Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 644

 

Д.Сэрчинд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Зориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:        

          Прокурор Н.Дамбадаржаа,

          Ялтан Д.Сэрчин, өмгөөлөгч Г.Ганхуяг, Ю.Сэвлэгмаа,

          Хохирогч Ш.Ганзориг,

          Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,      

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Оюун, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Сэрчин, түүний өмгөөлөгч Г.Ганхуяг, Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Сэрчинд холбогдох эрүүгийн 2016 2602 1089 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Их шавь овгийн Доржготовын Сэрчин, 1980 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28 дугаар гудамжны 1333б тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 44-19 тоотод оршин суух,

          Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 152 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 4 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 00 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 9 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж суллагдсан, /РД:ЧО80040178/,

Д.Сэрчин нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өүшин” баарны гадна хохирогч Ш.Ганзоригтой хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар төмсөг рүү нь өшиглөн биед нь баруун төмсөгний задрал, хуйхнагт цус хуралт, баруун цавь орчим зөөлөн эдийн няцрал бүхий амь биед нь аюултай, баруун төмсөг мэс заслаар авагдсан буюу эрхтнээс хагацуулсан хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Д.Сэрчин үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Сэрчинг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.Сэрчин нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ш.Ганзориг нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Д.Сэрчин тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Гэмт хэрэг гардаг тухай өдөр хохирогч Ш.Ганзориг, Д.Отгонбаяр, Э.Хонгорхүү, Индэр бид нар нийлэн архи уугаад улмаар хохирогч Ш.Ганзориг бид хоёр маргалдаж Ш.Ганзориг намайг хэл амаар доромжлон өөрийн хувцсыг тайлж хаяад миний өмсөж явсан цамцаар хоолойг минь боосон учир амьсгал боогдох үед би Ш.Ганзоригийн хөлийг хавсарч унагаах үйлдэл хийсэн. Энэ үед л түүний төмсөг оногдсон байх магадлалтай юм. Энэ хэргийн гэрч болох Э.Хонгорхүү, Индэр нар нь таксинд сууж байсан бөгөөд Э.Хонгорхүү бууж ирэн Ш.Ганзоригийг автомашинд суулгаад, тайлж шидсэн хувцаснуудыг нь хамж аваад автомашинтайгаа хөдлөөд явсан. Миний бодлоор тухайн үед хохирогч Ш.Ганзориг эмзэг эрхтэндээ цохиулсан бол өвчин мэдэрч ёолох, суух тусах ч юм уу ямар нэгэн үйлдэл гаргаж байсан байх гэж бодож байна.

Хавтаст хэргээс үзэхэд хохирогч Ш.Ганзориг төмсгөндөө гэмтэл авч түүнийг нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хүнд гэмтэл гэж тогтоосон. Үүнийг мөрдөн байцаалтын явцад шалгахдаа хэн нэгэнд тохож нялзаах тухайлбал: Д.Сэрчин надад хүлээлгэж хэргийг шийдвэрлэх байдлаар ажиллагаа хийсэн гэж үзэж байна. Учир нь:

1. Бид тэд нараас нэлээд ах,

2. Биеийн хүчний ажил буюу барилгын ажил хийдэг учир архи даах чадвар илүү байх магадлалтай учир согтолтын хэмжээ бага байсан байж болох,

3. Миний бие эр хүний хувьд, тэднээс ахмад хүний хувьд санаатайгаар эрэгтэй хүний эмзэг эрхтэн рүү өшиглөж, ийм байдалд хүргэхгүй гэдгээ сайн мэднэ. Би хохирогч Ш.Ганзоригийг цохих, шанаадах болон биеийн аль нэг хэсэгт цохиод авах боломжтой. Хэрвээ тийм үйлдэл гаргасан бол ямар нэгэн гэмтэл учрах байсан гэж бодож байна.

Ийм учраас л хавсарч унагаах гэж оролдсон. Энэ байдлаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт хэлсэн боловч авч үзэхгүй шүүхэд шилжүүлэн анхан шатны шүүх хэргийн хэмжээнд нь ял оногдуулсан.

Миний байнгын асаргаанд байдаг эцэг Доржготов, эхнэр болон 4-10 насны 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд барилгын ажил хийж ар амьдралаа авч явдаг.

Анхан шатны шүүх дээр өмгөөлөгч Г.Ганхуяг миний үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн үйлдэл тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч түүнийг нь шүүх нотлогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон.

Гэтэл хохирогч Ш.Ганзориг намайг хэл амаар доромжилсон, өмсөж явсан хувцсаа тайлсан байдлууд нь гэрч Э.Хонгорхүү, Д.Отгонбаяр нарын мэдүүлгээр нотлогддог. Тэр танхайн үйлдлийнхээ явцад миний хоолойг боосон. Үүнээс болж би амиа хамгаалахын тулд хавсарсан үйлдэл хийсэн. Энэ үед л хохирогчийн төмсөг оногдсон байж болох юм.

Хохирогч Ш.Ганзориг яагаад намайг хэл амаар доромжлон, хувцсаа тайлж танхайрсан, хоолой боосон үйлдлүүдээ мэдэхгүй байсан мөртлөө Д.Сэрчин миний төмсөг рүү өшиглөсөн гэдгээ тодорхой мэдүүлээд байгаа юм бэ. Уг явдал 22 цаг өнгөрч байхад болсон. Гэтэл хохирогч Ш.Ганзориг шөнийн 00 цагаас хойш гэртээ харьсан. “Өргөө” кино театрийн урдаас 10 дугаар хороолол ороход хэдэн минут явах вэ. 22 цагаас 00 цагийн хооронд хохирогч Ш.Ганзориг шууд гэртээ харьсан уу, эсвэл өөр тийшээ явсан уу гэдгийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоогоогүй.

Дээрх байдлуудыг мөрдөн байцаалтын шатанд нарийвчлан шалгалгүй надад тохсон байдлаар шалгасан. Би эр хүний хувьд хохирогч Ш.Ганзоригийн эмчилгээнд зарцуулсан 1.350.000 төгрөгийг өөрийн хүсэлтээр өгсөн. Үүнийг хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нар намайг өөрийнхөө гэм буруутайг хүлээн зөвшөөрсөн мэтээр ойлгоод байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн эрхэм шүүгч та бүхэн хэргийг нарийвчлан хянаж шийдвэрлэж өгнө үү...” гэв. 

Ялтан Д.Сэрчингийн өмгөөлөгч Г.Ганхуяг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

“Ялтан Д.Сэрчинг уг хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хэт яллах талыг барьж шалгасан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаант нөхцөл, ялын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөлүүдийг тэгш шалгаж тогтоогоогүй байхад анхан шатны шүүхээс санаатайгаар бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж ял оногдуулсан нь учир дутагдалтай байна. Тухайлбал: Гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр ялтан Д.Сэрчин, хохирогч Ш.Ганзориг нар бусадтай нийлэн архи уугаад улмаар маргалдаж Ш.Ганзориг Д.Сэрчинг хэл амаар доромжилж өөрийн хувцсыг тайлж газар хаяж, Д.Сэрчинг өмсөж явсан цамцаар нь хоолойг нь боосон учир Д.Сэрчингийн амьсгал боогдох үед тэрээр Ш.Ганзоригийг хавсарч унагах үйлдэл хийх үед нь түүний төмсөг оногдсон байх боломжтой байдал хавтаст хэргээс болон шүүхийн шинэчилсэн байцаалтаас харагдаж байгаа юм. Үүнийг гэрч Д.Отгонбаяр, Э.Хонгорхүү болон ялтан Д.Сэрчингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн удаа дараагийн мэдүүлгүүдээр батлагддаг юм” гэсэн гомдлоосоо татгалзаж байна.

Ялтан Д.Сэрчин нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн, энэ хэрэгт анх удаа шийтгүүлж байгаа, ар гэрт нь 67 настай байнгын асаргаанд байдаг эцэг Доржготов, эхнэр болон 4-10 насны 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Мөн Гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай ажиллагаа байсан зэрэг байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хорихоос өөр төрлийн ял болох торгох ялыг оногдуулж өгнө үү. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэсэн заалтыг харгалзан шийдвэрлэж өгнө үү...” гэв. 

 

Ялтан Д.Сэрчингийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байж чадсангүй. Ялтан Д.Сэрчин нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Ш.Ганзоригтой маргалдах буюу Ш.Ганзориг өөрийн хоолойг нь боохлоор нь түүнийг гарыг тавиулах гэж хавирч унагаасан. Энэ үед төмсөг нь цохигдсон байх гэдэг бөгөөд хохирогч Ш.Ганзоригийн биед хүнд гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгодог. Шүүхээс түүнийг эм буруутай гэж дүгнэсэн атлаа түүнд Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлээгүй хэт яллах талыг барьж таван жилийн хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

            1. Хохирогч Ш.Ганзориг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд удаа дараа илэрхийлсэн.

            2. 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 529 дугаартай дүгнэлтээр хохирогч Ш.Ганзоригийг үр тогтоох чадвартай гэж тогтоосон.

            3. Хохиролд 1.350.000 төгрөг төлсөн.

            4. Д.Сэрчинг шүүхээс ялтай байдлын хугацаа дууссан тул түүнийг ялгүйд тооцсон байдаг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү.

            Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу Д.Сэрчинд ялын зүйл ангийг өөрчилж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол гурван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнсэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл ангиар өөрчилж өгнө үү.

            Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

            Хохирогч Ш.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг гарахад Д.Сэрчинтэй хамт архи уусан, миний буруутай үйл ажиллагаа байгаа. Хохирлыг төлж барагдуулсан. Иймд гомдол саналгүй байх тул түүний ар гэрийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

            Прокурор Н.Дамбадаржаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Ялтан болон ялтны өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацаа, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх гэсэн заалтуудаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх боломжгүй гэж үзэж байна. Ялтан давж заалдах гомдолдоо гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна. Ялтан гэмт хэргийн үйлдэл болон цаг хугацааны талаар маргаж байгаа учир Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөлд хамаарахгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.          

Д.Сэрчин нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өүшин” баарны гадна хохирогч Ш.Ганзоригтой хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар төмсөг рүү нь өшиглөн биед нь баруун төмсөгний задрал, хуйхнагт цус хуралт, баруун цавь орчим зөөлөн эдийн няцрал бүхий амь биед нь аюултай, баруун төмсөг мэс заслаар авагдсан буюу эрхтнээс хагацуулсан хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Ш.Ганзоригийн “...Д.Сэрчин “маргааш миний төрсөн өдөр дахиад юм ууя, намайг мөнгөтэй юу” гээд асуугаад байсан. Тэгэхээр нь би “надад мөнгө байхгүй, таксиныхаа мөнгийг би өгчихье” гэж хэлээд сууж байтал Д.Сэрчин миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би автомашинаас буутал Д.Сэрчин миний төмсөг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд миний толгой эргээд тонгойтол Э.Хонгорхүү салгаж намайг автомашинд суулгасан. Д.Отгонбаяр, Д.Сэрчин хоёр тэнд үлдсэн. Би тэгээд такситайгаа гэрийнхээ гадаа Э.Хонгорхүү, Эндка хоёртой хамт ирсэн. Тухайн үед би алхаж явж чадахгүй, Э.Хонгорхүүгээр түшүүлж байгаад байрны гадаа өмдөө шувтлаад үзүүлэхэд миний төмсөг томроод хавдчихсан байсан. Тэгэхээр нь би эхнэр лүүгээ утсаар ярьж хэлээд орсон. Тэгээд гэрээс Гэмтлийн эмнэлэг явж үзүүлэхэд “Нэгдүгээр эмнэлэг явж үзүүл” гэсэн. Тэгээд Нэгдүгээр эмнэлэг орж үзүүлэхэд яаралтай хагалгаа хийж миний баруун талын төмсгийг авсан...” /1-р хх-12-14, 15/,

Гэрч Б.Болортуяагийн “...Ш.Ганзориг тухайн шөнө “Өүшин” баарны гадаа Шижирээ /Д.Сэрчин/-д зодуулчихлаа гэж ярьж байсан. ...Тухайн шөнө манай нөхрийн төмсөг нь данх шиг том болоод хавдчихсан, алхаж чадахгүй, их өвдөж шаналж байсан. Түргэний эмч ирээд өвчин намдаах тариа хийгээд байхад өвчин нь намдахгүй байсан...” /1-р хх-16-17/,

Гэрч Д.Отгонбаярын “...Ш.Ганзориг “чи юу мэддэг юм бэ, пизда чинь, зодолдъё, шоронгийн пизда минь” гээд хувцсаа тайлж буусан, Тэгэхэд Д.Сэрчин ах араас нь бууж барьцалдаад авахаар нь Эдка бид хоёр бууж салгасан. Яг салгах үед Д.Сэрчин ах Ш.Ганзоригийн шилбэ рүү өшиглөх шиг болсон. Тэгээд би Д.Сэрчин ахыг орц руу оруулчхаад буцаж ирээд таксины жолоочид 10.000 төгрөг өгсөн. Тэгээд Ш.Ганзориг “та муу хоёрыг харнаа” гээд таксиндаа суугаад явчихсан...” /1-р хх-19-20/,

Гэрч Э.Хонгорхүүгийн “...Ш.Ганзориг дээгүүрх хувцсаа тайлж, нүцгэлчихсэн Д.Сэрчинтэй маргалдаад зогсож байхаар нь би очиж хувцасыг нь түүж авчхаад таксинд оруулж суулгаад Ш.Ганзоригийнх рүү явсан. Явж байх замд Ш.Ганзориг “Д.Сэрчин миний салтаа руу өшиглөчих шиг боллоо” гэсэн. ...Тэгээд таксинаас буугаад гэр лүү нь оруулах гэхэд Ш.Ганзориг алхаж явж чадахгүй байсан. ...Ш.Ганзоригийг хоёр талаас нь бариад гэр лүү нь оруулж өгсөн...” /1-р хх-234-238/,

Шинжээч Т.Номинцэцэгийн “...Ш.Ганзоригийн биед үүссэн гэмтлүүд нь нэг удаагийн өшиглөх, цохих зэргээр үүсэх боломжтой. Гэмтэл учирсан даруйдаа улайж, хавдах, өвдөх, чинэрэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. ...Хэрэв зүүн төмсөг хэвийн ажиллагаатай тохиолдолд үр тогтоох боломжтой. Баруун төмсөг мэс заслаар авахуулсан нь зүүн төмсөгт нөлөө үзүүлэхгүй. Хохирогч төмсгөндөө гэмтэл авсан даруйд хавдах, өвдөх, улайх шинж тэмдэг илрэх боловч явцдаа томорч хавдах боломжтой. Тухайн гэмтлийг авсан даруйдаа алхах, хөдлөх зэрэг үйлдэл хийх боломжтой...” /1-р хх-72-73/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ш.Ганзоригийн биед баруун төмсөгний задрал /2016 оны 4 дүгээр сарын 1-нд баруун төмсөг мэс заслаар авсан/, хуйхнагт цус хуралт, баруун цавь орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.2 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн 4710 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-23-24/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ш.Ганзоригийн үрийн шингэний шинжилгээнд эр бэлгийн эс тоо үзүүлэлт хэвийн буюу үр тогтоох чадвартай байна...” гэсэн 529 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-241-243/,

 

Хохирлын баримтууд /1-р хх-51-53/, хохирол төлсөн баримтууд /1-р хх-55, 158/ хохирогч Ш.Ганзориг Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /1-р хх-122-146/, ялтан Д.Сэрчингийн сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж тус тус заажээ.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялын хэмжээг хөнгөрүүлж өөрчилсөн байх тул тус хуулийг буцаан хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 хэсэгт зааснаар Д.Сэрчинд анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Сэрчинг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, ялтан Д.Сэрчин, түүний өмгөөлөгч Г.Ганхуяг, Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтын “Шүүгдэгч Их шавь овогт Доржготовын Сэрчинг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Их шавь овогт Доржготовын Сэрчинг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сэрчинг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сэрчинг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сэрчинд оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сэрчинд  оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан Д.Сэрчин, түүний өмгөөлөгч Г.Ганхуяг, Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ     

                                      ШҮҮГЧИД                                                     Б.ЗОРИГ

                                                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ