| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0792/Э |
| Дугаар | 824 |
| Огноо | 2019-07-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 824
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Х.Онолт /томилолтоор/,
хохирогч Ж.Б-,
шинжээч эмч М.Золжаргал,
шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ /ШТЭД-2981/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн 1908 02380 0756 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийн тээл суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт, Өвөрхангай аймаг, Арвай хээр сумын
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч М.Б- нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Драгон төвийн авто машины зогсоол дээр “чи цагдаа дууддаг биздээ” гэх шалтгаанаар Ж.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Ж.Б-гийн мэдүүлэг /хх33-34/, гэрч Б.Х-мэдүүлэг /хх39/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт /хх42/, М.Б-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх51/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх23/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх57/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч М.Б-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Ж.Б-гийн “...2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр танил Батсайхантай таарахад мэндийн зөрүүгүй энэ новшийн хүн шүү “цагдаа дууддаг” гэсэн... Батсайхан миний баруун шанаа руу нэг удаа цохиход миний зүүж явсан нүдний шил унаж, хагарсан. Миний толгой манараад хөл алдаад унах гэж байхад дахиад миний баруун мөр үү хальт цохисон...” гэх мэдүүлэг /хх33-34/,
2. Гэрч Б.Х-“...би тэр өдөр Булган аймгаас ирээд Драгон дээр Батсайхантай таараад юм яриад зогсож байтал Ж.Б- ирээд мэнд мэдсэн. Тэгээд Баасансүрэн, Батсайхан хоёр надаас салаад машин руугаа явсан. Тэгээд би машин дээрээ байж байтал Батсайхан ирээд Баасансүрэн дургүй хүргээд гэж хэлж байсан. Удаагүй Батсайханы машины ард байсан машин гарах гээд сигналдахад Батсайхан надад түлхүүрээ өгөөд холдуулчих гэсэн. Би машиныг холдуулах гээд очиход Баасансүрэн надаас Батсайханы машины түлхүүрийг булаан авч Батсайхан намайг толгой руу цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх39-40/
3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №4907 дугаартай шинжээчийн “...Ж.Б-гийн биед тархи доргилт, баруун шанаа зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна, гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх42/, Шинжээч эмч М.Золжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...тархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг...” гэх мэдүүлэг,
4. М.Б-ы яллагдагчаар өгсөн “... Хувийн жижиг тэргээрээ Хот Өвөрхангай аймгийн хооронд хүн тээвэрлэдэг юм. 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр аймгаас ирчээд зогсож байхад, Б.Х- таарсан. Би хандаж чи бол новшийн залуу, одоо новшроод цагдаа дуудаач гэхэд Баасансүрэн цагдаа руу дуудлага өгсөн. Би өөрийнхөө машинд суугаад хөдлөх гэтэл машины хамар таглаж зогсоод байхаар нь буугаад очиход машины түлхүүр бариад гэдэс рүү чинь бүлнэ гээд над руу ойртохоор нь би ухраад холдсон. Миний машины ард байсан машинууд гарах гээд сигналдаад байхаар нь машиныхаа түлхүүрийг Хатнаад холдуулаадах гээд өгөхөд түлхүүрийг булаан авч жолоочийн сандал дээр суугаад цагдаа руу утасдаад байсан. Би хаалгыг нь нээж буулгах гээд чаргууцалдаж байхад нүдний шил нь газар унаад нэг шил нь араамнаасаа унасан...” гэх мэдүүлэг /хх51-52/
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч М.Б-:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгт, тайлбар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч М.Б- болон хохирогч Ж.Б- нар нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Драгон төвийн авто машины зогсоол дээр таарсан, улмаар шүүгдэгч М.Б- нь хохирогч Ж.Б-г “чи цагдаа дууддаг биздээ” гэх шалтгаанаар хоорондоо маргалдсан байна.
Ийнхүү маргалдаж байхдаа шүүгдэгч М.Б- нь хохирогчийн толгой тус газар нь цохисон болох нь хохирогч Ж.Б-гийн “...Батсайхан миний баруун шанаа руу нэг удаа цохиход миний зүүж явсан нүдний шил унаж, хагарсан. Миний толгой манараад хөл алдаад унах гэж байхад дахиад миний баруун мөр үү хальт цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Х-“...би машин дээрээ байж байтал Батсайхан ирээд Баасансүрэн дургүй хүргээд гэж хэлж байсан. Удаагүй... Баасансүрэн надаас Батсайханы машины түлхүүрийг булаан авч Батсайхан намайг толгой руу цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б- нь солгой гараараа бичдэг гэсэн бөгөөд хохирогчийг толгойн тус газар нь зүүн гараараа цохисон гэх улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Ж.Б-гийн эрүүл мэндэд “...тархи доргилт, баруун шанаа зөөлөн эдийн няцралт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн №4907 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Б- нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч М.Б- нь хохирогч Ж.Б-гийн баримтаар нэхэмжилсэн хохирол болох 120.000 төгрөг, баримтгүй нэхэмжилсэн 240.500 төгрөгийг тус тус төлөөгүй байна.
Иймд шүүгдэгч М.Б-аас 120.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Б-д олгуулж, хохирогч нь баримтгүй нэхэмжилсэн зардлыг хэлэлцээгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч М.Б- нь урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Б- нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.Б-аас 120.000 /нэг зуун хорин мянган төгрөг/ гаргуулж, хохирогч Ж.Б-д олгуулж, хохирогч нь гэмт хэргийн хор уршигтай холбоотой бусад зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР