Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00254

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/02794 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2247 дугаар магадлалтай

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Г.А-, “Н” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 226 843 720 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага хариуцагч Г.А-, У.Б- нартай 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 250 000 000 төгрөгийг 120 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар зээлдүүлсэн. Тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч “Н” ХХК-ийн өмчлөлийн Ү-2202009937 тоот улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж, 17/21 тоот дугаартай барилгын 2 дугаар давхарт байрлах 541.95 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Хариуцагч Г.А- гэрээний хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сар хүртэл үндсэн зээлд 77 728 272 төгрөг, зээлийн хүүд 124 237 269 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 434 459 төгрөг төлсөн боловч уг өдрөөс хойш дахин зээл төлөхгүй өнөөдрийг хүрч байна.

Нэхэмжлэгч “А” ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар хамтран хариуцагч У.Б-д холбогдох шаардлагаас татгалзаж, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Г.А-аас нэхэмжилж байгаа юм. Учир нь, Г.А- үндсэн зээлд 77 728 272 төгрөг төлсөн гэх боловч нөгөө зээлдэгч У.Б-гийн зүгээс талуудын авсан 250 000 000 төгрөгийн зээлээс 80 000 000 төгрөгийн зээлийг хариуцаж, тусдаа гэрээ байгуулсан тул ийнхүү үндсэн зээлийн дүн хасагдаж, 172 271 728 төгрөг болсон.

Бид 80 000 000 төгрөгийг зээлдэгч У.Б-д шилжүүлэхээс өмнө зээлдэгчид үндсэн зээлд 1 367 547 төгрөг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 248 632 453 төгрөг болсон ба 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ийнхүү 80 000 000 төгрөгийг хасах үед тухайн сарын 11 хоногийн хүү 2 279 131 төгрөг, өмнөх саруудын хуримтлагдсан хүү 4 124 104 төгрөгийг тус тус төлүүлж, үлдэх 73 596 765 төгрөгийг үндсэн зээлээс хассан. Ингээд үндсэн зээлийн үлдэгдэл 175 035 688 төгрөг болсноос хойш хариуцагч тал 2 763 960 төгрөгийг үндсэн зээлд төлж, 172 271 728 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүүг төлөөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 172 271 728 төгрөг, хүү 45 446 514 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 089 302 төгрөг, нотариатын зардал 35 000 төгрөг, нийт 226 843 720 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч Г.А- шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч “Н” ХХК-ийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагч Г.А- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн У.Б-тэй хамтран нэхэмжлэгч талтай зээлийн гэрээ байгуулж, 250 000 000 төгрөгийг 120 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд нийт 203 400 000 төгрөгийг төлсөн. Гэрээнд зааснаар тус зээлийг вакум цонхны үйлдвэрийн үйл ажиллагаанд зориулан авч, зохих ёсоор ашигласан боловч 2016 оноос эхлэн захиалгын тоо буурсан учраас зээлийг төлж чадахгүй байдалд хүрсэн. Би зээлийн үлдэгдэл 172 271 728 төгрөг болон хүүгийн тооцоолол түүнчлэн тухайн зээлийг хамт авсан У.Б- 80 000 000 төгрөгийг тусдаа хариуцах тухайд маргахгүй, зээлийн хүү 2 279 131 төгрөг, өмнөх саруудын хуримтлагдсан хүү 4 124 104 төгрөг, үндсэн зээлд төлсөн 73 596 765 төгрөгийн нийлбэр 80 000 000 төгрөг болсон байна. Гэвч өмнөх хугацаанд зээлийн хүүг зохих ёсоор төлж байсныг харгалзан одоо нэхэмжилж буй 45 446 242 төгрөгийн зээлийн хүү болон 9 089 248 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлэх хүсэлттэй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/02794 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-д тус тус зааснаар хариуцагч Г.А-аас үндсэн зээл 172 271 728 төгрөг, зээлийн хүүд 45 446 514 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9 089 302 төгрөг, нийт 226 807 544 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Г.А- шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч “Н” ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Жуулчны гудамж 17/21 дугаартай барилгын 2 дугаар давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 541.95 м.кв талбайтай Ү-2202009937 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 450 243 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 291 988 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2247 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/02794 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “226 807 544 төгрөг” гэснийг “217 718 296 төгрөг” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад “1 291 988 төгрөг” гэснийг “1 246 541 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.А- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Би зээлийн үлдэгдэл 172 271 728 төгрөг болон хуүгийн тооцоолол түүнчлэн тухайн зээлийн хамт авсан У.Б-гийн 80 000 000 төгрөгийг тусдаа хариуцах тухайд маргахгүй, зээлийн хүү 2 279 131 төгрөг өмнөх саруудын хуримтлагдсан хүү 4 124 104 төгрөг, үндсэн зээлд 73 596 765 төгрөгийн нийлбэр 80 000 000 болсон.

Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч талтай зээлийг буцаан төлөх, зээлийн гэрээг цуцлах шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг талаар уулзаж байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш дахин уулзаагүй. Гэвч өмнөх хугацаанд зээлийн хүүг зохих ёсоор төлж байсан бөгөөд “А” ХХК-иас 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл бодсон хүү нь 11 197 664 төгрөг байх бөгөөд үүнээс 2 111 324 төгрөгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь би нийт 203 400 000 төгрөгийг төлсөн. Мөн зээлийн эргэн төлөлтийн талаар удаа дараа уулзаж байсан, энэ тухай баримт хэргийн материалд байсаар байхад шүүхээс үүнийг харгалзан үзсэнгүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг удирдлага болгон мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйл 282.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс зээлийн хүүгийн хэмжээг бууруулах байтал бууруулж тооцоогүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн зарим хэсэг буюу нэмэгдүүлсэн шаардлагын зээлийн хүүгээс 2 111 324 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “А” ХХК нь Г.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд нийт  226 843 720 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлж өгнө үү гэж маргажээ.

Талуудын хооронд 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ” байгуулагдсан, Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч 250 000 000 төгрөгийг 120 сарын хугацаатай, сарын 2.5%-ийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч нь зээл, зээлийн хүүг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлөх, зээлийг хугацаандаа төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон, барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар  Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Жуулчны гудамж 17/21 дугаартай барилгын 2 дугаар давхарт байрлах “Н” ХХК-ийн өмчлөлийн үйлчилгээний байрыг барьцаалжээ.

Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд гэрээний талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг өөрт учирсан хохирлын хамт шаардсан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 227 дугаар зүйлийн 227.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагаас 226 807 544 төгрөгийг хангаж, хохиролд нэхэмжилсэн 35 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үүрэг гүйцэтгэгч нь үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч Г.А-аас “...гэрээний үүргийн гүйцэтгэлээс нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 9 089 248 төгрөгийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй...” гэж дээрх үнийн дүнг хасч тооцуулахаар давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнээс хариуцагчийн эс зөвшөөрсөн 9 089 248 төгрөгийг хасч тооцсон нь шүүх хөндлөнгийн байх зарчид нийцсэн, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 6 дугаар зүйлийн 6.1., 6.6., 116 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2247 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Г.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Г.А-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД