Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 01028

 

 

 

 

 

 

 

 

 

       2016 оны 10 сарын 28 өдөр

          Дугаар 183/ШШ2016/01028

                       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 71 дүгээр байр, 64 тоотод байрлах, Тэгш Уран санаа ХЗХ ББСБ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол, 24/3 байр 08 тоотод оршин суух, Доржсүрэнгийн Өнөрмаа /УС 76072308/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол, 24/3 байр 08 тоотод оршин суух, Гөлгөөгийн Энхболд /ЛЮ 68061736/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5 130 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Хүрэлбаатар, хариуцагч нарын төлөөлөгч Ш.Энхээ, нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Тэгш Урансанаа ХЗХ ББСБ-ийн  шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ч.Хүрэлбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэгш-Уран санаа ХЗХоршооноос Д.Өнөрмаа, Г.Энхболд  нар нь  2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зээл болон фидуцийн гэрээ байгуулж 4 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Бид гэрээг нотариатаар баталгаажуулан, фидуцийн гэрээний зүйл болох Япон улсад үйлдвэрлэгдсэн Suzuki /Суцуки/ маркийн 78-37 УНЛ улсын дугаартай авто машиныг өөрийн эзэмшилд авсан бөгөөд Д.Өнөрмаа нь машиныг одоо унаж байгаа. Зээлийн гэрээний хугацааг Д.Өнөрмаа, Г.Энхболд нарын хүсэлтээр 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 15 сарын хугацаатай сунгасан гэрээг мөн бичгээр байгуулсан. Гэтэл зээлдэгч нар 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл зээлийн хүүгээ хэвийн төлж байгаад түүнээс хойш хугацаа хэтрүүлж төлөөд байсан. Мөн 2016 оны 07 дугаар сарын 02-нд төлөх ёстой байсан үндсэн зээлээ, хүүгийн хамт төлөөгүй. Энэ хүмүүсийн төлбөрийн чадвар муудаж байгаа юм гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай зүгээс бол хариуцагч нараас зээлээ төлөхийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Мөн бидний зүгээс зээлээ удаа дараа төлөхийг шаардаж байсан боловч одоог хүртэл төлөөгүй байгаа. Зээлийн гэрээний 4.1.5-д заасны дагуу зээл төлөлтийн хуваарийг 2 болон түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, гэрээний 4.6-д заасны дагуу Иргэний хуулийн 452 дугаар зүйл, 453 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд үндсэн зээл 4 000 000 төгрөг, зээлийн хүү 936 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 187 200 төгрөг, нотариатын зардал 7 500 төгрөг, нийт 5 130 700 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн фидуцийн гэрээгээр шилжүүлсэн машинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулан өгч, Тэгш Урансанаа ХЗХоршоог хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Өнөрмаа, Г.Энхболд нарын шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч Ш.Энхээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Өнөрмаа, Г.Энхболд нар нь Тэгш-Уран санаа ХЗХоршооноос 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сары 02-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй 4 000 000  төгрөгийг 15/22 тоот зээлийн гэрээ байгуулж авсан. Г.Энхболдын эзэмшлийн тухайн үед эхнэр Г.Өнөрмаагийн нэр дээр байсан 7837 УНЛ улсын дугаартай Япон улсад үйлдвэрлэгдсэн Сузуки /Suzuki/ 60 000 км явсан хар өнгийн жипийг шилжүүлсэн. Энэ гэрээний хугацаа 6 дугаар сарын 02-нд дуусаад нэхэмжлэгч байгууллагын захирал Хүрэлбаатар, хариуцагч нар 15/22 тоот гэрээг нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ хийгээд 15 сарын хугаацаатайгаар, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дуусахаар нэмэлт гэрээ хийсэн. Зээл төлөх график хийгээд гарын үсгээ зураад тамгалсан байгаа. Гэтэл хариуцагч нарын зээл төлөх хугацаа болоогүй байхад буюу 2016 оны 07 дугаар сарын 20-нд шүүхэд нэхэмжлэл гаргаж, мөн зээлийн хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргаж зээлдэгч талын эрх ашгийг ноцтой зөрчсөн. Зээл 7 дугаар сарын 02-нд төлөгдөх ёстой байсан. 7 дугаар сар өөрөө дуусаагүй байхад нэхэмжлэгч талаас яаравчлан шүүхэд өгсөн. Нийт 3 456 000 төгрөгний хүү төлсөн байгаа. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, байхад нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Тэгш Уран санаа ХЗХ ББСБ нь хариуцагч Д.Өнөрмаа, Г.Энхболд нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 130 700 төгрөг гаргуулахаар шаардсныг зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Зохигчид 2015 оны 3 сарын 02-ны өдөр 15/22 тоот дугаартай Зээлийн болон Фидуцийн гэрээг байгуулж, үүгээр хадгаламж, зээлийн хоршоо нь 4 000 000 төгрөгийн зээлийг сарын 6 хувийн хүүтэйгээр, 2015 оны 6 сарын 2-ны өдөр хүртэл хугацаатай зээлүүлж, буцаан төлөх хуваарийг хавсралтаар тохирсон байна. /хх-ийн 7-8/

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Suzuki Grand Vitara 78-37 УНЛ улсын дугаартай Д.Өнөрмаагийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Тэгш Уран санаа ХЗХ ББСБ-ийн нэр дээр шилжүүлсэн гэрээг байгуулжээ./хх-ийн 9-10/

Түүнчлэн уг зээлийн гэрээнд талууд 2015 оны 6 сарын 2-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээг 2015 оны 6 сарын 2-ны өдрөөс 15 сарын хугацаатай сунгаж, хугацааг 2016 оны 9 сарын 2-ны өдрөөр тогтоож, зээлийн гэрээний бусад заалтыг хэвээр хадгалагдана гээд гарын үсэг зурж баталгаажуулсан байна./хх-ийн /

Шүүх дээрх гэрээ тус бүрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хуулиар тогтоосон бүхий л шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нар 4 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар болон дээрх зээлийн гэрээний хугацааг сунгасан асуудлаар талууд маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч байгууллага нь зээлдэгч нарыг зээлийн хүүгийн болон зээлийн үндсэн төлбөрөө төлөх үүргээ 2016 оны 3 сараас эхлэн зөрчиж, улмаар 2016 оны 7 сард зээлийн төлбөр болон хүүгээ төлөөгүй” гэх тайлбарыг гаргасныг хариуцагчийн төлөөлөгч “нэхэмжлэгч тал үүргээ зөрчиж, гэрээний хугацаа болоогүй байхад нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэх тайлбарыг гаргаж, маргасан байна.

Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь “хариуцагч нар нь зээлийн гэрээний хүүг хугацаанд нь төлсөн, үүргээ зөрчөөгүй” гэж маргасан хэдий ч нэхэмжлэгчийн хавтаст хэргийн 3-р талд нотлох баримтаар ирүүлсэн зээлийн эргэн төлөлт төлсөн баримтад хүүг сар болгоны 2-ны өдөр төлөхөөр график байгуулж, 2016 оны 3, 5-р төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож байх ба хариуцагч тал дээрх байдлыг баримтаар үгүйсгээгүй байна.

 

Нэгэнт зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй нь гэрээний 4.1.5, 4.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХЗХ өөрийн санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болох бөгөөд энэ нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг ч шаардах эрхийн үндэслэл болох юм. Харин зээлийн гэрээнд заасан хугацаагаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн үндэслэл болохгүй юм.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Тэгш уран санаа ХЗХ ББСБ-ийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаар буюу 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөр гэрээг цуцалсан гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрөөр гэрээ цуцлагдсан гэж, энэ хэмжээнд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцох үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн хариуцагч нь “зээлийн гэрээний хүүг 30 хоногоор тооцож авна гэчихээд 30 хоног болоогүй байхад нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч тал үүргээ зөрчсөн буруутай гэх тайлбарыг” гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд талуудын байгуулсан дээрх гэрээнээс хүүг 30 хоногоор тооцно, 30 хоног дотроо хүүгээ төлнө гэсэн тусдаа тохиролцоо байхгүй байна.

 

Иймд шүүх хариуцагч нарыг үндсэн зээлийн 4 000 000  төгрөг, үндсэн хүү 392 000 /49 хоног х 8 000/, гэрээний 2.7-д заасан нэмэгдүүлсэн хүү 78 400 төгрөг /392 000х20 хувь/, нийт 4 470 400 төгрөг төлөх үүрэгтэй байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа гаргасан зардлын 7 500 төгрөг, нийт 4 477 900 төгрөгийг төлөх үүрэгтэй тул энэ хэмжээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч Тэгш уран санаа ХЗХ ББСБ нь 2016 оны 9 сарын 26-нб өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 652 800 төгрөгөөр нэмэгдүүлснийг шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан 235.4-т зааснаар зээлдэгч нь дээрх төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд уг үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээнд заасан хөдлөх эд хөрөнгөөр хангуулах үндэслэлтэй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч Тэгш Урансанаа ХЗХ ББСБ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг 4 477 900 төгрөгийн хэмжээнд хангаж, илүү нэхэмжилсэн 652 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хангаж буй үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх  хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Өнөрмаа, Г.Энхболд нараас зээлийн гэрээний үүрэгт 4 477 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Тэгш Урансанаа ХЗХ ББСБ-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 652 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

           

2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Өнөрмаа, Г.Энхболд нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл фидуцийн гэрээнд заасан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Тэгш Урансанаа ХЗХ ББСБ-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 108 820 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Өнөрмаа, Г.Энхболд нараас улсын тэмдэгтийн хураамжинд 86 600 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Тэгш Урансанаа ХЗХ ББСБ-д олгосугай.

           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ                                          Б.МӨНХЖАРГАЛ