Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2428

 

Ц.Уийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/03059 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Уийн, хариуцагч НШГАнд холбогдуулан гаргасан “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

            Нэхэмжлэгч Ц.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6508 тоот шийдвэрээр “Уф ББСБ” ХХК-д 67 200 000 төгрөг төлөхөөр болсон. Төлбөр авагч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр НШГАнд хандсан бөгөөд өнөөдрийн байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

 

            Миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 66 дугаар байрны 05 тоотод байрлах 87.9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулахаар болж талуудаас үнийн санал авсан боловч харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилогдсон. 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр НШГАнаас үнэлгээ гарсан тухай мэдэгдэн, би уг үнэлгээтэй танилцсан боловч хөндлөнгийн шинжээчийн гаргасан үнэлгээний дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа талаараа хэлсэн. Учир нь хотын “А” бүсэд байрлах утаагүй, цэвэр агаарт байрлах, төвийн халуун, хүйтэн, бохир, цэвэр усны сүлжээнд бүрэн холбогдсон 3 өрөө өндөр зэрэглэлийн орон сууцыг 158 000 000 төгрөгөөр буюу 1 м.кв талбайг нь 1 797 497 төгрөгөөр үнэлж дүгнэлт гаргаж байгаад гомдолтой байна. Энэ нь зах зээлийн бодит үнээс хамаагүй доогуур, үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар үнэгүйдүүлж авах гэсэн далд санаархал байж болзошгүй.

            Мөн НШГА нь дээрх үнэлгээний 70 хувь буюу 110 600 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байх тул НШГАнаас томилогдсон “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг НШГАнд даалгаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6508 дугаар шийдвэрээр Ц.Уээс 67 200 000 төгрөгийг гаргуулж, “Уф ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ц.Уийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204036962 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, М.Д-ийн гудамж, 66 дугаар байрны 5 тоот 87.9 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хураан авч төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхэд 158 000 000 төгрөгөөр үнэлсэн. Өөрөөр хэлбэл үнэлгээний байгууллага нь уг орон сууцыг зах зээлийн ханшаар үнэлж, үнэн бодитой шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Гуравдагч этгээдУф ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шинжээч томилох ажиллагаа хуульд нийцэж байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд зааснаар төлбөр төлөгч болон төлбөр авагч нар үнэлгээ тогтоох тохиолдолд хөндлөнгийн шинжээчийг томилдог.

            Шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай олон улсын стандарттай нийцэж гарсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

            Шинжээч нь орлогын аргаар үнэлэхдээ 42 600 000 төгрөгөөр, өртгийн аргаар 92 639 000 төгрөгөөр, жишиг үнийн аргаар 158 000 000 төгрөгөөр тус тус 3 аргаар үнэлсэн бөгөөд шинжээч нь эдгээр 3 аргын хамгийн өндөр үнэлгээгээр буюу 158 000 000 төгрөгөөр үнэлсэн. Харин нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр дутуу үнэлсэн байгаа талаарх баримтаа гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт нь ямар хууль зөрчсөн талаар баримт хавтас хэрэгт авагдаагүй тул шинжээчийн дүгнэлтийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т зааснаар хариуцагч НШГАнд холбогдох “Сэ” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Ц.Уийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Уээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Надад шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас шуудангаар ирээгүй бөгөөд би шүүхэд ямар нэгэн хаягийг мэдүүлж байгаагүй. Харин шүүх хуралдаан болсон өдрөөс 10 хоногийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Монгол шуудан компанийн ажилтан утсаар надтай холбогдож танай хороог хариуцсан манай компанийн ажилтан өвчтэй, өөрийн чинь нэр дээр шуудан ирсэн байна, танд аваачиж өгье гэснээр Хурд хороололд байрлах манай ажлын байранд шүүхийн мэдэгдэх хуудсыг авчирч өгсөн.

 

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийг ноцтой зөрчиж, хэргийг шийдвэрлэсэнд байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.У нь НШГАнд холбогдуулан “Сэ” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 6508 дугаар шийдвэрээр хариуцагч Ц.Уээс 67 200 000 төгрөг гаргуулан “Уф ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэж, төлбөр төлөгдөөгүйгээс төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүссэн байна.

 

Хариуцагч НШГА, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу ажиллагаа явуулсан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь Ц.У, Э.Т, Э.Т нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204036962 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 66 дугаар байрны 5 тоот орон сууцыг дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгийн санал болгох доод үнээ харилцан тохиролцохыг төлбөр авагч болон төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 188/01 тоот албан бичгээр мэдэгдсэн боловч зохигчид үнийн саналын хувьд харилцан тохиролцож чадаагүй байна. /хх-41-42 дугаар тал/ Үүний улмаас хариуцагч НШГА нь төлбөр авагч “Уф ББСБ” ХХК-ийн хүсэлтээр 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг томилж, барьцаа хөрөнгийг үнэлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. /хх-45-50 дугаар тал/

 

Нэхэмжлэгч шинжээч томилсон ажиллагаанд гомдоогүй, харин шинжээч дээрх орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж марган, энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байх боловч энэ үйл баримтаа баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Ц.Уийн оршин суугаа газрын хаягаар шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хүргүүлж хамт амьдардаг гэх н.Элбэгээд гардуулсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэж байна. /хх-73, 74 дүгээр тал/

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И-т шүүх хуралдааны товыг түүний 99075556 дугаар утсаар мэдэгдсэн байхаас гадна итгэмжлэлд авагдсан оршин суугаа газрын хаягаар нь шүүхийн мэдэгдэх хуудсыг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүргүүлэхэд дээрх хаягтаа байхгүй, нүүсэн гэж тэмдэглэгдсэн байна. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт заасан ..хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл шүүхэд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. /хх-75 дугаар тал/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэн хариуцагч болон гуравдагч этгээдийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Харин шүүх бүрэлдэхүүн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... нэхэмжлэгч Д.Отгоны” гэж бичсэнийг техник алдаа гэж дүгнэлээ. Учир нь шүүхийн шийдвэрийн удиртгал болон тодорхойлох, үндэслэх хэсэг, мөн шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нэхэмжлэгч Ц.Уийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/03059 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэгч Д.Отгоны... ” гэснийг “... нэхэмжлэгч Ц.Уийн ...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

                                      Ч.ЦЭНД