Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 0013

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар /ШТЭД-0134/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Ц.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 04683 1543 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Б- нь 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын оршин суух иргэн Д.У-байнга амьдрах орон байранд нэвтэрч 42 инчийн, LG фирмийн зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалсан.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Ц.Б-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Д.У-цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан “...би Замын-Үүд рүү яваад гэртээ ирэхэд гэрт хулгай орж 42 инчийн смарт телевизорыг аваад явсан байна. Гэрийн цоожийг эвдсэн байна...” гэх гомдол /хх2/

2. Хохирогч Д.У-“...2019 оны 9 дүгээр сарын 04-ний өглөө 09 цагт Замын-Үүд рүү яваад 2019 оны 9 дүгээр сарын 09-ний шөнө 03 цагийн үед ирээд гэрийнхээ цоожийг онгойлгох гэтэл цоожны гол эргээд болохгүй байсан. Тэгээд хартал манай цоож эвдэрсэн байсан. Тухайн үед цоожоо тайлж ороод гэрлээ асаагаад хартал гэрээс LG маркийн 42 инчийн зурагт алга болсон байсан. Би алдагдсан эд зүйлээ 450.000 төгрөгөөр үнэлнэ. Би өөрийн гэрийн хойно амьдардаг Ц.Б- гэх залуутай 2019 оны 09 дүгээр сарын 03-нй өдөр архи уусан. Тухайн үед маргааш явна гэдгийг мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх10/

3. Иргэний нэхэмжлэгч О.А-“...би 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Баялаг” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байтал 21 цагийн үед нэг хүн орж ирээд би 42 инчийн ЛЖ зурагт тавих гэсэн юм, мөнгө хэрэг гараад байна, ямар ч асуудалгүй, миний ганц өмч байгаа юм гээд зогсоод байсан. Би авахгүй гэтэл гуйгаад зогсоод байхаар нь 200.000 төгрөгөөр барьцаалан авсан. Тэгтэл цагдаагаас хүмүүс ирээд хулгайн зурагт байна гээд аваад явсан. Тэр зурагтыг Ц.Б- гээд залуугийн нэр дээр тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх13/

4. “Мастер үнэлгээ” ХХК-ий үнэлгээнд “LG фирмийн 42 инчийн зурагт 450.000 төгрөг” гэж үнэлжээ. /хх25/

5. Ц.Б-ын яллагдагчаар өгсөн “...би эхнэр, 2 хүүхэдтэй байж байгаад салсан. Эхнэр бага хүүг аваад, би том охиноо авсан. Би одоо ээж охины хамт амьдардаг. 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Д.У- ахтай архи уусан...Д.У- ах ... маргааш нь Замын-Үүд явна гэж ярьж байсан. Маргааш нь би Д.У- ахын гэрт очиход хүнгүй байхаар нь хаалганых нь цоожийг цүүтэй нь хамт хуу татаад явж орсон. Гэрт нь 42 инчийн зурагт байдаг гэдгийг мэддэг учраас орж аваад шууд таксинд суусан. Тэгээд олон ломбардад очсон боловч нэг бол хаалттай, нэг бол авахгүй гээд...таксины жолооч Улаанбаатар паласын тэнд нэг ломбард байдаг гэхээр нь тийшээ орсон. Жолоочтой хамт орсон. Би ломбардын хүнд “өөрийнхөө зурагт, та барьцаанд авчхаач, надад мөнгөний яаралтай хэрэг гараад байна” гэж гуйж байгаад 200.000 төгрөгөнд тавьсан. Тэр мөнгөнөөс таксины жолоочид 38.000 төгрөгийг нь өгөөд үлдсэнийг нь өөртөө үлдээгээд архи дарс уугаад дуусгасан. Таньдаг хүнийхээ гэрээс зурагт хулгайлсандаа гэмшиж байна...” гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх47/

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Ц.Б-:

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь энэ хэргийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн боловч шүүгдэгчид шалгагдаж байгаа өөр хэрэг байгаа тул хэргийг прокурорт буцаах байр сууринаас оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд шүүгдэгч Ц.Б- нь хохирогч Д.Д.У-г урьдаас таньдаг, хэрэг болохын урд өдөр хохирогчийн гэрт архи ууж, түүнийг гадагш явах гэж байгааг мэдсэн нөхцөл байдал тогтоогдсон.

Улмаар 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шүүгдэгч нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 24-12 тоотод оршин суух Д.У-монгол гэрийн цоожийг эвдэн орж, 42 инчийн, “LG” фирмийн зурагтыг авч, зурагтыг ломбарданд тавьсан болох нь хохирогч Д.У-мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч О.А-мэдүүлэг, шүүгдэгч өөрийнх нь мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотолох баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлангаар хохирогч Д.У-алдагдсан “LG” фирмийн 42 инчийн зурагтыг 450.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үнэлгээр тогтоох нь зөв байна.  

Шүүгдэгч Ц.Б- нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын өмчлөх эрхэд халдсан, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсанаар хулгайлах гэмт хэргийн бүрдэл төгссөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн үйлдсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Иймд шүүгдчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийг прокурорт буцаах хүсэлтдээ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн албан бичигт дурдсанаар шүүгдэгч Ц.Б- нь өөр хулгайлах гэмт хэрэгт шалгагдаж байх магадлалтай тул эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс хүсэлтээ дэмжиж байна гэжээ.

Гэвч өмгөөлөгчийн дурдсан энэхүү албан бичигт шүүгдэгч Ц.Б-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нөхцөл байдлыг тодорхой дурдаагүй, шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд энэ талаар холбогдох хүсэлт гаргаж байгаагүй байх тул хэргийг прокурорт буцаан шийдвэрлэх үндэслэл болохгүйг дурдаж байна.   

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Мөрдөн байцаалтын шатанд 42 инчийн LG фирмийн зурагтыг хураан авч, хохирогч Д.Д.У-д биет байдлаар хүлээлгэн өгсөн, мөн иргэний нэхэмжлэгч О.А 200.000 төгрөгийн төлсөн байх тул /хх50/ шүүгдэгч Ц.Б-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд шүүгдэгчид Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан. 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч Ц.Б- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэж, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан” гэж тус тус заажээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ын цагдан хоригдсон 13 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Шүүгдэгч  Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б-т 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ын цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР