Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 22

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 6 дугаар баг, Алтангадаст оршин суух Тугтан Хасын Алимаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох

 Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Алимаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Хас овогтой Алимаа миний бие 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баян-Уул сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж, сахилгын шийтгэл авч байгаагүй. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг үндэслэн ажлаас хууль бус үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан үеийн цалин 1.300.000 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.Мянганбуу шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хас овогтой Алимаа нь 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс Баян-Уул сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. 2016 онд ажлын байрыг нь төрийн албаны тухай хуулийн дагуу нийтэд зарлаж сонгон шалгаруулалт хийх болсон тул хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд түр тушаал гаргасан. Тус хөдөлмөрийн гэрээний 4.1 дэх заалтад “гэрээг хөдөлмөрийн хуулийн 37-40 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлээр цуцлах эсвэл дуусгавар болгоно” гэж заасны дагуу Х.Алимааг хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн болно. Хөдөлмөрийн хэлтсийн сум хариуцсан мэргэжилтнүүдийн ажлын байрыг зарлах талаар аймгийн төрийн албаны салбар зөвлөлд саналыг өгч 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрүүдэд Баян-Уул сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд Х.Алимаа, А.Энхцэцэг нар өрсөлдөж, А.Энхцэцэг  төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн тул холбогдох хууль журмын дагуу шийдвэр гаргаж ажилласан болно. Х.Алимаа нь төрийн албаны шалгалтад тэнцээгүй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 78 тоот албан бичгийг хавсаргав. Улмаар энэ онд Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Хөдөлмөрийн яам болон аймаг дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсүүдийг татан буулгаж, хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон бүтэц орон тоонд 100 хувь өөрчлөлт орсон гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Алимааг хууль ёсны дагуу ажлаас нь чөлөөлсөн. Төрийн албаны салбар зөвлөлөөс 8 сумын ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан. Энэ шалгалтад сум хариуцсан мэргэжилтэн Х.Алимаа, А.Энхцэцэг нар Баян-Уул сумаас орж А.Энхцэцэг нь Х.Алимаагаас илүү оноо авсан тул тухайн хүнийг томилон ажиллуулсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Х.Алимаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Х.Алимаа нь Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаартай ажилд томилох тухай тушаал, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байх тул шүүхэд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн шаардлагыг гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын талаархи үйл баримт буюу ажилтанг ажлаас халсан үйл явц, ажлаас халах тухай тушаалын хууль зүйн үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл ажил олгогч ажилтанг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцлан дуусгавар болгож, ажлаас чөлөөлжээ.

Ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох зэргээр хэрэгжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хуулийг баримталсан байх ёстой бөгөөд Б/18 дугаар тушаалын удирдлага болгох хэсэгт Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна.

Зүй нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохих ба Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаартай тушаалд хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй байх тул уг ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэл буюу тушаалын үндэслэлээ тайлбарлахдаа төрийн албаны шалгалтад тэнцээгүй гэж байгаа боловч энэ нь тушаалын үндэслэл болж тусгагдаагүй байх тул тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл шүүх хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа эрхийн акт буюу ажлаас чөлөөлөх тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх ба тухайн үндэслэл нь тушаалд хууль зүйн утгаараа тусгагдаж хэлбэржсэн байдлыг авч үзэх ба улмаар уг үндэслэлийн нотлогдсон байдлыг авч үздэг. Хариуцагчийн тайлбарлаж байгаа үндэслэлийг хэн ч мэдэх, ойлгомжтой зүйл гэх талаас нь бус хүний хөдөлмөрлөх эрхэд халдаж байгаагийн хувьд уг тайлбарлаж байгаа үндэслэлийн хууль зүйн үндэслэл хаана тусгагдсан, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн аль хэсэгт заасан чөлөөлөх үндэслэлд хамаарч байгааг илтгэн хэлбэржүүлсэн байх ёстой байна.

Ажил олгогч байгууллага өөр байгууллагатай нэгдэх замаар бүтэц орон тоо өөрчлөгдсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ тохиолдолд хөдөлмөрийн болон бусад харилцааны хувьд эрх үүрэг залгамжлагдах ба ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй байна. Шүүх тухайн байгууллагад одоо уг орон тоо байгаа эсэх, орон тоо боломжтой эсэх зэрэгт үнэлэлт дүгнэлт хийхгүй ба хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэлэлцэх ба хүний зөрчигдсөн эрхийг өмнөх тухайн цаг хугацаанд сэргээн тогтоож байгаа явдал юм.

Иймд Х.Алимааг урьд эрхэлж байсан ажил болох Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Баян-Уул сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх үндэслэлтэй байна.

Ажилгүй байсан хугацааны цалинг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрээс сүүлийн 3 сарын буюу 2016 оны 05, 06, 07 дугаар саруудад ажиллаж авсан цалингаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 601.286 + 598.286 + 415.195 = 1.614.767 : 3 = 538.256 төгрөг байна, үүнээс нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлсийг тооцоход 538.256 : 21.5 = 25.035 төгрөг байна.

Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа ажилгүй байсан хугацааны цалинд 1.300.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх тул хүсэл зоригийн зарчмын дагуу ажилгүй байсан хугацааны цалин 1.300.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Цалинг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн үндсэн цалингаас тооцсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Алимаагийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.300.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 35.750 төгрөг, нийт 105.950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Тугтан Хасын Алимааг урьд эрхэлж байсан ажил буюу Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Баян-Уул сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсны үндсэн дээр адил чанарын ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Х.Алимаагийн ажилгүй байсан хугацааны цалин болох 1.300.000 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт  зааснаар дээрх ажилгүй байсан хугацааны цалингаас зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Х.Алимаагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгасугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.300.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 35.750 төгрөг, нийт 105.950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ҮЙТҮМЭН