Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 197

 

Б.Төрболдод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 533 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 460 дугаар магадлалтай, 201525012822 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 126 дугаар зүйлийн 126.1, 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 73 дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 10 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан, Боржигон овогт Баяндалайн Төрболд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулах”, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан  “давтан үйлдлээр мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Төрболдыг давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ялтай байхдаа давтан үйлдлээр буюу эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Төрболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил 6 сар хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Төрболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ял дээр мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил 6 сар хорих ялын зарим болох 2 жилийг нэмж нэгтгэн, Б.Төрболдын биечлэн эдлэх нийт ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 7 жил 1 сар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Төрболдод оногдуулсан 7 жил 1 сар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Төрболдоос нийт 7,803,200 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнхбаярт 2,603,200 төгрөг, Л.Энхжаргалд 300,000 төгрөг, Л.Нинад 4,595,000 төгрөг, Г.Ариунбаатарт 55,000 төгрөг, Ж.Баатарсүрэнд 180,000 төгрөг, Б.Гансүхэд 70,000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 533 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Б.Төрболдыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр орон байр, агуулах саванд нэвтэрч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай”, 5 дахь заалтыг “Б.Төрболдын цагдан хоригдсон 142 хоногийг” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгч Б.Төрболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Төрболд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Б.Төрболд би 2015 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдэж маргааш 26-ны өдөр нь хорих ангид ирж хоригдсон. 11 дүгээр сарын 27-ны өдөр батлан даалтад гараад хүргэн ахындаа байхад мөрдөн байцаагч “чи намайг дуудсан үед л ир, дуудахаас нааш ирж хэрэггүй” гэж хэлсэн. Түүнээс хойш би байцаагч намайг дуудахгүй болохоор нь залгаж “хэзээ очих вэ” гэж асуухад “дуудахаас нааш ирэх хэрэггүй гэж хэлээ биз дээ, битгий төвөг удаад бай” гэсэн. 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр найзтайгаа уулзах гэж гараад үүнээс хойш хулгай хийж явсан минь үнэн. Гэхдээ би мөрдөн байцаалтаас оргосон удаа байхгүй. Мөрдөн байцаалтад байхад нэг ч удаа өмгөөлөгчтэй байцаалт аваагүй бөгөөд Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь зүйл ангиар хэрэг тулгасан. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Хэрэв миний үйлчлүүлэгчийг оргон зайлсан гэж үзэж байгаа бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлд зааснаар прокурор хэргийг түр хугацаанд түдгэлзүүлсэн тогтоол үйлдэх байсан. Гэтэл уг тогтоолыг үйлдээгүй, хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна. Харин мөрдөн байцаагч миний үйлчлүүлэгчийг маргааш нь эрэн сурвалжилсан /мэдээллийн санд хийсэн/ 1 хуудас материалыг хэрэгт хавсаргасан байсан. 12 хоног оргосон гэж үзэж байвал энэ хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах ёстой. Мөрдөн байцаагч хэргийг түдгэлзүүлэхгүйгээр хэргийн хугацааг сунгах хүсэлт гаргасан байсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн үндэслэл болсон гэж үзэж байна. Хавтаст хэргийн 159 дүгээр талд мөрдөн байцаагч 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгчийг эрэн сурвалжлах захирамж гаргахдаа он, сар, өдрийг нь урагшлуулан 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр болгон өөрчилж процессын алдаа гаргасан. Эрэн сурвалжлах ажиллагааг хуульд зааснаар явуулаагүй. Шүүгдэгчийг хайж байгаа бол ядаж нэг эрүүгийн төлөөлөгч гэр орон, хороо хориноор нь явж хайж үзэх байсан. Шүүгдэгч хүргэн ахынхаасаа хулгай хийсэн. Хүргэн ах нь шүүгдэгчийг батлан дааж авсан байсан. Хүргэн ах нь байцаагч дээр очоод манайхаас хулгай хийсэн гэж хэлсэн ганцхан мэдүүлгээр шүүгдэгчийг буруутгаж байна” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Шүүгдэгч нь бусдын эд зүйл, бэлэн мөнгө, автомашин зэргийг 4 удаагийн давтан үйлдлээр хулгай хийж бусдад 15,005,000 төгрөгийн үлэмж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Шүүгдэгч нь ялтайд тооцох хугацаанд буюу таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үед мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийж, дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн. Мөрдөн байцаалтын шатнаас давтан үйлдлээр оргон зайлсан болох нь нотлогдож, тогтоогдсон. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн. Хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй тул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Шүүгдэгч Б.Төрболд нь 2015 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 81 дүгээр байрны гадаа зогсоол дээр байсан Б.Мөнхбаярын эзэмшлийн “Toyota Allion” /Тоёота аллион/ маркийн 54-05 УНН улсын дугаартай автомашиныг хулгайлж 8,000,000 төгрөгийн хохирол, 2016 оны 02 дугаар сарын 15-нд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы 1525 тоотод нэвтэрч эд зүйл, бэлэн мөнгө зэргийг хулгайлж 2,110,000 төгрөгийн хохирол, 2016 оны 02 дугаар сарын 23-нд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Булагийн 1 дүгээр гудамжны 4 тоотод нэвтэрч эд зүйл хулгайлж 300,000 төгрөгийн хохирол, 2016 оны 02 дугаар сарын 26-нд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Майханы 8 дугаар гудамжны 2 тоотод нэвтэрч эд зүйлс, бэлэн мөнгө хулгайлж 4,595,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэргийн зүйлчлэлийг зөв хийж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, хувийн байдал, гэм буруу, учруулсан хор уршигт тохирсон ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин Б.Төрболдын ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т заасан гэмт хэргийн тухайд болон оногдуулах ялыг хүндрүүлэх зарчмын хувьд алдаатай дүгнэлт хийж шийдвэрлэсэн дараах зөрчил тогтоогдов.

Прокуророос шүүгдэгч Б.Төрболдыг таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ буюу 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 12 хоног мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдах үндэслэлтэй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд гэрч Х.Адъяахүү “Б.Төрболд цагдан хоригдож байхад Ш.Булганбатын хамт батлан даалтад авсан юм. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Булганбат ахын хүргэнийхээс 1,400,000 төгрөг хулгайлж гараад байгаа газар нь мэдэгдэхгүй, хайгаад олдохгүй байна” гэсэн мэдээлэл өгч, мөрдөн байцаагч 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Эрэн сурвалжлалт зарласан тэмдэглэл”, “Оргодол эрэн сурвалжлах” баримт тус тус үйлдэн, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Б.Төрболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон, байцаалт авчээ.

Дээрх хугацаанд мөрдөн байцаах байгууллагаас батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан Б.Төрболдыг хуульд заасан журмын дагуу дуудсан (гадуур байгаа сэжигтнийг зарлан дуудах хуудас, мэдээлэл, холбооны хэрэгсэл ашиглан дуудсан тухай) тухай баримт, түүнийг олох зорилгоор эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан гэх баримт хэрэгт огт авагдаагүй байх бөгөөд батлан дааж авсан этгээдийн гэрчээр мэдүүлсэн “хүргэнийхээс 1,400,000 төгрөг хулгайлж гараад байгаа газар нь мэдэгдэхгүй, хайгаад олдохгүй байна” гэсэн мэдүүлгийг үндэслэн мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн үйл баримтыг тогтоосон гэж үзсэн мөрдөн байцаагчийн ажиллагаа, прокурорын дүгнэлт, энэ талаарх шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын дүгнэлт нотлох баримтад тулгуурлаагүй байна.

Мөрдөн байцаалтаас зайлсхийсэн гэх үйлдлийг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа нь энэхүү гэмт хэргийг үйлдсэн эсэхэд эргэлзээ үүсгэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлах үндэслэл бий болсон байх тул Б.Төрболдод прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “... хүндрүүлэх нөхцөл байдал нь уг хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байгаа бол түүнийг ял оногдуулахдаа харгалзаж үзэхгүй” гэсэн заалтыг зөрчиж “Б.Төрболдыг давтан гэмт хэрэг үйлдсэн” гэж давхар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 533 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 460 дугаар магадлалд “прокуророос Б.Төрболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, хорих ялуудыг нэмж нэгтгэсэн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Б.БАТЦЭРЭН

                               ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ