| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2017/0261/Э |
| Дугаар | 643 |
| Огноо | 2017-08-29 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбааатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 643
М.Мөнхжаргалд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг, даргалж, шүүгч Б.Зориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор А.Баясгалан,
Ялтан М.Мөнхжаргалын өмгөөлөгч Д.Төмөрбаатар,
Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Л.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн 2017 2602 0330 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Огдоонууд овгийн Мөнх-Очирийн Мөнхжаргал, 1988 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “Gold999” нэртэй бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамжны 36 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЙС88012617/,
М.Мөнхжаргал нь 2017 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Gold999” нэртэй бааранд иргэн Б.Даваасамбуу тооцоогоо дутуу төлж, хамгаалагч Б.Золхүүтэй маргаан үүсгэсний улмаас зохион байгуулагч М.Мөнхжаргал нь Б.Даваасамбууг баарны үүдний хэсэгт дагуулж аваачин зодож, хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний бүрэн бус тасрал, хэвлийн хөндийн гэдэсний агууламж, чацархайн задрал, хэвлийн хөндийн цус алдалт буюу хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Прокурорын газраас: М.Мөнхжаргалын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Мөнхжаргалыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Gold999” баарны хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авсан 1 ширхэг Сиди-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.Мөнхжаргалаас 701.594 төгрөгийг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 11-225 тоотод оршин суух Б.Даваасамбуу /РД: ЧП83051196/-д олгох, хохирогч Б.Даваасамбуугийн нэхэмжлэлээс 6.300.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, цаашид гарах энэ хэрэгт холбоотой эмчилгээний хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Ялтан М.Мөнхжаргал давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Миний үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшсэн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал, /ам бүл 5, эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг/ эхнэр хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Ажил хийж гэр бүл, үр хүүхдүүдээ тэжээн тэтгэдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг шинээр тогтоосон Эрүүгийн хуулийн хэм хэмжээнд нийцүүлэн багасгаж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “арван мянган нэгжээс дөчин мянган нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” ял оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин, хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр” заасан, надад оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэргийг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэх боломжтой гэж миний зүгээс үзэж байна...” гэжээ.
Ялтан М.Мөнхжаргалын өмгөөлөгч Д.Төмөрбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан” Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.
Шүүгдэгч М.Мөнхжаргалын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, хийсэн гэмт хэрэгтээ гэмшсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн суурь хүмүүжил, зан төлөв, мэдлэг боловсрол, хувийн байдал, /ам бүл 5, эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг/, эхнэр нь хүүхдүүдээ харж гэртээ байдаг. Ажил хийж гэр бүл, үр хүүхдүүдээ тэжээн тэтгэдэг зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн багасгаж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар “арван мянган нэгээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” ял оногдуулж, шүүгдэгч М.Мөнхжаргалд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч М.Мөнхжаргалд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Гомдлын шаардлага:
Иймд анхан шатны шүүхийн 265 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.Мөнхжаргалд оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг шинээр тогтоосон хуулийн хэмжээнд нийцүүлэн багасгаж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож ял оногдуулж, шүүгдэгч М.Мөнхжаргалд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хөнгөрүүлэн, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Прокурор А.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс М.Мөнхжаргалд оногдуулсан ялын хэмжээ түүний үйлдсэн гэм бурууд тохирсон гэж үзэж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял оногдуулах нь зүйтэй...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 204 дүгээр шүүхийн тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч М.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулсугай” гэсэн байх боловч тогтоосон хугацаанаас өмнө буюу 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанд хийж, шийтгэх тогтоол гарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдааныг хойшлуулахад талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг тогтоож, хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээг авна.” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Иймд анхан шатны шүүх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул дээрх зөрчлийг арилгасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр М.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 265 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл ялтан М.Мөнхжаргалд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Ялтан М.Мөнхжаргал нь хохиролд 701.600 төгрөгийг “Хаан банк”-ны 5069221130 тоот дансанд шилжүүлсэн гэх 1 ширхэг баримтыг хэрэгт хавсарган хүргүүлсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.ЗОРИГ
Ш.БАТ-ЭРДЭНЭ