Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 10

 

Д.О, С.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

          Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

           Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолтой, Д.О-т холбогдох эрүүгийн 1835004170139 дугаартай, 5 хавтас хэрэгт шүүгдэгч Д.О  болон түүний өмгөөлөгч Б.Лхаважав нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа, прокурор А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав нар оролцов.

         Монгол улсын иргэн, 1966 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, архивын арга зүйч мэргэжилтэй, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн дэргэдэх Архивын тасгийн даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, охины хамт амьдардаг  Д.О.

       Шүүгдэгч Д.О нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сард С.Т-ийг 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай Барилга угсралтын трестийн даргын ажилд томилсон тушаалыг, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалыг иргэн С.Т-ийн ашиг сонирхлын үүднээс хуурамчаар үйлдэж түүнээс 1’500’000 төгрөгийн хахууль авсан,

Мөн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох “иргэн М.Ч-г 1981-1985 оны хооронд Барилга угсралтын трестэд армотурчны ажил эрхэлж байсан” гэх цалингийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн,

Шүүгдэгч С.Т нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2007 оны 01 дүгээр сарын сүүлээр, 2 дугаар сарын эхээр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргаар ажиллаж байсан Д.О-ээр өөрийгөө Б.Б.М.Ү-ийн Увс аймаг дахь “Алтан Гадас” одонт барилга трестийн даргын 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаар “ажилд томилох тухай” тушаал, Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тухай тушаалуудыг хуурамчаар үйлдүүлэн авч 1’500’000 төгрөгийн хахууль өгсөн,

       Мөн Д.О-ээр үйлдүүлэн авсан Б.Б.М.Ү-ийн Увс аймаг дахь “Алтан Гадас” одонт барилга трестийн даргын 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаар “ажилд томилох тухай” тушаал, Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал зэрэг нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Амбан овогт Д.О-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан хээл хахууль авах, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

        Шүүгдэгч Бутангууд овгийн С.Т-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

    Шүүгдэгч Амбан овогт Д.О-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 12’260’400 төгрөгөөр торгох ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2’700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2’700’000 төгрөгөөр торгох ялаар,

       Шүүгдэгч Бутангууд овгийн С.Т-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг баримтлан шүүгдэгч Д.О-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 12’260’400 төгрөгөөр торгох ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2’700’000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 14’960’400 төгрөгөөр тогтоож,

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасныг баримтлан С.Т-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар баривчлах ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Т-д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж,

      Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-оос 9’283’750 төгрөгийг гаргуулж Нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмжийн санд олгож, цаашид гаргах зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О 1’500’000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт оруулж,

       Шүүгдэгч Д.О, С.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

      Шүүгдэгч С.Т-ийн хамтран өмчлөлийн эд хөрөнгө болох Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 4-22 тоот 1045.5 метр квадрат газрыг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 5/35 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

     Шүүдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд оролцсон шүүгчдэгчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа:“2019 оны 10 дүгаар сарын 20-ны өдрийн 177 дугаар Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

         Анхан шатны шүүх Д. Оюунцэцэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан хээл хахууль авах, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 14. 960.400 төгрөгөөр тогтоосон.

Үйлчлүүлэгч Д.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа юм. Д.О нь тодорхой эрхэлсэн ажил, хөдөлмөр байхгүй, тэрээр ажиллаж байхдаа лизин, цалингийн зээл, хашаа байрны зээл авч төлөлт хийж байсан юм.

         Иймд Увс аймагдахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дүгаар сарын 20-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолд Д.О-ийн хувийн байдал эдийн засгийн чадвар, чадамжийг нь харгалзан үзэж, шүүхээс оногдуулсан 14.960.400 төгрөгийн торгуулийг мөнгийг хэсэгчлэн төлөх боломжийг олгож, хуваарилалт, хугацаа тогтоосон өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахыг хүссэн шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын давж заалдсан гомдлыг үндэслэн Д.О, С.Т нарт холбогдох эрүүгийн 1835004170139 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Увс аймгийн прокурорын газраас Д.О-ийг Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны 2 дугаар сард  Увс аймаг дахь “Алтан гадас одонт” барилга трестийн даргын 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, мөн Увс аймгийн Барилгын биржийн Ерөнхий захирлын  1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг  тус тус иргэн С.Т-ийн ашиг сонирхлын үүднээс хуурамчаар үйлдэж, түүнээс 1.500.000 төгрөгийн хахууль авсан,    

Мөн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох “иргэн М.Ч-г 1981 оноос 1985 оны хооронд Барилга угсралтын трестэд армотурчны ажил эрхэлж байсан“ гэх цалингийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэх үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч С.Т-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2017 оны 2 дугаар сард Увс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргаар ажиллаж байсан Д.О-ээр өөрийгөө Б.Б.М.Ү-ийн Увс аймаг дахь “Алтан Гадас” одонт барилга трестийн даргын 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудыг хуурамчаар үйлдүүлэн авч 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн,

мөн Д.О-ээр хуурамчаар үйлдүүлэн авсан  Увс аймаг дахь “Алтан Гадас” одонт барилга трестийн даргын 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 142 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудыг хуурамч болохыг мэдсээр байж Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн  гэж  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 1, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.О, С.Т нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс  шүүхийн шийдвэр нь хууль ёсны болж чадаагүй байна.Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заажээ.

Шүүгдэгч Д.О-ийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт “....тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж,  2015 оны Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж...” гэж, шүүгдэгч С.Т-ийн үйлдсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж тус тус эрх хасах нэмэгдэл ял заавал оногдуулахаар заасан байхад шүүх Д.О, С.Т нарт дээрхи зүйл, хэсгээр ял шийтгэхдээ эрх хасах ял хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байх бөгөөд энэ нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар  давж заалдах шатны шүүхээс зөвтгөж болохоор хуульчилсан боловч  нэмэгдэл ял заавал оногдуулах хуулийн заалтыг хэрэглээгүй анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг дахин шүүхээр хянан хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул энэ удаа шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын давж заалдсан гомдолд дүгнэлт хийх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.О,С.Т нарт холбогдох эрүүгийн 1835004170139 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Д.О, С.Т нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр хэрэглэсүгэй.

        Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.