Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00326

 

Ш.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/01850 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2336 дугаар магадлалтай

Ш.О-ийн нэхэмжлэлтэй

“З” ОНӨААТҮГ-т холбогдох

Дутуу олгогдсон тэтгэмжид 5 657 196 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З” ОНӨААТҮГ-ын Автобус нэг баазад 2002 оны 05 дугаар сарын 03-нд №36 тоот тушаалаар ажилд орж, 2017 оны 01 дүгээр сарын 02-нд дугаар Б/82 тоот тушаалаар 14 жил 8 сар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Энэ байгууллагад бүх насаараа ажилласан боловч Автобус нэг ОНӨҮГ-н захиргаа, үйлдвэрчний хороо хоёрын хооронд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 2014 оны 01 дүгээр сарын 22-ны нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасан өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн заалтыг зөрчиж тэтгэмж дутуу олгосон. Нэг сарын дундаж цалин 605 801 төгрөг байхад Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8.5 заалтын дагуу 12 сарын тэтгэмж 7 269 612 төгрөгийг олгох байтал 1 612 500 төгрөгийг олгосон. Иймд олгогдоогүй 5 657 196 төгрөгийн тэтгэмжийг тус байгууллагаас олгуулах. Хариуцагчаас нэхэмжлэгч Ш.О-ийн цалингийн тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэнтэй танилцахад цалинд нь 15 хувийн урамшууллыг тооцоогүй орхигдуулсан байна. Тиймээс шүүхээс нотлох баримт шинжлэн судлахдаа орхигдуулсан урамшууллыг нэмж тооцоод дундаж цалинг 620 000 төгрөгөөр бодоод 6 557 192 төгрөгийг гаргуулж өгнө үү. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.О- нь тус үйлдвэрийн газрын 1 дүгээр баазад 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаар тушаалаар кондуктороор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/82 тушаалаар чөлөөлсөн. Нэхэмжлэгч Ш.О-т байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарахад нь 3 сарын дундаж цалинтай тэнцэх 1 612 500 төгрөгийн тэтгэмжийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/177 тушаалаар олгосон байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон энэ хамтын гэрээ нь Автобус нэг ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдсан. Уг гэрээ 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд уг гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хамтын гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаар албан бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3156 тоотоор 1 дүгээр баазын ҮЭХ-нд мэдэгдсэн. Яагаад гэхээр “Автобус-1” нь  НИТХ-ын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/779 дугаар захирамжаар татан буугдаад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс "“З” ОНӨААТҮГ байгуулагдсан. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д "хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө" гэсэн заалтыг баримталж ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Аж ахуй нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна" гэж заасны дагуу хуулиа мөрдөж ажиллаж байна. Нэхэмжлэлийн шаардлага болсон энэ Хамтын гэрээг Нийслэлийн Иргэдийн, Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарыг 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Мөн Хөдөлмөрийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт "аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ" гэж заасан нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор Автобус 1, Автобус-3, Цахилгаан тээвэр ОНӨААТҮ газрууд нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар “З” болон өөрчлөн байгуулагдсан нь дээрх хуулийн заалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт нийцэж байгаа юм. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлах явцад ихэсгэж байгаа нь үндэслэлгүй, бид хүлээн зөвшөөрөхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж байна. Хэрвээ ихэсгэж байгаа бол хуульд зааснаар өгөх ёстой гэж үзэж байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/01850 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагч "“З”" Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 5 657 196 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.О-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 105 465 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2336 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/01850 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 105 465 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “З” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан миний бие Хан-Уул дүүргийн дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01850 дугаар бүхий шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2336 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийнхээ дагуу дараах хяналтын гомдлыг гаргаж байна.

Тодруулбал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй болох нь дараах үндэслэлээс харагдана.

Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө” гэсэн заалтыг баримтлан Хамтын гэрээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарыг 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Автобус нэг ОНӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хамтын гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 132 дугаар тогтоолд дурдсан өдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл дагаж мөрдөхөөр байна гэж дүгнэсэн хирнээ Хамтын гэрээг 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж талууд тохиролцсон байна хэмээн тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд хуулийн зүйл заалтыг дэндүү явцуу хүрээнд харж байгаа нь тодорхой байна.

Угтаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т зааснаар Аж ахуйн нэгж байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсвэл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ гэж заасны дагуу 2013 онд мөрдөж байсан Хамтын гэрээг хэвээр мөрдөх, нэмэлт өөрчлөлт оруулах талаар захиргаа болон ҮЭ-ийн төлөөлөл хэлэлцээ хийгдээгүй болохыг тайлбарласан бөгөөд харин шинээр хамтын гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийгдэж талууд Хамтын гэрээнд оролцох төлөөллийг томилон гэрээний төсөл солилцсон баримтыг шүүхэд гарган өгснийг анхааралгүй хэт нэг талыг барьж тодорхойлсонд гомдолтой байна.

Цаашлаад Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор Автобус 1, Автобус-3, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ууд нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар “З” болон өөрчлөн байгуулагдсан нь дээрх хуулийн заалт буюу хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг нийцэж байгаа юм. Иймд тус хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ш.О- нь “З” ОНӨААТҮГ-т холбогдуулан дутуу олгогдсон тэтгэмж 5 657 196 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Ш.О- нь Автобус нэг компанид кондуктороор ажилд орж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаснаас 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “З” ОНӨААТҮГ-ын захирлын тушаалаар тээвэрлэлт үйлчилгээний албаны шалгагчаар /кондуктор/ ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд тус байгууллагад 14 жил 8 сар ажилласан байна.

“Автобус нэг” ОНӨҮГ-ын захиргаа ажилтны төлөөлөл болох Үйлдвэрчний эвлэлийн хороотой тохиролцож 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Хамтын гэрээ” байгуулсан бөгөөд талууд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрээний заалтуудад өөрчлөлт оруулахдаа “өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтанд байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамаарч тэтгэмж олгох”-оор, 11-15 жил тасралтгүй ажилласан бол 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор тусгагджээ.

Иймд нэхэмжлэгч нь 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоос 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон үндэслэлээр дутуу олгогдсон 8 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг нэхэмжилсэн байна.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “З” ОНӨААТҮГ-ыг үүсгэн байгуулж, “Автобус 1”, “Автобус 3” ОНӨААТҮГ-ууд болон “Цахилгаан тээвэр” НӨҮГ-ыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэрийг шинээр байгуулагдсан “З” ОНӨААТҮГ-т нийлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Хариуцагч “З” ОНӨААТҮГ нь Автобус нэг компани татан буугдаж, шинээр үүсгэн байгуулсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлснээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “Хамтын гэрээ”-г мөрдөхгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.-т “аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, удирдлагын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөх нь хамтын гэрээг цуцлах үндэслэл болохгүй”, 16.3.-т “аж ахуйн нэгж байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ” гэжээ.

“Автобус нэг” ОНӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан  Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтөд “...тус хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж заасан байх бөгөөд шинээр байгуулагдсан “З”ийн захиргаа Үйлдвэрчний хорооны хооронд шинээр “Хамтын гэрээ” байгуулагдаагүй тул өмнө үйлчилж байсан “Хамтын гэрээ” хэвээр мөрдөгдөнө. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан ажлаас халагдсан ажилтанд олгох тэтгэмжийн хэмжээг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангахаар Хамтын гэрээгээр зохицуулсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.-д зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль зөрчөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.-т заасан “...хамтын гэрээг татан буугдах хугацааны туршид дагаж мөрдөнө” гэсэн заалт нь аж ахуйн нэгж татан буугдах үед хамтын гэрээг дагаж мөрдөх талаар зохицуулсан байх бөгөөд “Автобус нэг” ОНӨҮГ нь шинээр байгуулагдсан “З” ОНӨААТҮГ-т нэгдэж, өөрчлөн байгуулагдсан тул хуулийн дээрх зохицуулалт шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжид Хамтын гэрээг мөрдөхгүй байх үндэслэл болохгүй, иймд хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2017/01850 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2336 дугаар  магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “З” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105 465 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                              Х.ЭРДЭНЭСУВД