Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 01

 


Х.Алимаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  
шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд: 
                                                                         Даргалагч шүүгч:Л.Нямдорж 
                                                                                    Шүүгчид: Г.Уламбаяр, Т.Жаргалсайхан
Оролцогчид: 
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Дорждэрэм
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Баярсайхан
Нарийн бичгийн дарга: Б.Түвшинтөр
                                                                   
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ц.Үйтүмэнгийн даргалж шийдвэрлэсэн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 372 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Мянганбуугийн давж заалдах гомдлыг үндэслэн, Х.Алимаагийн нэхэмжлэлтэй Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтэс /Хөдөлмөр халамж үйлчилгээний газар/-т холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Х.Алимаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:  Хас овогтой Алимаа миний бие 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баян-Уул сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж сахилгын шийтгэл авч байгаагүй. Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг үндэслэн ажлаас хууль бус үндэслэлгүйгээр чөлөөлсөн. 
Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалин 1.300.000 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Мянганбуу шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хас овогтой Алимаа нь 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс Баян-Уул сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан 2016 онд ажлын байрыг нь төрийн албаны тухай хуулийн дагуу нийтэд зарлаж сонгон шалгаруулалт хийх болсон тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд түр тушаал гаргасан. Тус хөдөлмөрийн гэрээний 4.1 дэх заалтад "гэрээг хөдөлмөрийн тухай хуулийн 37-40 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлээр цуцлах эсвэл дуусгавар болгоно" гэж заасны дагуу X.Алимааг хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн болно. Хөдөлмөрийн хэлтсийн сум хариуцсан мэргэжилтнүүдийн ажлын байрыг зарлах талаар аймгийн төрийн албаны салбар зөвлөлд саналыг өгч 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрүүдэд Баян-Уул сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд Х.Алимаа, А.Энхцэцэг нар өрсөлдөж, Х.Алимаа төрийн албаны мэргэжлийн шалгалтанд тэнцээгүй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 78 тоот албан бичгийг хавсаргав. Улмаар энэ онд Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор Хөдөлмөрийн яам болон аймаг дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсүүдийг татан буулгаж, Хөдөлмөрийн халамж, үйлчилгээний газар болгон бүтэц орон тоонд 100 хувь өөрчлөлт орсон гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Тугтан Хасын Алимааг урьд эрхэлж байсан ажил буюу Говь-Алтай аймгийн Хөдөлмөр., халамжийн үйлчилгээний газрын Баян-Уул сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Х.Алимаагийн ажилгүй байсан хугацааны цалин болох 1.300.000 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас гаргуулан нэхэмжлэгчид олгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт  зааснаар дээрх ажилгүй байсан хугацааны цалингаас зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Х.Алимаагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгаж,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний   газраас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.300.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 35.750 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь   хэсэгт   зааснаар   нэхэмжлэгч,    хариуцагч,   тэдгээрийн   төлөөлөгч,   өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Мянганбуу давж заалдах гомдолдоо: Хас овогтой Алимаа нь 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс Баян-Уул сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. 2016 онд ажлын байрыг нь төрийн албаны тухай хуулийн дагуу нийтэд зарлаж сонгон шалгаруулалт хийх болсон тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд түр тушаалаар ажиллаж байсан .

Тус  хөдөлмөрийн   гэрээний  4.1   дэх  заалтад  Гэрээг Хөдөлмөрийн  тухай хуулийн   37-40  дүгээр  зүйлүүдэд  заасан  үндэслэлээр  цуцлах  эсвэл  дуусгавар болгоно" гэж заасны дагуу Х.Алимааг хөдөлмөрийн    тухай хуулийн 38.1.2 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн болно.
Улмаар Хөдөлмөрийн хэлтсийн сум хариуцсан мэрэгжилтэнүүдийн ажлын байрыг зарлах талаар аймгийн төрийн албаны салбар зөвлөлд саналыг өгч 2016 оны 5 дугаар сарын 18-19- ны өдрүүдэд Төрийн албаны сонгон шалгаруулалт орон нутагт явагдахад Баян-Уул сумаас хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд Х.Алимаа, А.Энхцэцэг нар нь өрсөлдөж, А.Энхцэцэг төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн тул холбогдох хууль журмын дагуу шийдвэр гаргаж ажилласан болно.

Х.Алимаа нь төрийн албан хаагчийн шалгалтад тэнцээгүй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дах салбар зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 78 тоот албан тоотыг хавсаргав.

Иймд иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 372 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. 

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг хангаагүй байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийн материалыг огт танилцуулаагүй, хэргийн материал танилцуулах талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байна.  

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн байна гэж үзлээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар “давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4-т заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ” гэж заасан. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэж заасан харин төсвийн байгууллага хариуцагчаар орж байгаа тохиолдолд тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй. 

Дээрх зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 372 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 372 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг  дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2.Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Л.НЯМДОРЖ

                       ШҮҮГЧИД                                           Г.УЛАМБАЯР
 
                                                                                  Т.ЖАРГАЛСАЙХАН