Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Д.С-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн  авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х аймгийн Д суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, цэргийн командын офицер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас алтан гадас одон, хөдөлмөрийн хүндэт медаль, ардын хувьсгалын 80,90 жилийн ойн медаль, онц хилчин тэмдэгээр шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, бие эрүүл И овогт Д.С,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 20 цаг 30 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт А.А-н баруун нүд рүү эрхий хуруугаараа хатгасны улмаас  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн орой ... байрны ... давхарт байдаг найз маань надруу залгаад архи байна уу гэсэн. Тэгэхээр нь би архи байхгүй, мөнгө л байна гэсэн. Тэгээд хэн хэн байгаа юм гэхэд А байна гэсэн. Орж ирээд жаал юм ярьж суугаач гэсэн. Тэгэхээр нь би Е нэртэй архи авч орсон. Тэгээд би гутлаа өмсөх гээд явж байтал өдөөд байсан учир баруун билүү зүүн гараараа билүү нүдрүү нь хатгаж хөнгөн гэмтэл учруулсандаа гэмшиж байна гэв.

Хохирогч А.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…тэгээд ууж байсан архинаас 2 хуруу үлдээд байж байхад С би гэртээ орлоо гэсэн мөртлөө үлдсэн архийг хийж ууж дуусгаад цэнэглэж байсан гар утсаа аваад миний хажуу талаар гарахдаа миний дух руу баруун гараараа нэг удаа цохиход миний харааны шил унаж би С-н араас босоод үүдэнд гутлаа өмсөж байхаар нь баруун гараараа шанаа хэсэг рүү нэг удаа цохиход эргэж хараад миний баруун талын нүд рүү эрхий хуруугаа хийж эргүүлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019  оны 07 дугаар сарын 20-ны орой 17 цагийн үед охин, хүргэн нарын хамт хөмүүл түүнэ гээд гэрээс гарч яваад 22 цаг 30 минутанд ирээд байж байхад манай нөхөр А гэртээ орж ирэхдээ С миний баруун талын нүд рүү хуруугаараа хатгачихлаа гэсэн байдалтай орж ирэхээр нь усаар нүдээ угаа гэж хэлсэн. Тэгээд манай нөхрийн нүд бага хэмжээний хавдсан байдалтай шөнө нүднээс нь цустай шингэн зүйл гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...С, А хоёр хоорондоо маргалдаад байх шиг, гарч явахдаа үүдний коридор хэсэгт С А-г түлхээд гараад явсан. Тэгээд би босоод А-г түшээд босгож байхад А миний нүд рүү С гараа хийчихээд гараад явлаа гэж хэлсэн. Тэгээд би А-тай хамт гараад гэрийнх нь үүдэнд хүргэж өгөөд би гэртээ харьж амарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 18/

2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэнд:

1. А.А-н биед баруун нүдний эвэрлэгийн гэмтэл, баруун нүдний зовхины хөхрөлт гэмтлүүд тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд баруун нүдний зовхины гэмтэл “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт тогтоогдохгүй ба баруун нүдний эвэрлэгийн гэмтэл нь дангаараа болон нийлээд “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

 4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 32/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 44/

Шүүгдэгч Д.С-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-49/

Хохирогч А.А-н өвчтөний түүх / хх-ийн 29-31, 62-74/

Хохирогч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол саналгүй гэсэн тодорхойлолт /хх-ийн 90-91/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Д.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 20 цаг 30 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг ... дугаар байранд А.А-н баруун нүд рүү эрхий хуруугаараа хатгасны улмаас эрүүл мэндэд нь биед баруун нүдний эвэрлэгийн гэмтэл, баруун нүдний зовхины хөхрөлт гэмтэл учруулжээ.

Шүүгдэгч Д.С-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.С-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…тэгээд ууж байсан архинаас 2 хуруу үлдээд байж байхад С би гэртээ орлоо гэсэн мөртлөө үлдсэн архийг хийж ууж дуусгаад цэнэглэж байсан гар утсаа аваад миний хажуу талаар гарахдаа миний дух руу баруун гараараа нэг удаа цохиход миний харааны шил унаж би С-н араас босоод үүдэнд гутлаа өмсөж байхаар нь баруун гараараа шанаа хэсэг рүү нэг удаа цохиход эргэж хараад миний баруун талын нүд рүү эрхий хуруугаа хийж эргүүлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/, гэрч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019  оны 07 дугаар сарын 20-ны орой 17 цагийн үед охин, хүргэн нарын хамт хөмүүл түүнэ гээд гэрээс гарч яваад 22 цаг 30 минутанд ирээд байж байхад манай нөхөр А гэртээ орж ирэхдээ С миний баруун талын нүд рүү хуруугаараа хатгачихлаа гэсэн байдалтай орж ирэхээр нь усаар нүдээ угаа гэж хэлсэн. Тэгээд манай нөхрийн нүд бага хэмжээний хавдсан байдалтай шөнө нүднээс нь цустай шингэн зүйл гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/, гэрч М.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С, А хоёр хоорондоо маргалдаад байх шиг, гарч явахдаа үүдний коридор хэсэгт С А-г түлхээд гараад явсан. Тэгээд би босоод А-г түшээд босгож байхад А миний нүд рүү С гараа хийчихээд гараад явлаа гэж хэлсэн. Тэгээд би А-тай хамт гараад гэрийнх нь үүдэнд хүргэж өгөөд би гэртээ харьж амарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,  2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/, хохирогч А.А-н өвчтөний түүх / хх-ийн 29-31, 62-74/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.С нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Д.С нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирогч А.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд “ ... эмчилгээнд маань зориулж 3.000.000 төгрөгийг бэлнээр өгч намайг хохиролгүй болгосон. Миний бие С-д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй” гэж тодорхойлолт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч Д.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй бөгөөд  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу, хяналтын прокурортой 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Д.С ял оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулж, оногдуулах торгуулийн ялын хэмжээ бага учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт, бичиг, эд мөрийн баримт нь хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                     Д.Ц