Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2020/ДШМ/187

 

Ц.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Бт холбогдох 1908046831543 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Цийн Б, 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 24 дүгээр гудамжны 25 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            Ц.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 24-12 тоотод оршин суух иргэн Д.Угийн байнга амьдрах орон байранд нэвтэрч, 42 инчийн, “LG” загварын зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Цийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Быг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын цагдан хоригдсон 13 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хуралдаанд “2016 оны 6 дугаар сарын дундуур Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо орчмоос 32 инчийн зурагт алдагдсан” гэх хэрэгт миний бие холбогдолтой тухай албан тоот ирүүлснийг шүүх хүлээн авалгүй шийдвэрлэсэн. Гэм буруугийн асуудлыг нэг мөр шүүхээр шийдвэрлүүлэх нь миний эрх зүйн байдал дээрдэнэ гэж үзсэн учраас энэ хулгайн үйлдлийг шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч Ч.Отгонбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Би 2016 оны 6 дугаар сарын 10-ны орчим Дэнжийн мянгын хойно, “Далан давхар”-ын засмал замын урд байрлах гэр хорооллын айлаас 32 инчийн зурагт хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн. Энэ хэргээ одоо шүүхээр шийдүүлэх гэж байгаа хэргийнхээ хамт шийдүүлмээр байна. ...” гэж мэдүүлсэн. Дээрх шүүгдэгчийн мэдүүлэгтэй холбоотой нотлох баримтыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 25м1-б/6531 дугаартай “... эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, яллагдагчийн мэдүүлэг зэргийг хуулбарлан өгнө үү.” гэсэн утга бүхий албан бичгийг цагдаагийн байгууллагаас шүүхэд ирүүлсэн. Анхан шатны шүүх шүүгдэгчийн мэдүүлэг, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгийг үнэлэхгүйгээр шүүгдэгч Ц.Бт эрүүгийн хариуцлага оногдуулж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Ц.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 24-12 тоотод оршин суух иргэн Д.Угийн байнга амьдрах орон байранд нэвтэрч, 42 инчийн, “LG” загварын зурагтыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Угийн “...Гэрийнхээ цоожийг онгойлгох гэтэл цоожны гол эргээд болохгүй байсан. Тэгээд хартал манай цоож эвдэрсэн байсан. ...Ороод гэрлээ асаагаад хартал гэрээс “LG” загварын 42 инчийн зурагт алга болсон байсан. ... Б гэх залуутай 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр архи уусан. Тухайн үед маргааш явна гэдгийг мэдэж байсан. ...” /хх 10/,

иргэний нэхэмжлэгч О.Ариунболдын “...Би ... “Баялаг” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байтал 21 цагийн үед нэг хүн орж ирээд 42 инчийн “LG” зурагт тавих гэсэн юм, ... гээд ... гуйгаад зогсоод байхаар нь 200.000 төгрөгөөр барьцаалан авсан. ...Тэр зурагтыг Б гээд залуугийн нэр дээр тавьсан. ...” /хх 13/,

Ц.Бын яллагдагчаар өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр У ахтай архи уусан. ...У ах ... маргааш нь Замын-Үүд явна гэж ярьж байсан. Маргааш нь би У ахын гэрт очиход хүнгүй байхаар нь хаалганых нь цоожийг цүүтэй нь хамт хуу татаад ... орсон. Гэрт нь 42 инчийн зурагт байдаг гэдгийг мэддэг учраас орж аваад шууд таксинд суусан. ...Би ломбардны хүнд “өөрийнхөө зурагт, та барьцаанд авчихаач, надад мөнгөний яаралтай хэрэг гараад байна” гэж гуйж байгаад 200.000 төгрөгт тавьсан. ...” /хх 47/ гэх мэдүүлгүүд,

эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 23/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх 24/, хөрөнгийн үнийн тодорхойлолт /хх 25-26/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Бын хохирогч Д.Угийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, 450.000 төгрөгийн үнэ бүхий 42 инчийн зурагтыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ц.Б 2016 оны 6 дугаар сард үйлдэгдсэн гэмт хэрэгт өөрийгөө холбогдолтой, уг хэргийг одоо шийдэгдэж буй хэрэгтэйгээ нэгтгэн шалгуулах талаар гомдол гаргасан бөгөөд уг гомдол нь түүнийг үйлдсэн хэргийнхээ гэм буруугаа зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэлгүй ба анхан шатны шүүхээс түүнд хохирогч Д.Угийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж, 450.000 төгрөгийн үнэ бүхий 42 инчийн зурагтыг хулгайлсан гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Ц.Бын “...миний үйлдсэн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо орчмоос 32 инчийн зурагт алдагдсан гэх хэрэгт гэм буруугийн асуудлыг нэг мөр шүүхээр шийдвэрлүүлэх нь миний эрх зүйн байдал дээрдэнэ гэж үзсэн учраас энэ хулгайн үйлдлийг шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн,

түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатарын “...Анхан шатны шүүх шүүгдэгчийн мэдүүлэг, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан бичгийг үнэлэхгүйгээр шүүгдэгч Ц.Бт эрүүгийн хариуцлага оногдуулж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 25ш-10/6531 дугаартай “...Тус хэлтсийн Эрүүгийн тасагт шалгах шаардлагатай байгаа ХД:87103113 регистрийн дугаартай Цэрэндорж овогтой Б нь эрүүгийн 190804683 дугаартай хэрэгт шалгагдан...” гэх албан тоот ирүүлсэн боловч энэ баримтаас үзэхэд шүүгдэгч Ц.Быг тухайн хэрэгт хэрхэн, ямар байдлаар холбогдсон талаар хангалттай нотолсон баримт биш байна. Энэ тодорхойгүй баримтыг үндэслэн хэргийг нэгтгүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ ижил эрүүгийн хэргийг нэгтгэх бол ... эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ.” гэж зааснаар яллагдагчаар татаагүй мөрдөн шалгах ажиллагаанд байгаа хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгтэй нэгтгэн шийдвэрлүүлэхээр мөрдөн шалгах ажиллагаанд буцаах боломжгүй юм.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ