Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 111/ШШ2017/0029

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа даргалж, нарийн бичгийн дарга Н.Дэчмаа, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******гийн нэхэмжлэлтэй ******* аймгийн Засаг даргад холбогдох “******* аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/199 дугаар "*******г ажлаас чөлөөлөх тухай" захирамжийг хүчингүй болгох, намайг өмнө эрхэлж байсан албан тушаал болох ******* сумын 5-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд буцаан тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх, хууль зүйн туслалцаа авсны 800000 төгрөгийг нөхөн гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие ******* нь ******* сумын ******* баг, 13-17 тоотод ам бүл тавуулаа амьдардаг. Би 1999 оноос хойш сургуулийн өмнөх боловсролын салбарт тасралтгүй 18 жил ажилласнаас ******* сумын ******* цэцэрлэгт 1999 оноос 2007 он хүртэл багш, 2007-2015 он хүртэл ******* сумын 3-р цэцэрлэгт багш, 2015 оны 1 сарын 05-ны өдрөөс 2017 оны 3 сарын 07-ны өдөр хүртэл ******* сумын Улсын тэргүүний 5-р цэцэрлэгийн эрхлэгчээр тасралтгүй ажиллаж байсан.

Миний бие эдгээр ажлуудыг хийж байхдаа ямар нэгэн байдлаар ажил дээрээ алдаа эндэгдэл гаргаж байгаагүй, эрхэлсэн ажилдаа чин шударгаар зүтгэж бяцхан шавь нарынхаа сайн сайхны төлөө улсад 18 жил тасралтгүй ажилласан юм.

Энэ хугацаанд миний хөдөлмөрийг үнэлж төрөөс болон байгууллагаас ******* сумын хөдөлмөрийн аврага, байгууллагын аврага, 2014 онд ******* аймгийн боловсролын салбарын шилдэг багш, 2007 онд Бүтээлч багш зэрэг шагналүудыг өгч байсан

Би багш нарын заах арга барил, хүүхэдтэй ажиллах арга барилыг дээшлүүлэх чиглэлээр хичээл сургалтыг сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа багш болон туслах багш нарт 2010 оноос хойш тасралтгүй зааж байсан, "Орон нутгийн сургагч багш"-ийн сертификаттай, мэргэжлийн тэргүүлэх зэргийг хүртэж байсан юм.

Гэтэл 2017 оны 03 сарын 07-ны өдрийн Б/199 дугаар "******* ажлаас чөлөөлөх тухай" захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь заалт, иргэдээс ирсэн гомдол, хамт олны сэтгэл ханамжийн судалгаа, Захиргааны ерөнхий хуулийн 27, 93, 94 дүгээр зүйл зэргийг үндэслэн 2017 оны 03 сарын 07-ны өдрөөс эхлэн ******* сумын 5-р цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Миний бие энэ захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй. Аймгийн Засаг даргын зүгээс намайг ажлаас чөлөөлөх талаар ******* аймгийн Засаг дарга зөвлөлийнхөө хурал дээр "тантай гэрээ хийхгүй, хамтарч ажиллахгүй" гэж хэлэхэд нь би үг хэлж чадаагүй. Гэтэл шууд намайг ажлаас чөлөөлөх захирамж гаргасанд нь би туйлын гомдолтой байна. Надад урьд өмнө нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу ямар нэгэн сонсох ажиллагаа явуулаагүй, надаас амаар болон бичгээр тайлбар аваагүй, яагаад ажлаас чөлөөлж байгаа талаар урьдчилан мэдэгдээгүй байж шууд захирамж гаргасан нь миний хөдөлмөрлөх эрх болоод ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг зөрчиж байна. Надад ямар нэгэн улс төрийн хүчний төлөө зүтгээд байсан шалтгаан байхгүй бөгөөд анх ******* аймгийн 5-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд орохдоо тухайн албан тушаал дээр сул орон тоо гарсны дагуу түс ажлын байран дээр зарласан сонгон шалгаруулалтанд орж хууль журмын дагуу тэнцэн өмнө нь ажиллаж байсан хүн ажлаа өгч тус цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдож байсан. Миний өмнө ажиллаж байсан цэцэрлэгийн эрхлэгч өөрөө хүсэлтээ өгсөн, өндөр настны тэтгэвэрт гарсан байсан юм. Би ажилгүй болсноор цалингийн зээлээ төлж чадахгүй, ар гэрт байгаа сургуулийн насны 3 хүүхдийн амьжиргаа хүндэрч, ганц өрхийн орлого олж байсан хүн нь ажилгүй болохоор дахиад л бид амьдралын хувьд маш хүнд байдалд ороод байна.

Манай гэр бүлийн хүн эрхэлсэн тодорхой ажил байхгүй, ганцхан миний цалин л манай ар гэр, амьдрал ахуйг авч явах баталгаа болж байсан ч аймгийн Засаг даргын намайг ажлаас чөлөөлөх тухай захирамж гарснаар би ажилгуй болж, амьдралын баталгаа алга боллоо.

Аймгийн Засаг даргын захирамжийн үндэслэх хэсгийг харахад захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь заалтыг барьсан нь өөрт нь эрх олгосон заалт болох ерөнхий заалт байгаа бөгөөд, Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн аль зуйл заалтаар намайг ажилгүй болгож байгааг заагаагүй байгаа нь энэ акт хууль ёсны байх ундсэн шинжийг хангаагүй. Миний бие төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан, давхар үр дүнгийн гэрээтэй ажилладаг байсан билээ. Гэтэл хөдөлмөрийн хуулийн ямар зүйл заалтаар намайг ажлаас чөлөөлсөн нь тодорхой биш байна. Мөн "Иргэдээс ирсэн гомдол, хамт олны сэтгэл ханамжийн судалгаа" гэсэн байгаа ч иргэдээс ямар өргөдөл, гомдол ирсэн, энэ нь юугаар намайг буруутгаж байгааг заагаагүй, надад мэдэгдээгүй, энэ талаар надаас асуугаагүй, тайлбар аваагүй. Захиргааны ерөнхий хуулийн 27, 93, 94 дэхь заалтыг барьсан ч энэ нь сонсох ажиллагаа явуулах, гомдол гаргах журам болохоос хүнийг ажлаас чөлөөлөх тухай заалт биш харин ч намайг энэ захирамжид гомдол гаргах эрхтэйг заасан заалтууд байна. Аймгийн Засаг дарга нь захирамж гаргахдаа Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байж Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл заалтыг барьсан нь тодорхойгүй, Хөдөлмөрийн хуулийг хэрэглээгүй, Захиргааны Ерөнхий хуулийг буруу ойлгож хэрэглэсэн, Боловсролын хуулийг хэрэглээгүй, Боловсролын тухай хуулийн 30.1.15 дугаар заалтыг зөрчиж хууль бус захирамж гаргасан. Үүнээс болж цалингаараа, эд хөрөнгөөрөө, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээрээ би хохирч байна.

Би энэ хууль зүйн үндэслэлгүй, хууль бус захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

******* аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/199 тоот "*******г ажлаас чөлөөлөх тухай" захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, хууль бус тул хүчингүй болгуулах, намайг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаал болох "******* сумын 5-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд буцаан тогтоох, хууль бус тушаалаас болж надад учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж нөхөн бичилт хийлгэх, хууль зүйн туслалцаа авсны хохирлыг нөхөн гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн 30.1.10 дахь заалт “...иргэдээс ирсэн гомдол, санал, сэтэл ханамжийн судалгаа...” гэсэн бүрхэг үндэслэлээр ажлаас халсан байдаг. Ажлаас чөлөөлж байгаа тухайгаа ямар нэгэн байдлаар хэлээгүй. Нэхэмжлэгчийн хувьд цалингийн зээлээ төлж чадахгүй, сургуулийн насны 3 хүүхэдтэй. Би ажлаас чөлөөлөгдсөний улмаас ар гэрийн амьжиргаа буурч өрхийн орлогогүй болсон хүнд нөхцөл учирсан. Гэр бүлийн хүн ажил эрхэлдэггүй амьдралын баталгаа байхгүй тул орлогогүй болсон. Аймгийн Засаг дарга нь ажлаас чөлөөлсөн захирамжийг гаргахдаа мэдэгдээгүй, ямар нэгэн хууль баримтлаагүй, Хөдөлмөрийн гэрээний ямар зүйл заалтыг зөрчсөн талаар ямар нэгэн тайлбар хэлээгүй, бүрхэг иргэдээс ирсэн судалгаа, гомдол зэргийг үндэслэж шийдвэрлэсэн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Ажлаас чөлөөлсөн захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 27, 93, 94 дүгээр зүйлийг баримталсан ч энэ талаар ямар сонсох ажиллагаа явуулсан зүйл хийгдээгүй. Үүнээс болж эд хөрөнгө, нийгмийн даатгалын шимтгэлээрээ хохирч байна. ******* аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/129 дугаар захирамж нь хууль бус тул хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны хохирол /цалин/ болох ажилгүй байсан хугацааны цалин 5691200 төгрөг, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шийтгэлийг давхар гаргуулж, нөхөн бичилт хийлгэх, хууль зүйн туслалцаа авсны хөлс гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Захиргааны актыг гарахдаа урьдчилж мэдэгдээгүй, ямар зорилго агуулж байгаа нь тодорхой биш нөхцөл харагддаг” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд Аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/199 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна.

2017 оны 1 дүгээр сард аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төсөвт байгууллагын 2016 оны ажлын үр дүнг Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар нэг бүрчлэн хэлэлцсэн. Энэ үр дүнгийн гэрээ дүгнэхтэй холбогдуулан ******* сумын Засаг даргын Тамгын газраас 5 дугаар цэцэрлэгийн хамт олон, эцэг эхчүүдээс санал асуулга авахад эрхлэгч *******г хамт олны сэтгэл ханамж муу гэсэн үнэлгээтэй, эцэг, эхчүүдээс тэгшитгэж мөнгө хураасан гэх гомдол гарсан.

Ер нь хамт олноо дарамталдаг гэсэн гомдол ч гарч байсан. Иймд эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлсөн. Харин өөр ажил эрхлэх талаар өөрөөс нь асуухад тодорхой хариу хэлээгүй. Цэцэрлэгийн баг хамт олныг удирдан зохион байгуулж чадаагүй тул аймгийн Засаг даргын зөвлөлийн шийдвэрээр үр дүнгийн гэрээ байгуулж ажиллахгүй гэсэн тул эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн.

3асаг даргын зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцээд Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явагдаж байгааг хэлсэн. Өөрөө ч цаашид гэрээ байгуулж ажиллахгүй гэдгийг мэдсэн. *******г ажпаас чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуулийн 27, 93, 94 дүгээр зүйлийг журамласан нь дээрх хуулийн заалтыг удирдлага болгон сонсох ажиллагаа явуулсан, гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсэн үйл явдлыг тодорхойлсон.

Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 70440001 тоот утсанд 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч *******г хүүхдүүдийн эцэг, эхээс мөнгө авдаг гэсэн гомдол ирсэн. Энэ нь Боловсролын тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Би сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлээр төгсөөд тухайн ажлын байран дээр 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр томилогдон ажиллаад 6 сар үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд байгууллагын дотоод зохин байгуулалт, бүтэцтэй танилцах хугацаа өнгөрсөн. Шинэ ажлын байран дээр очиход тулгамдсан асуудал байна. Энэ байгууллага намайг ажилд ороход бутарсан, хагарсан хамт олны байдал эвдэрсэн байсан. Би ажиллах хугацаандаа тодорхой хэмжээгээр засч ажиллахыг эрмэлзсэн. Ажил хийж байх хугацаанд санал, гомдол орж ирсэн. Бэлтгэл бүлгийн Урангоо гэх хүүхдийн эх орж ирээд танай цэцэрлэгт би хүүхдээ өгнө өмнөх эрхлэгч нь тоглоом авна гэж 80000 төгрөгийг хурааж аваад тоглоом авч өгөөгүй. Танай цэцэрлэг хандив аваад харьяаллын бус хүүхдийг авдаг гэсэн. Мөн эцэг, эхүүдийн хандив өгье манай хүүхдийг авчих гэж байгууллагын нэр хүндэд халдсан зүйл гарсан. Тоглоом авна гэж мөнгө аваад тоглоомыг нь авч өгөөгүй.

******* багшийг 2016 онд түр тушаалаар аваад жинхэлсэн тушаал гараагүй. 2017 оны 6 дугаар сард тухайн багш жинхэлсэн тушаал шаардлагатай гараад гэсэн боловч тушаал байхгүй учир нилээдгүй ажил алдсан гэж ярьж орж ирсэн. Тухайн багш нь нэхэмжлэгчээс 350000 төгрөг авах ёстой нилээдгүй хугацаа өнгөрсөн гэж бухимдалтай орж ирж байсан. Энэ байдлыг шүүх хуралдаанд хэлж өгнө үү гэсэн учир дамжуулж байна.

2016 онд шинэ салбар бүлэгтэй болоод 3 туслах багш, багш авсан. Нэг туслах багшийн бичиг баримт дээр асуудал гарч ирсэн. Туслах багшийн гэрчилгээ нь үнэт цаасан дээр хэвлэгдээгүй, тамга тэмдэг нь арилсан байсан. Мэргэжлийн хяналтаас шалгалт ирэхэд хэцүү байгаа. Энэ асуудал нь байгууллагын удирдлагатай холбоотой байх гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хандан, ******* аймгийн Засаг даргад холбогдуулан “******* аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Б/199 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ******* аймгийн ******* сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, тухайн цалинтай холбоотой нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, өмгөөллийн хөлс 800,000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд “ажилгүй байсан хугацааны цалин 5642980 төгрөг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн бусад нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. “******* аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Б/199 дугаартай “*******г ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ******* аймгийн ******* сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч ******* нь ******* аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 750 дугаар захирамжаар ******* сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад Аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Б/199 дугаар “*******г ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь заалт, Иргэдээс ирсэн гомдол, хамт олны сэтгэл ханамжийн судалгаа, Захиргааны ерөнхий хуулийн 27, 93, 94 дүгээр зүйл” зэргийг үндэслэсэн төрийн албанаас чөлөөлөгджээ.

******* сумын Угалз 4 дүгээр багийн Бүртгэл мэдээллийн ажилтан , тус багийн нийгмийн ажилтан нарын 5 дугаар цэцэрлэгийн багш, ажилтнууд, эцэг, эхчүүдээс цэцэрлэгийн үйл ажиллагааны түвшинг үнэлэх санал, асуулгыг авч дүнг илтгэх хуудсаар гаргасан байх ба энэхүү судалгаа нь “Байгууллагын менежментийн түвшин ямар хэмжээнд байна вэ, Багшийн харилцаа, хандлага, багшийн хүүхэд нэг бүрийн хөгжилд үзүүлсэн дэмжлэг, Хүүхдийн онцлогт нь тулгуурлан хөгжүүлсэн байдал, сурсан чаддаг болсон зүйлийн тоо, чанар, сургалтын чана, хөтөлбөр, Хүүхэд бүрийн дэмжсэн орчны бүрдүүлэлт, Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж, сайжруулсан байдал, Эрүүл аюулгүй орчин бүрдүүлсэн эсэх, Бусад хүүхэдтэй хамтран тоглож, санаа бодлоо хуваалцаж, хүсэл сонирхолоо илэрхийлж буй байдал, Хүүхдийн гэртээ болон гадаа орчинд өөрийн сонголтоор үйл ажиллагаануудад бие даан мөн бусадтай хамтран идэвхтэй оролцож бүтээлчээр ажиллаж буй байдал, Хүүхэд бүрийн онцлог давуу талыг судалсан мэдээлэл, хийсэн ажиглалт, эцэг, эх, олон нийтийн оролцоо гэсэн 12 асуултууд нь багш, ажилтнуудтай холбоотой байна.

Харин тус цэцэрлэгийн 26 багш, ажилтнуудаас авсан санал асуулгаар Байгууллагын менежментийн түвшин ямар хэмжээнд байна вэ гэсэн асуултанд сайн-17, дунд-6 муу-3, Удирдлагын арга барил гэсэн асуултанд сайн-17, дунд-6, муу-0, Төсөв, санхүүгийн ил тод байдал, гүйцэтгэлийн түвшин гэсэн асуултанд сайн-16, дунд-4, муу-6, Ажлын байрны тохижилт, ажилтнуудын ажиллах таатай орчин бүрдүүлэхэд өөрчлөлт орж чадсан эсэх гэсэн асуултанд сайн-14, дунд-5, муу-7, Хүний нөөцийн чадамж, бүтэц, орон тоо гэсэн асуултанд сайн-20, дунд-3, муу-3, ажлтнуудын ачаалал, ажил үүргийн хуваарилалт сайн-12, дунд-9, муу-5, Урамшуулал сайн-14, дунд-9, муу-3, Дотоод журмын хэрэгжилт сайн-11, дунд-11, муу-4, Хөдөлмөрийн гэрээний үнэлгээний ил тод, шударга байдал сайн-18, дунд-5, муу-3, Байгууллагын соёл сайн-16, дунд-7, муу-3, Менежерийн ажилтнуудтайгаа харилцдаг хандлага сайн-16, дунд-7, муу-3 гэсэн хариултуудыг өгсөн байх ба 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч *******г нэр заан шүүмжилсэн, буруутгасан, түүний нэрээр бичгээр гаргасан санал, гомдол байхгүй байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “эцэг, эхээс мөнгө тэгшитгэж хурааж, байгууллагын урсгал засварт хэрэглэсэн гэсэн гомдол гарсан” гэж маргаж байгаа ба энэхүү зөрчлийн талаар аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийг буруугүй гэж үгүйсгээгүй болно.

*******гийн урьд эрхэлж байсан ******* сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарах боловч Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь зохицуулалтыг 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмснээр үр дүнгийн гэрээ байгуулж ажиллах эрх зүйн үндэслэл бүрдсэн, хөдөлмөрлөх эрхийн харилцаа нь Төрийн албаны, Хөдөлмөрийн, Боловсролын тухай хуулиудаар зохицуулагдахаар байхад ******* аймгийн Засаг дарга нь 2017 оны Б/199 дугаар захирамждаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь нийтлэг бүрэн эрхийн зохицуулалтыг, мөн эрх бүхий албан тушаалтнаас захиргааны акт гаргахдаа хэрэгжүүлэх Захиргааны ерөнхий хуулийн заалтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн “хөдөлмөрлөх эрх”-ийг зөрчсөн хууль бус захигааны акт болжээ гэж дүгнэлээ.

Түүнчлэн ******* аймгийн Засаг дарга нь ******* сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ******* 2016 оны 2 сарын 1-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр “Үр дүнгийн гэрээ”-г байгуулж, уг үр дүнгийн гэрээний биелэлтийг мэргжлийн байгууллагаас В үнэлгээтэй үнэлэгдсэн ба Аймгийн Засаг даргын зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар түүний 2016 оны үйл ажиллагааны тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг хэлэлцсэн атлаа хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй, харин хамтран ажиллах боломжгүй гэж ******* байгуулсан гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн байна. Хэрэв нэхэмжлэгчтэй байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг “хангалтгүй” биелүүлсэн гэж үзвэл Боловсрол, соёл, урлагийн газрын даргын саналыг харгалзан чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэх нь хуульд нийцэх байжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр аймгийн Боловсрол, соёлын газрын дарга нь захирал *******гийн ажлын талаар саналаа гаргасан... гэж тайлбарлаж байгаа боловч зөвлөлийн хурал дээр зөвлөлийн гишүүний хувиар *******гийн 2016 оны үйл ажиллагааны тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг хэлэлцэхэд санал хэлсэн байх ба үүнийг Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаас сургуулийн захирал *******г чөлөөлөх эсэх талаар гаргасан санал гэж үзэх боломжгүй юм.

Шүүхээс хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хандан тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 111/АБ2017/0061, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 111/АБ2017/0069, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 111/АБ2017/0092 дугаар албан бичгүүдээр *******гийн үр дүнгийн гэрээний биелэлт, эцэг, эх, иргэдээс ирүүлсэн гомдол, түүнийг бүртгэсэн бүртгэл, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас ирүүлсэн санал, Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт, Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагаануудыг хийж баримтжуулсан баримт зэргийг ирүүлэх талаар удаа дараа шаардсан боловч ирүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “., ..шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д “...шаардсан нотлох баримт гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй байхын зэрэгцээ нөгөө талаас дээрх баримт байхгүй, гараагүй гэж үзэж болохоор байна.

Түүнчлэн ******* аймгийн Засаг дарга нь 2017 оны Б/199 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлахаар хуульчилсан атал энэ хуулийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчмуудыг баримтлаагүй, түүнчлэн мөн хуулийн 29-д заасан “Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас” хөтлөх зэрэг ажиллагааг хийгээгүй, энэ талаар нотлох баримт байхгүй, мөн Төрийн албаны, Хөдөлмөрийн, Боловсролын тухай хуулийн зохих заалтуудыг хэрэглээгүй зэрэг нь Төрийн албаны тухай 4 дүгээр зүйлийн 4.1-д “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... хууль дээдлэх зарчим баримтална.” гэж заасныг болон Захиргааны ерөнхий хуулийн дээрх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Иймд, шүүх ******* аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Б/199 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг дээрх нөхцөл байдлуудаар зөрчсөн байх тул уг захирамжийг хүчингүй болгож, *******г урьд эрхэлж байсан Бянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хоёр. “Ажилгүй байсан хугацааны цалин болох 5642980 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн гаргасан “******* аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн “*******г ажлаас чөлөөлөх тухай” Б/199 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* аймгийн ******* сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх 6 сар 10 хоногийн олговор болох 5642980 /таван сая зургаан зуун дөчин хоёр мянга есөн зуун ная/ төгрөгийг хариуцагч ******* аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулах нь зүйтэй.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.”, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Гурав. “Хууль бус актын улмаас учирсан хохирол болох хууль зүйн туслалцаа авсны 800000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно.” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч *******гийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний үндсэн дээр өмгөөлөгчөөс туслалцаа авсны хөлс нь захиргааны байгууллагын хууль бус актын улмаас учирсан шууд хохирол биш, харин нэхэмжлэгчийн хуульд заасан өмгөөллийн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлсний төлөө өмгөөлөгчид төлсөн төлбөр байх тул 800000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

                                                                                                                         ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ******* аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Б/199 дугаартай “*******г ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, *******гийн урьд эрхэлж байсан ажил буюу ******* аймгийн ******* сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 6 /зургаа/ cap 10 /арав/ хоногийн цалин 5642980 /таван сая зургаан зуун дөчин хоёр мянга есөн зуун ная/ төгрөгийг хариуцагч ******* аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, *******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг баримтлан “өмгөөллийн хөлс 800000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, энэ хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА


[1] Хавтаст хэргийн 5 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 6 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 62 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 63 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 64 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 68-69 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 58-61 дүгээр тал

[8] Хавтаст хэргийн 10-12 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 13-24 дүгээр тал

[10] Хавтаст хэргийн 77 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 56-61 дүгээр тал

[12] хавтаст хэргийн 39 дүгээр тал

[13] хавтаст хэргийн 48-49 дүгээр тал

[14] хавтаст хэргийн 71 дүгээр тал