Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2020/0620

 

 

“Ап” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 542 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “Ап” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 542 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 54.2 дахь хэсэгт зааснаар “Ап” ХХК-иас Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15795012.12 төгрөгийн татварын суутгалыг авсан үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6, Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 1, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Ап” ХХК-иас Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15795012.12 төгрөгийн татварын суутгалыг авсан үйлдлийг илт хууль болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж давж заалдах гомдолдоо: “...шүүхээс Нийслэлийн Татварын газрын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/64 дүгээр “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийн 2019 оны эхний 10 сарын орлогыг бүрэн бүртгэх, татварын орлогын бүртгэлийн хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар нийслэлийн хэмжээнд 2019 оны татвараа төлөөгүй 6300 тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй холбогдож, татварыг төлүүлэх талаар тус тус хэлэлцэж, нэхэмжлэгчийн Хаан банк дахь харилцах данснаас 15 795 012 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үл маргах журмаар суутган авсан байна гээд эдгээр суутган авсан үйлдэл нь Монгол улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд нийцсэн талаар дүгнэжээ. Гэтэл Нийслэлийн татварын газрын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/64 дүгээр “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар тус дүүргийн татварын хэлтэс нэхэмжлэгч байгууллагаас татварыг шууд суутган авах эрх хэмжээ олгосон эсэх нь тодорхойгүй байна. Учир нь тус тушаалаар Татварын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн үнэн зөв байдлыг хангах, 2019 оны эхний 10 сарын орлогыг бүрэн бүртгэх, татварын орлогод хяналт тавих ажлын хэсэг байгуулах тухай ажлыг зохион байгуулахаар болсон. Түүнчлэн ажлын хэсгийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын төлөвлөгөөний биелэлт, тус төлөвлөгөөг хэрхэн биелүүлэх талаар өртэй аж ахуй нэгжийн судалгааг гаргах ажлын явцыг танилцуулах, Нийслэлийн татварын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн явцыг нэмэгдүүлэх талаар хуралдсан байна. Дээрх 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/64 тушаал болон тус ажлын хэсгийн хурлын тэмдэглэл зэргээс үзэхэд Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс мөн тус татварын хэлтсийн байцаагчид авто тээврийн хэрэгслийн татварыг албадан суутган авах эрх хэмжээг олгосон эсэх нь тодорхойгүй буюу “Ап” ХХК-иас авто тээврийн хэрэгслийн татварыг үл маргах журмаар суутган авсан үйлдэл нь тус татварын хэлтсийн эрх хэмжээнд хамаарч байгаа болох нь нотлогдохгүй байна.

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/64 дүгээр тушаал нь нийслэлийн Засаг даргын А/279 дүгээр захирамжаар батлагдсан “Тогтоолын төсөл боловсруулах, санал авах, өргөн барих, хянах, мэдээлэх, захирамжлалын баримт бичиг боловсруулах, батлах, мэдээлэх” журмыг үндэслэсэн байдаг. Гэтэл нийслэлийн Засаг даргын А/279 дүгээр захирамж нь нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/827 дугаар захирамжаар хүчингүй болсон шийдвэр байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд захиргааны байгууллагын шийдвэрийн үндэслэл нь илт эрх зүйн зөрчилтэй байх бөгөөд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс Баянзүрх дүүрэгт татвар төлөгчөөр бүртгэлтэй аж ахуй нэгжээс татвар суутган авах эрх хэмжээгүй болох нь тогтоогдож байх атал шүүхээс ажлын хэсгийн хуралдаанаар нийслэлийн хэмжээнд 2019 оны татвараа төлөөгүй 6300 тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй холбогдож, татварыг төлүүлэх талаар хэлэлцэж, уг ажлын хүрээнд тухайн татваруудыг суутган авсан хариуцагчийн үйлдэл нь хуульд нийцсэн гэх дүгнэлт хийж байгаа нь илт үндэслэлгүй. Түүнчлэн шүүхээс шийдвэрийн үндэслэлдээ Монгол улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийг үндэслэсэн байх бөгөөд тухайн авто тээврийн хэрэгслийн эзэмшигч татвар төлөгч байхаар хуульчилсан байна. Энэ агуулгаар тухайн тээврийн хэрэгслийг бодитоор эзэмшиж буй этгээдийг эзэмшигч гэж тодорхойлох боломжтой тул уг тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж буй этгээдээс тухайн төрлийн татварыг ногдуулж болно.

Мөн тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д улсын бүртгэлд байгаа авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулахаар заасныг үндэслэжээ. Гэтэл уг хуулийн агуулга нь Монгол улсын бүртгэлийн санд байгаа авто тээврийн хэрэгслээс албан татварыг ногдуулахаар заасан заалт бөгөөд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч хуулийн этгээд автомашиныг ашиглаж байгаа түүний бодит эзэмшилд бий эсэхээс үл хамаарч татвар төлөгч байх ёстой гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүхээс Авто тээврийн үндэсний төв дээрх бүртгэгдсэн болон бүртгэлээс хасагдсан огноогоор тээврийн хэрэгслийн лавлагааг, марк, улсын дугаар, арлын дугаараар ирүүлсэн тээврийн хэрэгслийг “Ап” ХХК-ийн эзэмшилд байсан гэж үзэж тухайн тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны болон агаарын бохирдлын төлбөрийг төлөх үүрэг нэхэмжлэгчид үүссэнийг нотолж байна гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч болон нэхэмжлэгч нар нь эдгээр тээврийн хэрэгслүүд нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн дагуу “Фидуцийн гэрээ”-ний үндсэн дээр нэхэмжлэгч байгууллагын нэр дээр байгаа асуудалд маргадаггүй. Нөгөө талаар тухайн автомашинууд нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нэхэмжлэгч байгууллагын нэр дээр бүртгэгдсэн нь тухайн автомашины шууд өмчлөгч болсон гэсэн үг биш. Зөвхөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаалуулсан автомашинаар хангуулах бөгөөд энэхүү гэрээний дагуу тухайн автомашиныг захиран зарцуулах, бусдад шилжүүлэх, барьцаалах эрх үүсдэггүй. Гэтэл шүүхээс тус авто тээврийн хэрэгслийг шууд эзэмшилд бий эсэхээс үл хамаарч татвар төлөгч байна гэдэг байдлаар дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна. Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэгч байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч мэдэгдлийн хавсралтад “Авто Грийм” гэж бичсэн төдийгүй хуулийн этгээдийн регистрийн дугаарыг 6259296 гэж бичсэн нь нэхэмжлэгч байгууллагын нэр төдийгүй регистрийн дугаар биш байдаг. Эндээс үзвэл хариуцагч байгууллагын Татварын Ерөнхий хуулийн дагуу мэдэгдэл хүргүүлж, мэдэгдлийн үндсэн дээр татварыг суутган авсан нь хууль ёсны гэх тайлбар илт үндэслэлгүй. Учир нь нэгэнт татварын хэлтсээс нэхэмжлэгч байгууллагын нэр, регистрийн дугаарыг бус өөр байгууллагын нэр, регистрийн дугаарыг бичсэн нь нэхэмжлэгч байгууллагад хуулиар аливаа эрх үүрэг үүсгээгүй байна. Иймд хуульд болон бодит байдалд нийцээгүй Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн 128/ШШ2020/0542 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Ап” ХХК-иас “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15 795 012.12 төгрөгийн татварын суутгалыг авсан үйлдлийг хүчингүй болгуулах болон илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Нэхэмжлэлийн нэг зүйлд буюу нэг захиргааны актад илт хууль бус болохыг тогтоолгох болон хүчингүй болгох гэсэн хоёр өөр бие даасан шаардлага гаргах боломжгүй байхад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчлөн, тодруулж, эцсийн байдлаар хүчингүй болгуулах болон илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг давхар гаргасан, анхан шатны шүүхээс “хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй, нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр татварын өр барагдуулсан захиргааны үйл ажиллагааны талаар мэдсэн атлаа 2020 оны 08 дугаар 03-ны өдөр хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй болсон байна.

Мөн анхан шатны шүүхээс “илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Ап” ХХК-ийг авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй үндэслэлээр тус компанийн эзэмшилд бүртгэлтэй авто тээврийн хэрэгслүүдэд ногдох 15 795 012.12 төгрөгийн өрийг банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс нь үл маргах журмаар гаргуулж, татварын өрийг барагдуулсан, нэхэмжлэгчээс тус компанийн эзэмшилд бүртгэлтэй авто тээврийн хэрэгслүүдийн талаар болон татварын өрийн үнийн дүн, тооцооллын асуудлаар маргаагүй, харин дээрх авто тээврийн хэрэгслүүдэд ногдох албан татварыг төлөх үндэслэлгүй, авто тээврийн хэрэгслүүд “Ап” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй эсэхээс үл хамаарч, бодитоор эзэмшиж, ашиглаж буй этгээдүүд татварыг төлөх ёстой, түүнчлэн нэхэмжлэгчийн хувьд Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй аж ахуйн нэгж биш байхад тус хэлтсээс татвар төлүүлсэн, мэдэгдэх хуудсанд “Ап” ХХК-ийн нэрийг буруу бичсэн хэмээн татварын өрийг барагдуулсан хариуцагчийн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргажээ.

Гэтэл Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч агаарын бохирдлын төлбөр төлөгч байхаар, Монгол Улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрт авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байхаар, 6 дугаар зүйлийн 1-д улсын бүртгэлд байгаа авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулахаар тус тус хуульчилсан байх тул тухайн авто тээврийн хэрэгслийг эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн аж ахуйн нэгж, байгууллага албан татварыг төлөхөөр байна.

Энэ талаар анхан шатны шүүхээс “...Хуулийн дээрх заалтуудад үндэслэн авто тээврийн хэрэгсэл эзэмшигч гэдгийг улсын бүртгэлд бүртгэлтэй иргэн, хуулийн этгээдийг ойлгох тул Монгол Улсын нутаг дэвсгэрт авто тээврийн хэрэгсэл эзэмшиж буй “Ап” ХХК нь татвар төлөгч байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, иймд нэхэмжлэгчийн “...шүүх Монгол Улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ... тухайн тээврийн хэрэгслийг бодитоор эзэмшиж буй этгээдийг эзэмшигч гэж тодорхойлох боломжтой тул уг тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж буй этгээдээс тухайн төрлийн татварыг ногдуулж болно” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 Тиймээс нэхэмжлэгч “Ап” ХХК нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн 15 795 012.12 төгрөгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй, татварын өр үүсгэсэн байх тул Татварын ерөнхий хуулийн (2008 он) 61 дүгээр зүйлийн 61.1-д “Энэ хуулийн 54.1.6, 54.2, 57.1-д заасан журмаар тогтоож, сунгасан хугацаанд төлөөгүй татварын өрийг хугацаанд нь төлөөгүй татварын өр гэнэ”, мөн зүйлийн 61.2-т “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулна”, 63 дугаар зүйлийн 63.1-д “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжинд татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах...” гэж заасны дагуу хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь үл маргах журмаар татварын өрийг барагдуулсан нь зөв, энэ нь Захиргааны 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан илт  хууль бус шинжийг агуулахгүй байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан нэхэмжлэгч “Ап” ХХК-ийн татвар төлөгчийн гэрчилгээнээс[1] үзэхэд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөгчөөр болон агаарын бохирдлын төлбөр төлөгчөөр хэд хэдэн дүүрэг, орон нутагт бүртгүүлсэн, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст мөн бүртгэлтэй байх тул Татварын ерөнхий хуулийн (2008 он) 61 дүгээр зүйлийн 61.2-т заасан “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулна” гэснийг хариуцагч зөрчөөгүй, түүний үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж үзэхгүй.

Мөн нэхэмжлэгчээс “...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Ап” ХХК-д хүргүүлсэн мэдэгдэх хуудсанд “Авто грийм” ХХК гэж бичсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай илт хууль бус акт” гэж маргасан, тус мэдэгдэх хуудсанд “А г” ХХК гэж бичигдсэнээр нэхэмжлэгч хуулийн этгээд татварын өрийг төлөхгүй байх үр дагаврыг үүсэхгүй, илэрхий алдаанд тооцогдохгүй төдийгүй тус актад хуулийн этгээдийн нэрийг алдаатай бичсэнээ дээр нь гараар бичиж залруулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Ап” ХХК-ийг авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй үндэслэлээр тус компанийн эзэмшилд бүртгэлтэй авто тээврийн хэрэгслүүдэд ногдох 15 795 012.12 төгрөгийн өрийг банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс нь үл маргах журмаар гаргуулж, татварын өрийг барагдуулсан нь үндэслэлтэй, илт хууль бус актын шинжийг агуулаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 542 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                      Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

 

[1] Хавтаст хэргийн 98-102 дугаар хуудсанд авагдсан