Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 112/2020/0010/З |
Дугаар | 221/МА2021/0007 |
Огноо | 2020-12-24 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2021/0007
Ш.Э-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Янжиндулам, гуравдагч этгээд С.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ш.Э-ы нэхэмжлэлтэй, ГААЗДд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг тус тус баримтлан ГААЗД-ын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/445 дугаар захирамжийн хавсралтын 24 дэх С.Б-д холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан гомдолдоо: “...С.Б 2012 онд кадастрын зургаа хийлгэж, газраа хэмжүүлж, хууль журмын дагуу уг газраа эзэмшиж байгаад 2017 онд өмчилж авсан байдаг. Үүнд ямар нэгэн хууль дүрэм зөрчсөн зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч Ш.Э нь 2012 оноос өдийг хүртэл хугацаанд С.Буг газрыг эзэмшээд явж байсныг мэдэж байгаа. С.Бямар нэгэн айлд мэдэгдэхгүйгээр хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй. Ш.Э нь өөрийнхөө орц гарцыг хааж, өөрийн өмчлөлийн газраасаа бэр Д.Дэлгэрмөрөнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Уг байдлаас дүгнэхэд өөрийн буруугаас орц гарцаа хаасан байгаагаа төрийн байгууллагын ажилчдын буруу гэж тайлбарлаж хууль бус зүйл шаардаж байна.
Ш.Эы уг хашаанд Д.Дамьдардаггүй, уг газар нь дундуураа ямар нэгэн тусгаарлагдсан зүйлгүй, нэг л айлын эзэмшлийн газар юм.
Анх энэ газар дээр Ш.Э буусны дараа С.Б буусан. Үүний дараа Ш.Э-ы ард, урд талд өөр айлууд буусан. Энэ нь төрийн албан хаагч нарын буруутай үйл ажиллагаа биш.
Гуравдагч этгээдийн зүгээс газрын давхцал үүссэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Газрын үзлэг хий ажиллагаанд гуравдагч этгээдийн зүгээс оролцогч оролцуулаагүй. Анхан шатны шүүхээс газрын үзлэг хийхэд ямар ч давхцал гараагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ш.Э-аас “ГААЗД-ын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Иргэнд газар өмчлүүлэх тухай” А/445 дугаар захирамжийн С.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлдээ “...ГААЗД-ын 2013 оны А/303 дугаар захирамжаар олгогдсон 820.9 м.кв газар миний өмч юм. Би энэ газар дээр 10 жилийн турш амьдарч байгаа ба энэ хугацаанд үүдэндээ С.Бүрэнмэндийг буулгасан. Хариуцагчийн зүгээс С.Б-д газар эзэмших эрх олгохдоо судалгаа хийлгүй, манай газрын орц гарцыг хааж шийдвэр гаргаж миний газраа ашиглах эрхэд халдсан...” хэмээн маргасан байна.
Гуравдагч этгээд С.Б нь ГААЗД-ын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/455 дугаар захирамжаар Есөнбулаг сумын Түмэн багт нэгж талбарын 8208004488 дугаар бүхий 983 м.кв газар өмчилж авсан бөгөөд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын өмчилж буй газрууд нь зэргэлдээ хоёр газар болох нь хэрэгт авагдсан кадастрын зургуудаар тогтоогдож байна.
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн үзлэгээр нэхэмжлэгч Ш.Э, гуравдагч этгээд С.Б нарын өмчлөлийн газрууд 96.8 м.кв давхцалтай, Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн үзлэгээр давхцалгүй гэж тус тус тодорхойлсон байна.
Харин уг зөрүүтэй байдлыг эцэслэх зорилгоор хийсэн Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтээр 105.1 м2 давхцалтай гэж тодорхойлогдсон байгаагаас үзэхэд нэхэмжлэгч Ш.Э болон гуравдагч этгээд С.Б-ийн өмчлөлийн газрууд нь тодорхой хэсгээр давхцалтай болох нь тогтоогджээ.
Хэдий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...“Лэнд менежер” программаас харахад талуудын газар ямар нэгэн давхцалгүй, шинжээч “нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын өөрт газар өмчлөх шийдвэр гаргуулахдаа төсөл хэлбэрээр авч байсан баримт”-д тулгуурлан дүгнэлт хийснээр тэдгээр газрууд давхцалтай харагдаж байгаа” гэж тайлбарлаж байх боловч тус аймгийн Засаг дарга нь газар өмчлөх талаар гаргасан иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргахын өмнө тухайн газар нь аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан эсэх, хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхацсан эсэх, тухайн нэгж талбаруудын орц гарц хэрхэн, ямар байдлаар тодорхойлогдсон эсэхийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд нягтлан шалгасны үндсэн дээр газар эзэмшүүлэх асуудлаар шийдвэр гаргах хуульд заасан шаардлагыг хангаагүй алдаатай шийдвэр гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 820.9 м.кв, гуравдагч этгээд С.Б 983 м.кв газар өмчилж байгаа бөгөөд газрын давхцалыг тодорхойлсноор талуудын нэгж талбарууд зөрүүтэй эсэх, нэгж талбаруудын орц, гарцыг хэрхэн төлөвлөсөн талаар хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, энэ нөхцөл байдлууд тодорхой бус энэ тохиолдолд шүүх хариуцагчийн эрх хэмжээнийхээ хүрээнд гүйцэтгэх боломжтой ажиллагааг нөхөн тодруулах замаар маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу шүүхийн шинжлэн судлах боломж, хүрээнээс хэтэрсэн, эдгээр тодорхой бус нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг захиргааны байгууллага гүйцэтгэж, зохих нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин шинээр захиргааны акт гаргах шаардлагатай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл ГААЗД-ын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Иргэнд газар өмчлүүлэх тухай” А/445 дугаар захирамжийн гуравдагч этгээд С.Б-д холбогдох хэсгийг 3 сараар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Тодруулбал, нэхэмжлэгч Ш.Э-аас ГААЗД-ын А/455 дугаар захирамжаар С.Б-д газар өмчлүүлэх эрх олгохдоо миний эзэмшил газартай давхцуулан орц гарц хааж, газраа ашиглах боломжгүй буюу эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна гэж тайлбарлан маргаж байх бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрын орц гарц хаагуур төлөвлөгдсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газрын хэмжээ байршил, орц гарцыг газар дээр нь очиж тэмдэгжүүлэн, координатжуулах замаар асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ