Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 01098

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2016/01098

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн гудамж 48 өөрийн байр, Капитал банкны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрчний гудамж, 9 дүгээр байрны 86 тоот, Басуурийн Батжаргалд холбогдох,

           

Гэрээний үүрэгт 24 107 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баян-Өлзий, Н.Орхон, хариуцагч Б.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

                              ТОДОРХОЙЛОХ нь:      

 

Нэхэмжлэгч Капитал банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Батжаргал нь 2012 оны 3 сарын 01-ний өдөр Капитал банкны хуулийн мэргэжилтнээр орж ажиллан, улмаар Хууль эрх зүйн газрын даргын ажлыг хавсран  ажиллаж байсан. 2013 оны 8 сарын 05-ний өдөр ТУЗ шийдвэр гаргаж, ажилчдад байрны зээл олгох шийдвэр гарч зээлийн урьдчилгааг төлөх гэрээ байгуулж, хариуцагчтай тогтвортой ажиллах гэрээг байгуулж, уг байрны урьдчилгаанд 18 459 000 төгрөгийг Би Энд Си ХХК-д банкнаас шилжүүлсэн. Ингээд үлдсэн 55 200 000 төгрөгийг орон сууцны зээлээр олгосон. Хариуцагч нь ажлаас гарах хүсэлтээ гаргаж, 2015 оны 02 сарын 4-ний өдрийн тушаалаар өөрийн хүсэлтээр нь ажлаас чөлөөлсөн. 2013 оны 8 сарын 09-ний өдөр Б.Батжаргалтай Тогтвортой ажиллах гэрээг байгуулсан ба энэ гэрээний дагуу нэхэмжлэх эрх үүссэн. Банк 18 459 000 төгрөгийн зээлийн урьдчилгааг төлж, үлдсэн 55 200 000 төгрөгийн төлбөрийг зээл хэлбэрээр Б.Батжаргалд олгосон. Ингээд хариуцагч Б.Батжаргал нь ажлаас чөлөөлөгдсөн тул гэрээний 2.6, 3.4-т заасан нөхцөл байдал үүссэн. Иймд урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 18 459 000 төгрөг, 18 сарын хүүгийн 5 468 000 төгрөг, нийт 24 107 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.7-д заасан болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэж шаардаж байна гэв.

 

Хариуцагч Б.Батжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 онд Би энд Си ХХК-тай орон сууц захиалгийн гэрээг байгуулсан бөгөөд тухайн захиалгийн гэрээний дагуу 1 м.кв нь 1 500 000 төгрөг байсныг гэрээний 3.3-т зааснаар 1 350 000 төгрөгөөр харилцан тохирсон байдаг. Тухайн орон сууцны санхүүжилтын эх үүсвэрийг Банк өөрийн эх үүсвэрээс шийдвэрлэсэн бөгөөд нийт 80 гаран ажилтныг нийслэлийн 3 байршилд баригдаж байсан Капитал банкнаас барилгийн санхүүжилтийн зээл авсан барилгын компаниудын барьж байсан орон сууцанд хязгаарлагдмал сонголттойгоор санал болгож зээлийн асуудлыг шийдвэрлэсэн. Ингээд Капитал банктай “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”-г  2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр байгуулж, 41.1 м.кв байрны зээлийг шийдүүлж, 55 485 000 төгрөгийн зээл гаргасан. Банк уг зээлийн хувьд гуравдагч этгээдээр оролцож зээлийг санхүүжүүлсэн. Гэтэл 8 хувийн хүүтэй зээлийг Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой банкны эх үүсвэрээр санхүүжүүлсэн Ажиллагсдын орон сууцны зээлийг 8 хувийн хүүтэй зээл болгох арга боловсруулан Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээний үнийн дүнг 1 м.кв үнэ 1 350 000 төгрөг байсныг 1 м.кв үнийг 1 800 000 төгрөг болгон зөрүүг банкны эх үүсвэрээс шийдвэрлэсэн болгож урьд гаргасан гэрээ хэлцэл, шийдвэрийг хүчингүй болгох аргаар дахин гэрээ хэлцэл байгуулж, 2013 оны 08 сарын 16-ны өдөр зээлийг 54 846 000 төгрөгөөр хааж, зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. 2012 онд байгуулагдсан зээлийн гэрээ, 2013 онд байгуулагдсан зээлийн гэрээг хаагдаж байгаа дүн нь адилхан үнийн дүнтэй байгаа. Банк байрны урьдчилгаанд 2013 оны 9 сарын 2-ны өдөр дансаар мөнгө шилжүүлсэн гэж байгаа боловч мөн өдрөө тус компанийн данснаас банкны шилжүүлсэн мөнгө яг тэр үнийн дүнгээрээ гарсан байгаа. Иймд уг мөнгийг урьдчилгаа болгож шилжүүлсэн гэдэг нь харагдахгүй байна. Хэрэв байрны урьдчилгаа олгогдсон юм бол уг мөнгө миний дансаар орж, гарсан байх ёстой, ийм  зүйл байхгүй, хуурамчаар ийм үйлдэл хийж байгааг зөвшөөрөхгүй. Энэ талаарх нотлох баримт, гэрээ, данс байхгүй, тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Б.Батжаргалд холбогдуулан  гэрээний үүрэгт зээлийн гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 18 459 000 төгрөг, хүү 5 648 000 төгрөг, нийт 24 107 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажллах нөхцөлт гэрээ”-ний 2.6-д заасан “ажилтан тогтвортой ажиллах хугацаагаа дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр ...хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд ...ажилтны өмнөөс банкны төлсөн төлбөрийг сарын 1.7 хувийн хүүгийн хамт банкинд буцааж төлж барагдуулна” гэснээр шаардаж байна гэх тайлбарыг гаргаж, нотлох баримтаар Б.Батжаргалтай байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажллах нөхцөлт гэрээ хариуцагч талаас шаардсан бусад бичгийн нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч Б.Батжаргал нь “...Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээний үнийн дүнг 1 м.кв үнэ 1 350 000 төгрөг байсныг 1 м.кв үнийг 1 800 000 төгрөг болгон зөрүүг банкны эх үүсвэрээс шийдвэрлэсэн болгож урьд гаргасан гэрээ хэлцэл, шийдвэрийг хүчингүй болгох аргаар дахин гэрээ хэлцэл байгуулж, 2013 оны 08 сарын 16-ны өдөр зээлийг 54 846 000 төгрөгөөр хааж, зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. ... Хэрэв байрны урьдчилгаа олгогдсон юм бол уг мөнгө миний дансаар орж, гарсан байх ёстой, ийм  зүйл байхгүй, хуурамчаар ийм үйлдэл хийж байгааг зөвшөөрөхгүй” гэх тайлбарыг гаргаж, нотлох баримтаар нотлох баримтаар 2012 оны 4 сарын 26-ны өдрийн  Би Энд Си ХХК-тай байгуулсан Захиалгаар орон сууц бариулах гэрээ, мөн Капитал банк болон Б.Батжаргал нарын хооронд 2012 оны 5 сарын 04-ний өдөр байгуулагдсан Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, дансны хуулга зэргийг ирүүлсэн байна.  

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.Батжаргал нь нэхэмжлэгч Капитал банкинд 2012 оны 3 сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан хуулийн мэргэжилтнээр ажиллаж байгаад Капитал банкны гүйцэтгэх захирлын 2015 оны 2 сарын 04-ний өдрийн 100 дугаар тушаалаар өөрийн хүсэлтээр 2015 оны 1 сарын 06-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн байна./хх-ийн 25/

Хариуцагч Б.Батжаргал нь нэхэмжлэгч Капитал банкинд ажиллаж байх хугацаандаа тус банкны орон сууцны зээлэнд хамрагдаж, тус банкнаас 55 200 000 төгрөгийн зээлийг авч, Хан-Уул дүүргийн 3-р хороо Үйлдвэр /17060/ 9-р байрны 86 тоот хаягт байрлалтай орон сууцыг Би Энд Си ХХК-аас худалдан авсан байх ба энэ асуудлаар талууд маргаагүй байна. 

Талуудын нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлын үндэс болгосон дээрх баримтуудаас дүгнэхэд Би Энд Си ХХК болон Капитал банк нарын хооронд байгуулагдсан  2012 оны 3 сарын 6-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ, гэрээний хавсралт зэргээс Капитал банк болон Би Энд Си ХХК нарын хооронд Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээний 1.1-т Хан-Уул дүүргийн 3-р хороо Үйлдвэрийн гудамжинд баригдаж буй 99 айлын орон сууцанд захиалсан байрнуудыг захиалагчид хүлээлгэн өгөх, мөн гэрээний 2.1-т борлуулж буй байрны 1м.кв-ын үнэ нь банкны ажиллагсдад 1 800 000 төгрөг байна гэж тохиролцсон гэрээг байгуулсан/хх-ийн 93-95/ байх ба уг гэрээнд үндэслэгдэж хариуцагч Б.Батжаргал нь  2012 оны 4 сарын 26-ны өдрийн Би Энд Си ХХК-тай байгуулсан Захиалгаар орон сууц бариулах гэрээ, Капитал банк болон Б.Батжаргал нарын хооронд 2012 оны 5 сарын 04-ний өдөр байгуулагдсан Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүд байгуулагдсан байна./хх-ийн 122-133/

Дээрх гэрээний дагуу хариуцагч Б.Батжаргалын нэр дээр 2012 оны 5 сарын 04-ний өдөр ажиллагсдын орон сууцны зээл гэсэн данс нээгдэж, уг дансанд 55 485 000 төгрөг зээл олгов гэсэн гүйлгээ хийгдэж, 2013 оны 8 сарын 16-ны өдөр 55 200 000 төгрөгөөр Б.Батжаргал зээл хаав гэсэн гүйлгээ хийгдсэн байна./хх-ийн 120-121/

Мөн тус банкны Удирдлагын хорооны хурлын 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17 тоот удирдамж-чиглэлээр зээлийн урьдчилгааг банк төлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна./хх-ийн 108-110/

Үүний дараа 2013 оны 3 сарын 14-ний өдрийн Капитал банкны ТУЗ-ийн 03 дугаар тогтоолоор “Ажиллагсдын хөнгөлөлттэй орон сууцны зээл” олгох тухай шийдвэр нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр дээрх гэрээ хэлцэл, шийдвэрүүдийг хүчингүйд тооцсон байна./хх-ийн 143/

Ингээд Капитал банкны ТУЗ-ын 2013 оны 8 сарын 5-ны өдрийн 12 дугаар тогтоол болон Удирдлагын хорооны хурлын 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 31 тоот удирдамж-чиглэлээр ажиллагсдын орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаанд 1 217 739 000 төгрөгийг шилжүүлэх, түүнчлэн ажиллагсдын зээлийн ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээг баталж, гэрээг байгуулах шийдвэрийг гаргасан байна./хх-ийн 20-21, 105-107/

Мөн банк Би Энд Си ХХК-ийн дансруу 2013 оны 9 сарын 2-ны өдрийн гүйлгээгээр 351 629 500 төгрөгийг ажиллагсдын орон сууцны зээлийн зөрүү гэж шилжүүлсэн баримт хавтаст хэргийн 26 болон 115 дугаар талд авагдсан байна. 

Дээрх шийдвэрийн дагуу Капитал банк хариуцагч Б.Батжаргалтай 2013 оны 8 сарын 14-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 55 200 000 төгрөгийг, 20 жилийн хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, орон сууцны ипотекийн зээл зориулалтаар олгож, барьцааны гэрээг байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлсэн байна./хх-ийн 79-88/

Мөн Капитал банк Б.Батжаргал нарын хооронд 2013 оны 8 сарын 9-ний өдрийн 01 тоот Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Б.Батжаргал нь Хан-Уул дүүргийн 3-р хороо 9-р байрны 1-р орцны 86 тоотод байрлах нийт 41.10 м.кв талбайтай орон сууцыг зээлээр авна. Капитал банк ажилтны өмнөөс урьдчилгаа төлбөрт 18 459 000 төгрөгийг төлж, жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамруулна” гэсэн гэрээг байгуулсан байна./хх-ийн 89/

  Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд  хариуцагч Б.Батжаргал нь Хан-Уул дүүргийн 3-р хороо 9-р байрны 1-р орцны 86 тоотод байрлах нийт 41.10 м.кв орон сууцыг 1 м.кв-ийн үнийг 1 350 000 төгрөгөөр буюу 55 485 000 төгрөгөөр, банкны зээлээр худалдаж авсан үйл баримт тогтоогдож байгаас гадна Капитал банк нь байрны зээлийн урьдчилгаанд 18 459 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байна. 

Капитал банк нь Ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгааг төлөх, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээг ажилчидтайгаа байгуулж, уг гэрээгээр банк нь ажилчдын байр худалдан авсан барилгын компанид 1 м.кв тутамд 450 000 төгрөгийг ажилчдынхаа өмнөөс урьдчилгаанд төлөх, тухайн ажилчин банкинд 10 жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллах, уг хугацаа дуусахад гэрээ дуусгавар болохоор тохиролцсон байна.

Дээрх гэрээг хариуцагч Б.Батжаргал нь банктай байгуулж, улмаар худалдан авсан байрны урьдчилгаа төлөгдсөн байна.

Харин хариуцагч нь “уг урьдчилгаанд төлсөн мөнгө миний дансаар дамжиж шилжээгүй, тогтвортой ажиллах гэрээ нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж, хүний хөдөлмөрлөх эрхэд бүдүүлэгээр халдсан гэрээ” гэх тайлбарыг гаргаж маргасан нь дараах үндэслэлгүй байх бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэнтэй нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл банк ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, улмаар ажилчдаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор байрны урдьчилгааг төлж, улмаар ажилчин нь гэрээнд заасан болзол нөхцлийг хангасан тохиолдолд урьчилгаа төлбөрийг банк буцаан авахгүйгээр, түүнчлэн дээрх гэрээнд заасан тодорхой нөхцлөөр ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд уг урьдчилгаа төлбөрийг, хүүгийн хамт буцаан шаардах нөхцөлтэйгээр дээрх гэрээ байгуулагдсан байх ба талууд өөрсдийн хүсэл зоригийн дагуу дээрх гэрээг  байгуулжээ./хх-ийн 28/

Дээрх гэрээний агуулгаас дүгнэхэд Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 208 дугаар зүйлийн 208.7-д заасан “Болзол тавьж хийсэн хэлцэл” байх бөгөөд талуудын байгуулсан гэрээний 2.6-д заасан “ажилтан тогтвортой ажиллах хугацаагаа дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр ...хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд ажилтны өмнөөс банкны төлсөн төлбөрийг, сарын 1,7 хувийн хүүгийн хамт банкинд буцаан төлж барагдуулна” гэснээр Б.Батжаргал нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдснөөр дээрх буцаан шаардах болзол үүссэн байна. Иймд банк урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгийг, гэрээгээр тохирсон хүүгийн хамт шаардах эрхтэй байна. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон асуудлаар маргаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ хүчинтөгөлдөр хэрэгжиж байх үед дээрх гэрээ байгуулагдсан байх  тул уг гэрээгээр шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                               

1. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.7, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Батжаргалаас 24 107 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Капитал банкнаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 278 485 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Батжаргалаас улсын тэмдэгтийн хураамжинд 278 485 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.МӨНХЖАРГАЛ