Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1031

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   Г.Эт холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор А.Ариунаа,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Т.Баярдалай, 

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 2019/ШЦТ/1365 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э, өмгөөлөгч Т.Баярдалай нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Г.Эт холбогдох эрүүгийн 1906000001680 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Зүйд овгийн Ганбилэгийн Энхбаяр, 1995 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Булган аймгийн Тэшиг сумын 2 дугаар баг, Харгал гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 24 дүгээр байрны 16 тоотод түр оршин суух,  ял шийтгэлгүй, /РД: ГЙ95060207/;

 

Г.Э нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 24 дүгээр байрны 16 тоотод иргэн Б.Эрдэнэцэцэгт Япон улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хооронд 1.055.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Зүйд овгийн Ганбилэгийн Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ганбилэгийн Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Г.Эт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Г.Эын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

                            

Шүүгдэгч Г.Э, өмгөөлөгч Т.Баярдалай нар хамтран гаргасан давж заалдах гомдолд болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хэдийгээр би шүүхийн шийтгэх тогтоолд хүндэтгэлтэй хандаж байгаа ч 2 жилийн хугацаагаар тэнссэн нь нилээдгүй урт хугацаа байх ба Г.Э миний гадаад улсад суралцах боломжид нөлөөлж магадгүй, боломжоо алдаж ч мэдэхээр байгаа болно.

Иймээс Г.Э миний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм хор, хохирлын хэр хэмжээ болон анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулсан байдал, цаашид гадаад улсад суралцахаар явах гэж байгааг минь харгалзан үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/1365 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийг хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацааг аль болох боломжит хугацаагаар багасгаж өгнө үү. ...” гэв. 

 

Прокурор А.Ариунаа давж заалдах гомдолд бичсэн хариу тайлбарт болон тус шүүх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч Г.Эын үйлдсэн гэмт хэрэг нь иргэн Б.Эрдэнэцэцэгийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх 8/, хохирогч Б.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /хх 11-12/, хохирогч Б.Эрдэнэцэцэгийн хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт /хх 25/, Хаан банкны мөнгөн шилжүүлэг хийсэн баримтууд /хх 26-27/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 28-29/, Г.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 4/, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

            Шүүгдэгч Г.Э нь залилах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулсан нь хэргийн болон хувийн байдалд нь тохирсон гэж үзэж байна.

Иймд шүүгдэгч Г.Э, өмгөөлөгч Т.Баярдалай нараас гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/1365 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг гэж техникийн шинжтэй алдаа гаргасан тул үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж өгнө үү...” гэжээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

    

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Г.Э нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 24 дүгээр байрны 16 тоотод иргэн Б.Эрдэнэцэцэгт Япон улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хооронд 1.055.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Эрдэнэцэцэгийн “...Би 2019 оны 3 дугаар сард Улаанбаатар хотод таньдаг айлдаа байхдаа өөрийгөө Энхжин гэж танилцуулсан эмэгтэйтэй танилцсан. Тухайн үед тэр эмэгтэй өөрийгөө Австрали улсад сурдаг бөгөөд өвчний улмаас түр ирсэн байгаа гэж байсан. Мөн тэр эмэгтэй нэр хүндтэй хүмүүсийг таньдаг гэх мэтээр ярьж байсан. ... Солонгосын визээ тулгаад ирсэн юм чинь одоо Япон улс руу нэг яваад ирвэл болно шүү дээ гэж санал тавьсан. Миний таньдаг ах болох Ганбилэгийн Энхбаяр гэж байгаа, тэр ах маань өмнө нь олон хүн Япон улс руу гаргаж байсан туршлагатай гэж хэлээд байхаар нь итгээд тэр хүнийхээ утсыг өгчих гэхэд манай ах ярихгүй та итгэж болно гэж байсан. Энхжин нь надад Ганбилэгийн Энхбаяр гэсэн ХААН банкны 5281102890 гэсэн данс өгсөн бөгөөд хураамжны мөнгө 85000 төгрөг гэхээр 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн. 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр түр зээлчих гээд 120.000 төгрөг зээлсэн. Энэ мөнгийг 30.000 төгрөгийн хүүтэй зээлнэ гэсэн юм. Энхжин гэх эмэгтэй нь визний мөнгөө хуваагаад эхний ээлжинд 500.000 төгрөг хийчих гэхээр нь би зээлсэн 120.000 төгрөгөө хүүтэй нь өг гэхэд би эндээс өөрөө өгнө, та над руу 350.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь 2019 оны 6 дугаар смарын 3-ны өдөр 350.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 1.055.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5405274909 тоот данснаас шилжүүлсэн. Мөн тэр эмэгтэй нь би өөрөө дансгүй гээд 5070145562 тоот дансаар зээлчих гээд 170.000 төгрөг шилжүүлж аваад нэхүүлж байж өгсөн. Сүүлд шилжүүлж авсан данс нь дандаа хүний данс байсан бөгөөд өөрөө дансгүй гээд байсан. Энэ өдрөөс хойш утсаар яриад таны виз 2019 оны 6 дугаар сарын 20 гэхэд гарна гэж байснаа сүүлдээ 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр гарна гэсэн. Тэгээд сүүлдээ 7 дугаар сарын 20-нд гарна гэж байсан. Би 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг календараас харахад амралтын өдөр байсан. ...Би Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 24 дүгээр байрны 1 дүгээр орцны 4 дүгээр давхарт шатны хажуу талын хаалганд очоод өөр хүнээр хаалгыг нь тогшуулаад барьж авсан. Би сая Ганбилэгийн Энхбаяр гэдэг нь Энхжин өөрөө юм байна гэдгийг мэдсэн. ...Надад Япон улсын виз гаргаж өгнө гэж намайг залилсан 1.055.000 төгрөг авч залилсан бөгөөд Ганбилэг овогтой Энхбаяр гэгчээс 1.150.000 төгрөгийг буцаан авсан тул одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Би Дорнод аймгаас Улаанбаатар хотод ирэх болон буцаж явах унаа хоолны мөнгөө нэмээд 1.150.000 төгрөг авсан юм...” /хх 11-12, 13/,

Г.Эын яллагдагчаар өгсөн “...Тэр Эрдэнэцэцэг гэх хүн Япон улс руу явах виз гаргуулах гэсэн юм, таньдаг хүн амьтан байна уу гэж ярьж байсан юм. Тэгэхээр нь би 1 хүнээс асууж өгье гэж хэлээд тэр яриа тэндээ дуусч явцгаасан юм. Түүнээс хойш Эрдэнэцэцэг эгч над руу утсаар яриад Японы виз гаргаж өгөх хүн байна уу? Чамд таньдаг хүн байвал холбоод өг энэ тэр гээд байхаар нь би Японы виз гаргаж өгөх хүн байгаа, би тэр хүнээсээ асууж байгаад танд хэлье гээд худлаа хэлчихсэн юм. Тэр үед надад хувийн мөнгөний хэрэг байсан учир би Эрдэнэцэцэгт виз гаргаж өгнө гэж худал хэлээд мөнгө авчихаад виз гаргах хугацаагаа хойшлуулж цаг хожиж байгаад 8 дугаар сарын 5-нд авсан мөнгөө буцааж өгөх санаатай байсан юм...” /хх 3-4/ гэх мэдүүлгүүд,

Хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 25/,

ХААН банкны мөнгөн шилжүүлэг хийсэн баримтууд, дансны дэлгэрэнгүй
хуулга /хх 26-27, 28-29/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд  оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Эыг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Г.Эын бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.Э, өмгөөлөгч Т.Баярдалай нар нь “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацааг аль болох боломжит хугацаагаар багасгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч Г.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, эрүүгийн хариуцлагын хувьд хүнд биш байна.

Шүүгдэгч Г.Э, өмгөөлөгч Т.Баярдалай нарын хамтран гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг багасгах хууль зүйн үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.     

 

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад хэргийн зүйлчлэлийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1” гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.                                   

                                                                                                       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 2019/ШЦТ/1365 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Г.Э, өмгөөлөгч Т.Баярдалай нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН

 

                                 ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ