Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 685

 

Г.О, Л.Ж нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

          прокурор Р.Энх-Оюун

          ялтан Г.Од-ийн өмгөөлөгч Ю.С,

          нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, Г.Мөнхзул, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 283 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.О-ийн өмгөөлөгч Ю.С-ийн гаргасан давж заалдах гомдлоор Г.О, Л.Ж нарт холбогдох эрүүгийн 2016 2601 1641 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т овгийн Г.О, 1995 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд дарь эхийн 12 дугаар гудамжны 1094 тоотод оршин суух,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 1121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 3 сар 10 хоногийн баривчлах ял дээр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 1121 дүгээр шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас заримыг буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 4 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:/;

2. Б овгийн Л.Ж, 1992 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, хилчний 93 дугаар гудамжны 16 тоотод оршин суух,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, РД:/;

1. Г.Од нь 2016 оны 6 дугаар сарын 12-ны оройн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын 32 дугаар гудамжинд байрлах “Өрлөг ээж” хүнсний дэлгүүрийн гадна найз Г.Б-ыг өмөөрч хувийн таарамжгүй харьцааны улмаас асфальтын хагархай шидэж, хохирогч Б.У-ын нүүрэн тус газарт нь цохиж, бие махбодид нь “тархи доргилт, дух ясны хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн духны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, хамар ясны хугарал, таславчний муруйлт, духны хөндийн цус хуралдалт, 2 нүдний дээд, доод зовхи, дух хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан,

2. Л.Ж нь урьд хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж, шийтгэх тогтоол хойшлуулсан хугацаандаа Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд Г.О-д холбогдох эрүүгийн 2016 2601 1641 дугаартай хэрэгт гэрчээр оролцон “2016 оны 10 дугаар сарын 4-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг өгөөгүй, мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч Т.Цэрэгсүрэн согтуу байхад ирж гарын үсэг зуруулсан. Мөн Г.О хохирогч Г.У-ыг чулуугаар цохиж гэмтэл учруулаагүй” гэж зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Г.О-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, Л.Ж-ны үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Ж-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.О-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Г.О-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.О-ийг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Г.О, Л.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.У гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Г.О-ийн өмгөөлөгч Ю.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Уг шийтгэх тогтоолоор Г.О нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхээс Г.О-ийн гэм буруугийн талаар зөв дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн.

Шийтгэх тогтоолын шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл хэсгийн 2-т шүүгдэгч Г.О-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

“Шүүгдэгч Г.О-д 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлын улмаас үр дагавар буюу хор уршигт хамаарах эмчилгээний төлбөрийг нөхөн төлсөн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно” гэж дүгнэсэн. Шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь анхнаасаа гэм буруу дээр маргаантай байсан учраас гэм буруугийн хурал хийж гэм буруутай гэж шүүхээс тогтоосон тохиолдолд гэм буруугаа ойлгоод хохирогчид учирсан хохирлыг /хор уршгийг/ төлж барагдуулсан. Шүүхээс түүний гэм буруутай байдлыг дүгнэхдээ ч түүнийг хохирогч Б.У-ын биед шууд санаатай хохирол учруулсан гэж дүгнээгүй бөгөөд нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн зэрэг нь түүнд оногдуулсан хорих ялыг хуульд зааснаар доогуур ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Мөн хохирогч нь хохирлын гэх 200.000 төгрөгийн баримтыг хэргийн материалд өгсөн бөгөөд өөр эмчилгээ хийлгээгүй гэж мэдүүлдэг.

Г.О нь хохирогч Б.У-т хохиролд 1.000.000 төгрөг өгсөн. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Г.О нь ам бүл 2, ээж Ганчимэгийн хамт амьдардаг. Ээж нь тахир дутуугийн группд байдаг. Ээжийгээ асарч тэжээн тэтгэдэг ганц хүн бол Г.О юм.

Иймд түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж Г.О-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг нь харгалзан үзэж ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс гэмт хэргийн хор уршиг, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Г.О-ийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Г.О нь 2016 оны 6 дугаар сарын 12-ны оройн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын 32 дугаар гудамжинд байрлах “Өрлөг ээж” хүнсний дэлгүүрийн гадна найз Г.Б-ыг өмөөрч хувийн таарамжгүй харьцааны улмаас асфальтын хагархай шидэж, хохирогч Б.У-ын нүүрэн тус газарт нь цохиж, бие махбодид нь “тархи доргилт, дух ясны хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн духны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, хамар ясны хугарал, таславчний муруйлт, духны хөндийн цус хуралдалт, 2 нүдний дээд, доод зовхи, дух хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.У-ын “...Толгойтын цэргийн хотхонд байдаг “Содмонгол” ШТС-ын замын эсрэг талд байдаг “Өрлөг ээж” хүнсний дэлгүүр лүү тамхи авахаар орох гээд би автомашинаасаа буусан. Надаас өмнө манай найзууд болох Б.З, Ч.Х, Б.Л нар буусан байсан. Тэгээд би сүүлд нь автомашинаас буугаад очтол Б.Золбаяр нэг нэрийг нь мэдэхгүй сүүлд нэрийг нь мэдсэн Г.Б гэх залуутай маргалдаад дэлгүүр лүү орсон. Тэгсэн дэлгүүрийн худалдагч “гарч маргалд та нар” гэхээр нь бид нар гарсан. Тэгээд гадаа гараад Б.З тэр Г.Б гэх залуутай маргалдаад байсан. Тэгсэн нөгөө Г.Б-тай хамт явсан залуу нь замын хагарч унасан асфальт аваад бид нар луу шидсэн чинь би оногдсон. Тэгээд миний баруун хөмсөг, хамар, дух зэрэг язарч гэмтсэн. ...Тэгээд замын асфальт шидэж миний толгойг гэмтээчихээд зүүн тийшээ зугтаахаар нь араас нь Ч.Х, Б.Л хоёр очиж барьж ирсэн. Тухайн үед “цагдаа дуудсан дуудлагаа буцаачих, тэнсэнтэй байгаа би гомдлыг чинь маргааш барагдуулна” гээд байсан тул тэр хүнээс гарцаа байхгүй гэж бодож байна. Цагдаа, түргэний эмч нар ирэхэд нөгөө залуу нэг мэдсэн чинь зугтаад явсан...” /1-р хх-24-26, 143-145/,

Гэрч Б.З-ын “...Бид тав цэргийн хотхонд байдаг “Өрлөг ээж” гэдэг хүнсний дэлгүүр лүү орох гэж байгаад дэлгүүрийн үүдэнд хоёр залуутай маргалдсан. Тэр хоёр залуу нэг охин дагуулсан байсан. Тэгсэн нэг намхан залуу нь намайг “жалганы бацаан” гээд ярьж байхаар нь би тэр намхан залуутай маргалдаад зогсож байхад нөгөө намхан залуу “намайг зодчих, би чамаас мөнгө авъя” гээд орилоод байсан. Тэгж байгаад дэлгүүр лүү яваад орсон. Б.У бид хоёр дэлгүүр лүү нөгөө орилоод байсан залуугийн араас тамхи авах гээд орсон. Дэлгүүр лүү намайг орох гэж байхад нөгөө маргалдаад байсан залуу миний урдаас гарч ирж байхдаа “зодуулаад мөнгө авъя” гээд элдэв юм яриад байхаар нь дэлгүүр дотор би нэг удаа гараараа цээж рүү нь түлхсэн чинь тэр залуу дэлгүүрийн шалан дээр унасан. Тэгээд дэлгүүрийн үүдэн дээр маргалдаад бөөнөөрөө зогсож байсан чинь замын цаанаас нөгөө маргалдаад байсан залуутай цуг явсан залуу замын хагархай асфальт барьсан байсан. Нэг харсан Б.У-ын хөмсөг нь задарч цус гарч байсан. Тэгсэн бид нартай маргалддаг хоёр залуу зугтаад явахаар нь манай хоёр найз Ч.Х, Б.Л нар араас нь хөөж яваад нөгөө хоёрыг бариад ирсэн. Тэгээд намайг яваад очиход асфальт шидэж Б.У-ын хөмсгийг задалсан залуу “ахаа намайг уучлаарай, явуулчих, би тэнсэнтэй байгаа” гэх зэргийн юм яриад байсан...” /1-р хх-27-29, 91-92, 155-156/,

Гэрч Ч.Х-ын “...Б.З-тай маргалддаг залуутай цуг явсан өндөр залуу нь замын цаанаас гүйж гарч ирээд замын асфальтын хагархай аваад бид нар луу шидсэн чинь Б.У тэрэнд нь оногдож, нүүрнээс нь цус гарч байсан. Тэр залууг Б.Л бид хоёр хөөж бариад буцааж авчирсан...” /1-р хх-30-32, 89-90, 153-154/,

Гэрч Б.Л-ийн “...Тэгээд гараад нэг намхан залуу нь явахгүй “манай найзыг жалганы бацаан гэж хэлсэн” гээд хоорондоо маргалдаад байсан. Тэгсэн чинь нэг эмэгтэй нь нэг өндөр залуугаа зам гаргаад цааш нь аваад явсан. Намхан залуу нь “та нар намайг зодчих, би та нараас мөнгө авна” гээд явахгүй байсан. Тэгээд байж байсан чинь нөгөө эмэгтэйгийн дагуулж явдаг өндөр залуу нь замын нөгөө талаас чулуу бариад зам гарч гүйж ирээд бид нар луу шидсэн чинь Б.У-ыг нөгөө чулуу нь цохисон. Тэгээд “манай найзыг чи чулуугаар цохьчихлоо ш дээ” гээд хэлсэн чинь нөгөө залуу харанхуй гудамж руу яваад орсон. Тэгэхээр нь Ч.Х бид хоёр араас гүйж очоод барьж авчирсан. ...Тэгтэл нөгөө зугтдаг залуугийн цуг явсан найз охин нь “манай найз тэнсэнтэй байгаа, хэдэн төгрөг авах юм, би мөнгийг нь өгье” гэж байсан...” /1-р хх-33-34, 87-88/

 

Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн “...Б.У-ын биед учирсан гэмтлүүд том мохоо ирмэгтэй зүйлийн буюу засмал замын хагархай асфальтаар үүсгэгдсэн байх боломжтой. Цохиж буй зүйлийн хэмжээнээс хамаараад нэлээд том хэмжээний зүйл бол нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байсан. ...Б.У-ын биед учирсан дух ясны хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн духны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /1-р хх-98-99, 173/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.У-ын биед тархи доргилт, дух ясны хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн духны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, духны хөндийн цус хуралдалт, 2 нүдний дээд, доод зовхи, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн 8226 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-20-21/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №8226 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Зарим тохиолдолд тухайн гэмтлийг авсан хүн зовиур шинж тэмдэг бүдэг илрэх тохиолдол байдаг. Тухайн үед хийлгэсэн шинжилгээ болох КТГ зурагт дээрх гэмтэл тогтоогдож байна. Духны ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэлд хамаардаг. Асуултанд тавигдсан шидсэн гэх зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой байна. Б.У-ын биед тухайн цаг хугацаанд үзүүлсэн дүгнэлтэд тархи доргилт, дух ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн духны хэсгийн хатуу хальсан дээр цусан хураа, хамар ясны хугарал, таславч мурийлт, духны хөндийн цус хуралт, хоёр нүдний дээд, доод зовхи, дух хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх зэрэг гэмтлүүд учирсан байна. Үзлэг хийлгэсэн цаг хугацаа гэмтэл авсан цаг хугацаатай тохирч байна. Дух ясны хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь ШЭГЗТЖ-н 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Хамар ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 2.4.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно...” гэсэн 404 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-50-54/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-127-128, 129-136/, хохирлын баримтууд /1-р хх-147, 183-184/, хохирол төлсөн баримтууд /2-р хх-196/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ялтан Г.О-ийн гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Г.О-ийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчлэн, түүнд 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

Ялтан Г.О-ийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг нь харгалзан үзэж ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргаж байгаа боловч шүүхээс оногдуулсан ял шийтгэл ялтны хувийн байдал, гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байх тул ялтан Г.О-ийн өмгөөлөгч Ю.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх нь Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Л.Ж-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 283 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.О-ийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ