Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 673

 

Э.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:       

          прокурор Л.Оюунгэрэл,

          ялтан Э.Т-ийн өмгөөлөгч С.Б,

          хохирогч М.Э, түүний өмгөөлөгч Ж.Ж,

          нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,     

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Т-ийн өмгөөлөгч С.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор Э.Т-д холбогдох эрүүгийн 2016 2603 1594 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1994 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “Войд” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 5, эмэг эх, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамжны 5 дугаар байрны 23 тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

 

Э.Т нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 03.00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж М.Б, М.Э нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар зодож М.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл, М.Э-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Т-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Э.Т-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Э.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 ,4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг /хөнгөн ялыг хүндэд/ нэмж нэгтгэн, Э.Т-ийн нийт биечлэн эдлэх ялыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулж, Э.Т нь хохиролд 1.572.700 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Э.Т-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих хураан авсан битүүмжилсэн хөрөнгө, орлого эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Э.Т-гийн өмгөөлөгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Ялтан Э.Т-г иргэн М.Б-т хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүхээс дараах хууль зөрчиж цуглуулсан, харилцан зөрүүтэй, мэдүүлгийнхээ эх сурвалжийг хангалттай зааж чадаагүй байхад үнэлж, дүгнэлт өгсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1. Таньж олуулах ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдээгүй байхад шүүхээс нотлох баримтаар үнэлсэн. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт “...ямар шинж тэмдэг, онцлогоор таньж болохыг таньж олох гэж байгаа хүнээс урьдчилан асууж тухайн тэмдэглэлийн эхэнд тусгана...”, мөн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.5 дахь хэсэгт “...Таньж олуулах гэж байгаа хүн нь гэрч буюу хохирогч байвал тэдэнд мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатайгаар худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагын тухай урьдчилан сануулж, тэмдэглэлд тусгана...” гэснийг тус тус зөрчсөн байдаг. Мөн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг зөрчиж хийгдсэн гэж үзнэ. /хх-99, 102, 104/,

2. Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Гэрчүүдийн болон хохирогч нарын мэдүүлгүүд ноцтой зөрүүтэй байдаг. Тухайн хэрэг учрал болсон үед байсан гэрчүүд болох Б.М, С.Ц, П.М нарын мэдүүлгүүд /хх-41, 47, 50/, гэрч Б.М, хохирогч гэх М.Б, М.Э нарын мэдүүлгээс зөрдөг.

Анх М.Б-аас 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөлд “...М.Э намайг цохисон залууг салгаж дундуур зогсож байсан, тэгтэл М.Э-г өөр залуу нүүр хавьцаа нь цохисныг хараад цуг байсан Б.Мягмарсүрэнгийн найз охин автомашинаас гарч ирсэн...” гэдэг. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр М.Б-ийн “...өндөр биетэй үсээ дээш босгосон туранхай залуу нь цохисон. Одоо тэр залууг харвал танихгүй...” гэж мэдүүлэх атал бусад мэдүүлгүүд нь явцын үед өөрөөр мэдүүлдэг. /хх-9, 12/,

Иймд ялтан Э.Т-д хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хохирогч М.Э-гийн өмгөөлөгч Ж.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор А.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй зөв гаргасан гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх Э.Т-д холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болно”, мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар шүүгдэгч, өмгөөлөгчийн санал хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэх зэрэг хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг буюу үе шат, дарааллыг зөрчиж, оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4-т “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйчлэгдэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах”, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1, 8.2, 8.3, 8.4, 8.5, 8.6, 8.7, 8.8-т “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, ялыг биечлэн эдлүүлэх эсэх, шүүгдэгчид хорих ял оногдуулах болон хорих байгууллагын дэглэм, шүүгдэгчийг баривчилсан хугацаа, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял оногдуулахад хэрхэн тооцох, эд мөрийн баримтыг хэрхэн шийдэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хэрхэн тооцох, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох эсэх, хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хэрхэн шийдэх” гэж тус тус заасан байхад анхан шатны шүүх Э.Т-д холбогдох хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд анхан шатны шүүх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байх тул дээрх зөрчлийг арилгасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Э.Т-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Т-д холбогдох эрүүгийн 2016 2603 1594 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Ялтан Э.Т-гийн өмгөөлөгч С.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг тус шүүх хуралдаанаар хянан хэлэлцээгүй болохыг дурдсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл ялтан Э.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ПҮРЭВСҮРЭН

                                      ШҮҮГЧИД                                         Т.ӨСӨХБАЯР

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ