Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 177

 

 

      Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч С.Т түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Д-гийн О, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-ийн Т нарт холбогдох 1835004170139 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1966 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, архивын арга зүйч мэргэжилтэй, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн дэргэдэх Архивын тасгийн даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, охины хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг 2-10 тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, А овогт Д-гийн О, регистрийн дугаар:...............,

Монгол улсын иргэн, 1962 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг 04-22 тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Б овогт С-ийн Т, регистрийн дугаар:...................

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.О нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сард С.Т-ийг 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай Барилга угсралтын трестийн даргын ажилд томилсон тушаалыг, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалыг иргэн С.Т-ийн ашиг сонирхлын үүднээс хуурамчаар үйлдэж түүнээс 1’500’000 төгрөгийн хахууль авсан,

Мөн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох “иргэн М.Чг 1981-1985 оны хооронд Барилга угсралтын трестэд армотурчны ажил эрхэлж байсан” гэх цалингийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн,

Шүүгдэгч С.Т нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2007 оны 01 дүгээр сарын сүүлээр, 2 дугаар сарын эхээр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргаар ажиллаж байсан Д.О-ээр өөрийгөө Б.Б.М.Ү-ийн Увс аймаг дахь “Алтан Гадас” одонт барилга трестийн даргын 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаар “ажилд томилох тухай” тушаал, Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тухай тушаалуудыг хуурамчаар үйлдүүлэн авч 1’500’000 төгрөгийн хахууль өгсөн,

Мөн Д.О-ээр үйлдүүлэн авсан Б.Б.М.Ү-ийн Увс аймаг дахь “Алтан Гадас” одонт барилга трестийн даргын 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаар “ажилд томилох тухай” тушаал, Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал зэрэг нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:  Шүүхийн хэлэлцүүлгээр 1935004170139 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-ийн “...С овогтой Т нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байна. 2019 оны 3 дугаар сарын байдлаар 6’803’750 төгрөгийн хохирол учруулсан. Өнөөдрийн байдлаар 4 сарын тэтгэвэр болох 1’240’000 төгрөг нэмэгдэж 8’043’750 төгрөгийн хохирол учруулаад байна. Уг иргэн нь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 162 дугаартай шийдвэрээр ажилласан хугацаагаа тогтоолгосон. Мөн 1995-1999 онд “Ундрах бүтээмж” ХХК-д шимтгэл төлж ажилласан хугацааны 1189 тоот нийгмийн даатгалын архивын лавлагаа, цэргийн батлах зэрэг баримтуудыг үндэслэн тэтгэвэр тогтоолгосон. Иргэн С.Т нь шүүхийн шийдвэрээр Барилга угсралтын трест, Барилгын биржид 13 жил 03 сар 04 хоног хортой халуун нөхцөлд ажилласан, нийт 24 жил 01 сар ажилласан байна. 2017 оны байдлаар хортой халуун нөхцөлд 10-аас дээш жил ажилласан, нийт 20-оос дээш жил ажилласан, эрэгтэй 50-аас дээш настай хүн өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоолгох боломжтой. ...С.Т-ийн хувьд хортой халуун нөхцөлд 13 жил 03 сар 04 хоног ажилласан гэдэг нь хамгийн гол тэтгэвэр тогтоолгох үндэслэл болсон гэсэн үг юм...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 229-230 дугаар хуудас/,

2. Гэрч Г.Г-ийн “...2017 оны эхээр байж магад өвөл л байсан гадаа их хүйтэн байсан үе би сар өдрийг нь сайн санахгүй байна. Аймгийн архивын газар дээр явж байтал О таараад чамд бичээч танил байна уу гэхээр нь би нэг хүн байгаа гэсэн чинь үүн дээр нэг юм бичүүлэх гэсэн юм хүн гуйгаад байна гээд цаасан дээр ...бичих зүйлийг ноороглоод биччихсэн надад үзүүлсэн. Тухайн үед Хөдөө аж ахуйн газарт бичээч байсан О-ийг би таньдаг болохоор түүнд бичгийн машин байгаа гэж бодоод О-ээс юу ч гэсэн надад өгчих би хүнээс асуугаад өгье байвал бичүүлээд ирье гээд Оээс тэр бланк, цаасан дээр бичсэн юмыг нь авсан. Тэр өдрөө Хөдөө аж ахуйн газар дээр О-тэй уулзаад чамд бичгийн машин байгаа шүү дээ үүнийг бичээд өгөөч гээд гуйсан. Оийн өрөөнд өмнө нь орж байхад сейфнийхэн дээр бичгийн машин байсныг харж байсан юм. Тэгээд Оээр бичгийн машинаар нь нөгөө бичгийг нь өгсөн бланк дээр нь бичүүлээд маргааш нь байх Оийн ажил дээр нь хүргээд өгчихсөн ийм л асуудал болсон. Би Батзул даргын гарын үсэгтэй тушаал, Д.Ц даргын гарын үсэгтэй тушаал байснаас гарын үсгийг харж байгаад дуурайлгаад зурчихсан юм. Д.О дарга надад бичиж өгсөн ноорог дээр огноог бичсэн байсан боловч дугаарыг нь тавиагүй байсан юм. Харин тушаалын 160 гэдэг дугаарыг би таагаад /таамаглаад/ тавьчихсан юм. Д.О дарга уг тушаалын огноог 1994.12.31-ний өдөр гэж ноорог цаасан дээр бичиж өгсөн. Харин дугаарыг 142 гээд таамаглаад тавьчихсан юм. ...Би С.Тийг зүс танина. Намхан хар царайтай хүн байсан. Надтай 2018 оны 5 дугаар сард манай гэрт ирж уулзаад миний тэтгэврийн асуудал Цагдаагийн газар дээр шалгагдаж байна, баларсан юм болж байна. Одоо яах вэ гэж надаас асуусан. Тэгэхээр нь чи тэр Отэйгээ л уулзсан дээр байх, би өөрөө Цагдаад шалгагдаад байж байна гэж хэлсэн. Тэгэхэд С.Т хоёр тушаал хуурамч хийгдсэн байна гэж байна, миний тэтгэвэр зогсох юм шиг байна гэж хэлсэн. Мөн С.Т нь би цагдаагийн газарт мэдүүлэг өгөхдөө Д.О-т 1’500’000 төгрөг хахуульд өгчихсөн гэдгээ хэлчихсэн нь буруу болсон байна. Миний тэтгэвэр зогсох юм байна л даа, одоо би яавал зөв бэ гэж асуусан. Тэгэхээр нь би мэдэхгүй тэр О чинь мэдэх байлгүй гэж хэлээд явчихсан юм...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 26-29 дүгээр хуудас/,

3. Гэрч С.Б-ийн “...би 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэн С.Т-ийн Барилга угсралтын трестийн Барилгын материалын үйлдвэрийн Тоосгоны заводод дугуй зууханд тоосго өрөгчөөр 1978-1982 он, 1985-1994 он хүртэлх хугацааны цалингийн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Би манай дарга О яаралтайгаар гаргаж өг гэсэн тохиолдолд аль болох дугаарласан иргэдийн түрүүнд гаргаж өгөхийг боддог. ...С.Т-ийн хувьд цалингийн картаас шүүлт хийж үзэх ёстой байсан боловч, дарга Д.О яаруулаад байсан учраас нэг хэсэгт нь цалингүй од тавиад, зарим сард нь цалингийн хэмжээ тавьж гаргасан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

4. Гэрч Л.П-ын “...би 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Тэс сумын сургуулийн дотуур байрны дотоод засал хийж 1’200’000 төгрөгийн цалин авсан, мөн Өлгий сумын эмнэлгийн урсгал засвар хийж 650’000 төгрөгийн цалин авч байсныг одоо санаж байна. Манай нөхөр С.Т барилгын өрлөгчин бөгөөд айлын гараш болон амины орон сууцны өрлөг хийж мөнгө олсон. Яг хаана ажиллаж, хэдэн төгрөг олсныг сайн санахгүй байна. Бид хоёр олсон мөнгөнөөсөө хэрэглээд илүү гарснаа хадгалдаг. 2017 оны 02 дугаар сард олсон мөнгөнөөсөө түлээ, нүүрс, хоол хүнсний зүйлдээ хэрэглээд 1 сая гаруй төгрөг байсан. Надад С.Т уг мөнгийг юунд зарцуулсан талаараа яриагүй. С.Т нь О гэдэг хүнээр баримт бүрдүүлж тэтгэвэрт гарах гэж байгаа талаараа надад ярьж байсан боловч би нэг их сонирхож асуугаагүй юм. Түүнээс өөр зүйл мэдэхгүй. Ямар ч байсан түүнээс хойш хэсэг хугацааны дараа манай нөхөр С.Т тэтгэвэртээ гарчихсан байсан. Манай нөхөр ойролцоогоор 280’000 төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 35-36 дугаар хуудас/,

5. Гэрч Л.Д-гийн “...С.Т нь 2017 онд надтай ирж уулзсан. Тэгэхдээ надад “Би тэтгэвэрт гарах гэж байна, Барилга угсралтын трестийн Тоосгоны заводод ажиллаж байсан тушаал баримт бичиг бүрэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь Тид чи тоосгоны заводод ажиллаж байгаагүй шүү дээ гэж асуусан. Тэгэхэд миний бичиг баримт Тоосгоны заводод ажиллаж байснаар гарчихсан байгаа учраас ямар нэгэн асуудал байхгүй. Танаас өөр тэр үед тоосгоны заводод ажиллаж байсан хүн ч алга. Тийм учраас 1978 оноос хойш хамт ажиллаж байсан гээд хэлээд өгөөч, миний биеийн эрүүл мэнд ч тааруухан байна, одоо ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй болж байна гэж гуйсан. Тэгэхээр нь би С.Тийн гуйлтаар 1982 оноос хойш хамт ажилласан боловч 1978 оноос хойш хамт ажилласан гэж шүүхэд гэрчилсэн. Тэгэхдээ бодитоор тухайн үед С.Т ажиллаж байгаагүй гэдгийг мэдэж байсан ч гэсэн тушаалыг нь хараад гэрчилчихсэн юм...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 37-38 дугаар хуудас/,

6. Гэрч Б.У-гийн “...би С.Тийн 1985 оноос хойш танина. Түүнээс хойш найз нөхдийн холбоотой байгаа юм. Би 1984 онд цэргээс халагдаж ирэхэд С.Т нь Барилга угсралтайн трестийн тоосгоны заводод ажиллаж байгаагүй юм. ...С.Т нь тэтгэвэртээ гарах гэж байна гээд надаас гуйгаад байхаар нь гэрч болчихсон юм. С.Т-ийг тухайн цаг хугацаанд Барилга угсралтын трестэд ажиллаж байгаагүй гэдгийг мэдсээр байж шүүхэд худал гэрчилсэн нь миний буруу...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 39-40 хуудас/,

7. Гэрч Д.О-ийн “..Д.О нь Архивын газрын даргаар ажиллаж байсан. Харин Д.Г нь архивд ажиллаж байсан бөгөөд би хөдөө аж ахуйн газарт архив, бичиг хэргийн ажилтан байсан учраас тэд нарыг таньдаг байсан юм. ...Г.Г нь нэг удаа намайг гуйгаад нэрийг нь санахгүй байна хөдөлмөрийн дэвтэр харуулж байгаад нэг хүний ажлаас чөлөөлсөн тушаал бичгийн машинаар бичүүлж авсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 41-42 дугаар хуудас/,

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2640 дугаартай Криминалистикийн шинжилгээний “...Шинжилгээнд ирүүлсэн баримт, материалууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн С.Т-ийн цалингийн тодорхойлолт гэх баримтын “Д.О” гэсний урд зурсан шинжилж гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.О-ийн гэх гарын үсгийн чөлөөт харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай гарын үсгийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн дээрх баримтын “С.Б” гэсний урд зурсан шинжилж гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн С.Б-ийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай гарын үсгийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын “1978 оны 6-р сарын 20” гэсэн огноотой, “160” дугаартай тушаал гэх баримтанд зурсан шинжилж гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Т.Б-ын гэх гарын үсгийн харьцангуй чөлөөт загваруудтай гарын үсгийн ерөнхий шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын “1994 оны 12-р сарын 31” гэсэн огноотой, “142” дугаартай тушаал гэх баримтанд урд зурсан шинжилж гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.Ц-ийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загваруудтай гарын үсгийн ерөнхий болон хувийн онцлог шиж тэмдгүүдээрээ тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн дээрх “160”, “142” дугаартай тушаал гэх баримтууд дахь шинжилж буй гарын үсгүүдийг харьцуулах загвараар ирүүлсэн Г.Гийн Т.Б, Д.Ц нарын гарын үсгийг дуурайлган зурсан гэх туршилтын загваруудтай харьцуулан шинжлэх боломжгүй...” гэх дүгнэлт, түүний хавсралтууд /4-р хх-ийн 178-191 дүгээр хуудас/,

9. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн даргын албан өрөө, архивын хадгаламжийн нэгж, хадгалагдаж буй өрөөнүүдэд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 26-52 дугаар хуудас/,

10. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл “...Үзлэг хийж буй компьютер дээр “АМ8” нэртэй программ байх ба тухайн тухайн программыг ачаалуулахад “Нэвтрэх нэр, нууц үг” гэсэн цонх гарч ирэх бөгөөд цахим сангийн оператор Б.Б-ы нэр нууц үгийг оруулж цахим санд нэвтрэхэд ...Хадгаламжийн нэгжийн дугаарын 103 дугаарт бичигдсэн “Барилга бирж даргын тушаал”, “1994.01.14-1994.12.31, хуудасны тоо 138 гэсэн бичвэр байна. ...103 дугаарт байх талбарыг дахин сонгоод “баримт” гэсэн талбар дээр дарахад “Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны тушаал”-ууд цувралаар гарч ирнэ. Тухайн тушаалууд дотроос “Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 88 дугаартай тушаалыг сонгож үзэхэд агуулга хэсэг дээр “Кислородын цех итгэл үйлдвэрийн ажиллагсдын цалин түр тогтоох тухай” гэсэн утгатай тушаал шивэгдсэн байна. Тухайн цонхны “бичсэн” гэсэн талбар дээр Б.Б, огноо гэсэн талбар дээр 2014.12.05 гэсэн бичвэр орсон байна. Цахим сангийн үзлэгийг “Хөмрөг” гэсэн цэснээс дахин эхлүүлж “барилга угсралтын трест”, “Хадгаламжийн нэгжийн мэдээлэл” зэрэг талбаруудыг сонгоод “Трестийн даргын тушаал” “1981.01.02, 1981.08.01- 1981.12.30”, хуудасны тоо 255, 99 гэсэн талбарыг сонгож баримт гэсэн талбарыг дарж нээхэд “Барилга угсралтын даргын 1981 оны тушаал”-ууд гарч ирэв. Тухайн тушаалууд дотроос “Барилга трестийн даргын 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай тушаалыг сонгож үзэхэд агуулга хэсэг дээр “Арга хэмжээ авах тухай” гэсэн утгатай тушаал шивэгдсэн байна. Тухайн цонхны бичвэр хэсэг дээр “Б.Б”, огноо хэсэг дээр “2015.02.11” гэсэн бичвэр орсон байна. ...Архивын сангийн цахим мэдээллийн санд Л овогтой Ц, С овогтой Ц, Ш овогтой Б, Д овогтой Э, Т овогтой У, М овогтой Ч, Г овогтой П нарын цалингийн цэс ороогүй байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 113-115 дугаар хуудас/,

11. Гэрч Б.Н-гийн “...М овогтой Ч нь 1980 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 он хүртэлх хугацаанд манай Барилга, угсралтын трестэд бетон, арматурчнаар ажиллаж байгаагүй. Би тухайн цаг хугацаанд Барилга угсралтын трестийн бетон арматурын бригадын дарга, хэсгийн даргаар ажиллаж байсан болохоор сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123 дугаар хуудас/,

12. Гэрч И.Б-гийн “...Би 1971 оноос 2006 он хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестэд бетон, арматурын цех /завод/-д инженер хийж байсан. ...1980 оноос 1994 он хүртэл М овогтой Ч нь манай Барилга, угсралтын трестэд ажиллаж байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 124 дугаар хуудас/,

13. Гэрч Б.Б-ы “...2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр манай мэдээлэл лавлагаа хариуцсан ажилтан С.Б чөлөөтэй байсан учраас би ажлыг нь орлон гүйцэтгэсэн. 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр намайг С.Б-ийн ажлыг түр орлон гүйцэтгэж байтал Архивын тасгийн эрхлэгч Д.О надад “Чи М овогтой Ч гэдэг хүнийг Барилга угсралтын трестэд 1981- 1985 оны хооронд арматурчны ажил эрхэлж байсан цалингийн тодорхойлолт биччих. Архиваас шүүх шаардлага байхгүй. Зүгээр зарим саруудад нь од тавиад, зарим саруудад 200-400 төгрөгийн хооронд мөнгөн дүн бичээд цалингийн тодорхойлолт хийгээд надад өг” гэж хэлсэн. Тэгээд би архивын тасгийн эрхлэгч Д.О-ийн хэлсэн үүргийн дагуу ...цалингийн тодорхойлолтын хүснэгт дээр М овогтой Ч гэдэг хүнийг 1981-1985 оны хооронд Барилга угсралтын трестэд арматурчны ажил эрхэлж байсан тодорхойлолт бичсэн. Би уг тодорхойлолтыг бичихдээ эрхлэгч Д.О-ийн хэлсний дагуу зарим саруудад нь од тавиад, зарим саруудад нь 200-400 төгрөгийн хооронд мөнгөн дүн бичиж гаргасан. ...Тэгээд уг цалингийн тодорхойлолтыг бэлэн болгоод “Цалинг түүвэрлэсэн: мэдээлэл лавлагаа хариуцсан ажилтан” гэх хэсэг дээр өөрийнхөө гарын үсгийг зураад, тухайн баримтыг архивын тасгийн эрхлэгч Д.О-т өгсөн. М овогтой Ч гэдэг хүний цалингийн тодорхойлолтыг манай тасгийн эрхлэгч Д.О хэнд өгсөн, юунд ашигласан болохыг нь би мэдэхгүй. Бас тэр тодорхойлолтыг хэн гэдэг хүн манай архивын тасгийн эрхлэгч Д.О-ээр хийлгэсэн, гаргуулж авсан болохыг нь би мэдэхгүй. Иргэн М овогтой Ч нь өөр хэзээ, ямар ямар материал, лавлагааг манай архивын тасгаас авсан болохыг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129-133 хуудас/,

14. Гэрч С.Б-ийн “...М овогтой Ч гэх хүн 1986-1990 оны хооронд барилга угсралтын трестэд ажиллаж байсан эсэхийг би мэдэхгүй. Ямар ч байсан Барилга угсралтын трестийн баримтыг шүүхэд Мандал овогтой Ч гэдэг хүн 1986-1990 оны хооронд Барилга угсралтын трестэд ажиллаж байсан цалингийн цэсүүд байсан учраас би дээрх цалингийн цэсүүдээс цалинг түүвэрлэж, тодорхойлолт гаргаж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 151-155 дугаар хуудас/,

15. Гэрч Ц.Б-гийн “...Миний нөхөр М.Ч нь Увс аймаг дахь “Алтан гадас” одонд барилга угсралтын трестэд огт ажиллаж байгаагүй. Харин 1984-1994 оны хооронд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт авто механикч хийж байсан. ...Миний нөхөр М.Ч нь 1980-1984 оны хооронд Улаанбаатар хотод Төмөр замын техникумд сурч байсан. Энэ хугацаанд ямар нэгэн ажил хийгээгүй. ...2017 оны 5 дугаар сард /хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна/ миний нөхөр М.Ч надад хэлэхдээ “Т.Г надад материал бүрдүүлж өгөөд, тэтгэвэрт оруулж өгнө гэж хэллээ” гэж хэлж байсан. Ямар материалд бүрдүүлж өгөх гэж байгаа, яаж тэтгэвэрт оруулж өгөх гэж байгаа болохыг нь би огт мэдээгүй. Миний нөхөр М.Ч-гийн хувьд ажилласан жил нь гүйцсэн боловч тэтгэвэр тогтоолгох нас нь болоогүй байсан. Тэрнээс хойш хэдэн сарын дараа буюу 2017 оны 8 дугаар сард миний нөхөр М.Ч Улаангом сум руу явж ирээд “Би шүүхээр ороод ажилласан жилээ тогтоолгосон. Г.Г материал бүрдүүлж өгсөн” гэж хэлсэн. Чухам ямар, ямар материал бүрдүүлсэн, шүүхээр яаж ажилласан жилээ тогтоолгосон, М.Ч Г.Г нарын дунд ямар яриа болсныг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181-182 дугаар хуудас/,

16. 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн иргэний 162 дугаартай  хэрэгт үзлэг хийсэн “...Увс аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн дарга Д.О нь түүнд үйлдэж олгосон гэх баримтууд нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 162 дугаартай хэргийн 5 дахь хуудаснаас 5-14 дахь хуудсанд үдэгдсэн байдалтай байв. Иргэний хэргийн 5 дахь хуудсанд: Сийн Тийн 1978-1994 он хүртэлх хугацаанд хүснэгтэлсэн цалингийн тодорхойлолт байх бөгөөд уг тодорхойлолтын дээд хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр, Улаангом гэх бичиглэлтэй, хянасан тасгийн дарга Д.О, цалинг түүвэрлэсэн мэдээлэл лавлагаа хариуцсан ажилтан С.Б гэх бичиглэл байх бөгөөд уг бичиглэлийн урд талд гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байдалтай байв. Иргэний хэргийн 6 дахь хуудсанд: С.Тийг ажилд авсан тухай Барилга трестийн даргын 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай тушаал эх хувиар байв. Иргэний хэргийн 7, 8 дахь хуудсанд: Барилга угсралтын трестийн даргын 1982 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 140 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралтын хамт архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан байв. Хавсралт хуудасны дээд талаас 10-д С.Т гэсэн бичиглэл байв. Иргэний хэргийн 9, 10 дахь хуудсанд: Барилга трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 446 дугаартай “Ажилчдад жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай” тушаал, хавсралтын хамт архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан байдалтай байв. Хавсралт хуудасны дээд талаас 3-д С.Т гэх бичиглэл байв. Иргэний хэргийн 11, 12 дахь хуудсанд: Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 724 дугаартай “Зарим тэргүүний ажилчдыг шагнах тухай” тушаал, хавсралтын хамт архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан байх бөгөөд хавсралт хуудасны дээд талаас 3-д С Т гэсэн бичиглэл байв. Иргэний хэргийн 13 дахь хуудсанд: Барилга угсралтын трестийн даргын 1990.07.07-ны өдрийн 323 дугаартай “Гавшгайчдыг шагнах тухай” тушаал архивын тасгийн хуулбар үнэн дарж баталгаажсан байдалтай, уг тушаалын дунд хэсэгт С.Т гэсэн нэр бичигдсэн байв. Иргэний хэргийн 14 дахь хуудсанд: Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 142 дугаартай “С.Тийг ажлаас чөлөөлөх” тухай тушаал эх хувиар байв. Иргэний хэргийн 43-47 дахь хуудаснуудад: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 162 дугаартай шийдвэр. Уг шийдвэрт иргэн С.Т-ийг 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 24-ны өдөр, 1985 оны 10 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосон байна” гэх тэмдэглэл, иргэний хэргээс хуулбарласан баримтууд /4-р хх-ийн 117-135 дугаар хуудас/,

17. Шүүгдэгч Д.О-ийн яллагдагчаар өгсөн “...С.Т нь 2017 оны эхээр надтай анх ирж уулзаад тэтгэвэрт гарах гэж байгаа талаараа надад хэлж надаас гуйсан юм. Намайг ажилд орсон, халагдсан тушаал олж өгөх арга байна уу, тус болооч, хэдэн төгрөг өгье гэж гуйсан юм. Тэгэхэд нь би Г гэх хүнээс Барилга угсралтын трестийн бланк байгаа талаар асуусан. Тэгэхэд Г тийм бланк олоод ирсэн. Тэгэхээр нь би Гт ийм байдлаар бичээд ир гэж хэлээд цаасан дээр ноороглож өгөөд явуулсан. Г ч бичгийн машинаар бичүүлж ирээд надад өгсөн. Уг баримт болон холбогдох баримт бичгүүдийг С.Тид өгсөн. Тэгэхэд С.Т надад ажил дээр мөнгө авч ирж өгсөн, би яг хэдэн төгрөг байсныг тодорхой санахгүй байна...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

18. Шүүгдэгч С.Т-ийн яллагдагчаар өгсөн “...Би 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасагт очиж Барилга угсралтын трестэд ажиллаж байсан талаарх лавлагаагаа авахаар шүүлт хийлгэхээр очсон юм. Би уг байгууллагад ажиллаж байсан лавлагаагаа аваад тэтгэвэрт гарах гэсэн юм гэж Д.О-т хэлсэн. Тэгэхэд архивын тасгийн дарга Д.О надад “Та надад 1’500’000 төгрөг өгөх юм бол бичиг баримт, архивын лавлагаа, цалингийн тодорхойлолт, тушаал зэргийг чинь бүрдүүлж өгөх болно, та миний өгсөн баримтыг шүүхэд хүргэж өгөөд ажилласан жилээ тогтоолгоод тэтгэвэртээ гараарай” гэж хэлсэн юм. ...Би 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Д.О даргаас цалингийн тодорхойлолт, ажил томилж, чөлөөлсөн тушаал зэргийг очиж авсан. Тэгэхэд уг баримт бичгүүдийг надад өгөхөөс өмнө надаас 1’500’000 төгрөгөө бэлнээр авсан. Надаас Д.О мөнгө авсныхаа дараа уг баримт бичгүүдийг өгсөн юм. Би уг баримт бичгүүд авсан тэр өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Д.О дарга өрөөндөө ганцаараа байхад нь 1’500’000 төгрөгийг бэлнээр өгсөн юм...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 63-65 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, криминалистикийн 2640 дугаартай дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.

Шүүгдэгч Д.О-ийн гэм буруугийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт: Мандалын Ч нь 1984-1994 оны хооронд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт авто механикч хийж байсан бөгөөд 1980-1984 оны хооронд Улаанбаатар хотод Төмөр замын техникумд сурч байсан байна. М.Ч нь 1980 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 он хүртэлх хугацаанд Барилга, угсралтын трестэд бетон, арматурчнаар ажиллаж байгаагүй байхад шүүгдэгч Д.О нь түүнийг Барилга угсралтын трестэд 1981 оноос 1985 оны хооронд армотурчнаар ажиллаж байсан гэх цалингийн тодорхойлолтыг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гаргаж өгсөн байна. Шүүгдэгч Д.О-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориудаар хуурамчаар үйлдсэн” гэх шинжийг хангаж байх тул түүнийг нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч Д.О нь шүүгдэгч С.Т-д “Сийн Тийн 1978-1994 он хүртэлх хугацаанд хүснэгтэлсэн цалингийн тодорхойлолт, С.Тийг ажилд авсан тухай Барилга трестийн даргын 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай тушаал, Барилга трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 446 дугаартай “Ажилчдад жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай” тушаал, хавсралтын хамт, Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 724 дугаартай “Зарим тэргүүний ажилчдыг шагнах тухай” тушаал, хавсралтын хамт, Барилга угсралтын трестийн даргын 1990.07.07-ны өдрийн 323 дугаартай “Гавшгайчдыг шагнах тухай” тушаал архивын тасгийн хуулбар, Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 142 дугаартай “С.Тийг ажлаас чөлөөлөх” тухай тушаал” зэргийг хуурамчаар үйлдэн өгч хариуд нь 1’500’000 төгрөг бэлнээр авсан байна. Шүүгдэгч Д.О-ийн дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж хээл хахууль авсан” гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.О-ийн нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэргийг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарна. Харин 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн хээл хахууль авах гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарах бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хууль буцаан хэрэглэх үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Д.О нь нийтийн албан тушаалтан бөгөөд шүүгдэгчийн хахууль авсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ нь 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ялтай байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийн буцаан хэрэглэх боломжгүй байна.

Шүүгдэгч С.Т-ийн гэм буруугийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт: 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч С.Т нь “Барилга трестийн 1978-1994 он хүртэлх хугацаанд хүснэгтэлсэн цалингийн тодорхойлолт, С.Тийг ажилд авсан тухай Барилга трестийн даргын 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай тушаал, Барилга трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 446 дугаартай “Ажилчдад жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай” тушаал, хавсралтын хамт, Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 724 дугаартай “Зарим тэргүүний ажилчдыг шагнах тухай” тушаал, хавсралтын хамт, Барилга угсралтын трестийн даргын 1990.07.07-ны өдрийн 323 дугаартай “Гавшгайчдыг шагнах тухай” тушаал архивын тасгийн хуулбар, Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 142 дугаартай “С.Т-ийг ажлаас чөлөөлөх” тухай тушаал” зэргийг хуурамчаар үйлдүүлэн авч шүүгдэгч Д.От бэлнээр 1’500’000 төгрөг өгсөн байна. Шүүгдэгч С.Т-ийн дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дугаар зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн” гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Мөн шүүгдэгч С.Т нь “Барилга трестийн 1978-1994 он хүртэлх хугацаанд хүснэгтэлсэн цалингийн тодорхойлолт, С.Тийг ажилд авсан тухай Барилга трестийн даргын 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай тушаал, Барилга трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 446 дугаартай “Ажилчдад жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай” тушаал, хавсралтын хамт, Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 724 дугаартай “Зарим тэргүүний ажилчдыг шагнах тухай” тушаал, хавсралтын хамт, Барилга угсралтын трестийн даргын 1990.07.07-ны өдрийн 323 дугаартай “Гавшгайчдыг шагнах тухай” тушаал архивын тасгийн хуулбар, Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 142 дугаартай “С.Т-ийг ажлаас чөлөөлөх” тухай тушаал” зэргийг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд нотлох баримт болгож өгсний улмаас дээрх нотлох баримт нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 162 дугаартай шийдвэрийн үндэслэл болсон байна. Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан “иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн” гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч С.Т-ийн хээл хахууль өгсөн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан” хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч С.Т-ийн нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх үндэслэлгүй гэж дүгнэв. Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялын хэмжээ нь 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хорих ялтай байна. Иймд шүүгдэгч С.Т-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч С.Т-ийн нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх гэмт хэргийн улмаас Нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн санд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны байдлаар 9’283’750 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч С.Т нь нөхөн төлөөгүй байна. Шүүгдэгч С.Т нь өдийг хүртэл Нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн сангаас тэтгэвэр авч байгаа бөгөөд Увс аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 162 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа тул цаашид С.Т-д сар бүр тогтоосон дүнгээр тэтгэвэр олгогдохоор байна. Иймд шүүгдэгч С.Т-оос 9’283’750 төгрөгийг гаргуулан Нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн санд олгож, цаашид гарах хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.О-ээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.О, С.Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.О, С.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.О-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 12’240’000 төгрөгөөр торгох ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2’700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2’700’000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, 2015 оны Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар оногдуулах торгох ялыг нэмж нэгтгэн нийт 14’940’000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор 2017 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240’000 төгрөгөөр тогтоосон байна.

Шүүгдэгч С.Т-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасныг баримтлан С.Т-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар баривчлах ялаас чөлөөлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулиар тогтоосон баривчлах ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасан ялын төрлөөс хассан байна.

Шүүгдэгч С.Т нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Т-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ээс хээл хахуульд авсан 1’500’000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт оруулсугай.

Шүүгдэгч С.Т-ийн хамтран өмчлөлийн эд хөрөнгө болох Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 4-22 тоот 1045.5 метр квадрат газрыг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 5/35 дугаартай тогтоолыг хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хэвээр үлдээх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.О, С.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Д-гийн О-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан хээл хахууль авах, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овгийн С-ийн Т-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч А овогт Д-гийн О-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 12’260’400 төгрөгөөр торгох ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2’700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2’700’000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Б овгийн С-ийн Т-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг баримтлан шүүгдэгч Д.О-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 12’260’400 төгрөгөөр торгох ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2’700’000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 14’960’400 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасныг баримтлан С.Т-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар баривчлах ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Т-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнссүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-оос 9’283’750 төгрөгийг гаргуулж Нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн санд олгож, цаашид гаргах зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О 1’500’000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт оруулсугай.

7. Шүүгдэгч Д.О, С.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч С.Т-ийн хамтран өмчлөлийн эд хөрөнгө болох Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 4-22 тоот 1045.5 метр квадрат газрыг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 5/35 дугаартай тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА