Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0015

 

 

 

 

 

 

 

“С”ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, Б.За, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Үн нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 574 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “С”ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 574 дүгээр шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/220 дугаар захирамжийг дахин шинэ акт гартал зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/220 дугаар захирамжийн үндэслэл нь газар шинээр эзэмших хүсэлттэй холбоотой хууль зүйн зохицуулалтыг агуулсан. Харин тус захирамжид заасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 467 дугаар захирамжийн дагуу манай компани газар шинээр эзэмшээгүй, харин иргэн Ө.Т-өөс шилжүүлж авсан.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/220 дугаар захирамж нь агуулга, зорилтын хувьд илт алдаатай, хууль зүйн үндэслэлгүй захирамж байхад шүүхээс түүнийг хүчингүй болгохын оронд дахин захиргааны акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн нь хуульд нийцэхгүй байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны захирамжаар шинээр газар эзэмших эрх олгосон биш, харин шилжүүлсэн тул Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/220 дугаар захирамжид заасан зөрчил байхгүй.

Мөн шүүхээс “нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд зөрчил алга байна” гэж дүгнэсэн хэрнээ газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгоогүй нь логикийн алдаатай шийдвэр болсон.

Шүүхээс “хуульд зааснаар инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх нь Нийслэлийн Засаг даргад олгогдсон тул энэхүү асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж дахин шинэ акт гартал захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх зүйтэй гэж үзсэн болно” гэжээ. Гэтэл уг шугам сүлжээ нь манай байгууллагын ашиглаж байгаа газар буюу хашаалсан хэсгээс гадна авто замын хэсэг болон явган хүний зам доогуур явж байгаа ба шүүхээс мөн “нэхэмжлэгч “С”ХХК-ийн өөрийн эзэмшилдээ байлгаж эзэмшиж буй  газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчөөгүй байна” гэжээ.

Нэгэнт нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хууль ёсны гэдгийг тогтоосон байж шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн  шаардлагыг хангах хангалттай боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү”,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09/1710 дугаар албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах уг маргаан бүхий “С”ХХК-ийн эзэмшиж байгаа 3328 м.кв газар нь дулаан, цэвэр ус, холбоо, цахилгааны шугам байрлаж байгааг нотолж, уг албан бичиг захиргааны хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Уг албан бичгээр маргаан бүхий газар нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт хамаарч байгаа тул тухайн газарт газар эзэмших, ашиглуулах эрх олгох асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх байтал Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлж газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр болсон.

Ийнхүү уг үйл баримтад үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/220 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д нийцэж байна гэж дүгнэсэн боловч нэмж тодруулах шаардлагатай зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж, улмаар дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болохоор заасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, дахин шинэ актыг шийдвэрт заасан хугацаанд гаргаагүй тохиолдолд дүүргийн Засаг даргын газар эзэмших эрх олгосон шийдвэр хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд энэ нь Газрын тухай хуулийг зөрчсөн үр дагаврыг гаргаж болохоор шийдвэрлэсэн байх тул Газрын тухай хууль тогтоомжид нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

      ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 467 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 37, 38 дугаар зүйл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Барилгын цэргийн 158 дугаар ангийн хашааны урд агуулахын зориулалтаар 3328 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, улмаар мөн дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/250 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгасан байна.

Гэтэл газар эзэмших эрх сунгахаас өмнө Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/220 дугаар захирамжаар “...Газрын тухай хуулийг зөрчиж, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 467 дугаар захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байжээ.

Нэхэмжлэгч “С” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/220 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх “нэхэмжлэгчийн өөрийн эзэмшилдээ байлгаж буй газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна, иймээс “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж үзэн хариуцагчид нотлох үүргийг хүлээлгэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу байна.

Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан үндэслэл нь шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдсон байх ч хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт, хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой “өөр бусад үндэслэлээр” нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тохиолдолд хэрэглэгдэнэ.

Гэхдээ тэрхүү “өөр бусад үндэслэл” гэдэг нь маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг зөвтгөх, шүүхийн шинжлэн судлах боломжгүй бусад “бодит үндэслэл” байхаас бус, тухайн актын хууль зүйн үндэслэлийг өөр үндэслэлээр солих тухай ойлголт биш юм.

Өөрөөр хэлбэл, шүүхээс маргаан бүхий актыг түдгэлзүүлэхийн зорилго нь хариуцагчаас хууль бус актын алдааг нь зөвтгүүлэхэд биш, харин тухайн акт хууль ёсны гэдгийг нь нотлуулахад орших бөгөөд хэрэв нотлогдохгүй бол маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай. Гэтэл анхан шатны шүүх үндсэндээ хариуцагчаас маргаан бүхий актыг үндэслэлийг солиулж, зөвтгүүлэхээр түдгэлзүүлжээ.

Нөгөөтэйгүүр, маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэж буй шүүхийн үндэслэл нь өөрөө бодитой буюу энэ утгаараа шүүхийн шийдвэр үндэслэлтэй, гагцхүү захиргааны акт нь шүүхийн шийдвэрт дурдагдаагүй өөр үндэслэлээр шинээр хууль ёсны дагуу гарч болох боломжтой бөгөөд энэ боломжийг хариуцагчид олгож байгаа буюу захиргааны хэргийн шүүхээс хэргийн нөхцөл байдлыг нотлох талаар бололцоотой бүхий л үйл ажиллагааг явуулсан боловч тодорхой шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн тохиолдолд хариуцагч гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 31.1.3-д Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч “С” ХХК-ийн эзэмшиж, ашиглаж байгаа газар нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2010 оны 467 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасан өөрийн эрх хэмжээгээ хэрэгжүүлэн нэхэмжлэгч “С” ХХК-д газар эзэмших эрх олгож, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/250 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэж газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж, гэрээ байгуулан баталгаажуулжээ.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан заалт нь шинээр газар эзэмших хүсэлт гаргасан тохиолдолд хэрэглэх бөгөөд хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг анхнаасаа хууль тогтоомж зөрчиж гаргасан шийдвэрээ хүчингүй болгох, тухайлбал маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчид анх газар эзэмших эрх олгосон захирамж хууль бусаар гарсан гэж үзвэл уг захирамжийг хүчингүй болгоход хэрэглэнэ.

Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 1.1-д “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.2, 5.1.8.2-т заасны дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх ... эрх олгох дуудлага худалдааг зохион байгуулахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна” гэж зааснаас үзэхэд уг журам батлагдаагүй байх 2013 онд маргаан бүхий А/220 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэж нэхэмжлэгч “С” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь захиргааны байгууллагын шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

Мөн анх 1994 онд Барилгын цэргийн 158 дугаар ангид газар эзэмших эрхийг олгож, 2003 онд Барилгын цэргийн ангиас иргэн Ө.Т-т, 2010 онд Ө.Т-өөс нэхэмжлэгч “С” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар шилжүүлж, дараа нь газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлт гаргаж, хүсэлтийг хүлээн авч газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан, 1994 онд Барилгын цэргийн 158 дугаар ангид олгосон газрын хэмжээ болон байршил одоог хүртэл өөрчлөгдөөгүй үйл баримт тогтоогдож байна.

Үүнээс гадна Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх журмыг зөрчсөн гэх үндэслэл нь холбогдох захиргааны байгууллагад хамааралтай байх тул дан ганц нэхэмжлэгчийг буруутгаж газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгох, тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:”, 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” гэж заасан үндэслэлд шууд хамаарахгүй юм.

Түүнчлэн маргаан бүхий акт болох А/220 дугаар захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдэх буюу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй нь илэрхий, маргаан бүхий А/220 дугаар захирамж гарсныг нэхэмжлэгч болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хэн аль нь мэдээгүй болох нь газрын төлбөр төлсөн акт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгээр тус тус тогтоогдож байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “тухайн газарт газар эзэмших, ашиглуулах эрх олгох асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх байтал Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлж газар эзэмших эрх олгосон” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/220 дугаар захирамжийн дээрх үндэслэлүүд нь бодит байдалд нийцээгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 574 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/220 дугаар захирамжийг хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, 3 дахь заалтыг хасч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ 

ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ