Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 36

 

2017 оны 11 сарын 21 өдөр

          Дугаар  123/ШШ2017/0036

                               Төв аймаг

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Хажидмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Поларис  инвестмент” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Төв аймгийн Лүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хуралдааны 34 дугаар тэмдэглэлийн “Поларис Инвестмент” ХХК-д холбогдох хэсгийг, Лүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 сарын 06-ны өдрийн 37 тоот тогтоолын “Поларис Инвесмент” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.Доржпүрэв, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Заантогтох, хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг, хариуцагч Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батцэцэг, Төв аймгийн Баян сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Поларис Инвесмент” ХХК-ний захирал Ричард Саур, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.заантогтох нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Төв аймгийн Лүн сумын нутаг “Хамар толгой” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн №026268 дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийж, дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна. 2017 оны 07 сарын 27-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 7/5195 тоот мэдэгдэлээр манай хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д зааснаар буюу Аймгийн засаг дарга “дэмжихгүй” санал ирүүлсэн учир татгалзсан болохыг мэдэгдсэн. Ийнхүү татгалзсан болохыг мэдэгдсэний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас ямар үндэслэлээр татгалзсан, орон нутгаас ямар санал ирсэн зэргийг мэдэхээр Ашигт малтмал, газрын тосны газарт бичгээр хүсэлт тавин 2017 оны 8-р сарын 21-ний өдөр хариу хүлээн авсны үндсэн дээр Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн бөгөөд тус саналаар манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн саналыг хүргүүлсэн болохыг мэдсэн. ... Өргөдөл гаргасан талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т зааснаар анхан шатны шүүлтийг хийж, дээрх талбай нь ямар нэг байдлаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн засаг даргаас саналыг авахаар явуулсан. ... Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байсан. Төв аймгийн засаг дарга Д.Баярбатын “дэмжихгүй” саналын үндэслэл нь “Газрын тухай хуулийн 6-р зүйл 6.2.1 дахь заалт, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4-р зүйлийн 4.2 дахь заалт” гэсэн байна. Гэтэл Газрын тухай хуулийн 6.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана:” гээд 6.2.1-д “бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар” гэсэн байна. Бэлчээр, уст цэг гэдэг нь Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалтад хамаарахгүй бөгөөд хайгуулын ажил нь тодорхой өрөм тавих, нөөц тогтоох зорилготой байдаг тул бэлчээр, усанд ямар нэг нөлөө үзүүлдэггүй. Газрын тухай хуулийн 52.2, 52.7 дах хэсэг нь отрын бэлчээр, зуслан намаржаа болон гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой зохицуулалт бөгөөд тухайн газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэсэн зохицуулалт байхгүй. Мөн Усны тухай хуулийн 4.2-д “Усны сан бүхий газрыг төрийн байгууллагын зохицуулалттайгаар нийтээр ашиглана” гэж заасан. Гэтэл энэ нь мөн л ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалт бус усыг хэрхэн ашиглах тухай зохицуулалт байна. Иймд Төв аймгийн засаг даргын 55 тоот санал нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан газар, нөөцөд авсан газарт хамаарахгүй байна. ... Иймд Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хуралдааны 34 дугаар тэмдэглэлийн “Поларис Инвестмент” ХХК-д холбогдох хэсгийг, Лүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 сарын 06-ны өдрийн 37 тоот тогтоолын “Поларис Инвесмент” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Поларис инвестмент” ХХК-наас захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Аймгийн Засаг дарга Д.Баярбат нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тэмдэглэлийн 2 дахь заалтаар даалгасан үүргийг хэрэгжүүлж, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 тоот "Поларис инвестмент"ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй" гэсэн саналыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн билээ. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу Ашигт малтмалын газраас санал авахаар ирүүлсэн албан бичгийн хариуд аймгийн засаг даргын зүгээс АМГ-т зөвхөн саналаа хүргүүлсэн байхад буюу Ашигт малтмалын газраас хэрхэн эцсийн шийдвэр гаргах нь тодорхойгүй байхад саналыг захиргааны шийдвэр гэж үзэж захиргааны хэрэг үүсгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4-т "19.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ..." гэж заасны дагуу сум болон аймгийн ИТХ-ийн саналыг авч. эдгээр саналыг харгалзан Ашигт малтмалын газарт уламжилсан билээ. Холбогдох сум болон аймгийн ИТХ-аас "дэмжихгүй" гэсэн санал ирсээр байхад аймгийн засаг даргаас "дэмжиж" санал явуулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй юм. Учир нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т аймаг нийслэлийн Засаг даргын бүрэн эрх:-ийн "30.1.13. харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрийг ундэслэн санал өгөк... гэж тодорхой заасан байдаг. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл нь захиргааны эрх зүйн акт биш бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно", 37.2 "Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно." гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу аймаг, сумын ИТХ болон аймгийн засаг даргын санал нь захирамжилсан шинжийг агуулаагүй, захиргааны акт биш гэж үзэж байна. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг зөвхөн Ашигт малтналын газар эцэслэн ишйдвэрлэдэг бөгөөд эрх зүйн шууд үр дагаврыг үүсгэж байна. Аймаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал болон аймгийн Засаг даргаас татгалзсан санал ирсэн тохиолдолд Ашигт малтмалын газар нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах талаар хууль эрх зүйн ямар ч зохицуулалт байхгүй. Харин аймаг сумаас ирсэн саналыг хууль ёсны эсэхийг хянан үзээд шийдвэрээ хуульд нийцүүлэн гаргах эрх хэмжээ нь зөвхөн Ашигт малтмалын газарт байгаа тул тус компани нь Ашигт малтмалын газрын зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрт нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Ашигт малтмалын газарт аймгийн засаг даргаас өгсөн санал нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд Ашигт малтмалын газар эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргахад нь шууд нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Энхбат, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батцэцэг нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Поларис Инвестмент" ХХК-ний нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн хуралдаанаар зарим сумын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн мэдэгдэлд холбогдох сумд, мэргэжлийн байгууллагаас авсан санал, дугнэлтийн талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга М.Хүрэлбаатарын мэдээллийг хэлэлцээд зарим сумын Багийн иргэдийн Нийтийн хурал, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, саналыг харгалзан үзэж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй гэж Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар шийдэж, энэхүү шийдвэрийг үндэслэн албан ёсны саналыг хуулийн хугацаанд нь өгөхийг аймгийн засаг даргад тэмдэглэлээр үүрэг өгч даалгасан. Энэхүү хэлэлцсэн асуудалд "Поларис Инвестмент" ХХК-ны хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн мэдэгдэлд санал авах асуудал хамаарагдсан байна. Монгол улсын Үндсэн хуулийн 59-р зүйлийн 2-т зааснаар "Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал, тухайн хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн", 62 дугаар зүйлийн 62.1 " Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум. дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн шинж чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна", 62.2" Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие дааж шийдвэрлэж болно" гэж аль ч шатны Хурлын эрх зүйн үндсийг тогтоосон бөгөөд аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд нь тухайн нутаг дэвсгэрийн иргэдээс сонгогдсон иргэдийн төлөөллийн байгуулага тул аливаа асуудалд тэдний эрх ашгийн үүднээс ханддаг. Ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа нь иргэдийн ялангуяа малчдын эрх ашгийг ямар нэгэн хэмжээгээр хөнддөг тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой тухай Ашигт малтмалын газрын мэдэгдэлд санал өгөхдөө тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон иргэд, малчдын саналыг тэргүүн ээлжинд харгалзан үздэг. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл нь захиргааны эрх зүйн акт биш бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно", 37.2 "Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно." гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тэмдэглэл нь захирамжилсан шинжийг агуулаагүй учраас захиргааны акт биш бөгөөд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй юм. Иймээс "Поларис Инвесмент" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа ашигт малтмалын газрын үйл ажиллагаатай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг хүчингүй болгуулах гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хуулинд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг авна гэж зааснаас биш Тэргүүлэгчид саналаа гаргахдаа заавал хуралдаж байж саналаа өгнө гэж санал өгөх хэлбэрийг заагаагүй юм. Иймд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид саналаа тэмдэглэлээр өгсөн нь дээрх хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 203 дугаар тушаал "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох заавар"-ын 4 дүгээр зүйлийн 4.11 дэх хэсэг Засаг даргын зүгээс хууль зүйн үндэслэлгүй санал өгсөн бол ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоно гэсэн байдаг бөгөөд энэ талаар эцсийн ^ийдвэрийг Ашигт малтмалын газар гаргаж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ." гэж заасны дагуу аймгийн Засаг дарга Лүн сумын ИТХ-ын шийдвэр, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг авч саналаа өгсөн нь хуульд нийцсэн үйл ажиллагаа юм. Мөн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-д "харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг ундэслэн санал өгөх" гэж санал өгөх бүрэн эрхийг аймгийн Засаг даргад тусгайлан олгосон байх тул аймгийн Засаг даргын гаргасан "дэмжихгүй" саналыг хууль бус гэж үзэх боломжгүй. Аймгийн Засаг даргын санал нь тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэдэггүй бөгөөд энэ саналаас болж нэхэмжлэгч "Поларис Инвестмент" ХХК-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн эсэх нь тодорхойгүй байна. Иймд Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 34 дүгээр тэмдэглэлээс болж нэхэмжлэгч "Поларис Инвестмент" ХХК-ны хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөөгүй бөгөөд манай шийдвэрээс болж энэ компанид хохирол учраагүй гэж үзэж байна. Иймд Лүн сумын нутгийн иргэд, малчдын язгуур эрх ашиг, малын бэлчээр хадлангийн талбай багасаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Лүн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Ганбаатар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Лүн сумын 2-р багийн нутаг Өлзийт, Гүүрний ам, Цагаан хөтөл, Хангай, Улаан үзүүр зэрэг газар 'нутгийг хамарсан Хамар толгой нэртэй нийт 10532,81 га Ашигт малтмалын хайгуулын талбайд орсон давхардсан тоогоор нийт 53 малчин өрхийн өвөлжөө, хаваржааны доорх газар. Байгаль орчин аялал жуучлалын яам Монгол-Солонгосын Ногоон хэрэм төслийн мод үржүүлгийн 220 га талбай, "Урд нуруу" ТББ-ын Ан агнуурын бүс нутаг болох Хангай нуруу, сумын тусгай хамгаалалтанд авсан Хангай уул, мөн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр батлагдсан гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөгдөх Гүүрний амны шинэ гудамж болох 617 иргэний өмчлөлийн газраас 201 иргэний 40,2 га өмчилсөн болон өмчлүүлэх газар, Ногоон төгөл гудамж болох нийт 289 иргэний өмчлөлийн газраас 235 иргэний 37,6 га өмчилсөн газар хайгуулын талбайд орсон байна. Иймд ард иргэдийн язгуур эрх ашгийг хамгаалан Хамар толгой нэртэй 10532,81 га талбай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн "Поларис Инвестмент" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байх тул энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Поларис Инвестмент" ХХК-иас анх шүүхэд хандан "Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хуралдааны 34 дугаар тэмдэглэл, Лүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 сарын 06-ны өдрийн 37 тоот тогтоолын “Поларис Инвесмент” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, өргөдлийн NE-02626 дугаарт бүртгэгдсэн Хамар толгой нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг хариуцагч нарт даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хуралдааны 34 дугаар тэмдэглэл, Лүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 сарын 06-ны өдрийн 37 тоот тогтоолын “Поларис Инвесмент” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ[1].

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь Төв аймгийн Засаг даргын ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд өгсөн 33 тоот санал нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан газар, нөөцөд авсан газарт хамаарахгүй байхад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасныг зөрчсөн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол биш тэмдэглэлээр санал өгсөн нь хууль бус гэж, хариуцагч аймгийн Засаг дарга  нь  холбогдох сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс “дэмжихгүй” гэж санал ирсэн байхад  аймгийн Засаг даргаас “дэмжиж” санал явуулах хууль зүйн үндэслэлгүй, бид эрх хэмжээнийхээ хүрээнд саналаа өгсөн гэж тус тус  тайлбарлан маргаж байна.

Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь "Поларис Инвестмент" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр хүлээн авч, өргөдлийн бүртгэлийн NE-026268 дугаарт бүртгэж анхан шатны шүүлт хийсний дараа Төв аймгийн Лүн сумын “Хамар толгой” нэртэй газарт  10532.81 гектар талбайд хайгуулын зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаар саналаа ирүүлэх тухай мэдэгдлийг 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 6/7264 дугаар албан бичгээр Төв аймгийн Засаг даргад хүргүүлжээ[2].

Төв аймгийн Засаг дарга уг мэдэгдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга ...сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх...” гэж заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хүсч буй талбай байрших  Лүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ирүүлсэн 2015 оны 10 сарын 06-ны өдрийн 37 тоот тогтоол,  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хуралдааны 34 дугаар тэмдэглэлээр "Поларис Инвестмент" ХХК-д“ ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй” гэж шийдвэрлэсэн, шийдвэрүүдийг үндэслэн, албан ёсны саналыг хуулийн хугацаанд нь өгөхийг аймгийн Засаг даргад даалгасны дагуу  дээрхи шийдвэрийг биелүүлж, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7-д заасныг үндэслэн “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” тухай  2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаартай саналыг  Ашигт малтмалын газарт[3] хүргүүлжээ.

Харин Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрээр “Засаг даргын “дэмжихгүй” санал ирсэн тул” гэсэн үндэслэлээр өргөдлийн бүртгэлийн NE-026268 дугаарт бүртгэгдсэн "Поларис Инвестмент" ХХК-нд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзан шийдвэрлэж, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 7/5195 дугаартай албан бичгээр  тус компанид мэдэгдсэн[4] болох нь  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нар дээрхи саналуудынхаа үндэслэл, агуулгыг "Поларис Инвестмент" ХХК-ийн хайгуул хийхийг хүссэн талбай нь Лүн сумын 2 дугаар багийн Өлзийт, Гүүрний ам, Цагаан хөтөл, Хангай, Улаан үзүүр зэрэг газрыг хамарсан Хамрын толгой нэртэй газар бөгөөд уг газарт давхардсан тоогоор 53 иргэдийн өвөлжөө, хаваржааны газар, БОАЖЯам Монгол-Солонгосын Ногоон хэрэм төслийн мод үржүүлгийн 220 га талбай, “Урд нуруу” ТББ-ын Ан агнуурын бүс нутаг болох Хангай нуруу, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр батлагдсан Гүүрний ам шинэ гудамж болох 201 иргэний өмчлөлийн 40,2 га газар, Ногоон төгөл гудамж болох 235 иргэний 37,6 га зэрэг өмчлүүлсэн газрууд давхцалтай тул хайгуулын тусгай  зөвшөөрөл шинээр олгох боломжгүй гэж  тайлбарлах бөгөөд хавтаст хэрэгт авагдсан тус сумын 2014, 2015, 2016 онуудын газар зохион байгуулалтын төлөвлөгөө[5], иргэдэд газар өмчлүүлсэн Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг[6] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэвч нэхэмжлэгч нь "Поларис Инвестмент" ХХК нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь давхцалтай  талаар маргахгүй гэж байх тул давхцлын талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Харин Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хуралдааны 34 дугаар тэмдэглэл, Лүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 сарын 06-ны өдрийн 37 тоот тогтоол зэрэг маргаан бүхий актууд нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.з-д “нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах. . .” 20 дугаар зүйлийн 20.1.7-д “хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх”, 22 дугаар зүйлийн 22.1.12-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах” эрхтэй гэж заасантай тус тус нийцэж байна.

Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Төв аймгийн Лүн сумын “Хамрын толгой” нэртэй газрын 10532,81 гектар талбайд ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, эрх бүхий байгууллагаас тухайн талбайг нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан гэх нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдохгүй буюу Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан нийтээр ашиглах газар, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7-д заасан иргэдийн эзэмшил ашиглалтад буй зуслан, намаржаа, өвөлжөө, хаваржааны газарт ашигт малтмал хайхыг хуулиар хориглоогүй хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж эрх олгосоноос биш үүрэг болгоогүй байх тул аймгийн Засаг дарга нь хуульд заагаагүй үндэслэлээр ч татгалзах эрхтэй гэж үзэхээр байна. Үүнээс гадна аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.13-т зааснаар  харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх бүрэн эрхтэй гэж заасны дагуу Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 34 дүгээр тэмдэглэлээр өгсөн шийдвэрийг  үндэслэн санал өгсөн байх тул Төв аймгийн Засаг даргын  33 тоот “дэмжихгүй” саналыг хууль зөрчсөн гэж үзэх  үндэслэлгүй байна.

Ер нь нутгийн өөрөө удирдах байгууллага нь харяалах нутаг дэвсгэртээ оршин сууж, амьдарч буй иргэдийн язгуур эрх, хууль ёсны  ашиг сонирхол болон  газар өмчлөх эрхийг хамгаалж, Лүн суманд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй гэж өгсөн санал нь  Монгол улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 2-д “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, 3-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно”, зургаадугаар зүйлийн 3-д “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэж заасантай болон дээрхи хуулийн заалтуудтай тус тус нийцсэн, нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс гаргасан шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж үзлээ.

Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга ...сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх...” гэж зааснаас үзвэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал нь “тогтоол” хэлбэртэй байх тухай хуулиар тодорхойлон заагаагүй байх тул нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн “Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 9 дүгээр тогтоолын 9-д ...Хурлын Тэргүүлэгчдийн  хуралдааны тогтоол байна... гэж заасан байхад Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хуралдааны 34 дугаар тэмдэглэлээр санал өгсөн нь дээрх шаардлагыг зөрчсөн” гэх тайлбар үндэслэлгүй байна.  Өөрөөр хэлбэл хариуцагч нар саналаа “тогтоол”, “тэмдэглэл”-ийн алинаар ч өгсөн байсан хэлбэрийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, улмаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагааг явуулна” гэж Ашигт малтмал, газрын тосны газрын хийж гүйцэтгэх үйл ажиллагаа, түүнээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход холбогдох хянан шийдвэрлэх үйл ажиллагааг тодорхойлж, үүний үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэх эрх үүргийг зааж,  зохицуулсан байх бөгөөд энэ маргааны хувьд ч аймгийн Засаг даргын хүргүүлсэн  2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн  33 дугаар саналыг хуулийн хугацаанд хүлээн аваад  2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 444 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзан шийдвэрлэсэнээс үзвэл маргаж байгаа актуудаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд  хөндөгдөөгүй болох нь тогтоогдож байна.

Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актууд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд тус актуудыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18  дугаар зүйлийн 18.1, 18.1.2.з, 20 дугаар зүйлийн 20.1.7, 22 дугаар зүйлийн 22.1.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч  “Поларис Инвестмент” ХХК-ний “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 33 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хуралдааны 34 дугаар тэмдэглэл, Лүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 сарын 06-ны өдрийн 37 тоот тогтоолын “Поларис Инвесмент” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.      

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                                   Б.ХАЖИДМАА

 


[1]  Хавтаст хэргийн 1-2, 174 тал

[2] Хавтаст хэргийн 158 тал

[3] Хавтаст хэргийн 162 тал

[4] Хавтаст хэргийн 6 тал

 

[5] Хавтаст хэргийн 82-87 тал

[6] Хавтаст хэргийн 88-144 тал