Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 55

 

Ц.М-өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                         Д.Буянжаргал

                                                       Ц.Амаржаргал                         

Прокурор                                       Д.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Б.Баясгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туулын даргалж 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 194 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баясгалангийн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц-ийн М-өд холбогдох эрүүгийн 201709000048 тоот, 1 хавтас хэргийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ямаат овогт Ц-ийн М- /РД:**********/, 1975 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод баг, 11-9 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Ц.М- нь хадам эх П.Б-тэй маргалдан эрх чөлөөнд нь халдан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, хамтран амьдрагч Г.Ө-тэй хамт байх хугацаандаа байнга зодсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 194 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Ямаат овогт Ц-ийн М-ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч Ц.М-ийг чөлөөлж

- Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ц.М-өд 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 5 хоногийн ялыг эдлэх ялд оруулан тооцож, үлдэх 5 сар 25 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-өд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, хохирогч нарт төлөх төлбөргүй, урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр... тус тус зааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Өмгөөлөгч Б.Баясгалан миний бие иргэн Ц.М-ийн өмгөөлөгчөөр оролцож байгаа билээ.

Анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтуудыг бодитойгоор үнэлж дүгнэж чадаагүйгээс 194 дүгээр шийтгэх тогтоол нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Шүүхээс Ц.М-ийг “...хохирогч Г.Ө-ийг байнга зодсон” гэх үйлдэлд буруутган гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй.

Учир нь: Эрүүгийн хуульд заасан “байнга зодох” тухай ойлголтыг тодорхой нэг хохирогчийн эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, гүрав ба туүнээс дээш удаа бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн байхыг ойлгодог. Хэрэгт авагдсан баримтуудаар Ц.М- болон Г.Ө- нарын хооронд тодорхой шалтгааны улмаас таарамжгүй харьцаа үүссэн талаар тэд мэдүүлдэг боловч Ц.Ө-ийг байнга зодсон гэх үйлдлийг шүүх зөвхөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын 3 мэдүүлэгт үндэслэн уг үйлдэл тогтоогдсон мэтээр дүгнэсэн.

Эдгээр мэдүүлгүүдээр байнга зодсон гэх үйлдэл тогтоогдоогүй байхад шүүх Ц.М-ийг тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

Хохирогч Г.Ө-, П.Б- нар давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Бид Ц.М-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Ц.М-ийг хадам эх П.Б-гийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж гэм буруутайд тоооцож хөөн хэлэлцэх хугацаагаар эрүүгийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөнд гомдолтой байна. Хэрэг шүүхийн шатанд ирснээс хойш хурлыг удаа дараа хойшлуулан хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж өмгөөлөгч Б.Баясгалан үндэслэлгүй хүсэлтийг гаргаж байсан. Санаатайгаар хурлыг удаа дараа хойшлуулж ял завшуулсан.

Мөн Ц.М-ийг эхнэр Г.Ө-ийг байнга зодож, тарчлаасан гэж үзэж гэм буруутайд тооцож 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй болсон. Өмгөөлөгч Б.Баясгалангийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул өмгөөлөгч Б.Баясгалангийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Г.Ө-ийг байнга зоддог гэж гэм буруутайд тооцох бол 3 удаа хэзээ, хэрхэн яаж бие махбодид нь халдсан гэдгийг тодорхой болгох ёстой. Хадам ээж болох н.Б-гийн эрх чөлөөнд халдсан талаар Ц.М- анхнаасаа тайлбар өгсөн. Ц.М- нь Г.Ө-ийг байнга зодсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх Ц.М-ийг гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай тул Ц.М-ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Д.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Ц.М-ийн 3 удаагийн үйлдэл тодорхой тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

            Ц.М-ийг хадам эх П.Б-тэй маргалдан эрх чөлөөнд нь халдан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, хамтран амьдрагч Г.Ө-тэй хамт байх хугацаандаа байнга зодсон гэмт хэрэгт холбогдуулан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн /2002 оны/ 99 дүгээр зүйлийн  99.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

          Анхан шатны шүүх Ц.М-өд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 194 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.М-ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн /2002 оны/ ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар түүнд 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 5 хоногийн ялыг эдлэх ялд оруулан тооцож, үлдэх 5 сар 25 хоногийн хорих ялыг нээлттэй хорих ангид биечлэн эдлүүлэх, хохирогч нарт төлөх төлбөргүй, урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тус тус зааж шийдвэрлэжээ.

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баясгалангийн гаргасан давж заалдах гомдлын дагуу   Ц.М-өд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад тэрээр хадам эх П.Б-тэй маргалдан эрх чөлөөнд нь халдан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, хамтран амьдрагч Г.Ө-тэй хамт байх хугацаандаа байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд хохирогч П.Б-, Г.Ө-, гэрч Б.Сайнбат /хх-110-р ху/, Г.Энхзаяа /хх-ийн 113-р ху/, шинжээч Э.Отгончимэг /хх-ийн 120-р ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, шинжээчийн 2017.01.11-ний өдрийн 120 тоот, 2017.01.17-ны өдрийн 130 дугаартай дүгнэлтүүд /хх-12, 16-р ху/, хохирлын баримтууд, эмчилгээний зардал хүлээн авсан тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

            2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж” болохоор хуульчилжээ.

          Иймд давж заалдах шатны шүүхээс Ц.М-ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгон гэмшиж хүлээсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан түүнийг заавал нийгмээс тусгаарлан хорих шаардлагагүй гэж дүгнэн анхан шатны шүүхээс 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /шинэчилсэн найруулга/ 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой байх тул Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3,4 дэх заалтуудад өөрчлөлт оруулан, 5,7 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

         Ц.М-өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн өмгөөлөгч Б.Баясгалангийн гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна. 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн         3 дахь  заалтыг:

         “3.Эрүүгийн хуулийн /2015 оны/ ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ямаат овогт Ц-ийн М-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай” гэж,

            4 дүгээр заалтыг:

            4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны 06 сарын 09-ний өдрийн/ 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 189.2 дахь хэсэгт зааснаар нэгдсэн тоо бүртгэлд бүртгэж, хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын 5, 7 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Ц.М-өд урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                            ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                            ШҮҮГЧИД                                             Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                                          Ц.АМАРЖАРГАЛ