Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2020/0636

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Ж.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 350 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 350 дугаар шийдвэрээр: “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг баримтлан М” ХХК-ийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, үйл баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоолоор баталсан Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхацсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон. Анхан шатны шүүх хариуцагч захиргааны байгууллага Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-ийн 3-д зааснаар хяналт шалгалт явуулсны эцэст шийдвэр гаргах байсан байна гэж дүгнэсэн нь үйл баримтад тулгуурлаагүй гэж үзэж байгаа бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн байгаль орчны газар хамтран 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хяналт шалгалт хийж, дүгнэлтээ нийслэлийн Засаг даргад ирүүлсэн байдаг.

Мөн тус компанийн газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоолоор баталсан Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхацсан учир дахин судалж, шинэ акт гаргах бол тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох шийдвэрийг дахин гаргахаар байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ200/0350 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн хүчин төгөлдөр хяналтын шатны шүүхийн тогтоолд заасан үйл баримтыг бүрэн тогтоож, дүгнэлт хийгээгүй, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтаар “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй” үндэслэлээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн ашиглалтын MV-0000 дугаар, MV-0001 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгосон байх боловч хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлдээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолыг баримталсан, мөн захирамжийн үндэслэлээ “...маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн талбай нь усны хамгаалалтын бүстэй давхцалтай” гэж тайлбарлажээ.

Ийнхүү хяналтын шатны шүүхээс “...усны хамгаалалтын давхцал, солбицлыг тодорхой тогтоох, усны энгийн болон онцгой хамгаалалтын аль бүсэд хамаарч байгаа, усны хамгаалалтын солбицол өөрчлөгдсөн эсэхийг тодруулах” шаардлагатай хэмээн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байхад анхан шатны шүүхээс энэ талаарх үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, “М” ХХК-ийн ашиглалтын MV-0000 дугаар, MV-0001 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны хамгаалалтын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй тус бүрд нь ямар хэмжээгээр давхацсан болохыг тодруулах ажиллагааг хийгээгүй байна.

Хэрэгт авагдсан Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн лавлагаанд[1] дээрх тусгай зөвшөөрлүүдийн талбай нь “энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай  байна” гэж тодорхойлсон, харин маргаан бүхий газрууд нь энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй чухам ямар хэмжээгээр давхцалтай болох, түүнчлэн  “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор тодорхойлсон бүсийн яг аль хэсэгтэй нь ямар хэмжээгээр тусгай зөвшөөрлүүдийн талбай хэрхэн давхацсан болох нь тодорхойгүй, энэ талаар өөр баримт хэрэгт авагдаагүй байна.

Гэтэл анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий газруудаас хэдэн га газар нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд хамрагдаж байгаа нарийн шинжлэн тогтоож, тус газрын солбицлыг өөрчлөх, эсхүл үлдэх газрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид ашиглуулж болох эсэх талаар дахин судлан үзэж, тодруулах ажиллагааг явуулах шаардлагатай, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал” хэмээн маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, хяналтын шатны шүүхийн тогтоолд заасан ажиллагааг хийхгүйгээр “...усны энгийн болон онцгой хамгаалалтын аль бүсэд хамаарч байгаа, усны хамгаалалтын солбицол өөрчлөгдсөн эсэхийг тодруулах” нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал гэж үзсэн нь үндэслэлгүй, шүүхээс хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоох талаар бололцоотой бүхий л ажиллагааг явуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй эсхүл хүрэхээргүй, нэмж тодруулах шаардлагатай асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тохиолдолд хариуцагчид гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг тодруулж, шинээр акь гаргахыг даалгах ёстой атал шүүхээс тогтоох боломжтой асуудлыг тодруулах ажиллагааг хийгээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхээс маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбай тус бүр усны энгийн болон онцгой хамгаалалтын аль бүсэд хамаарч байгаа болох, усны хамгаалалтын солбицол өөрчлөгдсөн эсэхийг тодруулж, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа нь энгийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөгдөх эсэх, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар тушаалаар хамтран баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.8, 2.9 дэх зохицуулалттай холбогдуулан дүгнэлт хийх, онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай хэсгийг хасаж, үлдэх хэсэгт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах боломжтой эсэхийг шалган тогтоох шаардлагатай.

Түүнчлэн нэхэмжлэгчээс “тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаагүй” үндэслэлээ тайлбарлахдаа ашиглалтын MV-0000 дугаар тусгай зөвшөөрөлд хамаарах газарт үйл ажиллагаа явуулсан талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн, MV-0001 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайг 2011 онд олгосноос хойш ямар үйл ажиллагаа явуулсан талаар тайлбарлаагүй байхад анхан шатны шүүхээс тусгай зөвшөөрөл бүрээр нь салгаж дүгнэхгүйгээр ерөнхийд нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбогдуулан дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь дээрх тусгай зөвшөөрлүүдийг өөр өөр цаг хугацаанд олж авсан, тус тусдаа эрх зүйн харилцаа үүссэн болохыг анхаараагүй байна.

Иймд анхан шатны шүүхээс маргаан бүхий актын үндэслэлийг дүгнэхдээ Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-ын 1-д заасан газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй зөрчил гаргасан үндэслэл болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор баталсан ундны усны хамгаалалтын бүсэд орсон үндэслэл тус бүрийн үр дагаврыг ялган дүгнэж, ингэхдээ нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөл бүхий талбай тус бүрээр дүгнэлт хийх шаардлагатай байна.

 

Дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүхийн тогтоолд заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй, тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, хэргийн үйл баримт болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрд бүрэн дүгнэлт өгөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, тиймээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 350 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                                      Э.ЗОРИГТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

 

[1] [1] 2 дугаар хавтаст хэргийн 77-78 дугаар хуудсанд авагдсан