| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2018/1238/Э |
| Дугаар | 1483 |
| Огноо | 2019-09-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 1483
2019 09 25 2019/ШЦТ/1483
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Э.Гэрэлмаа /томилолтоор/ ,
хохирогчийн өмгөөлөгч П.Учралгэрэл ҮД:26-01,
шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Х т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 05971 1387 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Х
Холбогдсон хэргийн талаар:
Д.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Барх гол” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд 17 настай иргэн М.Цолмонг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х мэдүүлэхдээ: Хэргийн талаар мэдүүлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч М.Цолмонгийн өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр найз нарын хамт Сүхбаатарын талбай орчихоод орой 22 цагийн орчимд Батнягтын гэрт нь очсон. Биднийг талбай дээр явж байхад Батнягтын ээж нь залгаад биднийг ирж хоол ид гэж хэлсэн учир тэдний гэрт нь очиж хоол идэхээр явцгаасан юм. Тэгээд тэдний гэрт нь хоол идэж уучихаад хөзөр тоглож байхад цаг шөнийн 1 цаг болж байхаар нь оройтлоо гэж хэлээд бид гэрээс нь гарахад Батнягтын ээж нь биднийг Бугат-Алтай хүнсний дэлгүүр хүртэл хүргэж өгөөд бид өөрсдөө цаашаа явъя гэж хэлээд салаад явсан. Манай гэр Батнягтын гэртэй ойрхон байдаг учир бид өөрсдөө явъя гэж хэлсэн юм. Батнягтын гэрээс нь гараад автобусны буудал дээрээс Содбаяр гэртээ харилаа гээд явсан байсан юм. Бид явж байхдаа хоорондоо тоглоод, чанга чанга яриад нэгнийгээ шоолоод явж байхад “Барх гол” хүнсний дэлгүүрийн өмнө зүс мэдэх гурван ах нэг танихгүй ахтай хамт байж байгаад яагаад орилолдоод байгаа юм, согтуу байна уу гэж асуухаар нь үгүй яасан ах аа гэж хэлсэн чинь нэг гар орж ирээд миний ам руу цохиод доошоо тонгойгоод суухад дахин хамар руу мөн уруулын доор цохиход нүүрээ бариад доошоо суухад Батнягт манай гэрийн зүг зугтаасан. Батнягтын хойноос хэн нэг нь хөөсөн. Би нүүрээ дараад доошоо тонгойгоод суусан байсан учир хэн хөөснийг хараагүй. Тэгсэн манай найз Зулбаярын хүргэн ах Хишгээ одоо боль гэж хэлээд тэр хүмүүсийг зодохыг нь болиулсан. Чухам эхэлж хэн цохисныг би мэдээгүй. Намайг бүгд тойроод зогсож байсан. Тэгээд харанхуй байсан учир сайн харагдаагүй юм. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэр ах нар нилээд согтуу бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...
...Би гомдолтой байна, шүдний эмчилгээний төлбөр 180.000 төгрөгийг үзүүлсэн эмнэлэгт өгөөгүй байгаа, энэ мөнгийг аваад эмнэлэгт нь өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 9, 32 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Цолмонгийн өгсөн: ...Бид нар хоорондоо юм яриад дуутай явж байсан. “Барх гол” дэлгүүрийн цаад талд дэнжийн орчим харж байсан 4 ахтай тааралдсан. Тэгээд бид нарыг дэлгүүр рүү шахаж алхаад хаана байдаг юм, яах гэж шуугиад байгаа пизда нар вэ гэж харааж эхэлсэн. Би найзуудыгаа өөрийнхөө хойно оруулаад гараараа алдлаад яасан бэ ах нар аа гэж хэлэхэд хоёр том биетэй залуу Д.Х , Хишгээ нарын аль нэг нь миний нүүрэн газар хамар, ам орчим гараараа 1 удаа цохисон. Тэгээд тонгойгоод амнаас цус гарахаар нь амаа бариад босч ирэхэд дахиад миний нүүрэн тус газар нилээн хэдэн удаа цохисон. Би толгой эргээд босч чадахааргүй болоод зодуулсан газраа зогсож байсан. Одоо унасан шүдээ солиулж хөдлөхгүй имплант шүд хийлгэмээр байна. Эмчилгээ хийлгэсэн шүд хөдлөөд юм идэж болохгүй байна. Бас үрэвсээд байна. 1 шүд унаж, 1 шүд хөдөлсөн. Эмчилгээний зардал нэхэмжилж байна. Шүдний эмчилгээнээс болж Эрээн хотоос ирж байна. Энэ зардлаа мөн нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Э.Зулбаярын өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би найз Батнягт, Цолмон, Бадам-Очир, Содбаяр бид нар 19 цагийн үед Сүхбаатарын талбай орж явж байгаад 22 цагийн үед Батнягтын гэрт нь 22-23 цагийн үед очсон. Бид нар Батнягтын гэрт байж байгаад 01 цагийн үед Цолмонгийн гэрт очиж хонохоор явсан. Бид нарыг Батнягтын ээж Сувд-Эрдэнэ эгч “Бугат-Алтай” хүнсний дэлгүүр хүртэл гаргаад өгөөд Сувд-Эрдэнэ эгч гэр рүүгээ харьсан, Содбаяр бас гэртээ харина гээд явцгаасан. Цаашаа Батнягт, Цолмон, Бадам-Очир бид нар 2-3 гудамж өнгөрөөд явсан. Бид нар хоорондоо тоглоод чулуу шидэлцэж байсан чинь хажуугаар өнгөрч явсан Д.Х ах /Бүтэн нэрийг мэдэхгүй/- Ямар саагуу бацаан нар вэ, согтуу байгаа юм уу гэж хэлээд Цолмонгийн ам руу нь гараараа нэг удаа цохиход Цолмон доошоо тонгойсон чинь Д.Х ах дахиад нүүр рүү нь 2 удаа гараараа цохисон, тэгэхэд нь би Цолмонгийн урдуур орж зогссон чинь Д.Х ах миний зүүн чамархай, баруун эрүү рүү нэг, нэг удаа гараараа цохиод Батнягт руу очсон, тухайн үед Хишгээ ах /бүтэн нэрийг мэдэхгүй/, бас нэг танихгүй ах 2 боль оо, боль гэж Д.Х ахад хэлж байсан. Тэгж байтал Батнягт гүйсэн чинь Д.Х ах араас нь хөөсөн. Тэр үед бид нар үлдсэн чинь Хишигээ ах Цолмонгийн нуруу, цээж рүү гараараа нэг нэг удаа цохиход би Хишгээ ахыг таниад Хишигээ ахаа гэсэн чинь Хишигээ Цолмонг цохихоо больсон. Д.Х ах Цолмонгийн нүүр рүү 3 удаа гараараа цохисон, эхлээд 1 удаа цохиход Цолмон амаа бариад доошоо тонгойсон, тонгойсон байхад нь 2 удаа цохисон, Хишигээ ах Цолмонгийн нуруу, цээж рүү нь нэг нэг удаа гараараа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 10, 11 дүгээр тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч М.Бадам-Очирын өгсөн: ...Бид нар хоорондоо тоглоод инээлдээд чанга яриад чулуу шидэлцээд тоглож байсан чинь Д.Х ах /бүтэн нэрийг мэдэхгүй/, “Хаана ингэж саагаад байгаа юм бэ, согтуу байгаа юм уу” гэж хэлээд Цолмонгийн ам руу нь гараараа цохиод Цолмон нүүрээ дараад тонгойсон чинь Д.Х ах Цолмонгийн нүүр лүү дахиад 2 удаа гараараа цохиход Хишгээ ах –Наадуул чинь жаахан хүүхдүүд байна, боль гэсэн чинь болихгүй Зулбаярын нүүр рүү нь 2 удаа цохисон, тэр үед Хишигээ ахтай хамт зогсож байсан ах –Жаахан хүүхдүүдийг болио боль гэж хэлсэн. Тэгээд Д.Х ах Батнягт, бид хоёрыг дуудахаар нь очсон чинь Д.Х ах эхлээд Батнягтын хамар руу цохиод, дараа нь намайг цохих гэхээр нь би бултахад Д.Х ахын гар миний баруун даландл хүрсэн. Д.Х ах Батнягт руу очсон чинь Батнягт зугатаад цаашаа гүйхэд Д.Х ах араас нь гүйсэн. Тэгээд Зулбаяр Батнягтыг хайгаад араас нь явсан, би Цолсонг аваад гэр рүү нь явсан. Цолмон явах замдаа надад –Үүдэн шүд уначихжээ гэж хэлсэн. Хамгийн анх Д.Х ах Цолмонгийн нүүр рүү гараараа нэг удаа цохиод, дахин 2 удаа нүүр рүү нь цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Хишигсүрэнгийн өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө найз Д.Х , Түшиг нарын хамт манай гэрт “Сэнгүр” пиво 2 ширхэгийг уусан, бид нар дахиж пиво авахаар бүгдээрээ гарсан Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд байдаг “Барх гол” дэлгүүрийн урд явж байтал 4 эрэгтэй хүүхэд орилолдоод явж байсан чинь Д.Х тэр хүүхдүүд рүү очсон. Д.Х 1 хүүхдийнх нь нүүр рүү гараараа цохихоор нь би боль гээд болиулсан, тэнд баз хүргэний дүү Зулбаяр гэдэг хүүхэд байж байхаар нь би чи юу хийж шөнө явж байгаа юм гээд нүүр рүү нь 1 удаа цохисон. Тэгээд Д.Х цаана зогсож байсан хүүхэд рүү очсон, тэгж байтал нэг хүүхэд нь зугтсан чинь Д.Х тэр хүүхдийн араас хөөсөн. Би шүд нь хугарсан гэх хүүхдийн нуруу, цээж рүү нь гараараа аажуухан цохиод “одоо харь” гээд явуулсан. Д.Х шүд нь унасан гэх Цолмон /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэдэг хүүхдийн нүүр рүү нь гараараа 1-2 удаа цохисон. Зугатааж гүйсэн Батнягт /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэдэг хүүхдийг Д.Х яаж зодсоныг би мэдэхгүй, хараагүй...
...Д.Х очоод юу болоод байгаа юм гээд Цолмонгийн нүүрэн тус газар гараараа 1-2 удаа цохисон. Би араас нь очоод боль гэхэд хамаатны танил дүү Зулбаяр явж байхаар нь шөнө орой юу хийж байгаа юм гээд алгадсан. Цолмонг харь гээд хөл рүү өшиглөсөн. Өөр газар нь цохисонг асуудал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14, 107 дугаар тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Түшигийн өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 22-23 цагийн үед Хишигсүрэн, Д.Х бид нар Хишигсүрэнгийн гэрт уулзаад 2,5 литрийн 2 ширхэг Сэнгүр пиво уусан. Бид нар ууж дуусаад дахиад авахаар явсан. Бид нарыг Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны “Барх гол” дэлгүүрийн урд явж байтал 4 эрэгтэй хүүхэд орилолдоод чулуу шидээд байсан чинь Д.Х –Та нар харанхуй шөнө юу хийгээд орилолдоод байгаа юм бэ гээд очсон. Д.Х 1 хүүхдийнх нь нүүр рүү гараараа цохисон. Тэгээд Д.Х цаана зогсож байсан хүүхэд рүү очсон, 1 хүүхэд нь зугтсан чинь Д.Х тэр хүүхдийн араас хөөсөн...
...Д.Х нөгөө 4 хүүхэд дээр явж очсон. Би жаахан зайтай зогсож байсан. Д.Х Цолмон гэх хүүхэд рүү уурлаад орилоод байсан. Д.Х Цолмонг алгадсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16, 108 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8679 дугаартай шинжээчийн:
1. М.Цолмонгийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, доод уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. 1 шүдний булгарал нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 5% нөлөөлнө. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар тал/,
Шүүгдэгч Д.Д.Х ын яллагдагчаар өгсөн: ...Би найз Хишигсүрэн, Түшиг нарын хамт 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр орой 23 цагийн үед уулзаж бид нар Хишигсүрэнгийн гэрт “Сэнгүр” 2,5 литрийн 2 ширхэг пиво уугаад шөнө 01 цагийн үед дахиж уухаар гарсан. Бид нарыг “Барх гол” дэлгүүрийн урд явж байхад 17-18 насны 4 эрэгтэй хүүхэд –Хүүе гээд орилоод байхаар нь би –Та нар чинь согтуу юм уу, хэн юм бэ, гудамжинд орилохоо болиоч гэж хэлээд очсон. Би очоод 1 хүүхдийнх нь нүүр рүү 1-2 удаа цохичихоод 2-3 алхмын зайтай зогсож байсан 2 хүүхэд дээр очоод 1 хүүхдийнх нь хамар руу хальт гараараа цохисон чинь уг хүүхэд миний бөгс рүү өшиглөөд зугтаахаар нь би араас нь гүйгээд барьж чадаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Батнягтын өгсөн: ...“Барх гол” дэлгүүрийн орчим 4 залуу бид нарыг дуудсан. Тэгээд өөрсдөө хүрч ирээд хаана байдаг хүүхдүүд вэ гээд байсан. Бид нар айгаад хойшоо ухарч байхад 4 залуу тулж ирээд Түшиг гэх ах Зулбаярын нүүрэн тус газар өшиглөсөн. Тэгээд 2 том биетэй Д.Х , Хишигсүрэн гэх ах нарын нэг нь Цолмонгийн нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, 1 удаа алгадсан. Тэгээд Д.Х гэх ах над дээр ирээд миний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Би доошоо зугтаагаад Д.Х , Шагай нар араас гүйж хөөсөн. Тэгээд би баригдсан. Д.Х нь намайг татаж унагаагаад цээж рүү 3-4 удаа өшиглөсөн. Би нүүрээ дарсан байхад нүүрэн тус газар 1 удаа өшиглөсөн. Яг хэн өшиглөснийг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 101-102 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Алтаншагайн өгсөн: ... 2018 оны 07 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө 00-01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барх гол” дэлгүүрийн үүдэнд Д.Х , Хишигсүрэн, Түшиг нарын хамт байсан. Тэгээд дэлгүүрийн үүдэнд 4 эрэгтэй хүүхэд эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй орилоод байсан. Д.Х нөгөө 4 хүүхэд дээр явж очсон. Би жаахан зайтай зогсож байсан. Д.Х Цолмон гэх хүүхэд рүү уурлаад орилоод байсан. Д.Х Цолмонг алгадсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 109 дүгээр тал/,
- Шүүгдэгч Д.Д.Х ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 24, 25, 26 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Барх гол” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд 17 настай М.Цолмонг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн үалгах ажиллагааны явцад хохирогч М.Цолмон, гэрч Э.Зулбаяр, Б.Бадам-Очир, Б.Хишигсүрэн, Ц.Түшиг, яллагдагчаар өгсөн Д.Х нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 8679 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Д.Х ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч М.Цолмон нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан 105.000 төгрөгийн хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн байх ба шүүгдэгч Д.Д.Х аас гаргуулж шийдвэрлэх үндэстэй байна. /хх-ийн 121 дүгээр тал/
Хохирогч М.Цолмон нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд хохирол учирсан, цаашид гарах гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Д.Х т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Д.Х ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Х /РД:/-с 105.000 нэг зуун таван мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Мөнхчулууны Цолмонд /РД:/ олгосугай.
6. Хохирогч М.Цолмон нь цаашид гарах гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Д.Х т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ