Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1850

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2017/01850

Улаанбаатар хот

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2017/01850

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,      

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Жаргалант 25 гудамж, 579 тоотод оршин суух Хайрхан овогт Ширзагдын Оюунбилэгийн /РД:АЭ64070662/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, өөрийн байранд байрлах, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох,

Дутуу олгогдсон тэтгэмжид 5 657 196 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр  сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Ширзагдын Оюунбилэг нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Автобус нэг баазад 2002 оны 5 сарын 03-нд №36 тоот тушаалаар ажилд орж 2017 оны 1 дүгээр сарын 02-нд дугаар Б/82 тоот тушаалаар 14 жил 8 сар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Ширзагдын Оюунбилэг нь энэ байгууллагад бүх насаараа ажилласан боловч Автобус нэг ОНӨҮГ-н захиргаа, үйлдвэрчний хороо хоёрын хооронд 2013 оны 2 сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 2014 оны 1 сарын 22-ны нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасан өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн заалтыг зөрчиж тэтгэмж дутуу олгосон. Ширзагдын Оюунбилэг 1 сарын дундаж цалин 605 801 төгрөг байхад Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8.5 заалтын  дагуу 12 сарын тэтгэмж 7 269 612 төгрөгний олгох байтал 1 612 500 төгрөгийг олгосон. Иймд олгогдоогүй 5 657 196 төгрөгний тэтгэмжийг тус байгууллагаас олгуулж өгнө үү.

            Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч нь Зорчигч тээврийн нэгтгэлд тасралтгүй 14 жил 8 сар ажиллаад тэтгэвэрт гарсан боловч Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар 12 сарын тэтгэмж биш 3 сарын тэтгэмж олгож, 9 сарын тэтгэмжийг дутуу олгож хохироосон тул олгогдоогүй тэтгэмж 5 657 196 төгрөгийг гаргуулахаар шаардаж нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгч Ш.Оюунбилэгийн цалингийн тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэнтэй танилцахад цалинд нь 15 хувийн урамшууллыг тооцоогүй орхигдуулсан байна. Тиймээс шүүхээс нотлох баримт шинжлэн судлахдаа орхигдуулсан урамшууллыг нэмж тооцоод дундаж цалинг 620 000 төгрөгөөр бодоод 6 557 192 төгрөгийг гаргуулж өгнө үү. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ш.Оюунбилэг нь тус үйлдвэрийн газрын 1 дүгээр баазад 2002 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаар тушаалаар кондуктороор ажиллаж байгаад өндөр байсны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Б/82 тушаалаар чөлөөлсөн. Нэхэмжлэгч Ш.Оюунбилэгт байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарахад нь 3 сарын дундаж цалинтай тэнцэх 1 612 500 төгрөгний тэтгэмжийг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/177 тушаалаар олгосон байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон энэ хамтын гэрээ нь Автобус нэг ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдсан. Уг гэрээ 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 1 жилийн  хугацаатай байгуулагдсан гэрээ бөгөөд уг гэрээнд 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон хамтын гэрээ юм. Энэ хамтын гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаар албан бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3156 тоотоор 1 дүгээр баазын ҮЭХ-нд мэдэгдсэн. Яагаад гэхээр Автобус-1 НИТТ-ын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/779 дугаар захирамжаар татан буугдаад 2014 оны 10 сарын 01-ний өдрөөс “Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ байгуулагдсан. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө” гэсэн заалтыг баримтлаж ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Аж ахуй нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасны дагуу хуулиа мөрдөж ажиллаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага болсон энэ Хамтын гэрээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарыг 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Мөн Хөдөлмөрийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ” гэж заасан нь Нийслэлийн Иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор Автобус 1, Автобус-3, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГазарууд нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэхь хэсэгт зааснаар Зорчигч тээврийн нэгтгэл болон өөрчлөн байгуулагдсан нь дээрхи хуулийн заалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг нийцэж байгаа юм. Харин хамтын гэрээг шинээр байгуулах талаар хэлэлцээ хийгдэж 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 01 албан тоотоор ҮЭХорооноос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай албан бичиг ирж 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 117 тоотоор захиргаанаас хамтын гэрээ байгуулах төлөөлөлийг томилон хамтын гэрээний төсөл хүргүүлж ажилласан. Мөн 2016 оны 02 дугаар сарын 19 ны өдрийн 1/677 тоот албан бичгээр ҮЭХороонд хамтын гэрээ байгуулах хэлэлцээрт суух хамтын гэрээний төсөл санхүүгийн тооцооллын хамт хүргүүлсэн боловч өнөөдрийн хүртэл ҮЭХ хамтын гэрээ байгуулахгүй энэ асуудлыг гацаанд оруулж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хамтын гэрээг бид дагаж мөрдөхгүй, энэ талаар бид байгууллагад нь хүргүүлж мэдэгдсэн. Нэхэмжлэгчид тэтгэвэрт гарахад нь 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 1 612 500 төгрөгийг олгосон, бид дундаж цалинг 537 500 төгрөгөөр тооцсон. Энэ нь дундаж цалин хөлс бодох журмын дагуу урамшуулал, хоол, унааны мөнгийг хасаж тооцсон хууль зөрчөөгүй. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлах явцад ихэсгэж байгаа нь үндэслэлгүй, бид хүлээн зөвшөөрөхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж байна. Хэрвээ ихэсгэж байгаа бол хуульд зааснаар өгөх ёстой гэж үзэж байна гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Оюунбилэг  нь хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан дутуу олгогдсон тэтгэмжид 5 657 196 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь тус байгууллагад тасралтгүй 14 жил, 8 сар ажилласан тул өндөр насны тэтгэвэрт гарахад 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авахаар хамтын гэрээнд заасан байхад 3 сарын тэтгэмжийг олгож эрх зөрчсөн, мөн дундаж цалинд урамшууллын 15 хувийг тооцож оруулаагүй хасаж тооцсон тул дундаж цалинд урамшууллыг оруулан 620 000 төгрөгөөр тооцож, дутуу олгогдсон тэтгэмжид 6 557 192 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь “Автобуснэг” ОНӨҮГазар татан буугдсан учир хамтын гэрээг дагаж мөрдөхгүй, мөн нэхэмжлэгч нь дундаж цалинг 605 801 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй, 537 500 төгрөгөөр тооцсон, хоол, унааны мөнгө урамшууллын мөнгө нь дундаж цалинд тооцогдохгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Ш.Оюунбилэг нь 2002 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №36 тоот Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн “Автобуснэг” компанийн захирлын тушаалаар Чингэлтэй бригадад кондуктороор ажилд орж, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн №Б/82 тоот “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазрын захирлын тушаалаар тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаснаар тус нэгтгэлийн Нэгдүгээр баазын Тээвэрлэлт үйлчилгээний албаны шалгагч кондуктороор ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлөгдсөн болох нь түүний ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаалаар тус тус нотлогдож байна. /хэргийн 17-р хуудас/

 Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазрыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүсгэн байгуулж, “Автобус-1” ОНӨААТҮГ, “Автобус-3” ОНӨААТҮГазар, “Цахилгаан тээвэр” НӨҮГазруудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэрийг шинээр байгуулагдсан Нийслэлийн “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГазарт нийлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтад нийцжээ. /хэргийн 9-р хуудас/

“Автобуснэг” ОНӨҮГазар нь ажилтны төлөөлөл болох Үйлдвэрчний эвлэлийн хороотой тохиролцон 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хамтын гэрээ байгуулж, талууд гэрээний холбогдох заалтуудад 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр өөрчлөлт оруулахдаа 8.5 дахь хэсэгт өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан тэтгэмж олгохоор хэмжээ тогтоосон байна. /хэргийн 3-8-р хуудас /

Нэхэмжлэгч нь уг 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн “Автобуснэг” ОНӨҮГазрын захиргаа, ҮЭ-ийн хороодын хооронд байгуулсан 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 8.5-д “11-15 жил ажилласан бол 12 сарын хэмжээгээр тэтгэмж олгох”-оор заасан байхад 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь эрх зөрчсөн гэж, хариуцагч нь байгууллага татан буугдсан тул 2014 оны 1 сарын 22-ны өдрийн Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхгүй, хамтын гэрээ нь хүчингүй болсон, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртлэх хугацаанд л мөрдөх байсан гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ үүсгэн байгуулагдсан байх бөгөөд зохигчид хуулийн этгээдийн өөрчлөн байгуулагдсан үйл баримт болон нэхэмжлэгч Ш.Оюунбилэгийн шалгагч буюу кондуктороор тасралтгүй 14 жил 8 сар ажиллаж байгаад 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэрт гарсан, өндөр насны тэтгэвэрт гаргахад тэтгэмжид 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно. /хэргийн 9-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог хамтын гэрээ гэнэ” гэж заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т “хуульд заасан нөхцөл, журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээг татан буугдах, хугацааны туршид дагаж мөрдөнө” гэж заасан байх бөгөөд “Автобуснэг” ОНӨҮГазрын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Хамтын гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 132 дугаар тогтоолд дурдсан өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дагаж мөрдөхөөр байна.

Гэвч ажилтан, ажил олгогчийн төлөөлөгчид нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасны дагуу хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах эсхүл шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцээ хийж шийдвэрлээгүй байгаа болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон шүүхэд ирүүлсэн Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын Үйлдвэрчний эвлэлийн хороонд хүргүүлсэн 2015 оны 1 сарын 09-ний өдрийн 1/117 дугаар тогтоолоор хамтын гэрээнд оролцох төлөөлөгчдийн нэрсийг гаргаж, төслийг хүргүүлсэн, хариуцагч байгууллагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу 2015 онд байгуулах, мөн 2016-2017 онд байгуулах хамтын гэрээний төсөл болон санхүүгийн тооцооллыг Үйлдвэрчний эвлэлийн хороонд хүргүүлэх зэрэг ажиллагаа хийгдсэн байх боловч талууд хамтын гэрээг шинэчлэн байгуулаагүй байгаа болох нь талуудын тайлбар болон баримтаар нотлогдож байна гэж үзэв. /хэргийн 30-р хуудас/

Хэрэгт авагдсан 2014 оны 1 сарын 22-ны өдрийн Хамтын гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн Ерөнхий зүйлд “хамтын гэрээ нь нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж заасан байх тул уг хамтын гэрээ нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна гэж дүгнэв. /хэргийн 7-8-р хуудас/

Иймд хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазар нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасныг баримтлаж, нэхэмжлэгч Ш.Оюунбилэгийн дутуу олгогдсон 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/177 тоот “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазрын захирлын тушаалаар 1 612 500 төгрөгийг авсан байх бөгөөд нэхэмжлэгч нь дундаж цалинг дутуу тооцсон, дундаж цалинд урамшууллын 15 хувийг оруулаагүй нэхэмжлэгчийг хохироосон тул дундаж цалинг 620 000 төгрөгөөр тооцож, дутуу олгогдсон тэтгэмжид 6 557 192 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч нь дундаж цалинг 537 500 төгрөгөөр тооцсон, урамшуулал дундаж цалинд тооцогдохгүй, нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн нь хууль зөрчсөн гэж мэтгэлцсэн.

Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо: а-д зааснаар “хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд сул зогсолтын үеийн, ажил хүлээлцэх хугацааны, ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа үеийн, буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгох, ажлын цагийг богиносгох, ажилтны хүсэлтээр ажилтанд тэтгэмжтэй чөлөө олгох, цалин хөлсний тодорхойлолт гаргах, ажилтанд ажлаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-т заасны дагуу тэтгэмж олгох, ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тооцно гэж заасан байна.

Иймд нэхэмжлэгчийн дундаж цалинг нийгмийн даатгалын №0170982 тоот дэвтрийн бичилтийг үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 7-ын А-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 605 808 төгрөг /582 825+617 300+617 300=1 817 425:3=605 808 төгрөг/ байх тул түүний дутуу олгогдсон тэтгэмжид 5 657 196 төгрөгийг /605 808х12=7 269 696-1 612 500=5 657 196 төгрөг/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчид 15 хувийн урамшууллыг нэмж тооцохоор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн боловч мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар “нэхэмжлэлийг бичгээр гаргана” гэснийг зөрчсөн тул шаардлагын хэмжээнд бус дундаж цалин хөлсийг тооцохдоо урамшууллыг нэмж тооцож өгнө үү гэсэн тайлбарын хэмжээнд дүгнэсэн болно.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазарт маргаан таслах комисс байгуулагдаагүй байгаа талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, маргаагүй тул урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэх үндэслэлгүй, хариуцагчаас хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулагдсан, хэвийн ажиллаж байгаа гэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазраас 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмжид 5 657 196 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Оюунбилэгт олгохоор шийдвэрлэв.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 5 657 196 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Оюунбилэгт олгосугай.   

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 105 465 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХУЛАН