Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 257

 

 

 

 

 

 

  2020             3              3                                          2020/ДШМ/257

 

 

          С.З, Б.Э, Г.Н нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                              

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Баясгалан,

шүүгдэгч С.Зын өмгөөлөгч П.Гансүх,

шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Н.Жамъяндорж,

шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 907 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.З, Б.Э, Г.Н нарт холбогдох 1805 0490 71141 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн С-ын З, 1996 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

 

2. Очир овгийн Баяраагийн Э, 1982 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамж мэргэжилтэй, “...” ХХК-д захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ... аймгийн ... сум, ... дүгээр баг, ... дугаар хэсэг гудамж, захиргаа ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

 

3. Б овгийн Г-ийн Н, 1989 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, дүү, хүүхдүүдийн хамт ... аймгийн ... сум, ... дугаар баг, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

 

Шүүгдэгч С.З нь иргэн Б.Лхагвамаагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 34 дүгээр байрны 70 тоот 2 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууцандаа 10.000.000 төгрөг зээлж, хүүнд нь 1 жилийн хугацаатай суулгана гэж хуурч, хуурамч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ ашиглаж, бодит байдлыг нуух замаар “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулан төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тойргийн нотариатын гадна 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр иргэн Г.Энхтайванаас 9.000.000 төгрөгийг,

иргэн Т.Батчулууны өмчлөлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 78а байрны 906 тоот 2 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууцандаа 10.000.000 төгрөг зээлж, хүүнд нь 1 жилийн хугацаатай суулгана гэж хуурч, хуурамч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ ашиглаж, бодит байдлыг нуух замаар “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулан төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тойргийн нотариатад гэрээ байгуулан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Л.Отгонбаатараас 8.000.000 төгрөгийг банкны дансаар, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 1.700.000 төгрөгийг бэлнээр, нийт 9.700.000 төгрөгийг,

шүүгдэгч Б.Этой бүлэглэн иргэн О.Удвалын өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 42а байрны 26 тоот 2 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууцандаа 10.000.000 төгрөг зээлж, хүүнд нь 1 жилийн хугацаатай суулгана гэж хуурч, хуурамч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ ашиглаж, бодит байдлыг нуух замаар “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулан төөрөгдөлд оруулж 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Мөнхбатаас 5.300.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан,

шүүгдэгч Б.Нтэй бүлэглэж 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 510 дугаар байрны 38 тоот иргэн Т.Өлзий-Оршихын өмчлөлийн орон сууцыг 1 сарын хугацаагаар түрээслэн авч, улмаар Зар.мн цахим зарын сайтад тухайн орон сууцыг түрээслүүлнэ гэж зар байрлуулж Г.Урангоод 4 сарын хугацаагаар түрээслэхээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1.800.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 210.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 2.010.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 7 дугаар сард иргэн Б.Лхагвамаагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 34 дүгээр байрны 70 тоот 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг,

мөн иргэн Т.Батчулууны өмчлөлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 78а байрны 936 тоот 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг,

2018 оны 8 дугаар сард иргэн О.Удвалын өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 42а байрны 26 тоот 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг тус тус хуурамчаар үйлдүүлэхээр Б.Эыг хөлсөлсөн,

шүүгдэгч Б.Э нь С.Зын захиалгаар 2018 оны 7 дугаар сард иргэн Б.Лхагвамаагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 34 дүгээр байрны 70 тоот 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг,

мөн иргэн Т.Батчулууны өмчлөлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 78а байрны 906 тоот 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг,

2018 оны 8 дугаар сард иргэн О.Удвалын өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 42а байрны 26 тоот 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг тус тус хуурамчаар үйлдсэн,

шүүгдэгч С.Зтай бүлэглэж О.Удвалын өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 42а байрны 26 тоот 2 өрөө орон сууцыг түрээслэн аваад улмаар С.Зын байр мэтээр хуурамч гэрчилгээ үйлдэн ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон мөнгө зээлж, зээлсэн мөнгөний хүүнд уг байрандаа суулгана гэж 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Мөнхбатаас 15.000.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт хохирогч Г.Мөнхбатад өөрийгөө С.Зын нөхөр, энэ байр нь С.Зын өмчлөлийн байр гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж гэмт хэрэгт санаатайгаар нэгдсэн,

шүүгдэгч Б.Н нь С.Зтай бүлэглэж 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 510 дугаар байрны 38 тоот иргэн Т.Өлзий-Оршихын өмчлөлийн орон сууцыг 1 сарын хугацаагаар түрээслэн авч улмаар Зар.мн цахим зарын сайтад тухайн орон сууцыг түрээслүүлнэ гэж зар байрлуулж Г.Урангоод 4 сарын хугацаагаар түрээслэхээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1.800.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 210.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 2.010.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч С.Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Боржигон овгийн Сугарын Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Очир овгийн Баяраагийн Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр, бусдыг хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Бага Монгол овгийн Гангамаагийн Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Зд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, шүүгдэгч С.З, Б.Э, Г.Н нарт хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Заас 9.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Энхтайван /РД:ХН74051777/-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зд 1 /нэг/ жилийн хугацаанд хохирлоо төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, шүүгдэгч С.З нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулахыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.З, Б.Э, Г.Н нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Э, Г.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.З нь 63 /жаран гурав/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Зд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг, Б.Э, Г.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Н гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч С.Зтай хамтран дахин гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуульд заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ гэсэн заалтын дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 843 дугаартай шийтгэх тогтоолыг  хүчингүй болгож, хэргийг нэмж нэгтгэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Г.Нтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн С.З урьд нь үйлдсэн нуугдмал үйлдэл болох эрүүгийн 4 дугаартай хэрэг гарч ирсэн байх ба Г.Нтэй 2 үйлдэлд нь цуг байсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэснийг үндэслэн дээрх хэргүүдийг нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасны дагуу миний үйлчлүүлэгчийг 1 жилийн хугацаагаар тэнссэн 907 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмж нэгтгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.Зын өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Сүхээ өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Би анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон. Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар уг асуудал яригдаж байсан. Тухайн үед шүүгдэгч С.З цагдан хоригдож байсан. Цагдан хоригдож байхад нь надтай хамт өмгөөлж байсан Ж.Ганболд өмгөөлөгч байцаагчтай уулзаж “С.З нь цагдан хоригдож байна. Баянгол дүүргийн прокурорын газраас өөр хэрэг дээр түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн. Иймд хэргүүдийг нэгтгэж өгөөч” гэх хүсэлтийг удаа дараа гаргасан байдаг” гэв.

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Н.Жамъяандорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Сүхээ өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нэмж нэгтгэх талаар зохицуулсан байдаг. Хэрвээ дараагийн үйлдэл шүүхээр шийдвэрлэгдэх бол ял нь хүндэрч, шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордох магадлалтай юм. Мөн шүүгдэгч Г.Нт тухайн зүйлд заасан хамгийн бага ялыг оногдуулсан байхад ямар нэгэн үндэслэлгүйгээр гомдол гаргана гэж байхгүй байх. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Прокурор Э.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасны дагуу сүүлд илэрсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсний дараа нэмж нэгтгэх асуудал яригдана. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.З нь иргэн Б.Лхагвамаагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 34 дүгээр байрны 70 тоот 2 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууцандаа 10.000.000 төгрөг зээлж, хүүнд нь 1 жилийн хугацаатай суулгана гэж хуурч, хуурамч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ ашиглаж, бодит байдлыг нуух замаар “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулан төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тойргийн нотариатын гадна 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр иргэн Г.Энхтайванаас 9.000.000 төгрөгийг,

иргэн Т.Батчулууны өмчлөлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 78а байрны 906 тоот 2 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууцандаа 10.000.000 төгрөг зээлж, хүүнд нь 1 жилийн хугацаатай суулгана гэж хуурч, хуурамч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ ашиглаж, бодит байдлыг нуух замаар “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулан төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тойргийн нотариатад гэрээ байгуулан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Л.Отгонбаатараас 8.000.000 төгрөгийг банкны дансаар, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 1.700.000 төгрөгийг бэлнээр, нийт 9.700.000 төгрөгийг,

шүүгдэгч Б.Этой бүлэглэн иргэн О.Удвалын өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 42а байрны 26 тоот 2 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууцандаа 10.000.000 төгрөг зээлж, хүүнд нь 1 жилийн хугацаатай суулгана гэж хуурч, хуурамч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ ашиглаж, бодит байдлыг нуух замаар “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулан төөрөгдөлд оруулж 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Мөнхбатаас 5.300.000 төгрөгийг,

шүүгдэгч Б.Нтэй бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 510 дугаар байрны 38 тоот иргэн Т.Өлзий-Оршихын өмчлөлийн орон сууцыг 1 сарын хугацаагаар түрээслэн авч, улмаар Зар.мн цахим зарын сайтад тухайн орон сууцыг түрээслүүлнэ гэж зар байрлуулж Г.Урангоод 4 сарын хугацаагаар түрээслэхээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1.800.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 210.000 төгрөг, нийт 2.010.000 төгрөгийг шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг,

 

шүүгдэгч Б.Э нь С.Зтай бүлэглэж О.Удвалын өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 42а байрны 26 тоот 2 өрөө орон сууцыг түрээслэн аваад улмаар хохирогч Г.Мөнхбатад өөрийгөө С.Зын нөхөр, байрыг С.Зын байр гэж хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс мөнгө зээлж, зээлсэн мөнгөний хүүнд уг байрандаа суулгана гэж 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Мөнхбатаас 15.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг,

 

шүүгдэгч Б.Н нь С.Зтай бүлэглэж 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 510 дугаар байрны 38 тоот иргэн Т.Өлзий-Оршихын өмчлөлийн орон сууцыг 1 сарын хугацаагаар түрээслэн авч, улмаар Зар.мн цахим зарын сайтад тухайн орон сууцыг түрээслүүлнэ гэж зар байрлуулж Г.Урангоод 4 сарын хугацаагаар түрээслэхээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1.800.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 210.000 төгрөг, нийт 2.010.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.Энхтайваны “2018 оны 7 дугаар сарын эхээр би өөрийн танил хүнээсээ “З гэх хүн 10.000.000 төгрөг зээлүүлээд хүүнд нь байрандаа суулгана” гэсэн зар байгааг сонссон. 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр би З гэх эмэгтэйтэй утсаар ярьж уулзаад Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 34 дүгээр байрны 70 тоот 63.1 мкв 2 өрөө орон сууцыг үзсэн. Тухайн үед би уг байрыг түрээслэхээр зөвшөөрч, уг байранд байсан тавилгуудыг хүлээлцсэн акт үйлдсэн. Тэндээс гарч Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Этүгэн” зочид буудлын урд талын нотариат дээр Зтай хамт очиж орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Уг гэрээнд би Зд 10.000.000 төгрөгийг нэг жилийн хугацаатай зээлүүлж, хүүнд нь Зын эзэмшлийн байранд суухаар заасан. Гэрээгээ хийчихээд нотариатын гадна гараад Зын “Хаан” банкны данс руу 9.000.000 төгрөг шилжүүлсэн. ...” /1хх 9-11/,

 

хохирогч Л.Отгонбаатарын “2018 оны 7 дугаар сард би хүнд мөнгө зээлж, зээлсэн мөнгөний хүүнд нь байр хөлслөн амьдрах зорилгоор интернетээс зар хайж байсан. Тэгтэл С.З гэх эмэгтэй “нэг жилийн хугацаатай мөнгө зээлж, хүүнд нь байранд суулгана” гэсэн зарыг байршуулсан байсан бөгөөд түүнтэй холбогдсон. 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 16 цагт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо “Очир” хотхоны 78а байрны 906 тоотод очиж С.Зтай уулзсан. Би байрны гэрчилгээг үзэхэд Ү-2203043589 дугаартай Сугарын Зын нэр дээр бүртгэлтэй гэрчилгээний хуулбар байсан. С.З бид хоёр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Андуудын автобусны буудлын ард байрлах нотариатын газарт очиж орон сууц хөлслөх гэрээ байгуулж, би хүү Ууганбаттай холбогдож түүний данснаас С.Зын данс руу 8.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр С.Зтай тохиролцсоны дагуу үлдэгдэл 2.000.000 төгрөгийн 1.700.000 төгрөгийг түүний ажиллуулдаг ТҮЦ-д байхад нь аваачиж бэлнээр өгсөн.” /1хх 155-156/,

 

хохирогч Г.Мөнхбатын “...2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Өргөө кино театрын урд Зтай уулзахад надад “Монгол Улсын иргэн Боржигон овгийн Сугарын З, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 42а байрны 26 тоот 2 өрөө Ү-2205052128”

гэсэн бичиглэлтэй гэрчилгээний хуулбарыг үзүүлээд “байрны гэрчилгээний жинхэнэ хувь нь банкин дээр байдаг, би гэрчилгээний хуулбарыг банкны менежерээс гуйж авсан” гэж хэлсэн. Бид хоёр хоорондоо ярилцаад би Зд 15.000.000 төгрөгийг өгөөд, хүүнд нь нэг жилийн хугацаатай суухаар болсон. Бид хоёр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан төгрөг” худалдааны төвийн зүүнд талд зам дагуу байдаг нотариатын газар орж зээлийн гэрээ, орон сууц түрээслэх гэрээ байгуулсан. Тэндээс гараад би “Голомт” банкнаас 15.000.000 төгрөг авч Зд бэлнээр өгсөн.” /1хх 82-85/,

 

хохирогч Г.Урангоогийн “2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 20 цагийн үед зарын сайтнаас “Сүхбаатар дүүрэгт байрлах Хангай хотхоны 510 дугаар байрны 38 тоот 1 өрөө байрыг сарын 400.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэсэн зарыг харсан. Тэр орой З гэгчтэй Бөмбөгөр худалдааны төвийн урд уулзаж дээрх байрыг сарын 400.000 төгрөгөөр 4 сарын хугацаатай, 1 сарын барьцаа 400.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр “Хаан” банкны 5018133457 тоот дансанд 1.800.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Хаан” банкны 5039471753 тоот дансанд 210.000 төгрөг шилжүүлсэн.” /2хх 171-172/,

 

гэрч О.Амартуяагийн “би Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Транскапитал” банк бус санхүүгийн байгууллагын 3 дугаар давхрын 212 тоот өрөөнд нотариатын үйл ажиллагаа явуулдаг. 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр намайг ажил дээрээ байхад миний зүс таних байнгын үйлчлүүлэгч болох Энхтайван нэг танихгүй охины хамт орж ирсэн. Энхтайван надад “энэ эмэгтэйд 10.000.000 төгрөг зээлүүлээд хүүнд нь байранд нь өөрийнхөө дүүг суулгах гэж байгаа юм” гэж хэлсэн. Би орон сууц хөлслөх гэрээг Энхтайван, З нарын нэр дээр хийж өгсөн, гэрээний нөхцөлд “10.000.000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй Зд зээлүүлнэ. Зээлийн нэг сарын хүү болох 500.000 төгрөгт байрыг хөлсөлнө” гэсэн тохиролцоог бичиж өгөөд талууд гэрээн дээр гарын үсэг зурсан.” /1хх 12-14/,

 

гэрч Х.Болормаагийн “би Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан төгрөг” төвийн баруун талын байрны 2 дугаар давхарт нотариатчийн үйл ажиллагаа явуулдаг. 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр намайг ажил дээр байх үед иргэн Золжаграл, Мөнхбат нар орон сууц хөлслөх гэрээ хийнэ гэж орж ирсэн. Би тухайн үед гэрчилгээний хуулбараар гэрээ хийхгүй гэдгээ хэлтэл З нь байр  “Хаан” банкинд барьцаанд байгаа гэж хэлэхээр нь гэрчилгээний хуулбарыг хартал доод хэсэгт нь “Хаан” банкны хуулбар үнэн гэсэн тамгатай, мөн гарын үсэгтэй байсан. ...би З, Мөнхбат нарт орон сууц хөлслөх гэрээг хийж өгч байхад З нь Мөнхбатаас 15.000.000 төгрөгийг барьцаалаад хүүнд нь сууна гэж хэлэхээр нь тусад нь зээлийн гэрээ хийж өгсөн нь үнэн. ...” /1хх 88-90/,

 

гэрч П.Мөнх-Эрдэнийн “...би 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр С.З, О.Удвал нарын өөрсдийнх нь авчирсан нэг жилийн хугацаатай орон сууц хөлслөх гэрээг баталсан байна. Гэрээний хоёр тал буюу З, Удвал нар хоёулаа гарын үсэг зурсан.” /1хх 91-92/,

 

гэрч З.Цэрэнчимэгийн “...би 2015 онд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 34 дүгээр байрны 70 тоот 2 өрөө орон сууцыг худалдаж авсан. Уг байрыг худалдаж авахдаа өөрийн охин Б.Лхагвамаагийн нэр дээр гэрчилгээг шилжүүлж авч байсан. Байрыг худалдаж авснаас хойш уг байрыг бусдад түрээслүүлж байгаа бөгөөд 2018 оны 8 дугаар сарын дундуур би охиныхоо байран дээр очиход миний түрээслүүлсэн хүн байгаагүй харин өөр танихгүй хүмүүс байсан. Би юу болсон талаар асуухад “зар дээрээс энэ байрны эзэн нь гэх З гэдэг хүнтэй зарын дагуу холбогдож нэг жилийн хугацаатай түрээсэлсэн” гэж хэлсэн.” /1хх 17-19/,

 

гэрч О.Удвалын “...би 2018 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 42а байрны 26 тоот байрыг З гэдэг хүнд 6 сарын хугацаагаар түрээсэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрээний хугацаа дуусахад 1 сар үлдсэн байсан учраас барьцааны мөнгө өгөх талаар асуухаар очиход байранд өөр хүмүүс байсан тул Цагдаагийн байгууллагад хандсан. ...” /2хх 104-105/,

 

гэрч О.Ууганбатын “...2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр аав Отгонбаатар над руу залгаад “түрээслэх байраа олоод гэрээгээ хийгээд нотариатаар батлуулчихлаа, С.З гэх хүний данс руу 8.000.000 төгрөг шилжүүл” гэхээр нь би тухайн өдрийн орой нь Зын эзэмшлийн “Хаан” банкны 5753885763 тоот данс руу 8.000.000 төгрөг шилжүүлсэн.” /хх 160-161/,

 

гэрч Т.Батчулууны “...2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр би Зтай уулзаад байраа үзүүлэхэд тэрээр манай байрыг нэг жилийн хугацаатай, нэг сарын 650.000 төгрөгөөр түрээслэхээр болсон. З нь надад түрээсийн төлбөрт 3.800.000 төгрөг төлсөн. Би 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр түрээслүүлсэн байран дээрээ очиход танихгүй нэг ах байсан бөгөөд “Зд мөнгө зээлүүлээд хүүнд нь сууж байгаа” гэж хэлэхээр нь Цагдаагийн байгууллагад хандсан.” /1хх 157-159/,

 

гэрч Т.Өлзий-Оршихын “...2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн үед нэг эмэгтэй найзын хамт ирж уулзсан бөгөөд нэг нь өөрийгөө З гэж танилцуулж байсан. Тэр хоёр эмэгтэй байрыг нэг сарын хугацаагаар түрээсэлнэ, барьцаа мөнгөө 1 дэх өдөр гэрээгээ байгуулахдаа өгнө гээд түүнээс хойш дахиж уулзаагүй. ...” /2хх 175-176/,

 

гэрч Б.Мөнхжингийн “...2019 оны 3 дугаар сард С.З бид хоёр салах үед миний “Хаан” банкны 5039471753 дугаартай карт болон Мобикомын 99742414 дугаартай сим картыг авч үлдсэн. Би түүнээс “Хаан” банкны картаа авахаар асуухад С.Золжарал нь өгөхгүй байлгасаар 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд өөртөө ашигласан. ...” /2хх 179-180/ гэх мэдүүлгүүд,

 

2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ /1хх 45/, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 34 дүгээр байрны 70 тоот 63.1 м.кв орон сууцны Ү-2203043588 бүхий бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 46/, гэрийн тавилга хүлээлцсэн акт /1хх 47/, Б.Эын эзэмшлийн “Хаан” банкны 5374366474 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 71-72/, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ /1хх 86/, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ /1хх 87/, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дхж гудамж, 42а байрны 26 тоот 50.7 м.кв орон сууцны Ү-2205052128 бүхий бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 122/, 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ /1хх 147/, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 78а байрны 906 тоот 45.5 м.кв орон сууцны Ү2203043589 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 148/, 2018 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн зээлийн гэрээ /1хх 210/, гэрч О.Ууганбатын эзэмшлийн “Хаан” банкны 5018623033 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 162/, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ /1хх 205-207/, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ /1хх 211-213/, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ /1хх 215/, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ /1хх 216/, С.Зын эзэмшлийн “Хаан” банкны 5753885762 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 227-247, 2хх 1-5/, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 838 дугаартай албан бичиг /2хх 144/, Г.Урангоогийн эзэмшлийн “Хаан” банкны 5069218694 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 158/, Г.Урангоо, С.З нарын харилцсан мессэжний хуулга /2хх 158-164/, гэрч Б.Мөнхжингийн эзэмшлийн “Хаан” банкны 5039471753 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 192-198/, шүүгдэгч Г.Нийн эзэмшлийн “Хаан” банкны 5018133457 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 232-237/, 2019 оны 11 дүгээр сарын 21, 25-ны  өдрүүдэд шүүгдэгч Б.Э, С.З нар хохирогч Г.Отгонбаатар, Г.Мөнхбат нарт тус тус хохирол  төлсөн баримтууд /3хх 133-136/ болон шүүгдэгч С.З 9000000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахыг илэрхийлсэн хүсэлт болон шүүгдэгч нар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч С.З, Б.Э, Г.Н нарыг бусдыг хуурч, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч С.З, Б.Э, Г.Н нарын орон сууцны гэрчилгээг хуурамчаар үйлдэн, бусдын орон сууцыг өөрийн гэж итгүүлж түрээслэхээр тохиролцон мөнгө шилжүүлэн авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Зд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал, хохирол төлсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Мөн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарын хуурамч баримт хийсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх тусдаа гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй, харин хуурамч бичиг баримт ашиглаж, зохиомол байдлыг бий болгож, бусдыг залилах гэмт хэргийн арга хэлбэр гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарна гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. 

                                                      

Шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан “...шүүгдэгч С.Зтай хамтран дахин гэмт хэрэг үйлдсэн тул анхан шатны шүүхийн 843 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмж нэгтгэн шийдвэрлэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үед шүүгдэгч нар өөр гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаар яригдаагүй, хэлэлцэгдээгүй бөгөөд хавтаст хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байх тул шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасан байх бөгөөд энэ хэрэгт шүүгдэгч нар өөр хэрэгт яллагдагчаар татагдсан прокурорын тогтоол авагдаагүй, түүнчлэн өөр хэрэгт яллагдагчаар татагдсан нь хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамааруулахгүйгээр хуульчлагджээ.

                                                            

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Н болон түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 907 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

 

            ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

            ШҮҮГЧ                                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ