хаягийг нь асуугаатхая гээд найз руугаа утасдаж асуугаад гэрийн хаягийг аваад Хот айл зоогийн газрын замын эсрэг талийн 48 айлын орон сууцны гадаа очоод манай охин Ш, Шүрэнбөгж нар ороод удалгүй манай нэг охин гарж ирээд энэ хүн чинь өвчин намдаах эм өгчих архины халуундаа унтчихсан байна гэхээр нь үгүй ямар ч байсан эмнэлэг орж үзүүлнэ эрүүл мэндэд нь анхаарна гэж хэлээд аваад гараад ир гэж хэлсэн. Тэгээд удалгүй орцноос өндөр жоохон хазгардуухан залуухан хүү гарж ирээд гайгүй байхаа эгч битгий сандраад бай надад жоохон өвчин намдаах эм өгчих гэхээр нь үгүй би эмнэлэг орж үзүүлнэ миний хүү суучих гээд тэгээд бид нар эмнэлэг орж үзүүлээд тэгээд цагдаа дээр ирээд нөгөө өчигдрийн хүнээ олоод эмнэлэгт үзүүлчихлээ гээд ирж тэмдэглүүлсэн.” Гэжээ. /хх-30-31/,

Гэрч Э.Хмөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 03 цагийн үед байхаа ерөнхий газар луу 02 цагт мэдээгээ өгчихөөд байж байтал И гэдэг хөгшин эгч хоёр залуухан эмэгтэй хүнтэй хамт ирээд И гэдэг эмэгтэй уйлаад байсан. Харин хамт явж байсан хоёр охин нь манай ээж машинтайгаа явж байгаад хүн дайрчихшиг боллоо гээд гэртээ ирлээ гэж хэлхээр нь хаана хүн мөргөсөн бэ? Гэж асуухад Шүүхийн хажуу талийн засмал зам дээр гэж хэлсэн тэхээр нь тэр хүн нь хаана байгаа юм бэ гэж асуухад хүн харин байхгүй байна гэхээр нь манайд одоогоор хүн машинд мөргүүлсэн дайруулсан гомдол мэдээлэл ирээгүй байна за би эмнэлгийн жижүүрээс асуугаатхая гээд эмнэлгийн жижүүрээс асуутал бас байхгүй байна гэсэн. Тэгээд би тэр И гэдэг эмэгтэйгийн мэдээллийг нь тэмдэглэж аваад жижүүрийн офицер цагдаагийн ахлах дэслэгч Ч.Энхбаатарт танилцуулаад Энхбаатар шүүхийн урд талийн засмал болон аймгаар нэлээн явж үзээд ямар нэгэн машинд мөргүүлсэн дайруулсан хүн байхгүй байсан.” гэжээ. /хх-32-33/,

Гэрч Н.Смөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Чимдээ гэдэг эрэгтэй найзтайгаа хамт 22 цаг өнгөрч байхад уулзаад Даланзадгад зочид буудал ороод Чимдээ бид хоёр нэг 2 ортой өрөө аваад уг буудлаасаа алхаад хуучнаар Титэм гэдэг Гандирс худалдааны төвийн доор байдаг бааранд орж Чимдээ бид хоёр хоёр хоёр пиво уугаад баар хаах дөхүүлээд гурван охинтой танилцаад хамт Даланзадгад буудал руу явсан. Тэгээд бид Чимдээ бид хоёр буудал руу орохдоо Чимдээгийн машинд байсан нэг шил 0.5 литрийн архи авч орсон. Тэгээд нөгөө хамт буудал руу орсон 3 охин дээд давхарт нэг өрөө авсан. Тэгээд Чимдээ бид хоёр авч орсон архиа дуусгасан тэгээд би нэлээн согтсон байсан Чимдээ унтаад өгсөн миний утасны цэнэг дуусах гээд байсан учраас би Чимдээгийн утсыг ухаж байгаад Дын дугаарыг олсон байхаа тухайн үед би их согтуу байсан тэгээд би Д луу залгаад найздаа  I phone-ын цэнэглэгчээ аваад ирээч гэсэн чинь аваад ирсэн байхаа би тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Ямар ч байсан нөгөө дээд давхарт байсан 3 охинтой муудалцаад эрүүлжүүлэхэд хоносон.” Гэжээ. /хх-35/,

Гэрч Э.Буяннэмэх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие 2019 оны 04 дүгээр сарын 05 өдөр ажил дээрээ байж байхад А.И гэх эмэгтэй орж ирээд урьд шөнө би хүн мөргөсөн тэгээд сандраад тухай үед яваад өгсөн тэгээд буцаад шөнө нь хүүхдүүдийн хамт очиж мөргөсөн газартаа мөргүүлсэн хүнээ очиж хайгаад олсонгүй гэх талаар ярьсан тэгээд гомдол мэдээллийг хүлээн авсан.” Гэжээ. /хх-37-38/,

Гэрч Ө.Бмөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 05 шөнө 01 цаг 57 минутанд Манай дүү Ш өөрийн 89980443 дугаарын утсаар над руу хоёр удаа залгасан манай нөхрийн гар утас руу дөрвөн удаа залгасан байсан тэгээд манай хажуу айлын хүн рүү залгаад намайг сэрээгээдэх гэж хэлсэн байсан тэгээд манай хажуу айлын хүн намайг дуудаж сэрээсэн тэгээд би хаалганы цаанаас яасан юу болсон гэж асуухад Шогоо залгаадах гээд байна гэсэн тэгээд би Шогоо руу залгасан чинь ээж яасан нь мэдэгдэхгүй орилж хашиграад байна та гараад ирээч цуг хайя эмнэлэг оръё гэж хэлсэн тэгээд би нөхрийн хамт өөрийнхөө машиныг жолоодоод нисэх 9-03 тоот хашаанд очсон тэгсэн Шогоо гүйгээд гараад ирсэн тэгээд бид хэд голомтын тэнд байгаа юм шиг байна гээд голомтын хажууд очиход ямарч хүн харагдаагүй.тэгээд шууд Эмнэлэг орсон тэгээд сувилагчаас 50 орчим насны эмэгтэй хүн ирсэн үү гэж асуухад хүн ирээгүй гэж хэлсэн тэгээд бид хэд буцаад Шогоо дүүгийндээ очсон тэгээд Шогоог гэрт үлдээгээд ах Хатан зориг руу залгаад та нисэх 9-3 тоотод яаралтай хүрээд ирээч гээд гуйсан тэгсэн манай ах удалгүй хүрээд ирсэн тэгээд бид нисэх 18-20 тоот хашаанд очиход хүн байхгүй байсан тэгээд тэр хавиар хайж байхад Шогоо залгаад ээж нээх сонин юм яриад байна машиных нь урд шил хагарсан байна ямар нэг осол гарсан бололтой хүрээд ир гэсэн тэгээд яваад очсон чинь эгч ирчихсэн орилж хашгираад уйлаад хүн дайрчихсан гээд байсан тэгээд бид нэлээн тайвшируулж ярилцсан тэгээд цагдаа руу ирж мэдэгдсэн тэгээд цагдаагаас одоохондоо мэдэгдсэн зүйлгүй байна маргааш өглөө утсаар ярьж холбогдъё гэсэн тэгээд бид хэд гадуур нөгөө хүнээ буудал эмнэлэг осол болсон гэх ойр орчмоор ирж хайсан тэгээд олдоогүй тэгээд бид нар манай гэрт ирээд хүлээсэн тэгээд өглөө 10 цаг хүртэл хүлээгээд сураг гарахгүй болохоор нь бид хэд цагдаад ирж мэдэгдээд тэр хүнийг олоод өгөөч яалт байхгүй хүн байсан гээд байна хэлчихээд гарсан тэгээд шууд эмнэлэг ороод сувилагчаас зам тээврийн осолд орсон хүн ирсэн талаар асуухад ирээгүй гэж мэдэгдсэн.тэгээд шүүхийн жижүүр дээр очоод камер шүүх боломж байна уу гэхэд яасан юу болсон талаар асуусан тэгэхээр манай эгч танай баруун замд хүн мөргөсөн юм шиг байна гэж хэлсэн тэгсэн шүүдэг хүн байхгүй цагдаагаас зөвшөөрөл авч шүүдэг талаар хэлсэн тэгээд Голомт банк руу орж камерын талаар асууж тодруулчихаад буцаад шүүхийн хажуугаар урагшаа алхаж байгаад гурван хэсэг салсан байсан гар утас олсон тэгээд нөгөө мөргүүлсэн хүний утас мөн байж магадгүй гэж бодоод асаах гэж үзээд гэр лүүгээ явсан тэгээд гэртээ ирээд тэр утсыг нь асаагаад гэр интернэтийнхээ кодыг хийгээд асаасан чинь чат мессэжүүд ирээд байсан тэгээд шууд нүүр хуудас руу орж ямар хүн байгаа талаар мэдэх гээд ороход манай дүү царайг нь харсан аа өө энэ хүнийг манай найз таньдаг би хальт хар харж байсан юм байна гээд шууд залгасан тэгээд гэрийн хаяг хуучин 48 байрны урдаас хоёр дох орц дөрвөн давхарт хойшоо харсан хаалга гэж хэлсэн тэгээд шууд очоод хайж байгаад гэрийг нь олсон чинь нэг хазгар залуу гарч ирээд хувцсаа өмсөөдөхий гээд хувцсаа өмссөн тэгээд шууд аваад гарсан тэгсэн тэр залуугаас нэлээн архи үнэртэж байсан тэгээд Эмнэлэг дээр очоод үзүүлж харуулаад хэвтүүлсэн.” Гэжээ. /хх-39/,

Гэрч Г.Ш мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 05 шөнө гэртээ унтаж байхад миний гар утас руу дуудлага ирээд байх шиг байсан тэгээд дахиад залгахаар утсаа авсан чинь манай ээж орилж хашгираад элээ минээ гээд л уйлаад чарлаад байхаар та яасан юу болсон бэ хаана байна гэсэн мэдэхгүй ээ голомт банкны энд юм шиг байна гээд утас тасарсан тэгээд би эргүүлээд залгасан чинь гар утсаа авахгүй байсан тэгээд би эгч Бадамханд руу залгасан боловч утсаа авахгүй байсан тэгээд нөхөр лүү нь залгахад бас утсаа авахгүй байсан тэгээд хажуу айлын хүн рүү залгаад Бадмаа эгчийг яаралтай сэрээгээд над руу залгуулаадах гэсэн тэгсэн удалгүй манай эгч залгаад яасан юу болсон бэ гэсэн тэгэхээр ээж уйлаад хашгирч байгаад утсаа авахгүй байна та хүрээд ирээч гээд хэлсэн тэгээд байж байтал эгч нөхөртэйгөө ирсэн тэгээд бид хэд голомтын тэнд байгаа юм шиг байна гээд голомтын хажууд очиход ямар ч хүн харагдаагүй нам гүм байсан тэгээд Эмнэлэг, түргэн орсон тэгээд сувилагчаас 50 орчим насны яарч сандарсан эмэгтэй хүн ирсэн үү гэж асуухад хүн ирээгүй гэж хэлсэн тэгээд бид хэд буцаад манай гэрт ирсэн тэгээд би гэртээ үлдээд манай ах эгч нар хайхаар гарсан тэгээд байж байтал манай ээж хүрээд ирсэн тэгээд би ах эгч рүүгээ утсаар залгаад ээж хүрээд ирлээ машин тэрэгний шил нь хагарсан ирсэн гал хөл нь салганаад нэлээн шоктой байх шиг байсан тэгээд ах эгч бид ярилцаад цагдаад мэдэгдье гээд явсан тэгээд цагдаагийн газарт ирээд цагдаагийн хүмүүстэй уулзсан чинь амьтан мөргөсөн үйлдлээ хүн мөргөсөн гэж андуураад байгаа юм биш биз дээ гээд цагдаагийн хүмүүс хэлсэн тэгээд бид хэд ямар ч утасны дугаар овог нэр хаягаа үлдээгээд явсан тэгсэн ээж хүн байх шиг болсон гээд байхаар бид хэд хайж эмнэлэг буудал тэр мөргөсөн гэх замын ойр орчмоор хайсан тэгээд олдоогүй тэгээд бид хэд эгчийндээ очоод хүлээсэн тэгээд хүлээх зуураа фэсебүүк рүү ороод Өмнөговийн нэгдсэн зарын грүпп болон шуурхай зар орж шүүхийн газрын өмнөөс 02 цагийн үед согтуу эрэгтэй хүн хүргэж өгсөн яаралтай холбоо барина уу гэж мэдээлэл оруулсан тэгээд 10 цаг хүртэл хүлээгээд сураг гарахгүй болохоор нь бид хэд цагдаад дахиж хүсэлт гаргаад манай ээж хүн мөргөсөн гээд байх юмаа тэр хүнийг олоод өгөөч гээд гуйсан тэгээд шууд эмнэлэг орж эмч сувилагчаас зам тээврийн осолд орсон хүн ирсэн талаар асуухад ирээгүй гэж мэдэгдсэн.тэгээд шүүхийн жижүүр дээр очоод камер шүүх боломж байна уу гэхэд яасан юу болсон талаар асуусан тэгэхээр баруун замд хүн мөргөсөн юм шиг байна гэж хэлсэн тэгсэн шүүдэг хүн байхгүй гэж хэлсэн тэгээд Голомт банк руу орж камерын талаар асууж тодруулахад манай ойр орчмоо хянадаг гэхээр нь буцаад шүүхийн хажуугаар урагшаа алхаж байгаад гурван хэсэг салсан байсан гар утас олсон тэгээд нөгөө мөргүүлсэн хүний утас мөн байж магадгүй гэж бодоод асааж үзэе гээд эгчийндээ очсон тэгээд утсыг нь асаагаад гэр интернэтын кодыг хийгээд асаасан чинь чат мессэжүүд ирээд байсан тэгээд шууд нүүр хуудас руу орж ямар хүн байгаа талаар мэдэх гээд ороход манай дүү царайг нь харсан аа өө энэ хүнийг манай найз таньдаг би хальт харж байсан юм байна гээд шууд залгасан тэгээд гэрийн хаягийн хуучин 48 байрны урдаас хоёр дох орц хамгийн дээд давхарт хойшоо харсан хаалга гэж хэлсэн тэгээд шууд заалгаад очсон тэгсэн манай дүү түрүүлж гүйгээд орсон тэгээд бид хоёр араас нь яваад ортол нэг хаалга онгойлгож өгөөд хувцсаа өмсөж байсан тэгээд чамайг манай ээж машинаараа мөргөсөн байна шөнөөс хойш хайлаа чиний бие зүгээ рүү гэсэн чинь миний бие гайгүй байна хазагнаад байсан нүүр хэсэгт шалбарсан байсан толгойны ар хэсэг хүндвэртэй байна. гэж хэлж байсан тэгэхээр нь шууд авч гараад Эмнэлэг дээр очоод үзүүлж харуулаад хэвтүүлсэн.” гэжээ. /хх-40/,

2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 215 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...М.Дын биед тархины доргилт, хуйхан доорх цус хуралт, 21-р шүдний доргилт, баруун өвдөгний урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, дотор хажуу холбоосын шаантан бэхлэгдэх дисталь хэсгийн бүрэн урагдал, өвдөгний зөөлөн эдийн няцрал, дух, баруун чихний дэлбээ, дагз, ууц, баруун тохой, зүүн бугалга, зүүн өвдөг дэх зулгаралт, зүүн бугалганы цус хуралттай гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Баруун өвдөгний холбоосын урагдал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2 4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэжээ. /хх-46-47/,

2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 31 дугаартай замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтэд: “...Тоёота рактис 11-51 өмө улсын дугаартай автомашины жолооч А овогтой И нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 б/ дэх хэсэгт заасан “Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх гэсэн заалтыг мөн 3.5. г/ дэх хэсэгт заасан “Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн жолооч А.Иыг байлцуулан хийж анх зам тээврийн осол болсон газрыг заалгасан байна. Уг газарт тээврийн хэрэгслийн тормозны мөр байхгүй, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр тормозны мөр илрээгүй нь харагдаж байх тул А.И нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.” гэжээ. /хх-53/,

Шинжээч Т.Түмэнжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би зам тээврийн ослын дүгнэлтийг гаргахдаа мөрдөгчийн тогтоол, хавтаст хэргийн материалтай танилцаж гаргасан. 2019 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Даланзадгад сумын 3 дугаар баг Шүүхийн баруун талийн зам дээр явган зорчигч авто машинд мөргүүлсэн нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байсан. Харин уг зам тээврийн осол авто замын яг аль хэсэгт явган хүний гарцтай эсвэл гарцгүй газрын хаана нь болсон гэдэг нь тодорхойгүй байсан. Жолооч А.Иоор заалгаж зам тээврийн ослын газарт хийсэн нөхөн үзлэгийн тэмдэглэл, фото зурагт авто машины тормозны мөр байхгүй байсан тул жолооч А.И нь уг зам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгслээ зогсоох ямар нэгэн оролдлого хийгээгүй гэж үзэж замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж 31 дугаартай дүгнэлтийг гаргасан. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь хэсэгт заасан зам тээврийн осолд холбогдсон жолооч зайлшгүй биелүүлэх үүргийн заалтуудаас биелүүлээгүй байсан тул дүгнэлтэд тусгасан... Явган зорчигч М.Д нь хэрэв тухайн замын гарцгүй газар мөргүүлсэн бол Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12а-д заасан явган зорчигч нь үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсвэл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно гэсэн заалтыг зөрчинө. Энэ зам тээврийн осол гарах шалтгаан болж болно... А.И нь өөрийн өгсөн мэдүүлэгтээ осол гарах үед огт тормоз гишгээгүй гэж мэдүүлсэн, хэдийгээр цагдаагийн байгууллагад тодорхой цаг хугацааны дараа ирж ослын талаар мэдээлсэн ч ослын газрыг орхин явсан, явган зорчигчид эмнэлгийн тусламж үзүүлээгүй зэрэг осолд холбогдсон жолоочийн үүргээ биелүүлээгүй заалтууд нь өөрчлөгдөхгүй.” гэжээ. /хх-57-59/,

2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх сэтгэцийн дүгнэлтэд: “...Шинжлүүлэгч А.И нь сэтгэцийн хувьд эрүүл. Шинжлүүлэгч А.И нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” гэжээ. /хх-62-64/,

2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...2, 3, 4, 5 ирүүлсэн эмнэлгийн бичиг баримттай танилцахад М.Дын биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /хх-173/

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 46 дугаартай Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтэд: “...Явган зорчигч М.Д нь автозамын явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлсэн гэх мэдүүлэг, 11-51 өмө улсын дугаартай автомашины жолооч А.И нь шүүхийн баруун талын автозамын явган хүний гарцгүй хэсэгт зам тээврийн осол болсон тухай мэдүүлэг өгсөн зэргээс харахад зам тээврийн осол анх автозамын яг хаана болсон, явган хүний гарцгүй хэсгийн алинд нь болсон нь тодорхойгүй байх тул М.Д замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэхэд хариулах боломжгүй байна.” гэжээ. /хх-180/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1-2/,

Зам тээврийн ослын газарт 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-21/,

Жолоочийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-54/,

Жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-55/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-77/,

Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-79/,

Хохирогчийн өвчний түүх, түргэн тусламжийн хуудас /хх-90-102/,

Хохирогчийн эмчилгээний баримт /хх-106-126/,

Шүүгдэгчийн төлбөр төлсөн баримт /хх-130-138/,

Шүүгдэгчийн Хүрмэн сумын Хүрмэн багийн засаг даргын тодорхойлолт /хх-139-140/,

Шүүгдэгчийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-141/,

Жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-142/,

Дээд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-143/

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-144/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Иын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн бүр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байхаар тус тус хуульчилсан тул шүүгдэгч А.Иын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.И нь 2019 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Өмнөговь аймаг Даланзадгад сум 3 дугаар баг, Шүүхийн байрны баруун талын засмал зам дээр Тоёота рактси маркийн 11-51 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа М.Дыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулан хэргийн газрыг орхиж зугтаасан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.И нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах байдлаар нотлогдоно.

Замын хөдөлгөөний дүрэмд “Жолооч”  гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг жолоочид хамааруулна гэж тодорхойлсон, мөн шүүгдэгч А.И нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын эрхийн жолоочийн үнэмлэхтэй болох нь жолоочийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-54/, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-55/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Иыг Тоёота рактси маркийн 11-51 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан В ангиллын үнэмлэхтэй жолооч гэж үзэх үндэслэлтэй юм.

 Автотээврийн хэрэгслийн жолооч шүүгдэгч А.И нь 2019 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 3 дугаар баг, Шүүхийн байрны баруун талын засмал зам дээр Тоёота рактси маркийн 11-51 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5 б, г, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болох нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 31 дугаартай замын цагдаагийн шинжээчийн “...Тоёота рактис 11-51 өмө улсын дугаартай автомашины жолооч А овогтой И нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 б/ дэх хэсэгт заасан “Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх гэсэн заалтыг мөн 3.5. г/ дэх хэсэгт заасан “Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтийг жолооч А.Иыг байлцуулан хийж анх зам тээврийн осол болсон газрыг заалгасан байна. Уг газарт тээврийн хэрэгслийн тормозны мөр байхгүй, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр тормозны мөр илрээгүй нь харагдаж байх тул А.И нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.”  гэсэн дүгнэлтээр  /хх-53/ тогтоогдож байна.

Зам тээврийн осол гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал гэж Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд тусгасан.

Шүүгдэгч А.И нь замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн М.Дыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Дын “...Голомт банкны явган хүний гарцаар Голомт банкны урд талаас хуучин Монгол банк, Цогжавхлан дэлгүүрийн зүг рүү зам хөндлөн гарж байхад намайг нэг машин мөргөсөн тэгээд би ухаан алдсан. Нэг сэрсэн чинь би гэртээ толгойн ар дагз болон хоёр өвдөг, зүүн гарын тохой, нуруунаас цус гарсан байдалтай орондоо хэвтэж байсан. Тэгээд би босох гэсэн чинь босож чадахгүй утсаараа хүн рүү залгах гэсэн чинь миний утас байхгүй байж байтал хаалга тогших чимээ гараад би арай гэж босоод хаалга тайлтал хоёр эмэгтэй, Д мөн үү гэсэн тэхээр нь би мөн байна гэсэн чинь бие чинь зүгээр үү яаж байна гэхээр нь чи намайг мөргөсөн юм уу гэтэл үгүй манай ээж мөргөсөн гэж хэлсэн байхаа би сайн санахгүй байна. Тэгээд би өвчин намдаах эм байна уу гэж асуусан чинь шууд эмнэлэг явцгаая гэсэн тэгээд би тэд нартай хамт эмнэлэг явахаар гарсан...” гэх мэдүүлэг /хх-26-28/, гэрч Ө.Бадамхандын “...хуучин 48 дугаар байрнаас нэг хазгар залуу гарч ирээд хувцсаа өмсөөдөхий гээд хувцсаа өмссөн тэгээд шууд аваад гарсан тэгсэн тэр залуугаас нэлээн архи үнэртэж байсан тэгээд Эмнэлэг дээр очоод үзүүлж харуулаад хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-39/, гэрч Г.Шын “...48 байрны урдаас хоёр дахь орц хамгийн дээд давхарт хойшоо харсан хаалга гэж хэлсэн тэгээд шууд заалгаад очсон тэгсэн манай дүү түрүүлж гүйгээд орсон тэгээд бид хоёр араас нь яваад ортол нэг хаалга онгойлгож өгөөд хувцсаа өмсөж байсан тэгээд чамайг манай ээж машинаараа мөргөсөн байна шөнөөс хойш хайлаа чиний бие зүгээ рүү гэсэн чинь миний бие гайгүй байна хазагнаад байсан нүүр хэсэгт шалбарсан байсан толгойны ар хэсэг хүндвэртэй байна гэж хэлж байсан тэгэхээр нь шууд авч гараад Эмнэлэг дээр очоод үзүүлж харуулаад хэвтүүлсэн.”гэх мэдүүлэг /хх-40/, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 215 дугаартай шинжээчийн “...М.Дын биед тархины доргилт, хуйхан доорх цус хуралт, 21-р шүдний доргилт, баруун өвдөгний урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, дотор хажуу холбоосын шаантан бэхлэгдэх дисталь хэсгийн бүрэн урагдал, өвдөгний зөөлөн эдийн няцрал, дух, баруун чихний дэлбээ, дагз, ууц, баруун тохой, зүүн бугалга, зүүн өвдөг дэх зулгаралт, зүүн бугалганы цус хуралттай гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Баруун өвдөгний холбоосын урагдал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтэл нь 2 4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-46-47/, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Дын шүүх хуралдаанд зам тээврийн ослын улмаас эрүүл мэндээрээ хохирсон талаарх мэдүүлэг, шинжээч С.Шүрцэцэгийн шүүх хуралдаанд  “...Энэ хэрэгт гаргасан шинжээчийн 215 тоот дүгнэлт  хүчинтэй 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн эмнэлгийн бичиг баримттай танилцаж гаргасан дүгнэлт бол үгүйсгэсэн дүгнэлт биш...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.И нь дээрх гэмт хэргийг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь шүүгдэгч А.Иын шүүх хуралдаанд өгсөн “ ...миний зүүн талаас нэг том хүн гарч ирсэн. Тэгээд торомз гишгэж амжилгүй ороод ирсэн. Тэгээд би том охин руугаа залгахад утсаа аваагүй хэд залгахад утсаа авсан. Тэгээд би охиндоо хүн мөргөчихлөө гэдгээ хэлсэн. Би нэг мэдэхэд охиныхоо гэрт очсон байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Шын “...би ах, эгч рүүгээ утсаар залгаад ээж хүрээд ирлээ, машин тэрэгний шил нь хагарсан, гар хөл нь салгалсан шоктой байх шиг байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-40-41/, гэрч Ө.Бадамхандын “...Шогоо залгаад ээж нээх сонин юм яриад байна. Машиных нь урд шил хагарсан ямар нэгэн осол гаргасани бололтой хүрээд ир гэсэн тэгээд яваад очиход эгч ирсэн орилж хашгираад хүн дайрчихсан гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-39/, гэрч Э.Буяннэмэхийн  “...Миний бие 2019 оны 04 дүгээр сарын 05 өдөр ажил дээрээ байж байхад А.И гэх эмэгтэй орж ирээд урьд шөнө би хүн мөргөсөн тэгээд сандраад тухай үед яваад өгсөн тэгээд буцаад шөнө нь хүүхдүүдийн хамт очиж мөргөсөн газартаа мөргүүлсэн хүнээ очиж хайгаад олсонгүй гэх талаар ярьсан тэгээд гомдол мэдээллийг хүлээн авсан.” Гэсэн мэдүүлэг /хх-37-38/, зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.И нь зам тээврийн осол гаргасныхаа дараагаар үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилж цагдаагийн байгууллагад мэдэгдэж, хохирогчийг эрэн олж эмнэлгийн байгууллагад хүргэсэн гэх үйлдлээр ослын газрыг зориуд орхиж зугтаагаагүй байна гэж үзэх үндэслэлгүй юм.

Үг зүйн талаасаа зориуд гэдэг ойлголт нь зорилготой, санаатайгаар үйлдэл хийхийг, хэргийн газраас зугтаасан гэдэг ойлголт нь тээврийн хэрэгслийн жолооч зам тээврийн осол гаргасан үйлдлээ нуух, хариуцлагаас зайлсхийх зорилгоор ослын газрыг тээврийн хэрэгслээр, эсхүл явганаар санаатай орхиж явсан үйлдлийг тус тус ойлгохоор тайлбарласан.

Шүүгдэгч А.И нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдлээ санаатайгаар үйлдээгүй хэдий ч хүн мөргөснөө мэдсэн атлаа хэргийн газрыг санаатайгаар орхиж охиныхоо гэр рүү тээврийн хэрэгслээрээ явсан үйлдлийг  зориуд  орхиж зугтаасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч А.И нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дугаар зүйлд заасан жолоочийн үүрэг болгосон заалтыг биелүүлээгүй гэж үзнэ.

Шинжээч Т.Түмэнжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би зам тээврийн ослын дүгнэлтийг гаргахдаа мөрдөгчийн тогтоол, хавтаст хэргийн материалтай танилцаж гаргасан. 2019 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Даланзадгад сумын 3 дугаар баг Шүүхийн баруун талын зам дээр явган зорчигч авто машинд мөргүүлсэн нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байсан. Харин уг зам тээврийн осол авто замын яг аль хэсэгт явган хүний гарцтай эсвэл гарцгүй газрын хаана нь болсон гэдэг нь тодорхойгүй байсан. Жолооч А.Иоор заалгаж зам тээврийн ослын газарт хийсэн нөхөн үзлэгийн тэмдэглэл, фото зурагт авто машины тормозны мөр байхгүй байсан тул жолооч А.И нь уг зам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгслээ зогсоох ямар нэгэн оролдлого хийгээгүй гэж үзэж замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж 31 дугаартай дүгнэлтийг гаргасан. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 дахь хэсэгт заасан зам тээврийн осолд холбогдсон жолооч зайлшгүй биелүүлэх үүргийн заалтуудаас биелүүлээгүй байсан тул дүгнэлтэд тусгасан...Явган зорчигч М.Д нь хэрэв тухайн замын гарцгүй газар мөргүүлсэн бол Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12а-д заасан явган зорчигч нь үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсвэл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно гэсэн заалтыг зөрчинө. Энэ зам тээврийн осол гарах шалтгаан болж болно... А.И нь өөрийн өгсөн мэдүүлэгтээ осол гарах үед огт тормоз гишгээгүй гэж мэдүүлсэн, хэдийгээр цагдаагийн байгууллагад тодорхой цаг хугацааны дараа ирж ослын талаар мэдээлсэн ч ослын газрыг орхин явсан, явган зорчигчид эмнэлгийн тусламж үзүүлээгүй зэрэг осолд холбогдсон жолоочийн үүргээ биелүүлээгүй заалтууд нь өөрчлөгдөхгүй...зам тээврийн осол явган хүний гарцан дээр болсон тохиолдолд жолооч А.Ичинхорлын зөрчсөн гэх Замын хөдөлгөөний дүрмийн заалтууд өөрчлөгдөхгүй...” гэсэн /хх-57-59/ мэдүүлэг, Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-21/, Өмнөговь аймаг дахь Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 31 дугаартай дүгнэлт /хх-53/ зэргээр гэмт хэрэг болсон газрыг Өмнөговь аймаг Даланзадгад сум 3 дугаар баг Шүүхийн байрны баруун талын засмал зам дээр үйлдэгсэн байна гэж дүгнэсэн.

Хохирогч М.Дыг Замын хөдөлгөөний дүрмийн 5.12а-д заасан явган зорчигч нь үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно гэх заалтыг зөрчсөн нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан гэж үзэхээр байна.

2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх сэтгэцийн “...Шинжлүүлэгч А.И нь сэтгэцийн хувьд эрүүл. Шинжлүүлэгч А.И нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэх дүгнэлтээр /хх-62-64/ шүүгдэгч А.Иыг сэтгэцийн хувьд эрүүл  гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч  “...шүүгдэгч А.Ид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар миний үйлчлүүлэгч гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байгаа, гэмт хэрэг гарсан газрыг эргэлзээгүй байдлаар тогтоож чадаагүй  тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

Тухайлбал: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч А.И нь зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч М.Дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь дээрх байдлаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн.

Хохирогчийн өмгөөлөгч “... Уг зам тээврийн осол нь явган хүний гарцтай газар үйлдэгдсэн... гэмтлийн улмаас учирсан хохирол төлбөрөө нэхэмжилнэ гэх агуулга бүхий дүгнэлтийг гаргасан ба шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлан гэмт хэрэг гарсан газрыг Өмнөговь аймаг Даланзадгад сум 3 дугаар баг Шүүхийн байрны баруун талын засмал зам дээр үйлдэгдсэн байна гэж үзсэн болно.

Шүүгдэгч А.И анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-77/-аар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцох үндэслэл тогтоогдож байна.  

Харин шүүгдэгч А.Иын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч А.Иыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч А.Иын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарын хувьд болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч М.Дын эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учруулсан зэрэг байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх дээрх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч А.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч А.Ид гэмт хэрэг тус бүрд ял оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид торгох ял оногдуулсан тохиолдолд ямар хугацаанд, ямар хэмжээгээр барагдуулахыг тогтоохоор заасан, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд торгох ялын биелүүлэх хугацаа 90 хоногоор тогтоосон байдаг  тул шүүгдэгч А.Ид оногдуулсан 900.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзсэн.

Харин шүүгдэгч А.И нь  оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор заасан.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Д эрүүл мэнддээ хөнгөн, хүндэвтэр хохирол авч үүнтэй холбоотой хохирлоо гэмт буруутай этгээдээс нэхэмжилснийг шүүх хавтаст хэргийн 106-138 дугаар талд авагдсан нотлох баримтын хүрээнд дараах байдлаар шийдвэрлэлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Д авах ёстой байсан цалин 3.400.000 төгрөг, эд зүйл болон эмчилгээтэй холбоотой хохиролд 3.319.930 төгрөг нийт 6.719.930 төгрөг нэхэмжилсэн.

Мөн Эм Би Жи Мед эмнэлэгт хагалгаа хийлгэхэд 11.800.000 төгрөг зарцуулагдах нэхэмжлэл хэрэгт авагдсаныг  хохирогч талын хүсэлтээр шүүх хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Д нь Цогтцэций шанх транс ХХК-нд хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнаар ажилд орохоор шалгаруулалтад тэнцсэн гэснээр хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй тул 3.400.000 төгрөгийн цалин хөлсийг, мөн өмдний үнэ 35.000 төгрөг /хх-107/, якны үнэ 130.000 төгрөг /хх-119/, шатахууны 61.800 төгрөг /хх-111/ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Дын нэхэмжлэлээс нийт 3.626.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч А.Иоос 3.093.130 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Дт олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.И хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Дт эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрт 2.470.620 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч А.И цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шар дарга овгийн Аы Иыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч А.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг  900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр  торгох ялаар тогтоосугай.

4. Шүүгдэгч А.И оногдуулсан 900.000 / есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ид оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч А.И хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Дт эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрт 2.470.620 /хоёр сая дөрвөн зуун далан мянга зургаан зуун хорь/  төгрөг төлсөн болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэг, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Иоос 3.093.130 / гурван сая ерин гурван мянга нэг зуун гуч/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч  Өмнөговь аймаг Даланзадгад сум 3 дугаар баг 16 дугаар байр 2-22 тоотод оршин суух Боржигон овогт Мөнх-Амгалангийн Дт /регистрийн дугаар УК92092937/-т олгосугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Дын нэхэмжлэлээс 3.626.800 /гурван сая зургаан зуун хорин зургаан мянга найман зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Д нь мэс засал хийлгэх болон эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гарах эрхтэй болохыг дурдсугай.

9. Шүүгдэгч А.И цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч А.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ОЮУН-ЭРДЭНЭ