Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 09

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Ц.Ариунжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

Нарийн бичгийн дарга Б.Энхбаатар нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан  шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлоор А.И холбогдох  1928001100127 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 49 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ял шийтгэлгүй

Шүүгдэгч А.И нь 2019 оны 04 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 3 дугаар баг, Шүүхийн байрны баруун талын засмал зам дээр Тоёота рактси маркийн 11-51 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Д.М мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн зам тээврийн осол гаргасан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.  

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь А.И үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.И авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А.И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг  900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, шүүгдэгч А.И оногдуулсан 900000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.И оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгч А.И хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.М эмчилгээтэй холбоотой хохирол төлбөрт 2470620 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэг, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.И 3093130 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч  Өмнөговь аймаг Даланзадгад сум 3 дугаар баг 16 дугаар байр 2-22 тоотод оршин суух Д.М олгож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.М нэхэмжлэлээс 3626800 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.М нь мэс засал хийлгэх болон эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гарах эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч А.И цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.И авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь хуульд заасны дагуу бүрэн дүүрэн үндэслэлтэй болоогүй гэж үзнэ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитойгоор бүрэн дүүрэн "тогтоож өгөөгүй, явган зорчигч Д.М гэм буруутай үйлдэл буюу Замын хөдөлгөөний дүрмийн 5.12а-д заасан зүйлийг зөрчсөн буруутай, гэмт хэрэг гарах болсон шалтгаан гэж үзэхээр байна гэж дүгнэсэн атлаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч өөрөө тодорхой хэмжээний мөнгийг хариуцах хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж хэт нэг талыг буюу А.И төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хохирогчоос хавтаст хэрэгт нэлээдгүй хэдэн нотлох баримтуудыг гарган өгсөн боловч эмчилгээний баримтуудыг өмгөөлөгчийн зүгээс няцаан мэтгэлцэж, бодитой, үндэслэлтэй тогтоолгохыг хүссэн боловч шүүхээс өмгөөлөгч миний хохирлын талаарх няцаасан дүгнэлтэд ямар нэгэн байдлаар дүгнэлт хийж өгөөгүй, яагаад хэрэгт авагдсан эмчилгээний гэх баримтуудыг 100 хувь ханган шийдвэрлэсэн талаараа тодорхой хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Иймээс өмгөөлөгч миний бие шийтгэх тогтоолын 7 дахь хэсэгт А.И 3093130 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн заалтыг хэрэгсэхгүй болгуулан тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйл 3 дах хэсгийн 3.5-т зааснаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хохирлыг хэсэгчлэн хангахаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дахь хэсэгт зааснаар тодорхой бөгөөд ойлгомжтой түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээргүй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэл байхгүй байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүх нь үндэслэлгүйгээр шүүгдэгч А.И гаргуулахаар шийдвэрлэсэн. Хавтаст хэргийн хүрээнд үнэлээд байгаа шүүх хангаж шийдвэрлээгүй мөнгөн дүнтэй холбоотой баримтууд байдаг. Энэ мөнгөн дүнтэй холбоотой баримтууд бодитой байгаа эсэх тал дээр дүгнэлт хиймээр байна. Өөр өвчин зовуурийг эмчлүүлсэн баримт хавтаст хэргийн хүрээнд авагдсан байна. Иймд шүүгч та бүхэн миний ярьсан зүйлийг давж заалдах гомдолтой уялдуулан анхаарч үзнэ үү. Өмгөөлөгч миний бие А.И гэм буруугийн байдал дээр мэтгэлцэхгүй, хэргийн зүйлчлэл дээр бас маргалдаж мэтгэлцэхгүй. Хохирогчийн буруутай үйлдлийг шийтгэх тогтоолдоо замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэсэн. Хохирлыг тухайн явган зорчигчоос тодорхой хэмжээгээрээ хариуцуулах ёстой гэж үзэж байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 144 тоот  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад 3 993 130 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заасан.

Хэргийн бүх ажиллагааг хянахад хавтаст хэргийн 55 дугаар хуудсанд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгч “Их мөнх наран” ХХК, хаяг Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Далан баг, “Говийн оргил” ХХК-ийн байр гэж бичигдсэнээс үзэхэд 11-51 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “Их мөнх наран” ХХК гэж үзэхээр байна. Гэтэл Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч Э.Буяннэмэхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Л.Гантөгсийг гэрчээр асуусан тэмдэглэлд /хх-43/ “...таны нэр дээр тоёота рактис маркийн 11-51 өмө улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг юм байна” гэж асуухад Л.Гантөгс “тиймээ” гэж хариулсан хариулт тэмдэглэгдсэн байна. Харин уг тээврийн хэрэгсэл иргэн Д.Гантөгсийн өмчлөл, эзэмшлийнх  болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь гэм хор хариуцан арилгах үүргээс чөлөөлөгдөхгүй тул мөрдөн шалгах ажиллагааны явцад тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас бусдад учирсан хохирлыг хариуцан арилгах этгээдийг бүрэн тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулах зохицуулалттай нийцэх байжээ. Иймээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 –д заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас бусдын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг тогтоогоогүй, тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас эд хөрөнгөнд учирсан хохирлоо нэхэмжлэх иргэний нэхэмжлэгч, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй иргэний хариуцагчийг  тогтоох ажиллагааг гүйцэд хийгээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болно.

Харин тээврийн  хэрэгслийг эзэмшигч “Их мөнх наран” ХХК, Л.Гантөгс нарын хэн нь болох нь хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүр арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байх тул хэргийг шүүхэд бусад прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. А.И холбогдох  1928001100127 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцаасугай.

3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч А.И хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                            ШҮҮГЧИД                                     Х.ГЭРЭЛМАА

                                                                                  Т.БЯМБАЖАВ