Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2020/0337/З |
Дугаар | 221/МА2021/0014 |
Огноо | 2020-12-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2021/0014
Б.О-Э-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э нарыг /цахимаар/ оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0726 дугаар шийдвэртэй, Б.О-Э-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комисст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0726 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т заасныг үндэслэн Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комисст холбогдуулан нэхэмжлэгч Б.О-Э-с гаргасан “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссын гаргасан шийдвэр өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, орон сууцны түрээсийн гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ш давж заалдах гомдолдоо: “… Б.О-Э миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаад маш их гомдолтой байна. Намайг Мишээл төвд материал өгөхдөө 9 хүний бичиг баримт өгч, 2 хүний бичиг баримт өгч чадаагүй гэж хариуцагч тал худлаа гүжирдсэн байна. Хэрвээ 11 хүний бичиг баримт бүрэн биш дутуу байсан бол Мишээл төв авахгүй байсан. Тэнд нэг хүний эмчийн бичиг дутуу гээд буцааж байсан. Миний бөглөсөн анкет дээр 11 гэсэн тоо маш тод бичсээр байтал улайм цай гүжирдсэнд харамсаж байна. Хэрвээ 2 хүний бичиг баримт дутуу байсан бол Мишээл төв материал авч анкетаа бөглүүлэхгүй шууд буцаана.
Онцгой байдлаас 9 билүү 10 сард дахин бичиг ирж тодорхойлон өгсөн. 2020.08.10-ны өдрийн бичснийг хариуцагч тал будлиантуулж хуурамчаар хэрэгт хавсаргасан ч юм билүү сайн шалгах хэрэгтэй. Миний ээж О.Ш Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо Орбит, 63-29 тоот байрны тухайн үеийн Чингэлтэй дүүргийн Халамжийн газрын дарга Т гэж эгч өгсөн. Энэ байр маань улсын хэмжээнд гэр оронгүй хүмүүс тухайн үед /сүрлэн авсний/ төсөл гэдэг 1997 байр билээ. 2012 оны 08 сард Ээж Орос руу яваад өгсөн. Сонгинохайрхан дүүргийн халамжаас яаралтай хувьчил гэсэн чи бичиг баримтаа өгөөд байраа хувьд ав гэсэн ялгаа байхгүй чиний ээжийн байр бид нар ганц хүнээс болж бусад хүмүүсийг хүлээлгэмээргүй байна гээд миний нэр дээр байрыг өгсөн. Тэгээд энэ байр маань 2016 оны 11 сарын 23 өдөр шатсан.
2007 онд бас сүрлэн байр шатсан үлдсэн 3-н байрыг 2013 оны 05 сар хувьд улсаас өгсөн. Би НОСК-оос материалаа өгөөд урьд байр хувьд авч байсан бол болох уу гэсэн чин болно, өмнөх байрны мөнгөө улсад тушаа гэсэн. Гэтэл миний байр шатсан, шаардлагатай бол сүрлэн байрныхаа 450 мянган төгрөгийг тушаагаад НОСК-н байранд орж болно гэсэн. 2019 оны 12 сарын 27-ны өдрийн хурал шударга бус болсон, энэ хурлын дарга Даваажаргал намайг нөхөртэй байж, нөхрөө нуулаа гэсэн утгатай юм ярьж байгаад ээж бид 2 хоёрыг хөөж гаргасан. Ийм хурал хийчихээд бөөн худлаа юм ярьсан хариуцагч Б-д харамсаж байна. Төрийн нэрийг барьж худлаа хүн гүжирдэж хохироосон комиссын хурал хариуцагч Б, шүүгч М нарт гомдолтой байна.
Үнэн зөвөөр хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгч Б.О-Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгох үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.О-Э-с “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссын гаргасан шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, орон сууцны түрээсийн гэрээ байгуулахыг даалгах” шаардлага гаргажээ.
Засгийн газрын 2015 оны 248, 2019 оны 138 дугаар тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 26 дугаар тушаалыг тус тус хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 114 дүгээр тогтоолоор Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг /цаашид Журмын гэх/ баталж, тус орон сууцанд хамрагдах иргэдэд тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг, орон сууцанд хамруулах ангилал, хэлбэр, дараалал болон шаардлагыг хангаагүй тохиолдолд сонгон шалгаруулалтад оруулахаас татгалзахаар заасан байна.
“Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалтыг 2019 оны 07 дугаар сараас зарласны дагуу тус шалгаруулалтад нэхэмжлэгч Б.О-Э-ээс Журамд заасан “Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд” гэсэн ангиллаар хамрагдах хүсэлтийг өгч, хүсэлтэд ам бүлийн тоог “11” гэсэн боловч 9 хүний материалыг бүрдүүлэн өгчээ.
Хариуцагч нь Б.О-Э-ийн хүсэлтийг журмын 5.2.7.3-д заасан “Өрхийн ам бүлийн тоогоор” гэснийг харгалзан орон сууцанд сонгон шалгаруулах асуудлыг нь хэлэлцэх дараалалд оруулж, “ам бүлийн тоо 11” гэсэн атлаа “9 хүний” баримт өгсөн зөрүүтэй байдлыг арилгуулахаар журмын 4.1.12-т зааснаар шаардлагатай нэмэлт баримтуудыг шаардан, хүсэлтэд дурдсан баримтуудыг нотлох үйл ажиллагааг хийсэн боловч нэхэмжлэгчээс уг хүсэлтэд дурдсан 11 хүний баримтыг бүрдүүлэн өгөөгүй, эдгээр 11 хүн нь Б.О-Э-ийн ам бүлд байнга бүртгэгдэн амьдардаг талаар материал бүрдүүлж өгсөн нь тогтоогдоогүй байна.
Сонгон шалгаруулалтын комиссоос 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хуралдаан хийж, энэ талаар тодруулахад Б.О-Э нь өөрөө тайлбар, баримтыг гаргаж чадаагүй болох нь хэрэгт авагдсан Хурлын тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогджээ.
Мөн Б.О-Э-ийн бүрдүүлэн өгсөн “9 хүний” материалд түүний төрсөн ээж О.Ш-ын материал хавсаргагдсан, О.Ш нь Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор батлагдсан Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцанд хамрагдсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ш-ын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Журмын 3.1.6-д заасан “Түрээсийн болон түр суурьшуулах орон сууцанд сүүлийн 5 жилийн хугацаанд хамрагдаж байгаагүй байх” гэх шаардлагыг хангаагүй байна.
Дээрх үндэслэлүүдээр сонгон шалгаруулалтад оруулахаас татгалзсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлдээ болон давж заалдах гомдолдоо бүх материалаа үнэн зөв бүрдүүлж өгсөн, өгөөгүй байсан бол хүсэлтийг хүлээж авахгүй байх байсан, хариуцагчийн төлөөлөгч үндэслэлгүй тайлбар гаргасанд гомдолтой байна гэх боловч уг тайлбараа нотолсон баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч ... тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ... нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж заасны дагуу шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь хариуцагчийн тайлбарыг няцаасан, хүсэлтэд хавсаргасан ам бүлийн талаарх баримтууд, уг ам бүлд багтсан бүх хүн урьд нь орон сууцны төсөлд хамрагдаж байгаагүйг нотолсон баримтуудыг шүүхэд ирүүлэх боломжтой атал ирүүлээгүй, эдгээр баримтын эх сурвалжийг заагаагүй байх тул мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэсний дагуу шүүхийг буруутгах үндэслэлгүй, энэхүү гомдлыг хангах боломжгүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч маргаж буй харилцааг зохицуулсан Орон сууцны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-д тус тус заасан заалтуудыг бүрэн баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хүсэлтийг О.Ш гаргаж, О.Ш нь амьжиргааны түвшингийн Доогуурт багтсан талаар баримт хавсаргасан /хэргийн 1 хавтасны 6 дугаар хуудас/, нэхэмжлэгч Б.О-Э нь төлбөрийн чадваргүй болох талаар баримт хавсаргаагүй, нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад анхан шатны шүүх улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн, давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж мөн төлөөгүй байх тул шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Б.О-Э-ээр улсын тэмдэгтийн хураамжийг тус тус нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0726 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “4.2.6” гэсний дараа “Орон сууцны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1” гэж нэмж, 2 дахь заалтын “... урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “70200 төгрөгийг гаргуулан нөхөн төлүүлсүгэй” гэж өөрчлөн, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.О-Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ш-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул нэхэмжлэгч Б.О-Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нөхөн төлүүлсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ