Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/01010/И |
Дугаар | 207/МА2016/00179 |
Огноо | 2016-12-20 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 207/МА2016/00179
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1105 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, *******нарт холбогдох
“Зээлийн гэрээний үүрэг 18.375.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч *******гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа
Хариуцагч *******
Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би *******-ийн Баяжуулах фабрикийн шүүн хатаах хэсэгт 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд намайг анх ажилд ороход ******* гэх эмэгтэй ажиллаж байсан ба, би тэр хүнтэй нилээд дотно байсан бөгөөд түүний гуйлтаар 2013 онд түүний төрсөн охин ******* түүний нөхөр *******нарт 16.0 сая төгрөгийг өгсөн. Энэ мөнгийг тухайн үед ажил хийж байсан *******д өгсөн бөгөөд тэр надад виза картаа өгсөн юм. Үүний дараа мөн л тэд нарын гуйлтаар барьцаалан зээлдүүлэх газраас тэд нарын зээлдэж авсан байсан 1.880.000 төгрөгийг хүүгийн хамт 2.054.000 төгрөг болгож төлсөн. Эдгээр хүмүүс орох оронгүй боллоо гээд 2013 ондоо миний Орхон аймаг *******тоот 2 өрөө байрыг маань сарын 450.000 төгрөгөөр бодож түрээслээд сүүлийн 9 сарын төлбөр дээр хагас сарын мөнгө нийт 4.219.000 төгрөг, мөн хэрэглээний зардал цахилгааны төлбөр нийт 122.000 төгрөг төлөлгүй орхиод явсан байсан. 2014 онд хүүхдийн маань бие муудаад эм тарианы мөнгө байхгүй гэхээр нь өөрийн зүүж байсан 596 сорьцтой ******* улсад үйлдвэрлэсэн монетан бөгжөө өгсөн. Энэ бөгж маань 200.000 төгрөгийн үнэтэй. Би хариуцагч нараас 22.595.000 төгрөг авахаас тэд нарын виза картнаас нь авсан 4.220.000 төгрөгийг хасаад үлдэх 18.375.000 төгрөгийг гаргуулан авах болно. Иймд ************** нараас 18.375.000 төгрөг гаргуулан ******* надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд *******ын гаргасан 18 350 000 төгрөгийн дийлэнхи шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн тухайд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон зээлийн гэрээр бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. ******* болон бид 2-н хооронд хүү тохирч гэрээ байгуулаагүй. 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч манай виза картыг барьцаалаад 2013 оны 09 дүгээр 30-ны өдрийг дуустал өгөхгүй байсан. Энэ хугацаанд тухайн картаар орсон цалинг нэхэмжлэгч авч байсан энэ талаараа нэхэмжлэлдээ тодорхой бичээгүй байна. Байрны түрээсийн гэх тухайд 9 сар мэтээр нэхэмжлэлдээ дурьдсан байна. Гэтэл бодит байдал дээр тооцоо хийгээд үзэхээр 50 хоног болж байгаа. Иймд 2 сарын байрны түрээстэй холбоотой хэсгийг хүлээн зөвшөөрнө. Бөгжний тухайд 1.2 граммтай бөгж байсан. Харин 200 000 төгрөгөөр үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хэт өндөр үнэлгээтэй байна. Ижил чанар, сорьцийн 1.2 граммтай бөгж авч өгөхийг хүлээн зөвшөөрнө. *******ын тухайд бол энэ хүнтэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, гэрээ хэлцэл байгуулаагүй болно гэжээ.
Хариуцагч *******шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд *******ын гаргасан 18 350 000 төгрөгний нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь *******миний бие нэхэмжлэгч *******тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, гэрээ хэлцэл байгуулаагүй болно. Нэгэнт иргэний хуульд заасан үүрэг үүсээгүй тул ******* нь надаас шаардах эрхгүй болно гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1105 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 302 дугаар зүйлийн 302.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан *******, *******нараас 12 648 000 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлээс 5 727 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 248 825 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 217 302 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч ******* давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах хүсэлтэй байна. Хүсэлтийг минь хүлээн авна уу. Хугацаа нь 2016.10.31-ний өдөр дуусах байсан боловч бүх нийтээр амрах өдөр байсан тул хүсэлтээ өгч чадаагүй болно гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ******* нь зээл, бусдын төлбөрт төлсөн 18.054.000 төгрөг, түрээсийн төлбөр болон халаалт, цахилгааны төлбөр 4.341.000 төгрөг, бөгжний үнэ 200.000 төгрөгнөөс хариуцагчийн виза картнаас суутгаж авсан 4.220.000 төгрөгийг хасч үлдэгдэл 18.375.000 төгрөгийг хариуцагч *******, *******аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч *******гэрээ хэлцэл хийгээгүй, эрх зүйн харилцанд ороогүй тул нэхэмжлэгч шаардах эрхгүй, хариуцагч ******* мөнгө зээлж авахдаа хүү тооцож гэрээ байгуулаагүй, түрээсийн хугацааг буруу тооцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг дийлэнх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас 12.648.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэийн шаардлагаас 5.727.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Учир нь нэхэмжлэгч ******* нь хариуцагчид нийт 16.000.000 төгрөг зээлдүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотолж талуудын хооронд хийгдэж байсан тооцооны баримтыг /хх-ийн 30 тал/ шүүхэд ирүүлсэн ба шүүх уг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлж хариуцагчийн зээлж авсан 16.000.000 төгрөгнөөс нэхэмжлэгчийн авсан 4.220.000 төгрөгийг хасч тооцож хариуцагч нараас зээлийн төлбөр 11.780.000 төгрөг, мөн түрээсийн төлбөр болон зардал 4.431.000 төгрөгнөөс 667000 төгрөг нийт 12.648.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруу гэж үзэх боломжгүй юм.
Харин шүүх нэхэмжлэгчийн хариуцагчийн өмнөөс бусдад төлсөн 2.054.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар огт дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэгчийн баримтаар 5.728.000 төгрөг нотлогдоогүй гэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох, хариуцагч нь шаардлагыг үгүйсгэж буй үндэслэл, тайлбараа нотлох үүрэгтэй ба шүүх талуудын хооронд үүссэн зээлийн харилцаанд нотлох чиг үүргийг нэхэмжлэгчид хүлээлгэсэн гэж үзэхээр байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь түрээсийн төлбөр болон халаалт, цахилгааны зардал 4.341.000 төгрөг, хариуцагч нарын өмнөөс бусдад төлсөн 2.054.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй байх тул бусдад төлсөн 2.054.000 төгрөг, түрээсийн төлбөрийн дүнгээс 3.674.000 төгрөг нийт 5.728.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл бүхий байна.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийг оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул хариуцагч Д.Нандин-Эрдэний гаргасан “ ...шаардлагаас 12.648.000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй тул өөрчлөлт оруулж, мөнгөн дүнг багасгаж өгнө үү..” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1105 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217.320 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.БАТТӨР
Б.ОЮУНЦЭЦЭГ