Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00425

 

Ц.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/03019 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2428 дугаар магадлалтай

Ц.У-ийн нэхэмжлэлтэй

“Н”нд холбогдох

Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гандарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.У- миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6508 тоот шийдвэрээр Утпала финанс ББСБ ХХК-д 67 200 000 төгрөг төлөхөөр болсон. Төлбөр авагч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр “Н”нд хандсан бөгөөд өнөөдрийн байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 66 дугаар байрны 05 тоотод байрлах 87.9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулахаар болж талуудаас үнийн санал авсан боловч харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилогдсон. 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр

“Н”наас үнэлгээ гарсан тухай мэдэгдэн, би уг үнэлгээтэй танилцсан боловч хөндлөнгийн шинжээчийн гаргасан үнэлгээний дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа талаараа хэлсэн. Учир нь хотын А бүсэд байрлах утаагүй, цэвэр агаарт байрлах, төвийн халуун, хүйтэн, бохир, цэвэр усны сүлжээнд бүрэн холбогдсон 3 өрөө өндөр зэрэглэлийн орон сууцыг 158 000 000 төгрөгөөр буюу 1 м.кв талбайг нь 1 797 497 төгрөгөөр үнэлж дүгнэлт гаргаж байгаад гомдолтой байна. Энэ нь зах зээлийн бодит үнээс хамаагүй доогуур, үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар үнэгүйдүүлж авах гэсэн далд санаархал байж болзошгүй. Мөн “Н” нь дээрх үнэлгээний 70 хувь буюу 110 600 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байх тул “Н”наас томилогдсон Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг “Н”нд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6508 дугаар шийдвэрээр Ц.У-ээс 67 200 000 төгрөгийг гаргуулж, Уптала финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ц.У-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204036962 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, М.Дамдинсүрэнгийн гудамж, 66 дугаар байрны 5 тоот 87.9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хураан авч төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхэд 158 000 000 төгрөгөөр үнэлсэн. Өөрөөр хэлбэл үнэлгээний байгууллага нь уг орон сууцыг зах зээлийн ханшаар үнэлж, үнэн бодитой шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Утпала финанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шинжээч томилох ажиллагаа хуульд нийцэж байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд зааснаар төлбөр төлөгч болон төлбөр авагч нар үнэлгээ тогтоох тохиолдолд хөндлөнгийн шинжээчийг томилдог. Шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай олон улсын стандарттай нийцэж гарсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Шинжээч нь орлогын аргаар үнэлэхдээ 42 600 000 төгрөгөөр, өртгийн аргаар 92 639 000 төгрөгөөр, жишиг үнийн аргаар 158 000 000 төгрөгөөр тус тус 3 аргаар үнэлсэн бөгөөд шинжээч нь эдгээр 3 аргын хамгийн өндөр үнэлгээгээр буюу 158 000 000 төгрөгөөр үнэлсэн. Харин нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр дутуу үнэлсэн байгаа талаарх баримтаа гаргаж өгөөгүй.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт нь ямар хууль зөрчсөн талаар баримт хавтас хэрэгт авагдаагүй тул шинжээчийн дүгнэлтийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/03019 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т зааснаар хариуцагч “Н”нд холбогдох Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Д.Отгоны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.У-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2428 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/03019 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэгч Д.Отгоны...” гэснийг “...нэхэмжлэгч Ц.У-ийн...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27- ны өдрийн 2428 тоот магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Дээрх шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туахй хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн заалтыг зөрчсөн төдийгүй хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж дээрх шийдвэрийг гаргасан болно. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаярт шүүх хуралдааны товыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу мэдэгдсэн боловч төлөөлөгч шүүхэд мэдүүлсэн хаягтаа оршин суудаггүй болох нь шуудангийн баримтаар тогтоогдсон, хариуцагч нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзжээ.

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр надад болон миний оршин суугаа газрын хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас шуудангаар ирээгүй бөгөөд би шүүхэд ямар нэгэн хаяг мэдүүлж байгаагүй болно. Харин шүүх хуралдаан болсон өдрөөс 10 хоногийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Монгол шуудан компаний ажилтан утсаар надтай холбогдож “танай хороог хариуцсан манай компанийн ажилтан өвчтэй байгаа, өөрийн чинь нэр дээр шуудан ирсэн байна. Танд аваачиж өгье” гэснээр Хурд хороололд байх ажлын байран дээр шүүхийн мэдэгдэх хуудсыг авчирч өгсөн.

Шүүхийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан мэтгэлцэх зарчим хэрэгжүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийг ноцтой зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2428 тоот магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгөхийг хүсье гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гандарь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолд гаргасан тайлбарт:

 Ц.У-ийн нэхэмжлэлтэй “Н”нд холбогдох “Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах тухай” хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 сарын 27-ны өдрийн №2428 дугаартай магадлалд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдлыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо надад болон миний оршин суугаа газрын хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас шуудангаар ирээгүй. Харин шүүх хурал болсон өдрөөс хойш 10 хоногийн дараа буюу 2017 оны 10 сарын 09-ний өдөр Монгол шуудан компанийн ажилтан надтай утсаар холбогдож танай хороог хариуцсан ажилтан өвчтэй байгаа, өөрийн чинь нэр дээр шуудан ирсэн байна, танд аваачиж өгье гэснээр миний ажлын байран дээр шүүхийн мэдэгдэх хуудсыг авчирч өгсөн гэж дурджээ.

Шүүгчийн туслах нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаярт анхан шатны шүүх хурлын товыг 2017 оны 09 сарын 20-ны өдөр 99075556 дугаарын утсаар холбогдож мэдэгдсэн /хх-75 дахь тал/ шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримтаар нотлогдоно. Мөн Ц.У-ийн оршин суугаа газрын хаягаар шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хамт амьдардаг гэх н.Элбэгээд гардуулсан /хх-73,74 дэх тал/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.6 дахь хэсэгт “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна” гэж заасан шаардлагад нийцэж байна.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 09 сарын 29-ний өдрийн 11.00 цагт товлогдсон шүүх хуралд ирээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч бутоу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана” гэж заасны дагуу хариуцагч болон гуравдагч этгээдийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасны дагуу "Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн болон хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргана. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол нь анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдсан гомдолтой ижил байх бөгөөд дээрх үндэслэлд хамаарахгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 сарын 27-ны өдрийн №2428 дугаартай магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж,  хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ц.У- “Н”нд холбогдуулан төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд хураагдсан эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6508 тоот шийдвэрээр Ц.У-ээс 67 200 000 төгрөгийг гаргуулан Утпада финанс ББСБ-д олгохоор шийдвэрлэж, үүрэг гүйцэтгэгч үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 66 дугаар байрны 5 тоот 87.9мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг даалгаж шийдвэрлэжээ.

Тус шийдвэрт 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн ба төлбөр төлөгч үүргээ сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр барьцааны хөрөнгийг битүүмжлэн, 2017 оны 05 дугаар сарын 21-ны өдөр хураах ажиллагаа явагдсан байна.

Улмаар албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад төлбөр төлөгч 263 700 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч, талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр  томилж барьцаалагдсан эд хөрөнгийг үнэлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 34 дүгээр зүйлийн 34.1.6., 37 дугаар зүйлийн 37.2.2., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 158 000 000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шинжээчийн үнэлгээг зах зээлийн бодит үнээс доогуур гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт хууль бус, эсхүл зах зээлийн үнээс хэтэрхий доогуур болохыг нотлосон баримт авагдаагүй байна.

Иймд үнэлгээг эс зөвшөөрсөн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 06 дугаар сард явагдсан байхад анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн хуулийн заалтыг хэрэглэсэн байх ба давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засаагүй байх тул 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.-т зааснаар хэргийг шийдвэрлэхээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүгчийн захирамжаар 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг товлож, мөн өдрөө болон 09 дүгээр сарын 28-ны өдрүүдэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гар утсаар хуралдааны товыг мэдэгдсэн болох нь хэргийн 59, 69 дүгээр талд авагдсан Шүүх хуралдааны тов мэдэгдэж, хэргийн материалтай танилцах тухай баримтаар тогтоогдож байна.

Шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.-т заасны дагуу мэдэгдэж, баримтжуулсан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч хурлын товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Шүүх  2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаярт хэргийн 13 дугаар талд авагдсан, итгэмжлэлд дурдсан хаягаар Шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч тэрээр хаягтаа байхгүй байсан бөгөөд программд уг хаягаас нүүсэн гэсэн төлөвтэй байжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.-т заасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь итгэмжлэлд дурдсан хаягаа өөрчилсөн талаар шүүхэд мэдэгдээгүй бөгөөд хэрэгт авагдсан түүний сүүлчийн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн тул шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзнэ.

Иймд шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхээр хангагдаагүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой нэхэмжлэлд 70 200 төгрөгийг тушаахаар зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь тус нэхэмжлэлд 140 400 төгрөгийг тушаасан нь хуульд зааснаас илүү хэмжээгээр тушаасан байх тул илүү төлсөн төлбөрийг буцааж олгох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2428 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/03019 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1., 55.2.2.-т зааснаар...” гэснийг “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 37 дугаар зүйлийн 37.3.-т зааснаар...” гэж өөрчлөн, 2 дахь заалтын эхэнд “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4., 44 дүгээр зүйлийн 44.1.1.,” гэж нэмж, “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 70 200 төгрөгийг буцааж олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД