Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 1120

 

 

 

 

 

2019            11            5                                       2019/ДШМ/1120                                                                                                                                                                                              

М.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:          

          прокурор Д.Нямбат,

          хохирогч Ж.Б-,

          шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, 

          нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,     

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 824 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Б-д холбогдох 1908023800756 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

В овгийн М-ийн Б, Өвөрхангай аймагт 1976 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 00 дугаар байрны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /РД:00000000000/

М.Б- нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Драгон” төвийн автомашины зогсоол дээр “цагдаа дуудсан” гэх шалтгаанаар Ж.Б-тэй маргалдаж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/ хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, М.Б-аас 120,000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Б-д олгож, хохирогч нь гэмт хэргийн хор уршигтай холбоотой бусад зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Хохирогч Ж.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр иргэн М.Б-д зодуулж тархи хөдөлж, хацар хавдаж, хувцсаа уруулж хохирсон. Гэтэл 023800756 дугаартай хэрэг нээгдэж шалгагдсан боловч Батсайханы урьдчилан хэлж байснаар хохирогч миний биеийн өвчин шаналлыг үл тоож хэргийг хөнгөрүүлж, Батсайханы талд шийдвэр гаргахад шүүгчийн туслах Янжинлхам оролцон нөлөөлсөн байх магадлалтай. Шүүх хуралдааны завсарлагаанаар шүүгчийн туслах орж ирсэн байсан. Ажил нь байж болох ч шүүхийн үүдэнд Батсайхан өмгөөлөгчтэйгөө гарч ирээд “санаснаар, урьдчилан тохирсны дагуу боллоо” гээд гараа цохилцохоор нь би 99799001 дугаартай шүүгчийн туслах руу ярих гээд удаа дараа залгахад тэрээр утсаа аваагүй. Мөн тогтоолын хариу авах гэж нилээн олон удаа яваад өнөөдөр авсан. Нарийн нягтлан шалгаж үнэн зөвийг тодруулж өгөхийг хүсч байна. Шүүгчийн туслах Янжинлхам нь шүүгчдээ шийдвэр гаргахад нь нөлөөлсөн байх шалтгааныг тодруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Б-ы өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч Ж.Б-гийн давж заалдах гомдлын агуулга ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэргийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Миний өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой хохирогчид гомдол санал байвал гомдол гаргах эрх нь нээлттэй. Намайг энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцсоноос эхэлж хохирогч над руу дайрсан. Өөр хэлэх зүйл байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч М.Б- тус шүүх хуралдаанд “... хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.  

Прокурор Д.Нямбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон анхан шатны шүүх хуралдааны үеэр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Гэмт хэргийн шинж, хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын зүгээс торгох ял санал болгосон. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгчийг торгож шийдвэрлэсэн. Хохирлын хувьд нийтдээ 360.500 төгрөг нэхэмжилсэн боловч хавтас хэрэгт 120.000 төгрөгийн баримт авагдсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан. Шүүгчийн туслах шүүх хуралдаан завсарласан байхад шүүгчтэй ярилцсан гэх тохиолдол болоогүй. Шүүх хуралдааны үеэр шүүгчийн туслах шүүх хуралдааны зар гэх мэт зүйлсийг оруулж ирэх гээд танхимд орж ирснийг үгүйсгэхгүй. 6 сарын өмнө болсон шүүх хуралдаан учраас сайн санахгүй байна. Шүүгчийн туслах шүүгчтэй дангаараа уулзах тохиолдол нэг ч гардаггүй. Янжинлхам гэх туслах шүүгчийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэдэг нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.Б-д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь тогтоогдов.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 824 дугаартай шийтгэх тогтоолоор М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн байна. /хх 101/ Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэл нь тухайн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, яллагдагч М.Б-ыг шүүхэд шилжүүлэн, шүүх хуралдааныг товлосон байдлаар бичигджээ. Өөрөөр хэлбэл, М.Б-д холбогдох хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт байхгүй, оронд нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлийг хавсаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад заасны дагуу ноцтой зөрчилд тооцно.

Шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгасан шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт байхгүй нь дээд шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, зөвтгөн залруулах боломжгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул хохирогч Ж.Б-гийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурьдав.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 824 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН