Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 1365

 

 

 

 

 

 

 

 

  2019        09          02                                  2019/ШЦТ/1365

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

улсын яллагч А.Ариунаа,

шүүгдэгч Г.Э , түүний өмгөөлөгч Т.Баярдалай ҮД:23-19 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Э т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00000 1680 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.Э

Холбогдсон хэргийн талаар:

Г.Э  нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 24 дүгээр байрны 16 тоотод иргэн Б.Эрдэнэцэцэгт Япон улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 1.055.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э  мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Иргэн Б.Эрдэнэцэцэгийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 8 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Эрдэнэцэцэгийн өгсөн: ...Би 2019 оны 03 дугаар сард Улаанбаатар хотод таньдаг айлдаа байхдаа өөрийгөө Энхжин гэж танилцуулсан эмэгтэйтэй танилцсан. Тухайн үед тэр эмэгтэй өөрийгөө Австрали улсад сурдаг бөгөөд өвчний улмаас түр ирсэн байгаа гэж байсан. Мөн тэр эмэгтэй нэр хүндтэй хүмүүсийг таньдаг гэх мэтээр ярьж  байсан. Би тэр эмэгтэйтэй утасны дугаар, нүүр номын хаягаа солилцоод салсан. Түүнээс хойш бид 2 нүүр ном болон утсаар харилцдаг байсан. Би энэ хугацаанд Солонгос улсад ажиллаж байгаад ирсэн. Намайг мөнгөтэй гэж бодсон бололтой та Солонгосын визээ тулгаад ирсэн юм чинь одоо Япон улс руу нэг яваад ирвэл болно шүү дээ гэж санал тавьсан. Миний таньдаг ах болох Г. Г.Э  гэж байгаа, тэр ах маань өмнө нь олон хүн Япон улс руу гаргаж байсан туршлагатай гэж хэлээд байхаар нь итгээд тэр хүнийхээ утсыг өгчих гэхэд манай ах ярихгүй та итгэж болно гэж байсан. Энхжин нь надад Г. Г.Э  гэсэн ХААН банкны 5281102890 гэсэн данс өгсөн бөгөөд хураамжны мөнгө 85000 төгрөг гэхээр 2019.05.31-ний өдөр шилжүүлсэн. 2019.06.01-ний өдөр түр зээлчих гээд 120.000 төгрөг зээлсэн. Энэ мөнгийг 30.000 төгрөгийн хүүтэй зээлнэ гэсэн юм. Энхжин гэх эмэгтэй нь визний мөнгөө хуваагаад эхний ээлжинд 500.000 төгрөг хийчих гэхээр нь би зээлсэн 120.000 төгрөгөө хүүтэй нь өг гэхэд би эндээс өөрөө өгнө, та над руу 350.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь 2019.06.03-ны өдөр 350.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 1.055.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5405274909 тоот данснаас шилжүүлсэн. Мөн тэр эмэгтэй нь би өөрөө дансгүй гээд 5070145562 тоот дансаар зээлчих гээд 170.000 төгрөг шилжүүлж аваад нэхүүлж байж өгсөн. Сүүлд шилжүүлж авсан данс нь дандаа хүний данс байсан бөгөөд өөрөө дансгүй гээд байсан. Энэ өдрөөс хойш утсаар яриад таны виз 2019.06.20 гэхэд гарна гэж байснаа сүүлдээ 2019.07.03-ны өдөр гарна гэж байснаа сүүлдээ 07.20-нд гарна гэж байсан. Би 2019.07.20-ны өдрийг календараас харахад амралтын өдөр байсан. Би тэр хүнтэй чинь очиж уулзана гэхэд та зардал мөнгө чинь хэцүү шүү дээ гэх мэтээр аргалаад байсан. Би 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод ирэхээ хэлэлгүй ирсэн. Энхжин гэх эмэгтэй нь манай виз гаргах ах маань надтай болон аав, ээжтэй маань Булган аймагт байгаа Дорнодын баяраар би Буйр нуур руу очно, тэгэхдээ би ахыгаа дагуулаад тэгээд уулзаарай гэх мэтээр худлаа ярьж байсан. Би өнөөдөр өглөө ирээд утсаар ярихад мөн л Булган аймагт байна гэхээр нь би Улаанбаатар хотод ирэх юм уу гэхэд би Улаанбаатараар дайраад очно гэх мэтээр худлаа яриад байсан. Би Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 24 дүгээр байрны 1 дүгээр орцны 4 дүгээр давхарт шатны хажуу талын хаалганд очоод өөр хүнээр хаалгыг нь тогшуулаад барьж авсан. Би сая Г. Г.Э  гэдэг нь Энхжин өөрөө юм байна гэдгийг мэдсэн. Мөн одоо нүүр номоо өөрчилж бүх зүйлээ устгасан байсан. Би яагаад нүүр ном чинь болохгүй байгаа юм бэ гэхэд миний нүүр ном хакердуулсан юм шиг байна гэж байсан...

...Надад Япон улсын виз гаргаж өгнө гэж намайг залилсан 1.055.000 төгрөг авч залилсан Ганбилэг овогтой Г.Э  гэгчээс 1.150.000 төгрөг, буцаан авсан тул одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Би Дорнод аймгаас Улаанбаатар хотод ирэх болон буцаж явах унаа хоолны мөнгөө нэмээд 1.150.000 төгрөг авсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 13 дугаар тал/,

- Хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 25 дугаар тал/,

- ХААН банкны мөнгөн шилжүүлэг хийсэн баримтууд, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 26-27, 28-29 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.Э ын: ...Тэр Эрдэнэцэцэг гэх хүн Япон улс руу явах виз гаргуулах гэсэн юм, таньдаг хүн амьтан байна уу гэж ярьж байсан юм. Тэгэхээр нь би 1 хүнээс асууж өгье гэж хэлээд тэр яриа тэндээ дуусч явцгаасан юм. Түүнээс хойш Эрдэнэцэцэг эгч над руу утсаар яриад Японы виз гаргаж өгөх хүн байна уу? Чамд таньдаг хүн байвал холбоод өг энэ тэр гээд байхаар нь би Японы виз гаргаж өгөх хүн байгаа, би тэр хүнээсээ асууж байгаад танд хэлье гээд худлаа хэлчихсэн юм. /Тэр үед надад хувийн мөнгөний хэрэг байсан учир би Эрдэнэцэцэгт виз гаргаж өгнө гэж худал хэлээд мөнгө авчихаад виз гаргах хугацаагаа хойшлуулж цаг хожиж байгаад 08 дугаар сарын 05-нд авсан мөнгөө буцааж өгөх санаатай байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр тал/,

- Шүүгдэгч Г.Э ын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18, 19 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.Э  нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 24 дүгээр байрны 16 тоотод иргэн Б.Эрдэнэцэцэгт Япон улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 1.055.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Эрдэнэцэцэг, яллагдагчаар өгсөн Г.Э  нарын мэдүүлэг, ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, хохирлын мөнгө хүлээн авсан тэмдэглэл зэрэг бичмэл  нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Э ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Эрдэнэцэцэг унааны зардал болон дансаар шилжүүлсэн мөнгөө Г.Э аас буцаан авсан талаар тэмдэглэл үйлдсэн нь хавтаст хэрэгт хавсаргагдсан, одоо гомдол саналгүй талаар хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 13, 25 дугаар тал/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй  гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Э ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Э   нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн  улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.       

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан  бусдад учруулсан  хохирлоо  нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г. Г.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Г.Э т  оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Г.Э ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ