Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 907

 

    2019        11          25                                   2019/ШЦТ/907

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч А.Баясгалан,

хохирогч Л.Отгонбаатар,

хохирогч Г.Мөнхбат,

  шүүгдэгч С.З , түүний өмгөөлөгч Ж.Ганболд,

  шүүгдэгч Б.Э , түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Н.Жамъяандорж,

  шүүгдэгч Г.Н , түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн С.З , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дах хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Очир овгийн Б.Э , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бага Монгол овгийн Г.Н  нарт холбогдох эрүүгийн 1805049071141 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Боржигин овгийн С.З , 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны 8-0 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

2. Очир овгийн Б.Э , 1982 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамж мэргэжилтэй, Бөртэ-Очир ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 2 хэсэг гудамж, захиргаа 16 дугаар байрны 15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

3. Бага Монгол овгийн Г.Н , 1989 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, дүү, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Иххэт сум, 3 дугаар баг, 2 зүлэгт дэнжийн 4-дүгээр гудамжны 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

-Шүүгдэгч С.З  нь иргэн Б.Лхагвамаагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 34 дүгээр байрны 70 тоот 2 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууцандаа 10 сая төгрөг зээлж, хүүнд нь 1 жилийн хугацаатай суулгана гэж хуурч, хуурамч Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ ашиглаж, бодит байдлыг нуух замаар “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулан төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тойргийн нотариатын гадна 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр иргэн Г.Энхтайванаас 9.000.000 төгрөг бэлнээр,

иргэн Т.Батчулууны өмчлөлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 78а байрны 906 тоот 2 өрөө орон орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууцандаа 10 сая төгрөг зээлж, хүүнд нь 1 жилийн хугацаатай суулгана гэж хуурч, хуурамч Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ ашиглаж, бодит байдлыг нуух замаар “Орон сууцыг хөлслөх гэрээ” байгуулан төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тойргийн нотариатад гэрээ байгуулан 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Л.Отгонбаатараас 8.000.000 төгрөгийг банкны дансаар, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 1.700.000 төгрөгийг бэлнээр нийт 9.700.000 төгрөгийг,

- шүүгдэгч Б.Э той бүлэглэн иргэн О.Удвалын өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 42а байрны 26 тоот 2 өрөө орон орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууцандаа 10 сая төгрөг зээлж, хүүнд нь 1 жилийн хугацаатай суулгана гэж хуурч, хуурамч Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ ашиглаж, бодит байдлыг нуух замаар “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулан төөрөгдөлд оруулж 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Мөнхбатаас 5.300.000 төгрөг бэлнээр тус тус шилжүүлэн авсан,

- шүүгдэгч Б.Номинцэцэгтэй бүлэглэж 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 510 дугаар байрны 38 тоот иргэн Т.Өлзий-Оршихын өмчлөлийн орон сууцыг 1 сарын хугацаагаар түрээслэн авч улмаар Зар.мн цахим зарын сайтад тухайн орон сууцыг түрээслүүлнэ гэж зар байрлуулж Г.Урангоод 4 сарын хугацаагаар түрээслэхээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1.800.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 210.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 2.010.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 07 дугаар сард иргэн Б.Лхагвамаагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 34 дүгээр байрны 70 тоот 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг,

мөн иргэн Т.Батчулууны өмчлөлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 78а байрны 936 тоот 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг,

2018 оны 08 дугаар сард иргэн О.Удвалын өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 42а байрны 26 тоот 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хуурамчаар үйлдүүлэхээр Б.Э ыг хөлсөлсөн,

- шүүгдэгч Б.Э  нь С.З ын захиалгаар 2018 оны 07 дугаар сард иргэн Б.Лхагвамаагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 34 дүгээр байрны 70 тоот 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг,

мөн иргэн Т.Батчулууны өмчлөлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 78а байрны 906 тоот 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг,

2018 оны 08 дугаар сард иргэн О.Удвалын өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 42а байрны 26 тоот 2 өрөө орон сууцны сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хуурамчаар үйлдсэн,

- шүүгдэгч С.З тай бүлэглэж О.Удвалын өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 42а байрны 26 тоот 2 өрөө орон сууцыг түрээслэн аваад улмаар С.З ын байр мэтээр хуурамч гэрчилгээ үйлдэн ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон мөнгө зээлж, зээлсэн мөнгөний хүүнд уг байрандаа суулгана гэж 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Мөнхбатаас 15.000.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт хохирогч Г.Мөнхбатад өөрийгөө С.З ын нөхөр, энэ байр нь С.З ын өмчлөлийн байр гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдын төөрөгдөлд оруулж гэмт хэрэгт санаатайгаар нэгдсэн,

- шүүгдэгч Б.Номинцэцэг нь С.З тай бүлэглэж 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 510 дугаар байрны 38 тоот иргэн Т.Өлзий-Оршихын өмчлөлийн орон сууцыг 1 сарын хугацаагаар түрээслэн авч улмаар Зар.мн цахим зарын сайтад тухайн орон сууцыг түрээслүүлнэ гэж зар байрлуулж Г.Урангоод 4 сарын хугацаагаар түрээслэхээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1.800.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 210.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 2.010.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.З  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Б.Э ыг хөлсөлж хуурамч бичиг гаргуулсан зүйл байхгүй. Анх Б.Э той караокед танилцаж байсан. 2018 оны 7 дугаар сард уулзан мөнгөний хэрэг гарсан талаар ярилцаж байгаад ийм санаа гаргасан. Б.Э  надад бичиг баримт хийж өгч чадна гэж хэлсэн учраас би тухайн байрны мэдээллийг авч Б.Э т өгөөд Б.Э  байрны гэрчилгээ хийгээд Эрдэнэт хотоос өгч явуулдаг байсан. Би Г.Н ийн дансаар Урангоогоос мөнгө авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй ...” гэв.

Шүүгдэгч Б.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би С.З ын хэлснээр анх караокед танилцсан. Надад тухайн үед надад тендерийн мөнгө хэрэгтэй байсан тул  мөнгө хүүтэй зээлэх хүн асуусан. С.З  надад бусдын байрыг бусдад түрээслүүл мөнгө олж болох санааг ярьсан. Тэгээд намайг бичиг баримтыг нь хийж өгч чадах уу, тэгвэл С.З  хүнийг нь олоод би бичиг баримтыг нь хийж хот руу явуулж байхаар тохиролцсон. С.З  олсон мөнгөөрөө ТҮЦ ажиллуулна гэж хэлж байсан. ТҮЦ ашигтай талаар би хэд хэдэн хүнээс сонсож байсан учраас хэнийг ч хохироохгүй гэж бодож саналыг хүлээж авсан. Гэрчилгээнүүдийг би интернэтээс татаж аваад С.З ын өгсөн тоогоор засаж бичээд 3 гэрчилгээ хийсэн. Удвалын байрыг Л.Мөнхбатад үзүүлэхэд хамт явсан, өөр хамт явсан зүйл байхгүй. Би С.З аас 1.500.000 төгрөг зээлж аваад буцааж төлсөн. Л.Мөнхбат тухайн байрыг түрээсэлснийг би цагдаа, шүүхийн шатанд ирэх хүртлээ мэдээгүй. Цагдаагийн байгууллагад ирснээр 30 гаруй сая төгрөгийн хохирол учруулсныг мэдсэн. Тухайн хүмүүс цагдаад гомдол гаргаагүй бол С.З  ТҮЦ-ээ ажиллуулаад хохирогч нарын хохирлыг барагдуулах боломжтой  байсан гэж бодсон. Би С.З д хохирлоо барагдуул гэж хэлээд 10 сая төгрөг өгсөн...” гэв.

Шүүгдэгч Г.Н  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Урангоогоос 1.800.000 төгрөгийг миний дансаар авсан сүүлд авсан 210.000 төгрөгийг найз залуугийнхаа дансаар авсан. Учруулсан хохирлоо би өөрөө барагдуулсан...” гэв.

Хохирогч Л.Отгонбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Фэйсбүүкээр анх мэдээлэл авсан, түрээсийн байрны төлбөрт 15 сая төгрөг нэхсэн.  Би 15 сая төгрөг байхгүй 7-8 сая төгрөг байна гэсэн. Үүний дараа 2-3 хоногийн дараа над руу яриад 10 сая төгрөг боломжтой бол гаргаад өгчих гэсэн. Би тэр өдөр 8 сая төгрөг, 7 хоногийн дараа 1.700.000 төгрөг шилжүүлсэн. Хэд хоногийн дараа Б.Э  ирээд  би нөхөр нь байна үлдэгдэл мөнгөө авъя гэсэн. Би гэрээ хийгээгүй учир мөнгөө өгөхгүй гэсэн. Би нийт 9.700.000 төгрөг өгсөн.  Надад буцааж 3.000.000 төгрөг дансаар, 1.300.000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо үлдэгдэл мөнгөө нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч Г.Мөнхбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гадаадаас ирээд удаагүй байр авах эсэхээ шийдээгүй байсан. С.З ын зарыг файсбүүкээс харсан. Утсаар ярихад манай нөхөр байрандаа байгаа очоод уулз гэсэн. Б.Э  “...Би энэ байрыг эхнэртээ авч өгсөн бид 2 өөр газар байдаг. Манай эхнэр наймаа хийдэг гэж хэлсэн”. Би С.З тай утсаар яриад Өргөө кино театрын урд уулзаад гэрчилгээг өөрийнх нь нэр дээр байгааг харсан. 15 сая төгрөг тухайн өдөр нотариатаар баталгаажуулж бэлнээр өгсөн. 1 сар амьдарч байхад байрны эзэн ирсэн. Одоо 15 сая төгрөгөө авах хүсэлтэй байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Г.Энхтайван нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Би 2018 оны 07 дугаар сарын эхээр өөрийн танил хүнээсээ Золжаргал гэх хүнийг 10.000.000 төгрөг зээлдүүлээд хүүнд нь байрандаа суулгана гэсэн зарын байсныг сонссон. 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр би Золжаргал гэх эмэгтэйтэй 80072112 гэсэн дугаарын утсаар яриад уулзаад Золжаргалтай хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо 34 дүгээр байрны 70 тоот 63.1 мк 2 өрөө орон сууцыг үзсэн. Тухайн үед би уг байрыг түрээслэхээр зөвшөөрөөд уг байранд байсан тавилгыг хүлээлцсэн акт үйлдсэн. Тэгээд тэндээс гараад Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Этүгэн зочид буудлын урд талд байрлах нотариат дээр Золжаргалтай хамт очоод орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Уг гэрээнд би Золжаргалд 10.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлдүүлж хүүнд нь Золжаргалын эзэмшлийн байранд суухаар тусгасан юм. Тэгээд шууд гэрээгээ хийчхээд нотариатын гадна Золжаргалын Хаан банкны дансруу 9.000.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 8-11/,

Гэрч О.Амартуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Транскапитал Банк бус санхүүгийн байгууллагын 3 дугаар давхарт №212 дугаартай нотариатчийн үйл ажиллагаа явуулдаг. 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр намайг ажил дээрээ байхад миний зүс таних байнгын үйлчлүүлэгч болох Энхтайван нэг танихгүй охины хамт орж ирсэн. Энхтайван надад тухайн үед дүү нь байр хөлслөөд энэ эмэгтэйд 10.000.000 төгрөгийг зээлүүлээд хүүнд нь байранд нь өөрийнхөө дүүгээ суулгах гэж байгаа юм гэж байсан бөгөөд Энхтайван нь өөрийнхөө дүү гээд мөн нэг охиныг дагуулж орж ирсэн. Тэгээд би орон сууц хөлслөх гэрээг Энхтайван Золжаргал нарын нэр дээр хийж өгсөн. Гэрээнийхээ нөхцөл дээр нь 10.000.000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй Золжаргалд зээлүүлнэ. Зээлийн хүү болох 500.000 төгрөгт байрыг хөлсөлнө гэсэн тохиролцоогоо бичиж өгөөд гэрээн дээр талуудаар гарын үсэг зуруулсан. Гэрээ хийхэд 2 тал 2 уулаа биеэрээ байлцсан. Өөрт байгаа гэрээний нэг хувийг харахаар энэ гэрээнд 000116499 тоот гэрчилгээтэй улсын бүртгэлийн Ү-2203043588 дугаар бүртгэлтэй С.З ын өмчлөлийн 2 өрөө байрны гэрчилгээг хавсаргасан байна. Тухайн үед уг гэрчилгээний хуулбарыг эх хувиас нь канондож авсан үгүйгээ мэдэхгүй байна. Уг нь канондсон гэрчилгээний хуулбартай ирсэн тохиолдолд би үйлчлүүлэгч нараас ТҮЦ-машинаас лавлагаа авхуулдаг. Энэ дээр би лавлагааг авхуулаагүй байна. Тэгэхээр энэ хүн ямар нэгэн байдлаар гэрчилгээтэй ирсэн. Эсвэл Энхтайвантай ирсэн болохоор Энхтайванд итгээд гэрээг хийж өгсөн байх. Гэрээн дээр талуудаар гарын үсэг зуруулсан...” гэх мэдүүлэг /1-р хх 12-14/,

Гэрч З.Цэрэнчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2015 онд уг Баянгол дүүргийн 12 дугаар хороо 34-70 тоот 2 өрөө орон сууцыг өөртөө худалдан авсан. Уг байрыг худалдаж авахдаа би өөрийн төрсөн охин Баатарын Лхагвамаа /РД: РЮ83092805/-ийн нэр дээр гэрчилгээг нь шилжүүлж авч байсан юм. Түүнээс хойш уг байрны мөнгийг төлөх гээд уг байрыг авснаасаа хойш бусдад түрээслүүлж байгаа. Миний охин Лхагвамаа одоо Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа бөгөөд ойрын хугацаанд ирэхгүй. Би өөрөө тэтгэвэрт байдаг болохоор банкнаас зээл авах гэхээр зээл гарахгүй болохоор анх уг байрыг авахдаа охин Лхагвамаагийн нэр дээр авсан. 2018 оны 08 дугаар сарын дундуур би охиныхоо байран дээр очиход миний түрээслүүлсэн хүн байгаагүй бөгөөд танихгүй өөр хүмүүс амьдарч байсан. Би гайхаад шууд юу болсон талаар асуухад уг хүн нь энэхүү байрны эзэн нь гэх хүнтэй би зарын дагуу холбогдож уг байрыг нэг жилийн хугацаатай түрээсэлсэн гэж хэлсэн. Уг түрээслүүлсэн хүн нь Энхтайван гэх хүн байсан. Энхтайван нь зар дээрээс Золжаргалтай холбогдож мөнгө зээлүүлж уг байрыг түрээслэн авсан гэсэн. Харин би одоогийн амьдарч байгаа хүмүүстэй уг байрыг нэг сарын 570.000 төгрөгөөр нэг жилийн хугацаатай түрээслүүлэхээр гэрээ хийсэн байгаа. Надад бол санал гомдол байхгүй. Одоо амьдарч байгаа хүн нь надад нэг cap бүр түрээсээ төлөөд явах байх...” гэх мэдүүлэг /1-р хх 17-19/,

Хохирогч Г.Мөнхбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын эхээр би интернэтээр зар хайж байсан юм.  Гэтэл миний хаяг руу Золжаргал нь мөнгө зээлүүлж хүүнд нь 2 өрөө байранд суулгана шүү залгаарай гээд гар утасныхаа дугаарыг үлдээсэн байсан. Тэгэхээр нь би Золжаргал руу 3 хоногийн дараа залгаад байрыг чинь очиж үзэж болох уу гэж асуухад Золжаргал нь би завгүй байна манай нөхөр байгаа очоод үзчих манайх Баянгол дүүргийн 7 дугаар хороо 42а-26 тоот 2 өрөө орон сууц байгаа гэж хэлсэн. Тэгээд би Золжаргалын зааснаар уг байранд нь очиход нөхөр нь гэх нэг залуу гадна тавцан дээрээ намайг хүлээгээд зогсож байсан бөгөөд наашаагаа ороод ир гээд дуудсан. Би тухайн үед ганцаараа явсан бөгөөд уг байр луу яваад ороход Золжаргалын нөхөр нь гэх шардуу царайтай 165 орчим см өндөртэй махлагдуу, харааны нүдний шилтэй, халимаг хар үстэй онигордуу нүдтэй 38 орчим насны залуу байсан. Би уг байрыг үзэхэд тэр залуу Золжаргалыг манай эхнэр гэж хэлсэн. Би эхнэртээ энэхүү байрыг 08 хувийн хүүтэй зээлээр авч өгсөн юм. Би өөрөө бараг байдаггүй бөгөөд Замын камерын ажлын тендер аваад урагшаа хойшоо яваад бараг энд ирдэггүй юм, би энэ талаар сайн мэдэхгүй байна, эхнэр Золжаргал сайн мэднэ. Золжаргалтай өөртэй нь уулзаад сайн ярилц гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Золжаргалтай ярьж байгаад Өргөө кино театрын урд уулзаад уг байрны гэрчилгээний хуулбарыг Золжаргал надад үзүүлсэн. Золжаргал тухайн үед надад уг байрны гэрчилгээний эх хувь нь банканд байдаг гэж хэлсэн. ...Золжаргал бид 2 хоорондоо ярилцаад би 15.000.000 төгрөгийг өгөөд хүүнд нь байранд нэг жилийн хугацаатай суухаар болсон...” гэх мэдүүлэг /1-р хх 82-85/,

Гэрч Х.Болормаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан төгрөг төвийн баруун талын байрны 2 дугаар давхарт нотариатчийн үйл ажиллагаа явуулдаг. Миний нотариатчийн дугаар №62, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр намайг ажил дээр байх үед иргэн Золжаргал, Мөнхбат нар орон сууц хөлслөх гэрээ хийнэ гэж орж ирсэн бөгөөд уг байр нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо 42а-26 тоот 2 өрөө 50.4 мк орон сууц бөгөөд эзэмшигч нь С.З  үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар байсан. Би тухайн үед гэрчилгээний хуулбараар гэрээ хийхгүй гэдгээ хэлсэн. Гэтэл Золжаргал нь Хаан банканд барьцаанд байгаа гэж хэлхээр нь би гэрчилгээний хуулбарыг хартал доод хэсэгт нь Хаан банк хуулбар үнэн гэсэн тамгатай мөн гарын үсэгтэй байсан. ...Би Мөнхбатаас нь чи байрандаа очиж үзсэн үү гэж асуухад Мөнхбат нь үзсэн гэж надад хэлсэн. Тэгээд би Золжаргал Мөнхбат нарт хөлслөх гэрээг нь хийж өгч байтал Золжаргал нь Мөнхбатаас 15.000.000 төгрөгийг барьцаалаад хүүнд нь сууна гэж хэлэхээр нь 15.000.000 төгрөг дээр нь тусад нь зээлийн гэрээг хийж өгсөн нь үнэн...” гэх мэдүүлэг /1-р хх 88-90/,

Гэрч П.Мөнх-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр С.З , О.Удвал нарын өөрсдийнх нь авчирсан нэг жилийн хугацаатай орон сууц хөлслөх гэрээг баталсан байна. Гэрээний 2 тал буюу Золжаргал, Удвал нар хоёулаа ирж гарын үсэг зурсан...” гэх мэдүүлэг /1-р хх 91-92/,

Хохирогч Л.Отгонбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 07 дугаар сард хүнд мөнгө зээлж зээлсэн мөнгөний хүүнд нь байр хөлслөн амьдрах зорилгоор интернэт зараас ийм төрлийн зар хайж байсан юм. Гэтэл С.З  гэж хүний байршуулсан нэг жилийн хугацаатай мөнгө зээлж хүүнд нь байранд суулгана гэсэн зарын дагуу 80072112 гэсэн дугаараар зарын эзэн болох С.З  гэх хүнтэй холбогдсон. Утсаар ярихад 15 сая төгрөг зээлж аваад зээлсэн мөнгөний хүүнд нь Очир хотхонд байгаа 2 өрөө байранд түрээслүүлэн суулгана гэсэн. 15 саяаас доош үнээр байранд суулгахгүй гэж хэлсэн. Тухай үед надад 15 сая төгрөг байгаагүй 8 сая төгрөг байсан учраас С.З д учраа тайлбарлан хэлэхэд С.З  зөвшөөрөөгүй харин 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр С.З  эргээд надтай утсаар холбогдож 8 сая төгрөгөө эхний ээлжинд өгөөд үлдэгдэл 2 сая төгрөгийг нь 2 сардаа багтааж өгөөд хүүнд нь байр түрээслэх үү гэж санал тавьсан. Ингээд би С.З тай уулзаж түрээслэх байраа үзэхээр болсон. Тухайн өдрөө буюу 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 16 цагт С.З тай Баянгол дүүргийн 11-р хороо Очир хотхонд очиж уулзаад 78а байрны 906 тоот байрыг орж үзээд С.З тай тохирсон юм. Байрны гэрчилгээг үзэхэд 2203043589 дугаартай С.З ын нэр дээр бүртгэлтэй хуулбар хувь байсан. Ингээд С.З  бид хоёр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Андуудын буудлын тэнд байдаг нотариатын газарт орж орон сууц хөлслөх гэрээ байгуулан би хүү Ууганбаттай холбогдож түүний данснаас С.З ын данс уруу 8 сая төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс би Очир хотхоны 78а байрны 906 тоотод нүүж очиж амьдарсан. 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр С.З тай тохирсны дагуу үлдэгдэл 2 сая төгрөгийн 1 сая 700 мянган төгрөгийг нь С.З ын ажилуулдаг ТҮЦ-нд байхад бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх 97/,

Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1918 дугаар албан бичигт: “...Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205052128 дугаартай Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 42а байрны 26 тоот орон сууцны өмчлөгчөөр иргэн О.Удвал, Х.Сайханжаргал нар бүртгэгдсэн байна...” гэх албан бичиг, хавсралт /1-р хавтас 123-124/,

Гэрч Т.Батчулуун нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би Золжаргалтай 2018 оны 07 дугаар сарын 15-ны үеэр уулзаад байраа үзүүлэхэд Золжаргал нь манай байрыг нэг жилийн хугацаатай нэг сарын 650.000 төгрөгөөр түрээслэхээр болоод орсон. Төлбөрийг Золжаргал нь эхлээд 6 сараар өгөх ёстой байснаа эхний 3 сарын мөнгө болох 1.950.000 төгрөгийг нэг сарын барьцааны мөнгө болох 650.000 төгрөгийн хамт надад өгөөд надтай орон сууц хөлслөх гэрээ хийгээд манай байранд орсон. Түүнээс хойш Золжаргал нь надад 2 сарын мөнгө өгөх ёстой байснаас 1.200.000 төгрөгийг өгсөн. Өөр нэмж мөнгө өгөөгүй ингээд нийтдээ Золжаргал нь надад 3.800.000 төгрөгийг өгсөн. Гэтэл би 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би өөрийн түрээслүүлсэн байран дээрээ очиход танихгүй нэг ах байсан бөгөөд Золжаргалд мөнгө зээлүүлээд хүүнд нь сууж байгаа гэж хэлэхээр нь цагдаад хадсан...” гэх мэдүүлэг /1-р хх 157-159/,

Гэрч О.Ууганбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...С.З  гэх хүний данс руу 8.000.000 төгрөгийг шилжүүл гэх хэлхээр нь би тухайн өдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ...шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 160-161/,

Гэрч О.Удвал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би Баянгол дүүргийн 1 дугаар хороо 42а байрны 26 тоот байрыг Золжаргал гэдэг хүнд 6 сарын хугацаатай түрээсэлсэн бөгөөд Золжаргал надад хэлэхдээ энэ байранд манай нөхөр Эрдэнэ-Очир гэдэг хүн хааяа ирж очих байх гэж хэлж байсныг санаж байна. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 10-ны үед манай ах гэрээний хугацаа дуусахад 1 cap үлдсэн байсан учраас барьцааны мөнгө өгөх эсэх талаар өөртэй нь уулзах гээд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 42а байрны 26 тоотод очиход өөр хүмүүс байсан учраас түрээслэгч тал нь цагдаагийн байгууллагад хандсан... ...одоо Мөнхбат гэдэг залууд манайх маргаангүй байраа түрээсэлж байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх 104-105/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2332 дугаар дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн Сугар овогтой Золжаргалын нэр дээрх “000116499” гэрчилгээний дугаартай, “2013 он 06 сар 27 өдөр” гэсэн огноотой, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэх 3 ширхэг хуулбар баримт нь шинжилгээнд тэнцэнэ. Дээрх хуулбар баримтуудын доод хэсэгт байх шинжилж буй тэмдгийн дардас мэт зүйлс нь ердийн өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн хуурамч дардасууд байна...” гэх дүгнэлт /2-р хх 109-111/,

Гэрч О.Лхагвамаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...С.З , Б.Э  нарын үйлдлийн улмаас надад учирсан хохирол байхгүй. Би тухайн айлтай дахин түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлж байгаа” гэх мэдүүлэг /2-р хх 139/,

Хохирогч Г.Урангоо нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 20 цагийн үед Зар.мн сайтнаас “Сүхбаатар дүүрэгт байрлах Хангай хотхоны 510 дугаар байр 38 тоотод 1 өрөө байрыг сарын 400.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэсэн зарыг харж, улмаар уг түрээслүүлэх байрны зар дээрх 88069614 дугаарт залгаж ярьсан. Тэгээд байр түрээслүүлнэ гэсэн Золжаргал гэгчтэй түүний Суванаа Суванаа нэртэй фэйсбүүк мессенжер хаягаар дүрсээр холбогдож байрыг хараад Золжаргал гэгчид “зараа зогсоочих, танай байр надад таалагдаж байна би түрээсэлье” гэж ярьсан. Ингээд тэр орой Золжаргал гэгчтэй Бөмбөгөр худалдааны төвийн урд уулзаж дээрх байрыг сарын 400.000 төгрөгөөр 4 сарын хугацаатай, 1 сарын барьцаа 400.000 төгрөг нийт 2.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, Золжаргалын Хаан банкны 5018133457 тоот дансанд 2019 оны 04 дүгээр зарын 20-ны 20:59 цагт эхний ээлжинд 1.800.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлж, байрны түлхүүрийг гардан авсан. Тухайн өдрийн орой 23 цагийн үед би өөрийн төрсөн дүү болох Г.Урнаагийн хамт байрыг очиж үзсэн. ...2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хаан банкны 5039471753 тоот дансанд байрны түрээсийн үлдэгдэл төлбөр болох 200.000 төгрөг дээр нэмж Золжаргал гэгчийн хөл гэмтсэн гэсэн болохоор өрөвдөөд эмчилгээнд нь зориулж 10.000 төгрөг, нийт 210.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. ...Золжаргал гэгч нь тухайн байрыг Өлзий-Оршихоос 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө түрээсэлж аваад эргээд тухайн өдрийн орой надад давхар түрээслүүлсэн болохыг мэдсэн. Одоо миний хувьд Золжаргал гэгчээс 1 сарын хугацаанд тухайн байранд суусан учраас сарын түрээс 400.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 1.600.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх 171-172/,

Гэрч Т.Өлзий-Орших нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ нүүлгээд байж байхад орой 17 цагийн орчим нэг эмэгтэй найзын хамт ирж уулзсан. Тухайн үед 2 эмэгтэй байрыг сарын хугацаанд түрээсэлнэ гээд барьцаа мөнгөө нэг дэх өдөр гэрээ байгуулахдаа өгнө гээд түүнээс хойш уулзаагүй. Тухайн 2 эмэгтэйн нэг нь өөрийнхөө нэрийг Золжаргал гэж танилцуулж байсан. Тэгээд би уулзаад гэрээгээ байгуулъя гэхээр завгүй байна гээд ямар нэгэн шалтаг хэлээд уулзахгүй байсан. Тухайн үед нь манай эхнэр төрсөн учраас миний хувьд уулзах ямар нэгэн боломж байхгүй байсан. Ингээд сарын хугацаа дуусаад 7 хоног орчим байр суллаж өг зарахаар болчихлоо гэж залгасан боловч утсаа авахгүй байхаар нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Золжаргалын гэрийг заалгаж байгаад гэр болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Натур худалдааны замаар явж байгаад Андаа рестораны эсрэг талын 9 давхар 14 дүгээр байрны 7 дугаар орцны 219 тоот айлын гадаа очиход дүү нь гэх эмэгтэй хаалгаа тайлж өгөөд өөрөө байсан боловч гарч ирж уулзаагүй. Тэгэхээр нь би цагдаагаа хаягийг чинь олж авсан цагдаад өглөө гэсэн чинь над руу нэг дугаар өгөөд энэ хүнтэй ярьж байгаад байраа суллаад авчих гэсэн. Тэр дугаар руу нь ярьсан чинь Урангоо гэж эмэгтэйн байсан бөгөөд тэр эгч манай байрыг нөгөө эмэгтэйгээс сарын 400.000 төгрөгөөр 4 сарын хугацаанд нэг сарын барьцаатай 2.000.000 төгрөг авсан байсан. Ингээд байрандаа очоод байраа суллаж авмаар байна гэсэн шаардлага тавихад суллах боломжгүй гэж хэлсэн. Би мөнгөө олж авч байгаад гарна аль эсвэл надад 14 хоногийн хугацаа өг гэж хэлсэн. Үүний дараа байраа 37.000.000 төгрөгөөр зарж борлуулсан. Манай байрыг худалдаж авсан хүн Урангоо гэж хүнд байрыг түрээслээд явж байгаа. Миний хувьд Урангоо Золжаргал нартай ямар нэгэн мөнгөний асуудал байхгүй. Урангоо гэж эмэгтэй Золжаргал гэх эмэгтэйгээс мөнгөө авах ёстой...” гэх мэдүүлэг /2-р хх 175-176/,

Гэрч Б.Мөнхжин нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сард С.З  бид 2 салах үед миний Хаан банкны 5039471753 дугаарын данстай 6234580088260464 картын дугаартай виза карт болон Мобикомын 99742414 дугаарын сим карт зэргийг надад өгөлгүй авч үлдсэн. Түүнээс 2, 3 удаа Хаан банкны 5039471753 дугаарын данстай виза картаа авахаар асуухад С.З  нь надад банкны виза карт байхгүй, тиймээс удахгүй хэрэглэж байгаад өгчихнө гэсээр 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд надад огт өгөлгүй, өөртөө байлгаж ашигласан...” гэх мэдүүлэг /2-р 179-180/,

Шүүгдэгч Б.Э  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Золжаргал над руу яриад хүнд байр үзүүлэх гэсэн юм та миний нөхөр болж очоод миний өмнөөс үзүүлчих гэх хэлхээр нь би байрыг нь Золжаргалын нөхөр мэтээр ойлгуулж хүнд үзүүлсэн. Миний үзүүлсэн байрыг Золжаргал бусдад түрээслүүлж чадаагүй гэж хэлээд надад мөнгө өгөөгүй. Хэсэг хугацааны дараа буюу хагас сар орчмын дараа Золжаргал надад байр түрээсэлсэн гээд 1.500.000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх 170-171/,

Шүүгдэгч С.З  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би бусдын эд хөрөнгийг залилсан үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх 3-4/,

Шүүгдэгч Г.Н  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...С.З  бид 2 Урангоотой уулзаж байрны түлхүүрийг өгөхөөр Бөмбөгөр дээр очсон юм. Г.Урангоод байрны түлхүүрийн өгөөд дансанд орсон мөнгөөр тухайн өдрийн шөнө С.З  бид хоёр бааранд орж ууж идээд 800.000 төгрөг, 500.000 төгрөгөөр ломбарднаас эд зүйлсээ чөлөөлж авсан 85.000 төгрөг, 860.000 төгрөгөөр гэртэй ойр зуурын хүнс цуглуулсан. Би энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдэлдээ гэмшиж бусдад учруулсан хохирол 1.600.000 төгрөгийг өгсөн. 200.000 төгрөгийг хохирогчтой тохиролцож түрээсийн мөнгөнд тооцож үлдээсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 246-247/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 53, 61, 2-р хх 211/,  шүүгдэгч Б.Э ын хувийн байдлыг тодорхойлох баримт /1-р хх 62-64, 2-р хх 74-79/, шүүгдэгч С.З ын хувийн байдлыг тодорхойлох баримт /1-р хх 202-203/,  иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх 65/, оршин суугаа газрын тодорхойлолт /1-р хх 66, 199/, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн 000116499 дугаартай гэрчилгээний хуулбар, Гэрийн тавилга хүлээлцсэн гэх акт /хх 45-52/, Шүүгдэгч Б.Э ын Хаан банкны депозит дансны хуулга /1-р хх 71-72/, Хаан банкны 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 29/11617 тоот албан бичигт “...УК96060126 регистрийн дугаартай С.З  5753885762 тоот төгрөгийг харилцах данс эзэмшдэг байна...” гэх албан бичиг /1-р хх 73/, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээ /1-р хх 86/, Орон сууц хөлслөх гэрээ /1-р хх 87/, Үл хөдлөх улсын бүртгэлийн 000290279 дугаар гэрчилгээний хуулбар /1-р хх 122/, Л.Отгонбаатар, С.З  нарын байгуулсан орон сууц хөлслөх гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /1-р хх 47-48/, гэрч О.Ууганбатын хаан банкины депозит дансны хуулга /1-р хх 162/, С.З , Х.Түмэндэлгэр нарын байгуулсан “Орон сууц хөлслөх гэрээ” /1-р хх 205-207/, шүүгдэгч С.З ын хаан банкны депозит дансны хуулга /1-р хх 227-247, 2-р хх 1-5/, Улаанбаатар хотын банкны “Орон сууцны зээлийн гэрээ” /2-р хх 12-16/, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 838 дугаар албан бичиг /2-р хх 144/, хохирогч Г.Урангоогийн Хаан банкны депозит дансны хуулга /2-р хх 152, 166/, Г.Урангоо С.З  нарын харилцсан мессэжний хуулбар /2-р хх189-164/, гэрч Б.Мөнхжингийн Хаан банкны 5039471753 дугаар депозит дансны хуулга /2-р хх 192-198/, шүүгдэгч Г.Н ийн Хаан банкны 5018133457 дугаар депозит дансны хуулга /2-р хх 232-237/, гэрч М.Сугар, Д.Энхболд, Х.Мөнгөнбагана, нарын мэдүүлэг /2-р хх 229-230, 234/, хохирогч Л.Отгонбаатар, Л.Мөнхбат нарын хохирол төлбөр барагдуулсан баримт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнээд, шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарын гэм бурууг дараах байдлаар тодорхойлов.

Ингэхдээ шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчиллөө.

Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгч С.З ыг 2018 оны 07 дугаар сард иргэн Б.Лхагвамаагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 34 дүгээр байрны 70 тоот 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг, иргэн Т.Батчулууны өмчлөлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 78а байрны 936 тоот 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг, 2018 оны 08 дугаар сард иргэн О.Удвалын өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 42а байрны 26 тоот 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хуурамчаар үйлдүүлэхээр Б.Э ыг хөлсөлсөн, мөн шүүгдэгч Б.Э ийг С.З ын захиалгаар 2018 оны 07 дугаар сард иргэн Б.Лхагвамаагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 34 дүгээр сайрны 70 тоот 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг, иргэн Т.Батчулууны өмчлөлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 78а байрны 906 тоот 2 өрөө орон сууцны үл хөдпөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг, 2018 оны 08 дугаар сард иргэн О.Удвалын өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 42а байрны 26 тоот 2 өрөө орон сууцны сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тусдаа гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй, харин хуурамч бичиг баримт ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг залилах гэмт хэргийн арга хэлбэр гэж шүүх дүгнэв.

Ингэхдээ шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 зүйл ангид заасан гэмт хэрэгт буруутгагдсаныг 1 зүйл ангиар зүйлчилэн өөрчилсөн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзэв. 

Иймд прокуророос С.З д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Б.Э т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож ирүүлсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.З  нь иргэн Б.Лхагвамаагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 34 дүгээр байрны 70 тоот 2 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууцандаа 10 сая төгрөг зээлж, хүүнд нь 1 жилийн хугацаатай суулгана гэж хуурч, Б.Э ын үйлдсэн хуурамч Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ ашиглаж, бодит байдлыг нуух замаар “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулан төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тойргийн нотариатын гадна 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр иргэн Г.Энхтайванаас 9.000.000 төгрөг бэлнээр,

иргэн Т.Батчулууны өмчлөлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 78а байрны 906 тоот 2 өрөө орон орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууцандаа 10 сая төгрөг зээлж, хүүнд нь 1 жилийн хугацаатай суулгана гэж хуурч, Б.Э ын үйлдсэн хуурамч Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ ашиглаж, бодит байдлыг нуух замаар “Орон сууцыг хөлслөх гэрээ” байгуулан төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тойргийн нотариатад гэрээ байгуулан 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Л.Отгонбаатараас 8.000.000 төгрөгийг банкны дансаар, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 1.700.000 төгрөгийг бэлнээр нийт 9.700.000 төгрөгийг,

Б.Э  нь өөрийгөө С.З ын нөхөр, энэ байр нь С.З ын өмчлөлийн байр гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн О.Удвалын өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 42а байрны 26 тоот 2 өрөө орон орон сууцыг “өөрийн өмчлөлийн орон сууцандаа 10 сая төгрөг зээлж, хүүнд нь 1 жилийн хугацаатай суулгана” гэж Б.Э ын үйлдсэн хуурамч Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ ашиглаж, “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулан төөрөгдөлд оруулж 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Мөнхбатаас 15.000.000 төгрөг бэлнээр тус тус шилжүүлэн авсан,

шүүгдэгч С.З , Б.Номинцэцэг нар нь бүлэглэж 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 510 дугаар байрны 38 тоот иргэн Т.Өлзий-Оршихын өмчлөлийн орон сууцыг 1 сарын хугацаагаар түрээслэн авч улмаар Зар.мн цахим зарын сайтад тухайн орон сууцыг түрээслүүлнэ гэж зар байрлуулж Г.Урангоод 4 сарын хугацаагаар түрээслэхээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1.800.000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 210.000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 2.010.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Г.Энхтайвангийн “...би Золжаргалд 10.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлдүүлж хүүнд нь Золжаргалын эзэмшлийн байранд суухаар тусгасан юм. Тэгээд шууд гэрээгээ хийчхээд нотариатын гадна Золжаргалын Хаан банкны данс руу 9.000.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 8-11/, гэрч О.Амартуяагийн “...Гэрээ хийхэд 2 тал 2 уулаа биеэрээ байлцсан. Өөрт байгаа гэрээний нэг хувийг харахаар энэ гэрээнд 000116499 тоот гэрчилгээтэй улсын бүртгэлийн Ү-2203043588 дугаар бүртгэлтэй С.З ын өмчлөлийн 2 өрөө байрны гэрчилгээг хавсаргасан байна...” гэх мэдүүлэг /1-р хх 12-14/, гэрч З.Цэрэнчимэгийн “...2018 оны 08 дугаар сарын дундуур би охиныхоо байран дээр очиход миний түрээслүүлсэн хүн байгаагүй бөгөөд танихгүй өөр хүмүүс амьдарч байсан. Би гайхаад шууд юу болсон талаар асуухад уг хүн нь энэхүү байрны эзэн нь гэх хүнтэй би зарын дагуу холбогдож уг байрыг нэг жилийн хугацаатай түрээсэлсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 17-19/, хохирогч Г.Мөнхбатын “...Золжаргал бид 2 хоорондоо ярилцаад би 15.000.000 төгрөгийг өгөөд хүүнд нь байранд нэг жилийн хугацаатай суухаар болсон...” гэх мэдүүлэг /1-р хх 82-85/, гэрч Х.Болормаагийн “...би Золжаргал Мөнхбат нарт хөлслөх гэрээг нь хийж өгч байтал Золжаргал нь Мөнхбатаас 15.000.000 төгрөгийг барьцаалаад хүүнд нь сууна гэж хэлэхээр нь 15.000.000 төгрөг дээр нь тусад нь зээлийн гэрээг хийж өгсөн нь үнэн...” гэх мэдүүлэг /1-р хх 88-90/, гэрч П.Мөнх-Эрдэнийн “...Би 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр С.З , О.Удвал нарын өөрсдийнх нь авчирсан нэг жилийн хугацаатай орон сууц хөлслөх гэрээг баталсан байна. Гэрээний 2 тал буюу Золжаргал, Удвал нар хоёулаа ирж гарын үсэг зурсан...” гэх мэдүүлэг /1-р хх 91-92/, хохирогч Л.Отгонбаатарын “...би хүү Ууганбаттай холбогдож түүний данснаас С.З ын данс уруу 8 сая төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс би Очир хотхоны 78а байрны 906 тоотод нүүж очиж амьдарсан. 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр С.З тай тохирсны дагуу үлдэгдэл 2 сая төгрөгийн 1 сая 700 мянган төгрөгийг нь С.З ын ажилуулдаг ТҮЦ-нд байхад бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх 97/, нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1918 дугаар албан бичиг, хавсралт /1-р хавтас 123-124/, гэрч Т.Батчулууны “...Гэтэл би 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би өөрийн түрээслүүлсэн байран дээрээ очиход танихгүй нэг ах байсан бөгөөд Золжаргалд мөнгө зээлүүлээд хүүнд нь сууж байгаа гэж хэлэхээр нь цагдаад хадсан...” гэх мэдүүлэг /1-р хх 157-159/, гэрч О.Ууганбатын “...С.З  гэх хүний данс руу 8.000.000 төгрөгийг шилжүүл гэх хэлхээр нь би тухайн өдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ...шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 160-161/, гэрч О.Удвалын “...2018 оны 12 дугаар сарын 10-ны үед манай ах гэрээний хугацаа дуусахад 1 cap үлдсэн байсан учраас барьцааны мөнгө өгөх эсэх талаар өөртэй нь уулзах гээд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 42а байрны 26 тоотод очиход өөр хүмүүс байсан учраас түрээслэгч тал нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /2-р хх 104-105/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2332 дугаар дүгнэлт /2-р хх 109-111/, гэрч О.Лхагвамаагийн “...С.З , Б.Э  нарын үйлдлийн улмаас надад учирсан хохирол байхгүй. Би тухайн айлтай дахин түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлж байгаа” гэх мэдүүлэг /2-р хх 139/, хохирогч Г.Урангоогийн “...Тухайн өдрийн орой 23 цагийн үед би өөрийн төрсөн дүү болох Г.Урнаагийн хамт байрыг очиж үзсэн. ...2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хаан банкны 5039471753 тоот дансанд байрны түрээсийн үлдэгдэл төлбөр болох 200.000 төгрөг дээр нэмж Золжаргал гэгчийн хөл гэмтсэн гэсэн болохоор өрөвдөөд эмчилгээнд нь зориулж 10.000 төгрөг, нийт 210.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 171-172/, гэрч Т.Өлзий-Оршихын “...2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ нүүлгээд байж байхад орой 17 цагийн орчим нэг эмэгтэй найзын хамт ирж уулзсан. Тухайн үед 2 эмэгтэй байрыг сарын хугацаанд түрээсэлнэ гээд барьцаа мөнгөө нэг дэх өдөр гэрээ байгуулахдаа өгнө гээд түүнээс хойш уулзаагүй...” гэх мэдүүлэг /2-р хх 175-176/, гэрч Б.Мөнхжингийн “...2019 оны 03 дугаар сард С.З  бид 2 салах үед миний Хаан банкны 5039471753 дугаарын данстай 6234580088260464 картын дугаартай виза карт болон Мобикомын 99742414 дугаарын сим карт зэргийг надад өгөлгүй авч үлдсэн...” гэх мэдүүлэг /2-р 179-180/, шүүгдэгч Б.Э ын “...Золжаргал надад байр түрээсэлсэн гээд 1.500.000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх 170-171/, шүүгдэгч С.З ын “...Би бусдын эд хөрөнгийг залилсан үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх 3-4/, шүүгдэгч Г.Н ийн “...Би өөрийн үйлдэлдээ гэмшиж бусдад учруулсан хохирол 1.600.000 төгрөгийг өгсөн. 200.000 төгрөгийг хохирогчтой тохиролцож түрээсийн мөнгөнд тооцож үлдээсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 246-247/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.З ыг бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, бусдыг хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

шүүгдэгч Б.Э ыг бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, бусдыг хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.Н ийг бусадтай бүлэглэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

        Шүүх шүүгдэгч нарын хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнээд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Ингэхдээ шүүгдэгч нарын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн үйлдэл, оролцоог харгалзан тэнсэх хугацааг ялгамжтай тогтоов.

Шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

         Шүүгдэгч Г.Н  нь хохирогч Г.Урангоод 2.010.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгч Б.Э , С.З  нар хохирогч Г.Мөнхбатад 15 сая төгрөг, хохирогч Л.Отгонбаатарт 9.700.000 төгрөг тус тус төлсөн, хохирогч Г.Урангоо, Г.Мөнхбат, Л.Отгонбаатар нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно. Харин хохирогч Г.Энхтайванд гэмт хэргийн улмаас учирсан 9 сая төгрөгийн хохирол төлөгдөөгүй бөгөөд уг хохирлыг шүүгдэгч С.З аас гаргуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.З  нь уг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар уг хохирлоо 1 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Э , Г.Н  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.З  нь 63 /жаран гурав/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч С.З ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Э ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Боржигон овгийн С.З ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр, бусдыг хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Очир овгийн Б.Э ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр, бусдыг хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Бага Монгол овгийн Г.Н ийг Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заасныг журамлан шүүгдэгч С.З д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар,

шүүгдэгч Б.Э т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

шүүгдэгч Г.Н т Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж шүүгдэгч С.З , Б.Э , Г.Н  нарт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.З аас 9.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Энхтайван /РД: ХН74051777/-д олгож, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.З д 1 /нэг/ жилийн хугацаанд хохирлоо төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.

5. Шүүгдэгч С.З  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.З , Б.Э , Г.Н  нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Э , Г.Н  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.З  нь 63 /жаран гурав/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай. 

  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.З д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Э , Г.Н  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН