Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1185

 

 

 

 

 

   

 

       Д.Э-, Б.М- нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Д.Э-, Б.М-,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 2019/ШЦТ/1542 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 119 дугаартай улсын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.Э-, Б.М- нарт холбогдох 1906055442037 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Гомбодорж овгийн Д..Э, 19.. оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................./;

2. Их хойд овгийн Б.М, 19.. оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ ............. ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай байсан, ам бүл ............ хамт Чингэлтэй дүүргийн ............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................./;

Д.Э-, Б.М- нар нь бүлэглэн, согтуурсан үедээ буюу 2019 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Мэнджаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Э-, Б.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Э-, Б.М- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Э-, Б.М- нарыг тус тус 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Э-, Б.М- нарт тус тус оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Э-, Б.М- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Ганцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Д.Э-, Б.М- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Учир нь, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу “бүлэглэн” гэсэн шинжээр шүүгдэгч нарыг ялласан байхад шүүхээс улсын яллагчийн ялласан “бүлэглэн” гэх хүндрүүлэх шинж дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг давхар журамлаж, гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 1542 дугаартай шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул өөрчлөлт оруулуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Д.Э- тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбаргүй.” гэв.

Шүүгдэгч Б.М- тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбаргүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,

Д.Э-, Б.М- нар нь согтуурсан үедээ бүлэглэж 2019 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Шинэ Монгол сургуулийн баруун талд хохирогч Ш.Мэнджаргалыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

“...хоёр залуу бид хоёр дээр ирээд ямарч шалтгаангүйгээр зодолдох уу гэж хэлэн нэг залуу нь шууд цохьсон. Тэгтэл нөгөө залуу нь миний араас хавираад унагаасан. Ингээд миний толгой болон гар биений хэсэг рүү хоёулаа өшиглөж эхэлсэн” гэж хэрхэн яаж хохирсон талаараа дэлгэрэнгүй мэдүүлсэн хохирогч Ш.Мэнджаргалын мэдүүлэг /хх 11/,

“...Тэр хоёр залуу бид хоёрын өөдөөс ирээд ямарч шалтгаангүйгээр манай нөхрийг нэг нь цохиод авсан. Тэгтэл манай нөхөр чи яаж байгаа юм бэ гээд бариад автал нөгөө залуу нь хавираад унагаасан. Тэгснээ нийлээд манай нөхрийн нүүр болон бие рүү олон удаа өшиглөсөн” талаар мэдүүлсэн гэрч Б.Наранчимэгийн мэдүүлэг /хх 23/,

 “Ш.Мэнджаргалын биед баруун шанаа, баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун сарвуу, хоёр өвдөгт зулгаралт тогтоогдсон нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 11204 дүгээр дүгнэлт /хх 29/ болон гэрч Б.Ууганбаяр /хх 13/, Б.Гонгорбаатар /хх 20/ нарын мэдүүлгүүд, холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн Д.Э-, Б.М- нарын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” гэсэн Арваннэгдүгээр бүлэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч Д.Э-, Б.М- нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Прокурор Ц.Ганцэцэг “анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо болон ял шийтгэхдээ улсын яллагчаас ялласан “бүлэглэсэн” гэсэн хүндрүүлэх шинж дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг давхар журамлаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул өөрчлөлт оруулах”-аар улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь, прокуророос Д.Э-, Б.М- нарын үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинжээр буюу мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэсэн шинжээр нь яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэн гүйцэтгэх” заалтыг давхар баримтлах шаардлагагүй байжээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж багтсан байхад нэмж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамласан нь буруу юм.   

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/1542 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

-1 дэх заалтыг “Шүүгдэгч Д.Э-, Б.М- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

-2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-, Б.М- нарыг тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй. 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТСАЙХАН                                         

                        ШҮҮГЧ                                                                                    Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ