Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2017/00036

 

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2017/00036

 

 

 

.....- ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/01028 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч .....- ХЗХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч .....- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5 130 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Д.Өнөрмаагийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.    

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .....- нар нь 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зээл болон фидуцийн гэрээ байгуулж, 4 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Бид гэрээг нотариатаар баталгаажуулан, фидуцийн гэрээний зүйл болох Япон улсад үйлдвэрлэгдсэн Suzuki /Суцуки/ маркийн 78-37 УНЛ улсын дугаартай автомашиныг өөрийн эзэмшилд авсан бөгөөд ....-нь машиныг одоо унаж байгаа. Зээлийн гэрээний хугацааг .....- нарын хүсэлтээр 15 сарын хугацаатай сунгасан гэрээг мөн бичгээр байгуулсан. Гэтэл зээлдэгч нар 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл зээлийн хүүгээ хэвийн төлж байгаад түүнээс хойш хугацаа хэтрүүлж төлөөд байсан. Мөн 2016 оны 07 дугаар сарын 02-нд төлөх ёстой байсан үндсэн зээлээ, хүүгийн хамт төлөөгүй. Зээлийн гэрээний 4.1.5-д заасны дагуу зээл эргэн төлөлтийн хуваарийг 2 болон түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, гэрээний 4.6-д заасны дагуу Иргэний хуулийн 452 дугаар зүйл, 453 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд үндсэн зээл 4 000 000 төгрөг, зээлийн хүү 936 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 187 200 төгрөг, нотариатын зардал 7 500 төгрөг, нийт 5 130 700 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн фидуцийн гэрээгээр шилжүүлсэн машинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулан өгч, .....- ХЗХ-г хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: .....- нар нь .....- ХЗХ-ноос 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй 4 000 000 төгрөгийг 15/22 тоот зээлийн гэрээ байгуулж авсан. Гэрээний дагуу 3 448 000 төгрөгийг үндсэн зээлээс төлсөн байхад зээлээ төлөөгүй, хүү төлсөн мэтээр хугацаа нь дууссан зээлийн гэрээний хугацааг 2016 оны 4 сард нөхөн сунгаж, үндэслэлгүйгээр хүү тооцож авсан байх тул үндсэн зээлээс дээрх төлбөрийг хасч тооцож өгнө үү. Тухайн үед эхнэр Д.Өнөрмаагийн нэр дээр байсан, Г.Энхболдын эзэмшлийн 7837 УНЛ улсын дугаартай Япон Улсад үйлдвэрлэгдсэн Сузуки /Suzuki/ 60 000 км явсан хар өнгийн жипийг шилжүүлсэн. Энэ гэрээний хугацаа 6 дугаар сарын 02-нд дуусаад нэхэмжлэгч байгууллагын захирал ...., хариуцагч нар 15/22 тоот гэрээг нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ хийгээд 15 сарын хугацаатайгаар, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дуусахаар нэмэлт гэрээ хийсэн. Зээл төлөх график хийгээд гарын үсгээ зураад тамгалсан байгаа. Гэтэл хариуцагч нарын зээл төлөх хугацаа болоогүй байхад буюу 2016 оны 07 дугаар сарын 20-нд шүүхэд нэхэмжлэл гаргаж, мөн зээлийн хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргаж зээлдэгч талын эрх ашгийг ноцтой зөрчсөн. Зээл 7 дугаар сарын 02-нд төлөгдөх ёстой байсан. 7 дугаар cap дуусаагүй байхад яаравчлан шүүхэд өгсөн. Нийт 3 456 000 төгрөгийн хүү төлсөн бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .....- нараас зээлийн гэрээний үүрэгт 4 477 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .....ХЗХ ББСБ-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 652 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч .....- нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл фидуцийн гэрээнд заасан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцtтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч .....ХЗХ ББСБ-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 108 820 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч .....- нараас улсын тэмдэгтийн хураамжинд 86 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .....ХЗХ ББСБ-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ....-давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 15/22 тоот дугаартай зээлийн болон фидукцийн гэрээг байгуулж хадгаламж зээлийн хоршооноос 4 000 000 төгрөгийн зээлийг сарын 6 хувийн хүүтэйгээр, 2015 оны 6 сарын 2-ны өдөр хүртэл хугацаатай зээлж зээлийн гэрээг 2016 оны 6 сарын 2-ны өдрөөс 15 сарын хугацаатай сунгаж 2016 оны 9 сарын 2-нд гэрээний хугацаа дуусах ёстой юм. Уг гэрээнд cap болгоны 2-нд өмнөх сарын зээлийн хүүг төлхөөр тохиролцсон бөгөөд 2016 оны 7 сарын 20-нд буюу 7 сарын зээлийн хүүг төлөх хугацаа дуусаагүй байхад, мөн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаар гэрээний дуусах хугацаа 2016 оны 9 сарын 2-нд гэж тодорхой заасан байхад шүүхэд хандсан нь миний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь би 2015 оны 3 сараас 2016 оны 6 сарыг дуустал хугацаанд зээлийн хүүг тогтмол төлж нийтдээ 3 456 000 төгрөг төлсөн, төлөөгүй сарын хүү огт байхгүй байхад тус ХЗХоршоо нь өөрөө гэрээгээ зөрчиж байхад анхан шатны шүүх үүнийг анхаарч үзээгүй.

Мөн шийдвэрт ...2016 оны 3, 5-р төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож байх ба хариуцагч тал дээрх байдлыг баримтаар үгүйсгээгүй байна гэж бичсэнийг ойлгож ухаарахгүй байна. Шүүх хурал дээр ч бичгийн нотлох баримтаар ч хэрэв 3, 5-р сарын төлбөрийг төлөөгүй асуудал яригдаагүй, харин ялимгүй хугацаа хэтрүүлж зээлийн хүүг төлсөн явдал байсан болохоос шийдвэрт дурьдсан шиг 3, 5-р сарын зээлийн хүүг төлөөгүй явдал байхгүй юм. Мөн гэрээнд зээлийн хүүг 30 хоногоор тооцож авна гэж тодорхой заачихаад 30 хоног болоогүй байхад шүүхэд нэхэмжлэх гаргасан нь нэхэмжлэгч тал өөрөө үүргээ зөрчсөн буруутай үйлдлийг ч шүүх ойшоож үзээгүй. Иймд гэрээний үүргээ өөрөө зөрчиж шүүхэд нэхэмжлэл гарган миний болон нөхөр Г.Энхболдын бизнесийн нэр хүндэд халдаж шүүхийн шийдвэр гаргуулсан явдалд гомдолтой байх тул дээрх шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулахыг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч .....ХЗХ нь хариуцагч Г.Энхболд, ....-нарт холбогдуулж, зээлийн гэрээний үүрэгт 5 130 700 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээний зүйл автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 4 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй Зээлийн гэрээ, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сузуки гранд витара маркийн 7837 УНЛ улсын дугаартай, өмчлөлд шилжүүлэх үеийн байдлаар 16 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн суудлын автомашиныг зээлдүүлэгч .....- ХЗХ-ны өмчлөлд шилжүүлсэн гэрээ тус тус байгуулагдсан ба зээлийн гэрээг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл сунгасан гэрээг бичгээр байгуулжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаагүй шаардлагын талаар буюу урт хугацаатай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар дүгнэсэн нь буруу болсноос гадна ...зээл, зээлийн хүүгээ төлөхийг Г.Энхболд, ....-нарт удаа дараа сануулсан... гэж нэхэмжлэгчийн тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Зээлийн гэрээг сунгасан баримтыг хариуцагч тал нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд сунгасан гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн байхад шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар хариуцагчийн гэрээний үүргийн зөрчлийг зөв тодорхойлж, нэхэмжлэгч гэрээнээс татгалзах үндэслэлтэй эсэхийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлд нийцүүлэн дүгнээгүй байна.

 

Дээрх байдлаас гадна талууд фидуцийн гэрээгээр автомашины үнийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үеийн байдлаар 16 000 000 төгрөгөөр үнэлсэн байхад 4 477 900 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүрэгт хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т нийцээгүй байна.

 

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, хэргийн нөхцөл байдал тодорхой бус байх тул давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/01028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Өнөрмаагийн төлсөн 86 600 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ