Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2020/0649

 

                                  П.А-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, өмгөөлөгч Л.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нарыг /цахимаар/ оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2020/0653 дугаар шийдвэртэй, П.А-ийн нэхэмжлэлтэй, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах Зөвлөлд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 653 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.3-д заасныг баримтлан П.А-ийн нэхэмжлэлтэй, П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах Зөвлөлд холбогдуулан гаргаснаар П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах Зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Захирлын сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах, П.А миний сонгон шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн материалд зохих журмын дагуу үнэлгээ хийхийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах Зөвлөлд даалгуулах, П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Захирлын сонгон шалгаруулалтад Ц.Т-О-ыг шалгаруулсан тус эмнэлгийн төлөөлөн удирдах Зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулж, Ц.Т-О-ыг Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирлаар томилсон тус эмнэлгийн Төлөөлөн удирдах Зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

     2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

    Нэхэмжлэгч П.А давж заалдах гомдолдоо: “…  Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

    Шүүхээс хэргийн оролцогчдыг маргасан үндэслэл тус бүрт үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх ёстой байтал нэхэмжлэгчийн маргасан гол үндэслэлд огт дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн. Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/454 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актын шаардлагыг хангаагүй, тус журмыг баримтлан сонгон шалгаруулалт явуулж нэхэмжлэгчийг сонгон шалгаруулалтад оролцуулаагүй нь хууль бус гэж маргасан.

      Шүүхийн шийдвэр нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/454 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам нь өөрөө захиргааны  хэм хэмжээний актад хамаарах эсэх, захиргааны хэм хэмжээний актын хуулийн шаардлагыг хангаж буй эсэхэд дүгнэлт өгөх ёстой байтал энэ талаар огт дүгнэлт өгөлгүйгээр, хуульд байгаа заалтуудыг нэгд нэгэнгүй бичиж тайлбарласан нь үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагчийн гаргасан тайлбартай холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийг тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөх байдлаар хэргийг хянан шийдвэрлэж, хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн.

     Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар Эрүүл мэндийн сайдад төрийн өмчит нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмыг батлах эрх хэмжээ олгогдсон ч уг эрх хэмжээний дагуу журмаа батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар бүлэгт заасны дагуу уг хэм хэмжээний актад тавигдах шаардлагуудыг хангуулж Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх учиртай. Гэтэл уг журам нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдээгүй, энэ талаар баримт хэрэгт авагдсан, мөн хуулийн 67.3-д заасан байтал анхан шатны шүүх эрх зүйн үйлчлэлгүй хэм хэмжээний актад үндэслэн сонгон шалгаруулалтаас бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

      Түүнчлэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь заалтыг сонгон шалгаруулалтын үр дүнд шалгарсан Захиралд тавигдах шаардлага гэж хуулийг хэт явцууруулж, логик дарааллын хувьд буруу тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь албан тушаалд тавигдах шаардлага нь сонгон шалгаруулалтын өмнө тавигддаг атал сонгон шалгаруулалтын дараа уг шаардлага тавигдана гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Албан тушаалтанд тавигдах шаардлага нь анхнаасаа буюу сонгон шалгаруулалт явагдах хэд хэдэн тавигдах шаардлага болохоос сонгон шалгарсны дараа тавигдах ёстой шаардлага биш юм.

   Нэхэмжлэгчийн хувьд тус журмын 3.1.9-д заасан баримтыг бүрэн бүрдүүлж өгсөн. Тодруулбал, ЗСБНХУ-ын 234415 дугаар бүхий анагаах ухааны докторын диплом, Англи хэлний Төгс сургалтын төв, Этүгэн дээд сургуулийн Англи хэлний дамжааг дүүргэсэн баримтууд, мөн Тайваний үндэсний Их сургуулийн эмнэлгийн эмнэлзүйн сургалтын хөтөлбөрт хамрагдсан баримтуудаа тус тус өгсөн болно. Журмын 3.1.9 нь эсхүл гэсэн сонголттой зохицуулалт байхад үүнийг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг огт хангаагүй байна.

      Түүнчлэн уг сонгон шалгаруулалтад шалгарсан гэх Ц.Т-О нь уг журмын 3.1.9-д заасан бүрдлийг хангаагүй баримт бичиг бүрдүүлсэн. Тодруулбал, toeic олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар гэж хавсаргасан ирүүлсэн боловч уг гэрчилгээний хугацаа дууссан байсныг анхан шатны шүүх анхаараагүй болно.

     Дээрхээс дүгнэвэл сонгон шалгаруулалтын журам нь өөрөө хуулийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус журам байхад үүнийг захиргааны хэргийн шүүх нь сонссон байж сонсоогүй мэтээр шүүхийн шийдвэртээ нэг ч дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн үндсэн үүргээсээ ухарсан явдал болоод байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгч П.А-ийн давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрийг хянахад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирал дараах шаардлагыг хангасан байна” гэж нэгдсэн эмнэлгийн захиралд тавигдах мэргэжил, мэргэшилтэй холбоотой 7 шаардлагыг заасны дотор “англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх” шаардлага заагаагүй байна.

        Гэтэл дээрх хуульд заасан шаардлагыг хангасан нэхэмжлэгч П.А-ийг “TOEIC олон улсын шалгалтын гэрчилгээ, эсхүл түүнтэй тэнцэхүйц баримт бичиг” ирүүлээгүй гэх үндэслэлээр Гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах Зөвлөлийн сонгон шалгаруулалтын комиссоос 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар мэдэгдлээр захирлын сонгон шалгаруулалтад оруулахаас татгалзаж, улмаар сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулж, оролцсон иргэдээс Ц.Т-О-ыг шалгаруулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 4 дүгээр шийдвэрээр захирлаар томилжээ.

        Хариуцагч Гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нь “Эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-ыг  баримталж П.А-ийг сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан. Нэхэмжлэгч энэ журмыг баримтална гэдгийг сайн мэдэж материалаа өгсөн. Хуулийн дагуу Сайдаас баталсан журмыг баримталж сонгон шалгаруулалтыг явуулсан нь хууль зөрчөөгүй” гэж маргасан байна.

      Анхан шатны шүүх дээрх журмын 3.1.9-д “шалгаруулалтад оролцохдоо англи хэлний мэдлэг, чадвар дүгнэдэг toiec олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар, эсхүл гадаад хэлний мэдлэг чадварыг англи хэлээр суралцсан гадаад улсын  их дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний дипломыг үндэслэх ба олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний түвшин тогтоох шалгалт өгснийг гэрчлэх албан ёсны баримт бичгийг бүрдүүлэн өгөх”-өөр заасны дагуу хариуцагч нь баримт шаардсаныг буруутгах үндэслэлгүй, ... Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон Захиралд тавигдах шаардлагыг заасан гэж хуулийг буруу тайлбарлан хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

       Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирал дараах шаардлагыг хангасан байна:” гэж заасан нь Захирлын албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлага бөгөөд сонгон шалгаруулалтын зорилго нь Захирлын албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хамгийн илүү хангасан этгээдийг шалгаруулахад оршдог. 

       Эрүүл мэндийн сайдад журам батлах эрхийг тусгайлан олгосон мөн  хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заажээ.

       Энэ хуулийн заалтаар Эрүүл мэндийн сайдад эмнэлгийн захирлын албан тушаалд тавигдах шаардлагыг тогтоосон журам батлах эрх олгоогүй, харин тухайн албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлагыг хамгийн илүү хангасан этгээдийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж явуулахтай холбоотой журмыг батлах эрх олгосон байна.

   Гэтэл уг журмаар хуульд заагаагүй шалгуурыг тогтоож, тухайн шалгуурыг нотлох баримт бичиг бүрдүүлээгүй гэх үндэслэлээр сонгон шалгаруулалтад оролцох хуульд заасан шаардлага хангасан иргэний эрхийг хязгаарласан, эрх олгосон хуулийн зорилго, үйлчлэх хүрээнээс хэтэрсэн байх тул хуульд нийцээгүй журам гэж үзэхээр байна.  

      Гуравдугаар төв эмнэлэг нь нийтээс заавал хэрэглэдэг эрүүл мэндийн үйлчилгээ явуулдаг төрийн өмчит, төсвийн байгууллага бөгөөд захирал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд хамаардаг тул захирлыг томилох, чөлөөлөх, сонгон шалгаруулалт явуулах эрх бүхий Төлөөлөн удирдах зөвлөл нь тусгайлсан харилцааг зохицуулсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулиас гадна төрийн албаны ерөнхий харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хууль тогтоомжид нийцүүлж энэхүү үйл ажиллагааг явуулах үүрэгтэй.

     Гэтэл хариуцагч Төлөөлөн удирдах зөвлөл нь хуульд нийцээгүй журмын заалтыг баримталж, нэхэмжлэгчийг сонгон  шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “хууль дээдлэх” зарчим болон 7.1.4-т заасан “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” зарчмыг тус тус зөрчсөн байна.

     Хариуцагчийн дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн төрийн үйлчилгээний албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2020/0653 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч П.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн П.Аийг бүртгэхээс татгалзсан 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар мэдэгдэл, Ц.Т-О-ыг шалгаруулж, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирлаар томилсон 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 04 дүгээр  шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтыг П.А-ийг оролцуулан явуулахыг тус эмнэлгийн Төлөөлөн удирдах Зөвлөлд даалгасугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.А-ээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилсан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг болон давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч П.А-т олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                               Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                               С.МӨНХЖАРГАЛ