Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2021/0030

 

“С” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны

 хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 695 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 695 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/586 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Б талбар болох 0.5 га газар ашиглах эрхийг олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.3-д  зааснаар  гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн

70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн өмгөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: ““С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 698 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд маргаан бүхий 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/586 дугаар тушаалаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д үндэслэж гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ энэхүү хуулийг хэрэглэж, нэхэмжлэгч “С” ХХК-ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж дүгнэсэн.

 

Шүүх “Нэхэмжлэгч энэхүү Б талбарыг ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/586 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс “... 2.5 га газраа хэрхэн ашиглаж ирсэн” талаараа тайлбар, нотлох баримтыг ирүүлсэн бөгөөд эдгээр нотлох баримтаас маргаан бүхий Б нэгж талбар буюу 0.5 га газартай холбоотой хэсгийг үнэлж дүгнэв” гэснээрээ үйл баримтыг бодитоор, уялдаа холбоонд нь дүгнээгүй бөгөөд нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитоор үнэлэлгүй, хэргийг нэг талаас харж өнгөцхөн шийдвэрлэлээ.

 

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчимд нийцэх талаас нь хариуцагчийн захиргааны үйл ажиллагааг шүүх дүгнэх шаардлага байсан. Бодит нөхцөл байдалд тохирсон байх зарчмын үүднээс нэхэмжлэгч “С” ХХК-ийн ашиглах эрх нөхцөл байдалд тохирсон байх зарчмын үүднээс нэхэмжлэгч “С” ХХК-ийн ашиглах эрх бүхий 2 га, 0.5 га газруудыг яагаад хамтатган дүгнэх ёстойг дараах байдлаар тайлбарлая.

Байгаль орчны яам 2008 онд “С” ХХК-д 2.5 га талбай бүхий нэгж талбар газрыг олгож байсан. Газар ашиглагч тус газартаа аялал жуулчлалын цогцолборын төслийг хэрэгжүүлж байна. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн шаардсанаар өндөр хүчдэлийн хамгаалалтын зурвас газрыг чөлөөлж, ашиглах эрх бүхий газраа хоёр нэгж талбарт хуваан, байршилд багахан өөрчлөлт оруулсан. Байгаль орчны яам болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн зүгээс тавьсан шаардлагын хүрээнд “өндөр хүчдэлийн шугамын хамгаалалтын зурваст үйл ажиллагаа явуулахыг хориглох ч хоёр тусдаа нэгж талбар газрынхаа хооронд явган хүний зам, авто зам хийж аялал жуулчлалын цогцолборын төслөө хэрэгжүүлж болно” гэж бид ойлгож төслийн үйл ажиллагаа явуулсан.

 

Аялал жуулчлалын цогцолбороо А нэгж талбараас эхлэх барьж, 1 ширхэг ресторан, 16 ширхэг гэр, 8 ширхэг дүнзэн байшин, Эко ариун цэврийн байгууламж, дууш, хурлын болон эрдэм шинжилгээний хурлын заал, хамгаалалтын хашаа, худаг, өндөр хүчдэлийн шугам зэргийг барьж, газрыг зориулалтын дагуу ашиглаж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлсээр ирсэн. 2014 оноос манай газрын зүүн талд үйл ажиллагаа явуулж байсан “М” ХХК нь өндөр хүчдэлийн шугамын хамгаалалтын зурвас байх ёстой газрыг зөвшөөрөлгүй (одоогоор гэрчилгээтэй эсэх нь тодорхойгүй) ашиглаж, өндөр бетон хашаагаар хашаалсан. Тус газрыг хашаалсан “М” ХХК-ийн үйл ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх, газар ашиглах эрх олгогдсон эсэхийг тодруулахаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хандсан боловч мэдээлэл авч чадаагүй.

 

Өндөр хүчдэлийн шугамын трасс өөрчлөгдсөн эсэх, “М” ХХК нь газрын хэмжээгээ нэмэгдүүлсэн эсэхийг тодруулахгүйгээр “С” ХХК нь төслийн үйл ажиллагаагаа явуулах боломж байгаагүй. А талбарын орц гарцыг хэрхэн шийдвэрлэх, Б талбартай хэрхэн холбож, үйл ажиллагааг нь нэгдсэн байдлаар явуулах асуудал тодорхойгүй болж эхэлсэн. Улмаар “С” ХХК нь 2017 онд баруун талд газар ашиглагч иргэнтэй тохиролцож, орц гарцаа шийдвэрлүүлэн, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байхад газрын 0.5 гад холбогдох хэсгийг хүчингүй болголоо.

 

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д зааснаар газрыг үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах үүднээс “С” ХХК нь хоёр нэгж талбар дээрээ нэгдсэн нэг төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй бөгөөд зайлшгүй 0.5 га газар дээрээ тусдаа ажил төлөвлөж, үйл ажиллагаа явуулах нь зохимжгүй, бизнесийн үр өгөөжгүй байсан. Анхнаасаа 2.5 га газрыг бүхэлд нь ашиглахаар аялал жуулчлалын цогцолборын төслөө эхлүүлсэн. Энэхүү тайлбартай холбогдуулан “С” ХХК-ийн анхны кадастрын зураг, аялал жуулчлалын цогцолборын зураг төсөл зэрэг баримтыг судлахыг хүсье.

“С” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө хуульд заасны дагуу сунгуулах хүсэлтээ өгсөн бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжилтнүүд гэрээг дүгнэж, газрын эрхийг бүхэлд нь сунгах тухай саналаа хүргүүлж байсан. Гэтэл хүсэлт өгснөөс хойш 1 жил 2 сарын дараа газрыг хүчингүй болгохоор шийдвэрлэж байгаа хариуцагчийн үйл ажиллагаа ойлгомжгүй, хуульд нийцээгүй байна. Газрын эрхийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх явцад газар ашиглах гэрээ 95 хувьтай маш сайн дүгнэгдэж, холбогдох мэргэжилтнүүд “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Ойн тухай хууль, Усны тухай хууль тогтоомж зөрчөөгүй, эрх зүйн маргаангүй”, “Мэдээллийн санд давхцалгүй, бичиг баримт бүрэн”, “MNS 5344 2003 … зэрэг стандартад нийцсэн”, “мэдээллийн санд бүртгэлтэй, давхцалгүй” гэх зэргээр холбогдох дүгнэлтүүдээ гаргаж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1427 тоот албан бичигтээ “...хүсэлтээ ирүүлснийг газар дээр нь шалгаж үзээд доорх дүгнэлтийг хийлээ, ...Газар ашиглалтын зөрчилгүй, Баянзүрх дүүргийн Газрын албанаас төлбөрийн тооцоогүй, өр авлагагүйг тодорхойлсон тул газар ашиглах 836 тоот гэрчилгээний хугацааг сунгахад татгалзах зүйлгүй" гэж, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1602 тоот албан бичигтээ “...тус ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шалгахад 2016 онд батлагдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан болон анхны боловсруулсан зураг төсөлтэй нийцэж байгаа болно” гэж тус тус тодорхойлсон.

Анхан шатны шүүх шийдвэртээ “нэхэмжлэгч нь газрыг А, Б талбар болгон өөрчилсөнтэй маргаж байгаагүй” талаар дурджээ. “С” ХХК-ийн ашиглах эрх бүхий газрын дээгүүр өндөр хүчдэлийн шугам татах трасс гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч, яам болон эрчим хүчээр хангах эрх бүхий байгууллагын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж ирсэн. Газрыг хоёр нэгж талбар болгон хуваасан эсэхээс үл шалтгаалан аялал жуулчлалын цогцолборын төслөө хэрэгжүүлэх боломжтой байсан. Иймээс бидэнд маргах шаардлага байгаагүй. Харин өндөр хүчдэлийн шугамын трасс бүхий газрыг “М” ХХК нь хашаалсан нь “С” ХХК-д сөрөг үр дагавар бий болгосон. “М” ХХК-д тус газрыг ашиглах эрх олгогдсон эсэх нь одоо ч тодорхойгүй байгаа бөгөөд энэ талаарх баримтыг гаргуулах хүсэлтийг маань шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, “М” ХХК-ийн хашаанаас шалтгаалж төслийн үйл ажиллагаа, төлөвлөлт, зураг төсөл бусад бүх баримт бичигт өөрчлөлт орсон, орц гарцын шийдвэрлэхэд хүндрэл үүсэж, хугацаа алдсан зэрэг бодит нөхцөл байдлыг шүүх анхаарна гэж итгэж байсан ч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “С” ХХК нь ашиглах эрх бүхий газрынхаа 0.5 га Б талбарыг дараах байдлаар ашигласан. Үүнд: Хашаалсан; Газрыг ашиглахтай холбоотой хайрган зам тавьсан; Б талбарт барих рестораны барилгын материал дүнзнүүдийг худалдан авч хураасан, 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Түүх археологийн хүрээлэнгийн Хайгуулын судалгааны ажлын дүгнэлт гаргуулсан (2.5 га газарт); 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2016/18-10 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг батлагдсан (2.5 га газарт); 2016 онд “И г" ХХК-ийн төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гаргуулсан (2.5 га газарт); 2018 онд “Н" ХХК-иар барилгын ажлын зураг хийлгэсэн (2.5 га газарт); 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраар Барилгын ажлын загвар зураг батлуулсан (2.5 га газарт); 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 187/0-143 тоот Онцгой байдлын ерөнхий газраар галын дүгнэлт батлуулсан (2.5 га газарт); 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1776/2018 дугаар Барилгын хөгжлийн төвөөр Магадлалын ерөнхий дүгнэлт батлуулсан (2.5 га газарт); 380 KB кабел шугам татсан (0.5 га газарт хамаарна).

“С” ХХК-ийн дээрх үйл ажиллагаанууд нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан 2 жил дараалан газрыг ашиглаагүй гэх хариуцагчийн дүгнэлтийг үгүйсгэх хангалттай үндэслэл болно. Нэхэмжлэгч компани аялал жуулчлалын цогцолборын төсөлд одоогоор 847,062,430 төгрөгийн зардал гаргаад байгаа бөгөөд үүний багагүй хэсэг нь Б талбарт буюу 0.5 га талбайд хамаарах юм.

Шүүх “холбогдох зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын нарийвчилсан зураг төсөл, эрх бүхий байгууллагуудын дүгнэлт, төлөвлөгөө, техникийн нөхцөл зэрэг баримт нь “С” ХХК-ийн ашиглалтын 2.5 га газарт холбогдох үйл ажиллагааг нотлох боловч маргаан бүхий 0.5 га газарт эдгээр бичиг баримтын дагуу үйл ажиллагаа явагдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэх дүгнэлт нь илэрхий үндэслэлгүй байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгогдсон ашиглах эрх бүхий газарт барилга, байгууламж барихад шат дараалсан, нэгнээсээ хамаарал бүхий баримт бичгүүдийг бүрдүүлэх ёстой. 2017 оноос “М” ХХК-ийн хашааг буулгахгүйгээр, байгаль хамгаалагч иргэний хашаагаар орц гарцаа шийдвэрлүүлж, А, Б талбар газраа ашиглахаар болсонтой холбоотойгоор дээрх баримт бичгүүдийг шат дараалан шинээр бүрдүүлэх шаардлага үүссэн. Шүүхийн дээрх дүгнэлтээс “Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын зураг, барилгын ажлын зөвшөөрөл, холбогдох бусад техникийн нөхцөл, дүгнэлтийг гаргахаас урьтаж бүтээн байгуулалт, барилгын ажлаа хийх ёстой байсан юм уу” гэх асуулт урган гарч байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласаар ирсэн гэх тайлбараас гадна Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэх нөхцөлийг маргааны үйл баримттай уялдуулан шүүхийн анхааралд тавья. Хэдийгээр газрыг ашигласан гэж маргаж буй үндэслэлтэй хуулийн энэхүү зохицуулалт логик зөрчилтэй боловч шүүх нэхэмжлэлийн үндэслэл, үйл баримтыг хэрхэн дүгнэхээс шалтгаалан хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг дүгнэх шаардлага үүсэж магадгүй юм.

Газрыг хоёр нэгж талбар болгон хуваасан, А, Б нэгж талбарын хоорондын зурвас газрыг “М” ХХК хашаалсан, орц гарц шийдвэрлэх асуудалд хариуцагч байгууллага тодорхой хариулт өгөөгүй, улмаас А, Б нэгж талбарыг нэгтгэн ашиглахтай холбоотой зөвшөөрөл, зураг төслийг шинэчлэн батлуулах бодит шаардлага үүссэн зэрэг нэхэмжлэгчээс үл шалтгаалах объектив хүчин зүйлсийг харгалзан маргаан бүхий Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/586 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлийг тус тус баримтлан Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын амны хязгаарлалтын бүсэд “С” ХХК-д олгосон 2.5 га газраас “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй” Б нэгж талбар болох 0.5 га газрыг ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

Нэхэмжлэгч “С” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/586 дугаар тоот тушаалыг хүчингүй болгуулж, Б талбар болох 0.5 га газар ашиглах эрхийг буцаан олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл анх Байгаль орчны сайдын 2008 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 160 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан Уулын дархан цаазат газрын Залаатын аманд 2.5 га газрыг аялал жуулчлалын чиглэлээр “С” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэж, 836 тоот газар ашиглуулах гэрчилгээнд 2008 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зааж өгсөн солбицлоор уг 2.5 га газар нь 1 талбар байсныг 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2.0 га газрыг А талбар, 0.5 га газрыг Б талбар болгон өөрчилсөн үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч компанийн хувьд нийтийн эрх ашгийн үүднээс “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3/2974 дүгээр албан бичгээр шаардсаны дагуу өндөр хүчдэлийн хамгаалалтын зурвас газрыг чөлөөлж, ашиглах эрх бүхий газраа хоёр нэгж талбарт хуваан байршилд өөрчлөлт оруулжээ.

Гэтэл дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн чөлөөлсөн газрыг “М” ХХК хашаалж, одоо ч тэнд үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Энэхүү үйл баримтын талаар нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь маргаагүй ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “М” ХХК-д хашаалуулсан газрыг эзэмших, ашиглах эрхтэй эсэх талаар лавлагаа авахаар хандаж байсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй, одоо нэхэмжлэгчийн зүгээс “М” ХХК-тай маргахгүй талаараа мөн шүүх хуралдааны явцад дурдсан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хувьд захиргааны байгууллагаас тавьсан шаардлагын дагуу ашиглах эрх бүхий газраа 2 нэгж талбар болгон хуваасан байх ба хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч компани өндөр хүчдэлийн хамгаалалтын бүс дэх газрыг хашаалж, орц, гарц хаасан талаараа Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон “М” ХХК-д тус тус албан бичгээр хүсэлт гаргаж байжээ. Анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтуудыг анхаарч үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс “... энэхүү 2.5 га газар дээрээ 1 ширхэг ресторан, 16 ширхэг гэр, 8 ширхэг дүнзэн байшин, эко эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн газар, дууш, хурлын болон эрдэм шинжилгээний хурлын заал, хамгаалалтын хашаа зэргийг барьсан. Цахилгаан, холбоо сүлжээний техникийн нөхцөл бүрэн хийгдсэн, архитектор төлөвлөлтийн даалгавар, Байгаль хамгаалах 2018 оны төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрөө батлуулж тайлан, Барилга хот, байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөр зураг төслийн баримтын магадлалын ерөнхий дүгнэлт, ... Ерөнхий төлөвлөгөөний газраар батлагдсан архитектор төлөвлөлтийн даалгавар, Байгаль орчин менежментийн төлөвлөгөө зэрэг баримт бичгийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа” талаарх тайлбар болон холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн байна. Өөрөөр хэлбэл эхнээсээ 1 нэгж талбар байсан газраа зориулалтын дагуу ээлж дараатай, системтэй ашиглаж, барилга байгууламж барьж байгаа ажээ. Ийм байхад анхан шатны шүүх “... эдгээр баримт нь “С” ХХК-ийн ашиглалтын 2.5 га газарт холбогдох үйл ажиллагааг нотлох боловч маргаан бүхий 0.5 га газарт эдгээр бичиг баримтын дагуу үйл ажиллагаа явагдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд 0.5 га газраа 11 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгааныг дээр бичиг баримтуудаар нотлох боломжгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл анх аялал жуулчлалын зориулалтаар төсөл хэрэгжүүлэхээр 2.5 га газрыг нэхэмжлэгч компанид ашиглах эрх олгосон байхад Б талбар болох 0.5 га газрыг 11 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэж тусад нь салган үзэж газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлгүй болжээ. Энэхүү 2 газар анхнаасаа 1 нэгж нэгж талбар байсан төдийгүй, нэг эрхийн гэрчилгээтэй байгааг анхаараагүй байна.

Мөн хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч компанийн менежер Х.Т-ийг оролцуулан сонсох ажиллагааг хийжээ.

Хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлээс үзэхэд сонсох ажиллагааг газрын төлбөр болон хамгаалалтын бүстэй холбоотой асуудлаар хийгдсэн байна. Гэтэл маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай гэсэн үндэслэлүүдээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байгаа нь зөрчилтэй болжээ.

Анхан шатны шүүх “...Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “С” ХХК-ийн ашиглаж буй Б талбарын 0.5 га газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосон бөгөөд газрын кадастрын мэдээллийн сангаас шалгахад усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай гэсэн үндэслэлээр дуусгавар болгох талаар сонсох ажиллагаа явуулж, тэмдэглэлд тусгасан ...” гэж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу дүгнэжээ.

Ингэхдээ мөн усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй хэсэгчлэн давхцалтай гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь маргаагүй гэж дүгнэсэн байх ба маргаан бүхий газар усны сан бүхий газрын хамгаалалтын бүсний замын эсрэг талд байрлаж байгаа болон ямар нэгэн давхцалгүй байгааг анхаарч үзээгүй байна.

Мөн газрын төлбөрийн тухайд хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн” 420160168 дугаар актаас үзэхэд нэхэмжлэгч компани газар ашиглах гэрээнд заасан газрыг төлбөрийг бүрэн төлсөн байх ба үлдэгдэл төлбөргүй болох нь харагдаж байна.

Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс гаргасан “даалгах” шаардлага хангагдаж шийдвэрлэх тохиолдолд 1/ Эс үйлдэхүй байх 2/ Уг эс үйлдэхүй нь хууль бус байх 3/ Үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн буюу зөрчигдөж болзошгүй байх ёстой.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа энэ тохиолдолд маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар 17-ны өдрийн А/586 дугаар тушаал нь хүчингүй болсноор нэхэмжлэгчийн газар ашиглах эрх нь сэргэж байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр байжээ. Нөгөө талаар нэхэмжлэгч өөрийн шаардлагаа “Б талбар болох 0.5 га газар ашиглах эрхийг буцаан олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгуулах” гэж тодорхойлж байгаа бөгөөд шүүхээс буцаан олгосон мэтээр шийдвэр гаргах боломжгүй.

Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасны дагуу даалгах нэхэмжлэлийн шаардлагыг эс үйлдэхүй болон татгалзсан шийдвэртэй холбогдуулан гаргахаар байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн авч, улмаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/586 дугаар тоот тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох “Б талбар болох 0.5 га газар ашиглах эрхийг буцаан олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар  сарын 28-ны өдрийн 695 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/586 дугаар тушаалыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох “Б талбар болох 0.5 га газар ашиглах эрхийг буцаан олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгуулах” нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн  47.1,  51  дүгээр  зүйлийн  51.1-д  тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн

 

өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР   

 

ШҮҮГЧ                                                               Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                               Э.ЗОРИГТБААТАР