Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2021/0025

 

                           “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, Э.Б нарыг /цахимаар/ оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0682 дугаар шийдвэртэй, “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0682 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар:

      Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг баримтлан “Р” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/309 дүгээр захирамжийн Н.Б, Н.Т, Д.О, Б.А, Н.С, М.А, Т.Э, О.У нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийн зарим хэсгийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрлээгүй үлдсэн газрыг эзэмшүүлэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж,

    2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.

     Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Н.Д, Э.Б нар давж заалдах гомдолдоо: “... Гуравдагч этгээдүүдэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/309 дугаартай захирамжаар зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх үүссэн бөгөөд энэхүү эрхийг Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу зохих ёсоор авсан, Засаг даргын захирамж нь ч хуулийн дагуу гарсан. Эрх нь зөрчигдөж байгаа гуравдагч этгээдүүдийн эрх нь өөрийнх нь хууль бус ажиллагаа, буруугаас болсон нөхцөл байдал огт байхгүйг заавал анхаарах ёстой.

     Газрын тухай хуулинд заасны дагуу газрыг эзэмшээгүй, эрх үүсээгүй атлаа сайн дураараа хөрөнгө оруулалт хийж, мод тарьж газрыг хууль бусаар эзэмшиж байгаа этгээдийг шүүх хамгаалах ёсгүй. Түүнд нэхэмжлэгч байх эрх ч үүсээгүй байхад нэхэмжлэлийг нь хангаж байгаа нь харамсалтай явдал боллоо. Нэхэмжлэгч гэдэг нь хуулиар олгогдсон эрх нь зөрчигдсөн этгээд байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал нь өгсөн тайлбараараа газар эзэмших эрхгүй атлаа мод тарьсан байснаа хүлээн зөвшөөрч тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгч этгээд биш болохыг нотолж байна.

     Шүүхээс нэхэмжлэгч нь Нийслэлийн байгаль орчны газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Иргэдийн Нийтийн Хурал гэх мэт Газрын тухай хуулинд заасан газар эзэмших талаар хүсэлт гаргахад үл хамаарах байгууллага болон дүүргийн Засаг даргад удаа дараа хандсан мэтээр дүгнэсэн. Дээрх дүгнэлтээс харахад шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 107 дугаар зүйлийн 107.4-т “...үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, ...шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана" гэсэн заалтыг зөрчиж нэхэмжлэгчийн “удаа дараа” хандсан гэсэн дүгнэлт нь хэр зөв байснаа хуулийг үндэслэн тайлбарлаагүй гэж үзэж байна.

    “Удаа дараа” хандах нь нэг талаар нэхэмжлэгчийн эрх мэт боловч энэ нөхцөлд эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа этгээд хуулинд зааснаар дээд шатны байгууллагад нь болон шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах хууль зүйн боломжуудыг маш тодорхой заасныг нэхэмжлэгч өөрөө зөрчсөнд шүүх дүгнэлт хийгээгүй.

    Нэхэмжлэгч нь анх 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 33563.5 м.кв хэмжээ бүхий газар эзэмших хүсэлт гаргасан. Энэ хүсэлтэд нь хариуцагч 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 333 дугаар албан бичгээр “2014 оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд мод үржүүлгийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр тусгагдаагүй тул 2015 оны төлөвлөгөөнд саналыг тусгаснаар эзэмшүүлэх боломжтой” гэсэн хариу өгсөн гэж нэхэмжлэгч өөрөө тайлбарласан. Энэ тайлбар, Засаг даргын хариунаас үзэхэд 2014 онд газар эзэмшүүлэх төлөвлөгөөний дагуу гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх олгогдсон гэж ойлгогдохын хамт нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэл ч байгаагүйг баталж байна. Өөрөөр хэлбэл, 2014 онд гаргасан хүсэлтэд зохих ёсны хариу өгсөн гэж үзэж байна.

     Хариуцагч тал нь 2014 оны хүсэлтийг тухайн жилд нь шийдвэрлэж хариу өгснөөс гадна энэ хариуг нэхэмжлэгч тал үгүйсгэж, зохих ёсоор гомдол гаргаагүй. Нэгэнт 2014 ондоо гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн шийдвэр гаргасан тул нэхэмжлэгчийн хүсэлтийг бүхэлд нь шийдвэрлэх боломжгүй нь тодорхой байсан. Энэ нөхцөл байдал тодорхой байсаар байтал анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2014 оны хүсэлт биелэгдэх ёстой мэтээр дүгнэж, нэхэмжлэлийг хангасанд гомдолтой байна.

     Захиргааны байгууллага хуулийг болон нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн  үйлдэл гаргаагүй бөгөөд хүсэлтэд нь хариу өгч байсныг нэхэмжлэгчийн 2014 онд гаргасан анхны хүсэлтэд нь 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 333 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн 2015 онд гаргасан хүсэлтэд нь өмнөх жилд нь гуравдагч этгээдүүдэд газар олгосон тул 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/542 дугаар захирамжаараа зарим хэсэгт нь газар олгосон шийдвэр гаргасан, түүнээс хойш нэхэмжлэгч эрх олгогдоогүй зарим хэсгийн газраа эзэмшихийг хүссэн хүсэлтийг гаргасны дагуу 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 11/646 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газарт нь давхцуулан нэр бүхий 8 иргэнд газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2014 оны А/309 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дээд шатны Засаг даргад нь гомдол гаргасан байх бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 03/2738 дугаар албан бичгүүдийг дурдвал эдгээрээс албан ёсны хариугаас дүгнэхэд нөхцөл байдал нь хариуцагчийг нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй байна гэж буруутгах үндэслэлгүй байна. Эс үйлдэхүй бол “хүсэлтэд огт хариу өгөөгүй, тодорхойгүй байх” гэж ойлгож байна. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтэд хариу өгч байсан, хүсч байгаа газар нь бусдын газар эзэмших эрх үүссэн газар гэдгээр тайлбарлаж байсны зэрэгцээ шийдвэрлэх боломжгүй тул дээд шатны байгууллагад хандахыг ч илэрхийлж байсан фактад анхан шатны шүүх дүгнэлт огт өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

      Газрыг хууль бусаар ашиглаж, хөрөнгө оруулалт хийсэн нэрийн дор мод тарьснаас авахуулаад хүсэлтийнх нь дагуу хариуцагчийн зүгээс гаргаж байсан тайлбар, албан тоот хариу, шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулинд заасан журмын дагуу эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэгчийн бурууг хайцаалан зөвтгөснийг зөвшөөрөхгүй байна.

     Анхан шатны шүүхийн дүгнэлт эцэстээ “газар дээрээ зөвшөөрөлгүй олон жил амьдарч суурьшсан иргэдэд ахуй зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газар эзэмших эрх олгохдоо энэ шаардлагад хамаарахгүй иргэд буюу гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн нь үндэслэлгүй” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь “гагцхүү зөвшөөрөлгүй айлуудад газрын эрх олгоно, өөр бусдад олгохгүй” гэсэн үг, утга санаа илэрхийлэгдээгүй байхад хүчээр санаатайгаар нэхэмжлэгч талд үйлчилж ийнхүү дүгнэсэн.

     Иймээс дээр дурдсан нотолгоо, баримт, хууль зүйн үндэслэлийг дүгнэн, анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 682 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтыг буруу үнэлж, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэлээ.

     Нэхэмжлэгч “Р” ХХК-иас “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/309 дүгээр захирамжийн Н.Б, Н.Т, Д.О, Б.А, Н.С, М.А, Т.Э, О.У нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийн зарим хэсгийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өмнө хүсэлт гаргасан 3.4 га цэцэрлэгжүүлсэн газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

    Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2/13 дугаар тогтоолоор[1] 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөний 3.2 дахь хэсгээр тус дүүргийн ... 20 дугаар хороо, Сэлхэд байршилтай зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газруудыг баталгаажуулж, мөн Хурлын 2013 оны 7/32 дугаар тогтоолоор[2] 2014 оны төлөвлөгөөг, 2014 оны 10/43 дугаар тогтоолоор[3] 2015 оны төлөвлөгөөг тус тус баталсны дотор тус дүүргийн ... 20 дугаар хороо, Сэлхэд зуслангийн зориулалтаар эзэмшиж буй иргэдэд газрыг эзэмшүүлж, өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

     Гуравдагч этгээд Н.Б, Н.Т, Д.О, Б.А, Н.С, М.А, Т.Э, О.У нар нь дээрх зуслангийн зориулалтаар газар олгох төлөвлөгөөнд тусгагдсан байршлуудад газрын кадастрын зургийг хийлгэж, 700 м.кв газрыг гэр бүлийн зориулалтаар эзэмших хүсэлтүүдийг 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргажээ.  

      Э дгээр иргэдийн хүсэлтийг хүлээн авч, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь ... дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, ... эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн шаардлага хангасан гэж үзэж, Дүүргийн Засаг дарга нь 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр тусгагдсаны дагуу 2014 оны А/309 дүгээр захирамжаар[4] тус дүүргийн 20 дугаар хороо, Сэлхэд зуслангийн зориулалтаар 284 иргэнд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дотор нэр бүхий 8 иргэн багтсан байна.

     Энэхүү захирамж нь мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасныг зөрчөөгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзлээ.

     Учир нь нэхэмжлэгч “Р” ХХК-ийн хувьд 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн аманд мод үржүүлгийн чиглэлээр “Ойн зугаалга” төсөл хэрэгжүүлэх зориулалтаар 33563.5 м.кв газар эзэмших хүсэлтийг гаргасан нь гуравдагч этгээд нараас цаг хугацааны хувьд түрүүлж гаргасан боловч тухайн дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд аж ахуй нэгжид мод үржүүлгийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр тусгагдаагүй, мөн энэ талаар ч дүүргийн Газрын албанаас хариу өгч, хүсэлтийг тухайн үед нь шийдвэрлэсэн байна.

     Гэтэл анхан шатны шүүхээс “...захиргааны байгууллага нь иргэн, аж ахуй нэгжийн 1 байршилд газар эзэмших хүсэлтүүдийг шийдвэрлэхдээ хүсэлт гаргасан дарааллыг харгалзаагүй нь буруутай, ... гуравдагч этгээдүүдийг зураг хийлгэснээр 2011 онд хүсэлт гаргасан гэж үзэхгүй, газар зохион байгуулалт тусгагдснаар газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэсэн ч хүсэлт гаргасан 33563.5 м.кв газраас зарим хэсгийг буюу 17960.5 м.кв газрыг эзэмшүүлэх эсэхийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хүсэлтийн дарааллыг харгалзаагүй хууль бус ... ” гэж Газрын тухай хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

     Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэж,

     мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”,

      33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

    Хуулийн дээрх заалтууд нь гэр бүлийн хэрэгцээнд эзэмших 0,07 га хүртэлх газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан бол иргэдэд хүсэлт гаргасан дарааллын дагуу эзэмшүүлэхээр, харин мөн хуулийн 29.1, 29.2, 29.3-т зааснаас бусад зориулалт, хэмжээтэй газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар эзэмшүүлэхээр ялгамжтай зохицуулсан тул нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хүсэлтийг бүртгэсэн цаг хугацаагаар нь нэг дараалалд оруулж, түрүүлж гаргасан хүсэлтэд дурдсан хэмжээгээр нь шууд эзэмшүүлэх үүргийг хариуцагч хүлээсэн гэж үзэхгүй.

     Түүнээс гадна нэхэмжлэгчийн 2014 онд гаргасан хүсэлтийг 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 31.3-д зааснаар тухайн үед газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тул эзэмшүүлэх боломжгүй гэж хариу өгсөн нь дээрх хуулийн 33.1.1, 33.1.2-т нийцсэн, 2015 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг зориулалтаар газар эзэмшүүлэхээр тусгасны дагуу бусдын эзэмшил газартай давхцуулахгүйгээр хариуцагчаас 2015 оны А/542 дугаар захирамжаар нэхэмжлэгчид 15602 м.кв газрыг эзэмшүүлсэн нь мөн хуулийн 31.3-т заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг бүрэн шийдвэрлэж дууссан байна. Тухайн үед нэхэмжлэгч компани хүсэлт гаргасан 33563,5 м.кв газраас үлдэх 17900 м.кв газрыг эзэмшүүлээгүй талаар маргаагүй бөгөөд маргасан тохиолдолд гуравдагч этгээд иргэдэд газар эзэмших эрх үүссэн байх тул тэдгээрийн газартай давхцуулан эзэмшүүлэх боломжгүй байжээ.

   Хариуцагч нь “Р” ХХК-ийн 2014 оны хүсэлтэд хариу өгөхдөө “...төлөвлөгөөнд тусгуулах талаар” заасан, мөн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “мод үржүүлгийн зориулалтаар” ... гэж тусгасан боловч хүсэлтэд дурдсан хэмжээгээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарлаагүй тул нэхэмжлэгч нь хүсэлтэд дурдсан хэмжээгээр төсөл боловсруулж, эсвэл дуудлага худалдааны үнийг төлөх зэргээр 33560 м.кв хэмжээгээр газрыг эзэмших эрх, ашиг сонирхол үүссэн гэж үзэхээргүй байна. Газар эзэмших эрх, ашиг сонирхол нь хууль ёсоор үүсээгүй байхад “тухайн газарт мод тарьсан, холбогдох газраас зөвшөөрөл авсан байсан, ...  мод үржүүлгийн төслийг хэрэгжүүлэх үүргийг гүйцэтгэх боломжгүй нөхцөлд хүрсэн, нийтийн эрх ашиг хохирч байна” гэх нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй байна.  

      Мөн “гуравдагч этгээдүүд эзэмшүүлсэн газартаа амьдардаггүй болох нь тогтоогдсон, газар эзэмшүүлэх зориулалтын шаардлагыг хангаагүй иргэдэд газрыг олгосон” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь тухайн газар эзэмшүүлэх захирамжид “...зуслангийн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд ...” гэж дурдсан боловч “зуслангийн” зориулалтаар эзэмших газарт иргэдийг заавал суурьшин амьдарч байхыг шаардах боломжгүй тул нэгэнт газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зуслангийн зориулалтаар эзэмшүүлж болохоор тусгагдсан газарт хүсэлт гаргасан гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

      Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0682 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-д заасныг тус тус баримтлан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/309 дүгээр захирамжийн Н.Б, Н.Т, Д.О, Б.А, Н.С, М.А, Т.Э, О.У нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийн зарим хэсгийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрлээгүй үлдсэн газрыг эзэмшүүлэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч “Р” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Н.Д нарын давж заалдах гомдлыг хангасугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг буцаан олгосугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                   Н.ДОЛГОРСҮРЭН

    ШҮҮГЧ                                                  С.МӨНХЖАРГАЛ

 

[1] Хэргийн 2 дахь хавтасны 81 дэх тал

[2] Хэргийн 2 дахь хавтасны 91, 95 дахь тал

[3] Хэргийн 2 дахь хавтасны 112-115 дахь тал

[4] Хэргийн 1 дэх хавтасны 56-57 дахь тал