Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 1542

 

 

 

 

 

 

   2019        10          04                                  2019/ШЦТ/1542                                   

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Д.Э, Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Э, Б.М нарт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 05544 2037 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Д.Э

2. Монгол Улсын иргэн, Б.М

Холбогдсон хэргийн талаар:

Д.Э, Б.М нар нь бүлэглэн, согтуурсан үедээ буюу 2019 оны 09 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Мэнджаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгч шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 2-3-р тал/,

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Мэнджаргалын өгсөн: ...Би 2019 оны 09 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед найзуудтайгаа 13 дугаар хороололд уулзан хүний 4 шил пиво уусан. Ингээд 02 цагийн үед манай эхнэр Наранчимэг намайг тэр газраас ирж аван бид хоёр харихаар гэр рүүгээ алхсан. Ингээд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ”Шинэ-Монгол” сургуулийн урд талын гудмаар ороод алхаж явтал урд нэг залуу, нэг эмэгтэй алхаж явсан. Тэгтэл тэр хоёр залуутай өөр үл таних 2 залуу зөрсөн бөгөөд зөрөхдөө маргалдаад зөрсөн. Ингээд тэр 2 залуу бид хоёр дээр ирээд ямар ч шалтгаангүйгээр зодолдох уу гэж хэлэн нэг залуу нь шууд цохисон. Тэгээд намайг цохихоор нь би барьж аваад бид хоёр зууралдсан. Тэгтэл нөгөө залуу нь миний араас хавираад намайг газар унагаачихсан. Ингээд миний толгой болон гар биений хэсэг рүү хоёулаа өшиглөж эхэлсэн. Тэгтэл эхнэр хажууд намайг өшиглөж байсан хоёр залуугийн нэгийг нь өшиглөсөн. Тэгтэл нөгөө залуу эргэж хараад манай эхнэрийг өшиглөсөн. Ингээд эхнэр орилоод больцгоо гэтэл нөгөө хоёр залуу зугтаагаад явчихсан бөгөөд нэг нь түрийвчээ унагаачихсан. Ингээд бид 2 түрийвчийг нь аваад явж байтал өөдөөс нөгөө залуучууд буцаад хүрээд ирсэн бөгөөд нэмэгдээд 3-4 залуу болчихсон байсан. Ингээд тэр хэд надаас уучлалт гуйгаад бичиг баримтаа авчихъя гэсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудчихсан байгаа, өгөхгүй гэсэн. Тэгтэл тэр залуучууд тэгвэл цагдаадаа хэлээрэй гээд яваад өгчихсөн. Миний баруун шанаа хавдсан, нүдэнд цус хуралттай, баруун алга шалбарсан, хоёр өвдөг шалбарсан. Мөн өмд болон куртик урагдсан. Энэ гэмтлүүдийг тус хоёр залуу нийлж учруулсан бөгөөд намхан махлаг залуу нь нүд рүү хамгийн эхлээд нэг удаа гараараа цохисон. Тэгтэл өндөр залуу нь хажуу талаас дэгээдэж унагаасан. Энэ үед гар болон хөл шалбарсан. Ингээд тэр хоёр намайг уначихсан байхад олон удаа өшиглөсөн бөгөөд бусад гэмтлүүд нь учирсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ууганбаярын өгсөн: ...Би 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд явж байхад миний бичиг баримтыг оллоо гээд цагдаагаас ярьсан. Ингээд би 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус цагдаагийн газар очтол миний бичиг баримтыг олсон гэх хүмүүс зодуулсан байсан. Ингээд би биш гэдгээ учирлан хэлээд тус зодуулсан гэх залуу болон мөн намайг дуудсан цагдаагийн хамтаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны камеруудыг шүүж явсан. Гэтэл тус үйл явдал болсон гэх өдөр би багын найз Э, Б.М , Долгорсүрэн, Гонгорбаатар гэх 4 найзтайгаа Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд архи уусан бөгөөд миний куртикыг Э өмсөөд явсан. Тэр куртик дотор миний түрийвч байсан болохоор би Эг миний түрийвчийг хаясан гэж бодсон. Ингээд би Э руу залгаад чи хүн зодсон юм уу? цагдаагаас залгаад байна гэж би асуусан. Тэгтэл тийм ээ, тэр өдөр явж байгаад Б.М  бид хоёр нэг залууг зодсон гэж хэлсэн. Ингээд би цагдаад ийм зүйл болсон байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Гонгорбаатарын өгсөн: ...2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Шинэ Монгол” байрны баруун урд талын байран дотор ангиараа уулзаж байгаад шөнө 12-01 цагийн үед байрнаас гараад Шинэ Монголын хажууд тавьсан машиндаа суух гээд явсан. Явах хооронд Э, Б.М  гэх хоёр найз маань ард явж байгаад алга болсон байсан. Би эрэгтэй, эмэгтэй хоёр найзтайгаа хамт хүлээж байтал Э, Б.М  нар ирээд зодоон хийсэн гэж хэлсэн. Тэгээд бидний араас төд удалгүй үл таних 2 эрэгтэй, эмэгтэй ирээд бичиг баримтаа унагасан байна гээд араас ирсэн. Тэгээд Б.М  бид хоёр  очиж уулзтал “та нар залуу хүмүүс байж, ийм байж болохгүй” гэхээр нь “та гайгүй л байна шүү дээ, уучлаарай бид нар явчихъя, бид нар ангиараа уулзаад явж байгаа юм” гэтэл “тэгвэл тэр өндөр найзыгаа нэг цохиулчих, тэгвэл бичиг баримтыг чинь өгөөд явуулъя, тэгээд салъя” гэсэн. Тэгээд Э машиндаа түрүүлж ороод суусан байсан. Би Э дээр очоод “чамайг нэг цохиод бичиг баримтыг чинь өгье гэж байна” гэж хэлсэн чинь Э “үгүй, би цохиулахгүй” гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Наранчимэгийн өгсөн: ...Тэгээд тэр хоёр залуу бид хоёрын өөдөөс ирээд ямар ч шалтгаангүйгээр манай нөхрийг нэг нь цохиод авсан. Тэгтэл манай нөхөр “чи яаж байгаа юм бэ” гээд бариад авсан бөгөөд хажуу талаас нь нөгөө нэг үл таних залуу нь хавираад унагаачихсан. Тэгснээ тэр хоёр нийлээд манай нөхрийн нүүр болон бие рүү олон удаа өшиглөсөн бөгөөд би хажуу талаас нь өндөр залууг араас нь боль гээд жийсэн. Тэгтэл эргэж хараад намайг өшиглөсөн. Тэгэхээр нь би чанга орилсон бөгөөд тэр хоёр зугтаагаад явчихсан. Зугтахдаа нэг нь түрийвчээ унагаачихсан. Тэгэхээр нь бид хоёр  тэрийг нь аваад алхаад явж байтал дахин хүрээд ирсэн. Тэгснээ уучлалт гуйгаад бичиг баримтаа авъя гэхээр нь цагдаа дуудсан байгаа, өгөхгүй гэж хэлтэл яваад өгсөн. Миний биед гэмтэл учруулаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 11204 дугаартай:

1. Ш.Мэнджаргалын биед баруун шанаа, баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун сарвуу, хоёр  өвдөгт зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо ба ир ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. шинжээч эмч Б.Ариунзул  гэх дүгнэлт /хх-ийн 29-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.Эгийн өгсөн: ...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Мэнджаргалын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Нэг удаа нүүр рүү нь гараараа цохисон мөн хавирч унагаасан бас тохой руу нэг удаа өвдөглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 55-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.М ийн өгсөн: ...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Мэнджаргалын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Нэг удаа нүүр рүү нь гараараа цохиж, 2-3 удаа гар руу нь өшиглөсөн. Би Мэнджаргалаас уучлалт гуйж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад санал, хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 63-р тал/,

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл / хх-ийн 2-3-р тал/,

- Шүүгдэгч Д.Э, Б.М нарын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 33-40, 41-48 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Э, Б.М нар нь бүлэглэн, согтуурсан үедээ буюу 2019 оны 09 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Мэнджаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Д.Э, Б.М нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогчид хохирол төлбөр төлөгдсөн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Д.Э, Б.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

            Д.Э, Б.М нар нь бүлэглэн, согтуурсан үедээ буюу 2019 оны 09 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Мэнджаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Мэнджаргал, гэрч Б.Ууганбаяр, Б.Гонгорбаатар, Б.Наранчимэг, яллагдагчаар өгсөн Д.Э, Б.М нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 11204 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч  Д.Э, Б.М нарыг бүлэглэн  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Ш.Мэнджаргал нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй бөгөөд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Э, Б.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг  үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

 Шүүгдэгч Д.Э, Б.М нарт нь хохирогч Ш.Мэнджаргал гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн, төлөх төлбөргүй зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Д.Э, Б.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Э, Б.М  нарыг тус тус 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Э, Б.М нарт тус тус оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Э, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад  баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Э, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.АЛТАНЦЭЦЭГ