Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 196

 

Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2016/01098 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Батжаргалд холбогдох

 

Гэрээний үүрэгт 24 107 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Б.Батжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Баян-Өлзий, Н.Орхон

Хариуцагч: Б.Батжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батжаргал нь 2012 оны 3 сарын 01-ний өдрөөс Капитал банкны хуулийн мэргэжилтнээр хжиллаж эхэлсэн ба Хууль эрх зүйн газрын даргын ажлыг хавсран гүйцэтгэж  байсан. Капитал банкны ТУЗ-ын 2013 оны 8 сарын 05-ний өдрийн  шийдвэрээр  ажилчдад байрны зээл олгохоор болж, зээлийн урьдчилгааг нь банк төлөх, хариуцагч  тогтвортой ажиллах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Б.Батжаргалын байрны урьдчилгаа төлбөрт 18 459 000 төгрөгийг байрыг барьж байсан гүйцэтгэгч Би Энд Си ХХК-д банкнаас шилжүүлсэн. Үлдсэн 55 200 000 төгрөгийг орон сууцны зээлээр Капитал банк олгосон. Хариуцагч нь тогтвортой ажиллах гэрээг зөрчиж 2015 оны 02 сарын 4-ний өдрийн тушаалаар өөрийн хүсэлтээр  ажлаас чөлөөлөгдсөн. Б.Батжаргалтай 2013 оны 8 сарын 09-ний өдөр байгуулсан  Тогтвортой ажиллах гэрээгээр болзол тавьсан байсан. Б.Батжаргал ажлаас чөлөөлөгдсөн тул гэрээний 2.6, 3.4-т заасан нөхцөл байдал үүссэн. Иймд урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 18 459 000 төгрөг, 18 сарын хүүгийн 5 468 000 төгрөг, нийт 24 107 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Батжаргал нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2012 онд Би энд Си ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулан 1 м.кв нь 1 500 000 төгрөг байсныг гэрээний 3.3-т зааснаар 1 350 000 төгрөгөөр харилцан тохиролцож байр авсан.  Тухайн орон сууцны санхүүжилтын эх үүсвэрийг Капитал банк өөрийн эх үүсвэрээс шийдвэрлэсэн бөгөөд нийт 80 гаран ажилтныг нийслэлийн 3 байршилд баригдаж байсан Капитал банкнаас барилгын санхүүжилтийн зээл авсан барилгын компаниудын барьж байсан орон сууцанд хязгаарлагдмал сонголттойгоор санал болгож оруулсан. Капитал банктай ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээг 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр байгуулж, 41.1 м.кв байрны зээлийг шийдүүлж, 55 485 000 төгрөгийн зээл гаргасан. Банк уг зээлийн хувьд гуравдагч этгээдээр оролцож зээлийг санхүүжүүлсэн. Гэтэл 8 хувийн хүүтэй зээлийг Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой банкны эх үүсвэрээр санхүүжүүлсэн ажиллагсдын орон сууцны зээлийг 8 хувийн хүүтэй зээл болгох арга боловсруулан ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээний үнийн дүнг 1 м.кв-ын үнэ 1 350 000 төгрөг байсныг 1 м.кв үнийг 1 800 000 төгрөг болгон зөрүүг банкны эх үүсвэрээс шийдвэрлэсэн болгож урьд гаргасан гэрээ хэлцэл, шийдвэрийг хүчингүй болгох аргаар дахин гэрээ хэлцэл байгуулж, 2013 оны 08 сарын 16-ны өдөр зээлийг 54 846 000 төгрөгөөр хааж, зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Ингээд 2012 он,  2013 онуудад байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн хаагдаж байгаа дүн нь адилхан  байгаа. Банк байрны урьдчилгаанд 2013 оны 9 сарын 02-ны өдөр дансаар мөнгө шилжүүлсэн гэж байгаа боловч мөн өдрөө тус компанийн данснаас банкны шилжүүлсэн мөнгө яг тэр үнийн дүнгээрээ гарсан байгаа. Иймд уг мөнгийг урьдчилгаа болгож шилжүүлсэн гэдэг нь харагдахгүй байна. Хэрэв байрны урьдчилгаа олгогдсон юм бол уг мөнгө миний дансаар орж, гарсан байх ёстой. Хуурамчаар ийм үйлдэл хийж байгааг зөвшөөрөхгүй. Энэ талаарх нотлох баримт,гэрээ,данс байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.7, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Батжаргалаас 24 107 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банкинд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Капитал банкнаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 278 485 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Батжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 278 485 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Батжаргал нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүгч маргааны агуулгийг дүгнэж байгаагаас харахад маргааныг огт ойлгоогүй гэж харагдах бөгөөд үндэслэх хэсэгтээ дүгнэж буй 54 846 000 төгрөг нь тухайн маргаан болоод хэрэгт огт байхгүй дүнг хаанаас гаргаж ирээд байгаа нь ойлгомжгүй.  Мөн Б.Батжаргал миний 2012 онд авсан зээлийн гэрээний дүнг, 2013 онд байгуулсан зээлийн гэрээний дүнтэй хольж солиод дүгнээд байгаагаас дээрх шүүгч маргааныг ойлгоогүй гэх дүгнэлтэд хүрч байна. Анхан шатны шүүх Би энд Си ХХК болон Капитал банк нарын хооронд байгуулсан 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ, мөн гэрээний 2.1-т борлуулж буй байрны 1 м.кв-ын үнэ нь банкны ажиллагсдад 1 800 000 төгрөг гэж тохиролцсон гэрээг байгуулсан байх ба уг гэрээнд үндэслэгдэж хариуцагч Б.Батжаргал нь 2012 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Би энд Си ХХК-тай байгуулсан Захиалгаар орон сууц бариулах гэрээ, Капитал банк болон Б.Батжаргал нарын хооронд 2012 оны 05 дугаар сарын 04-ны одөр байгуулагдсан ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүд байгуулагдсан байна гэж дүгнэсэн атлаа цаг хугацааны хувьд сүүлд байгуулагдсан Б.Батжаргалын орон сууц захиалгын гэрээ болон зээлийн гэрээ 1 мкв үнэ 1 350 000 төгрөг байгаа талаар огт анхаарч үзээгүйн дээр нэхэмжлэгч талд ашигтай байдлаар тодорхой бус орхисон байх юм.

Капитап банкны ТУЗ-ын зүгээс Ажиллагсдын хөнгөлөлттэй орон сууцны зээлийн гэрээ, хэлцлийг ямар шалтгаанаар хүчин төгөлдөр бусад тооцох тухай тогтоол гаргах болов гэдэг хамгийн сонирхолтой бөгөөд 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ яагаад хүчинтэй үлдэв гэсэн асуултад банкны хийсэн үйлдэл нь өөрийн хууль бус гаргалгааг арилгах  боломжгүй болсоныг харуулж байгаа юм. Анх Б.Батжаргалтай хийсэн зээлийн гэрээ яагаад урьдчилгаа байхгүй 1 мкв 1 350 000 төгрөгийн дүнгээр 1 жилийн хугацаанд төлөгдөв, Б.Батжаргал болон Би энд Си ХХК нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгийн гэрээ анхны зээлийн гэрээний үнийн дүнтэй ижил байгааг шударга үнэнийг тогтоох ёстой шүүх буюу хуулийг дээдэлж ажиллах тангараг өргөсөн шүүгч ялгаж салгаж ойлгож харахгүй байгааг үнэхээр их гайхаж байна.

Капитал банк Би энд Си ХХК-ийн дансруу 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн гүйлгээгээр 351 629 500 төгрөгийг ажиллагсдын орон сууцны зээлийн зөрүү гэж шилжүүлсэн байна гэжээ. Тус меморалийн баримт гэдэг нь программаас хэвлэгддэг баримт бөгөөд банк өөрөө гаргах боломжтой, тус гүйлгээний баримтад Б.Батжаргалын урьдчилгаа гэж ялгаж салгасан тодотгосон зүйл огт байдаггүй бөгөөд Б.Батжаргал болон Би энд Си ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний үнийн дүн болоод зээлийн гэрээний дүнийн дүнд тусгагдаагүй мөнгө шилжсэн байх нь ямар ч хүний анхаарлыг татах байх. магадгүй урьдчилгаа төлсөн бол зээлийн гэрээний үнийн дүнгээс хасагдсан байх ёстой байтал огт хасагдаагүй байгаа нь урьдчилгаа төлөгдөөгүй гэдгийг хангалттай баталгаажуулна.

Шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэнтэй нийцжээ гэж дүгнэсэн байх бөгөөд талууд дээрх хуулийн заалтын дагуу гэрээний агууллагыг чөлөөтэй сонгох, тодорхойлох боловч холбогдох хууль тогтоомжийг зөрчиж болно гэсэн үг биш юм. Энэ мэт хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, хазаар болох ёстой цорын ганц байгууллага бол шүүх гэж ойлгож байна. Миний бие Капитал банкнаас урьдчилгаа аваагүй байхад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шүүх дүгнэж байгаатай санал нийлэхгүй бөгөөд бэлэн болон бэлэн бусаар ямар ч урьдчилгаа шилжээгүй.  Иймд  шүүхийн  шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна. 

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь хариуцагч Б.Батжаргалд холбогдуулан тогтвортой ажиллах гэрээний нөхцлийг зөрчиж ажилтны санаачилгаар гэрээ цуцлагдсан тул гэрээгээр байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 18 459 000 төгрөг, хүү 5 468 000 төгрөг, нийт 24 107 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...банк миний байрны урьдчилгаа төлбөрт мөнгө төлөөгүй” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагаа 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн гэрээнд үндэслэжээ. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн худалдан авах гэж буй орон сууцны урьдчилгаа төлбөрт 18 459 000 төгрөг төлөхөөр, ажилтан буюу Б.Батжаргал доод тал нь 10 жил нэхэмжлэгч банкинд тогтвортой ажиллахаар, хэрэв ажилтан өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцласан тохиолдолд төлбөрийг сарын 1,7 хувийн хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцож талууд гарын үсгээ зуржээ. / х.х-ийн 28 хуудас/

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр 18 459 000 төгрөгийг хариуцагчийн өмнөөс төлснөө нотлохоор нийт ажиллагсадын байрны урьдчилгааг бөөнд нь төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт, ТУЗ-ын тогтоол, хавсралт, гэрээ зэргийг хэрэгт гаргажээ. /х.х-ийн 20-21, 6/

 

Хариуцагч нь дээрх гэрээ байгуулагдсан, ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцласан зэрэгт маргаагүй боловч өөрийнх нь өмнөөс нэхэмжлэгч 18 459 000 төгрөг төлөөгүй гэж тайлбарлаж байна.

 

Хэрэв хариуцагч нь орон сууцаа 55 485 000 төгрөгөөр худалдан авсан, сууцны үнийг барилгын ажил гүйцэтгэгч Би энд Си ХХК-нд банкны 100 хувийн зээлийн эх үүсвэрээр төлсөн гэж тайлбарлаж байгаа бол энэ байдлаа нотлох үүрэг нь нотлох үүргийн хувиарлалтаар өөрт нь ногдож байгаа юм. Гэтэл хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтууд болох ТУЗ-ын тогтоолоор түүнд 18 459 000 төгрөгийн урьдчилгаа олгохоор болсон тухай баримт, үлдэх 55 200 000 төгрөгийг банкны зээлээр төлсөн тухай баримт, тогтвортой ажиллах нөхцөлт гэрээний 2.3-д байрны нийт үнэ 73 980 000 төгрөг болох тухай баримт, ажиллагсадын байрны урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн шилжүүлэг зэргийг няцааж чадаагүй. Худалдан авсан орон сууцныхаа үнийг хэрхэн төлсөн тухай баримт өөрт нь хамааралтай, өөрөө гаргаж болох баримт байхад хэн нэгнээс урьдчилгаа төлбөр хийлгэхгүйгээр өөрөө төлбөрөө 100 хувь төлсөн гэх байдлаа нотлоогүй.

 

Хариуцагч Б.Батжаргал нь тогтвортой ажиллах гэрээний үүргээ зөрчиж, өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалснаар 18 459 000 төгрөгийг буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзнэ. Нэхэмжлэгч нь Б.Батжаргалын сууцны өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээс чөлөөлөгдсөн үр дагавар үүссэн байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, түүнчлэн шийдвэрийн удиртгал болон тогтоох хэсэгт нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэрийг дутуу бичсэнийг “Капитал банк ХХК” гэж нэмж залруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2016/01098 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.1.1” гэснийг “496 дугаар зүйлийн 496.1” гэж, шийдвэрийн удиртгал болон тогтоох хэсгийн “Капитал банк” гэснийг “Капитал банк ХХК” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Батжаргалын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 485 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

  ШҮҮГЧИД                                    М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                           Ш.ОЮУНХАНД